Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2017/00432

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2017/00432

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Ард Аюушийн гудамж, 35 дугаар байрны 6 тоотод оршин суух Сартуул овогт Мөнхжаргалын  Дуламсүрэн /РД:УЗ90082925, утас:99191437/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Батсүмбэр сум, 3 дугаар багт оршин суух Өндөрнөр овогт Баянжаргалын Дэмиджаргал /РД:НБ87031815, утас:95111437/-д холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Дуламсүрэн, хариуцагч Б.Дэмиджаргал, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Дуламсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-2010 оны 02 сарын 05-ны өдөр анх Дэжиджаргалтай танилцаж байсан. 2012 оны 06 сарын 08-нд охин төрөөд 06 сарын 18-нд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. 2011 оноос хойш хөдөө хамт амьдарсан. Б.Дэжиджаргал нь гэртээ ирдэггүй охин бид хоёрыг орхиж архи ууж явж байсан. Би 2015 оны 03 сарын 18-ны өдөр охиноо аваад хотод ирсэн. Түүнээс хойш хамт амьдраагүй. Хэрвээ үнэхээр хүүхдээ өнчрүүлэхгүйгээр хамт амьдаръя гэсэн бодол байсан бол холбоо бариад ирсэн зүйл байхгүй. Цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Тиймээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй нэхэмжлэл гаргасан. Б.Дэмиджаргал бид хоёрын гэрлэлтийг цуцлаж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Б.Дэмиджаргал шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Намайг удаа дараалан зодсон гэж ярьж байна. Тийм зүйл байхгүй. Хүүхдийн тэтгэлэг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Энэ хүн намайг 1 удаа хуурч баригдсан. Тэрнээс л болж бид хоёр одоо ийм байдалтай байна.”

Шүүх энэ хэрэгт зохигчдын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Гэрлэгчид нь 2010 оны 02 сарын 05-ны өдөр гэр бүл болж, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 2012 оны 10 сарын 06-ны өдөр бүртгүүлжээ. Тэдний дундаас 2012 оны 06 сарын 08-ны өдөр охин Д.Амин-Эрдэнэ төржээ. М.Дуламсүрэн, Б.Дэмиджаргал нар нь 2015 оноос хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа ба тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд нэхэмжлэгч М.Дуламсүрэн хандсан боловч эвлэрээгүй байх бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Гэрлэгчид нь 2015 оноос хойш одоог хүртэл тус тусдаа эхнэр М.Дуламсүрэн нь охин Д.Амин-Эрдэнийн хамт Улаанбаатар хотод, нөхөр Б.Дэмиджаргал нь Төв аймгийн Батсүмбэр суманд амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар нотлогдож байна. 

Иймд охин Д.Амин-Эрдэнийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн амьдрах, сурах, өсөж торних орчин, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын хүмүүжилд нөлөөлөх нөлөөлөл, дассан орчин зэрэг байдлуудыг харгалзахаас гадна зохигчдын тохиролцсоны дагуу охин Д.Амин-Эрдэнийг эх М.Дуламсүрэнгийн асрамжинд байлгахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эцэг Б.Дэмиджаргалаас охин Д.Амин-Эрдэнэд сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Сартуул овогт Мөнхжаргалын  Дуламсүрэн, Өндөрнөр овогт Баянжаргалын Дэмиджаргал нарын гэрлэлтийг цуцласугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 06 сарын 08-ны өдөр төрсөн охин Д.Амин-Эрдэнийг эх М.Дуламсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2012 оны 06 сарын 08-ны өдөр төрсөн охин Д.Амин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Дэмиджаргалаас тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй

4. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар охин Д.Амин-Эрдэнэ, эцэг Б.Дэмиджаргал нарыг хооронд нь хүссэн үед нь уулзуулж байхыг эх М.Дуламсүрэнд үүрэг болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хариуцагч Б.Дэмиджаргалаас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох 46 860 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Оюунзулд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.МӨНХЦЭЦЭГ