Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/515

 

                          

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Ж.Сувданчимэг, шүүгдэгч О.Ц, өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О овгийн О.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00179 0491 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О овгийн О.Ц, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл тав, хамтран амьдрагч, гурван хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 2 дугаар багт оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ** дугаар Цэргийн ангийн ар талын хашаанд түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

 Шүүгдэгч О.Ц нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо *** дугаар Цэргийн ангийн ар талын хашаанд байрлах гэртээ Д.Д-г “инээлээ” гэх шалтгаанаар үснээс нь зулгааж, газарт унаган гэрээс чирч гарган амбаарын цементэн шалан дээр түлхэж дагзаар нь савж унаган гараараа хэд хэдэн удаа цохиж, буцаж гэртээ оруулан хөлөөрөө цээжин дээр нь дэвсэж, эрүүл мэндэд нь “цээжний баруун талын 2-р хавирганы далд хугарал, тархи доргилт, дагзны хуйх, дух, зүүн нүдний доод зовхи, хацар, хүзүү, цээж, зүүн шуу, сарвуу, баруун тохой, шуу, сарвуу, баруун гуя, баруун, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч О овгийн О.Ц нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо *** дугаар Цэргийн ангийн ар талын хашаанд байрлах гэртээ Д.Д-г “инээлээ” гэсэн шалтгаанаар үснээс нь зулгааж, газарт унаган гэрээс нь чирч гарган амбаарын цементэн шалан дээр түлхэж дагзаар нь савж унаган гараараа хэд хэдэн удаа цохиж, буцаж гэртээ оруулан хөлөөрөө цээжин дээр нь дэвсэж, бие махбодод нь “цээжний баруун талын 2-р хавирганы далд хугарал, тархи доргилт, дагзны хуйх, дух, зүүн нүдний доод зовхи, хацар, хүзүү, цээж, зүүн шуу, сарвуу, баруун тохой, шуу, сарвуу, баруун гуя, баруун, зүүн, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч О.Ц-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргаангүй...” гэсэн мэдүүлэг;

2. Д.Д-гийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан: “...О.Ц нь миний төрсөн дүү Д.Д-той хамтран амьдардаг. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны ** дугаар Цэргийн ангийн арын хашаанд тус тусдаа монгол гэрт амьдардаг. О.Ц-ын гэрт орж зурагт үзэж байтал инээлээ гэх шалтгаанаар миний биед гэмтэл учруулсан тул үнэн зөвөөр шалгаж өгнө үү...” гэсэн гомдол (хх-ийн 3 дугаар хуудас);

3. Хохирогч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би төрсөн дүү Д, нөхөр Ц-ын хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, *** дугаар Цэргийн ангийн арын хашаанд амьдардаг бөгөөд манай гэрт зурагтгүй болохоор 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 21 цагийн үед Ц-ын гэрт зурагт үзэхээр орсон. Зурагт үзээд сууж байхад Ц, Д хоёр хоорондоо “танайх ийм, тийм” гэж хэрэлдэж байгаад Ц гэнэт над руу хараад “чи инээгээд байгаа юм уу, яагаад байгаа юм” гэж хэлээд миний үснээс гараараа зулгааж газар унагаагаад, үснээс зулгааж толгой газар луу савж цохиж байгаад гэрээс чирч гаргаад үүдний амбаарын цементэн шалан дээр дагзаар савж хэд хэдэн удаа цохиод, буцаж гэртээ оруулаад хөлөөрөө цээжин дээр олон удаа дэвсээд,  цамцны энгэрээс бооход нь би ухаан алдах гээд эвгүй болоход тэр больсон. Энэ хооронд дүү Д салгах гээд чадаагүй, цагдаад дуудлага өгсөн байсан. Ц архи уугаагүй, эрүүл байсан. Одоогоор надад эмчилгээний баримт байхгүй. Зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтлийг намайг газар унагаасан байхдаа гараараа цохисон. Бусад гэмтлийг миний үснээс зулгааж толгойгоор газарт савахад, цээжин дээр дэвсэхэд, үснээс зулгааж чирэхэд учирсан гэмтлүүд байна. Би Ц-д гар хүрсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30 дугаар хуудас),

