| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00352/и |
| Дугаар | 151/ШШ2017/00438 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 151/ШШ2017/00438
| 2017 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 151/ШШ2017/00438 | Төв аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Борнуур сум, Бичигт баг, Ногоо тасаг 1-1 тоотод оршин суух З.Оюунсүрэнчагдалд холбогдох,
Гэрээний төлбөр 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 28 өдөр хүлээн авч, 2017 оны 04 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Хариуцагч З.Оюунсүрэнчагдал нь манай байгууллагатай 2015 оны 09 сарын 17-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 98377388 үйлчилгээний дугаар бүхий 240 000 төгрөгийн үнэтэй NP-10 төхөөрөмжийг худалдан авч сар бүр 20 000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 200 000 төгрөгийн хохирол учруулаад байна. Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180 000 төгрөг, алданги 90 000 төгрөг, нийт 300 000 төгрөгийг З.Оюунсүрэнчагдалаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэндулам нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “-Хариуцагч З.Оюунсүрэнчагдалаас 300 000 төгрөг нэхэмжилсэнээс 20 000 төгрөгийг хасч, 280 000 төгрөг болгож багасгасан. Энэ 280 000 төгрөгийг хариуцагч З.Оюунсүрэнчагдал төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч З.Оюунсүрэнчагдалаас гэрээний төлбөр 300 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэндулам нь хариуцагч З.Оюунсүрэнчагдалд холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүсэн үндэслэлээр татгалзах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “....Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэндулам нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Хариуцагч З.Оюунсүрэнчагдалд холбогдох, гэрээний төлбөр 300 000 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэндуламын татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 650 төгрөгийн 50 хувь болох 4 825 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 4 825 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