4. Гэрч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хашаанд миний төрсөн эгч Д тусдаа гэрт амьдардаг бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн үед манай эгч зурагт үзэхээр орж ирсэн. Бид хоёр хүүхэд загналаа гэж хоорондоо маргалдаж, үл ойлголцож байсан чинь манай эгч Д инээхэд нөхөр “яагаад инээгээд байгаа юм бэ” гэсэн чинь “инээсэн ч яадаг юм” гэсэн. Тэгээд нөхөр урдаас нь яваад очиход өөдөөс хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл манай нөхөр үснээс нь зулгаагаад нүүр лүү нь цохих шиг болсон. Тэд хоорондоо барьцалдаад байхаар нь би боль гэсэн чинь болихгүй байхаар нь гадаа гарч цагдаад дуудлага өгөөд орж ирэхэд бие биеийнхээ энгэрээс зуурчихсан зогсож байсан. Би одоо боль гэсэн чинь манай нөхөр Д-г гэрээсээ гаргах гэтэл гарахгүй болохоор нь хаалгаар түлхэж унагасан. Үүнээс өөр хаана нь яаж цохисон гэдгийг би хараагүй, мэдэхгүй. Манай гэрт орж ирэхдээ ямар нэгэн ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. Бид хоёр гэрлэлтийн баталгаагүй бөгөөд манай нөхөр жаахан түргэн ууртай, өөр дутагдалтай зан байхгүй. Намайг болон өөр хэн нэгнийг зодож цохиж байсан удаа байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32 дугаар хуудас),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 693 дугаартай: “...Д.Д-гийн биед цээжний баруун талын 2-р хавирганы далд хугарал, тархи доргилт, дагзны хуйх, дух, зүүн нүдний доод зовхи, хацар, хүзүү, цээж, зүүн шуу, сарвуу, баруун тохой, шуу, сарвуу, баруун гуя, баруун, зүүн, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 10-12 дугаар хуудас);

6. Шүүгдэгч О.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би тэр өдөр эхнэртэйгээ гэртээ байж байхад Д орж ирж зурагт үзэж байгаад эхнэр бид хоёр хүүхдээсээ болоод маргалдахад хажууд инээгээд байхаар нь би түргэн ууртай болохоор Д-гийн биед дээрх гэмтлийг учруулсан. Би барилгын үйл ажиллагаа явуулдаг *** ХХК-д цахилгаанчнаар ажиллаж байгаа. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Эхнэр Д-той 2015 онд танилцаад 2018 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн бөгөөд урьд нь Д-д гар хүрч байсан удаа байхгүй. Тэгээд ч Д манайхаар бараг ирдэггүй байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 51 дүгээр хуудас);

7. Шүүгдэгч О.Ц-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 37 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 44 дүгээр хуудас), аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 13-14 дүгээр хуудас), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хх-ийн 38 дугаар хуудас), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 39 дүгээр хуудас), тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа (хх-ийн 42 дугаар хуудас), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хх-ийн 43 дугаар хуудас), оршин суугаа газрын тодорхойлолт (хх-ийн 40 дүгээр хуудас), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох талаарх тодорхойлолт (хх-ийн 41 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Д-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч О.Ц-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.Д-гийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” диспозиц шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч О.Ц нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Ц-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Ц нь хохирогч Д.Д-д 308,000.0 төгрөгийн хохирол төлсөн талаарх баримтыг шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ: “...шүүгдэгч О.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол барагдуулсан зэргийг харгалзан 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг тухай баримт байгаа...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэхдээ шүүгдэгч О.Ц нь “инээлээ” гэсэн шалтгаанаар хохирогч Д.Д-г үснээс нь зулгааж, газарт унаган гэрээс чирч гарган амбаарын цементэн шалан дээр түлхэж унаган гараараа хэд хэдэн удаа цохиж, буцаж гэртээ оруулан хөлөөрөө цээжин дээр нь дэвсэж зодсон нөхцөл байдал, мөн хохирогчийн бие махбодод цээжний баруун талын 2-р хавирганы далд хугарал, тархи доргилт, дагзны хуйх, дух, зүүн нүдний доод зовхи, хацар, хүзүү, цээж, зүүн шуу, сарвуу, баруун тохой, шуу, сарвуу, баруун гуя, баруун, зүүн, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан байгааг харгалзан шүүх түүнд торгох ял оногдуулах боломжгүй буюу улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-д хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, түүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт эдлүүлэхээр тогтоолоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ц нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О овгийн О.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-д хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Ц-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ц нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ                                      Б.БАТАА