Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0148

 

 “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.О

Нэхэмжлэгч: “С” ХХК

Хариуцагч: НИТХТ

Нэхэмжлэлийн шаардлага: “НИТХТ-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13-д Хан-уул дүүргийн 8 дугаар хорооны Морин тойруулгын хойд талд буй 50,000 м.кв газраас “С” ХХК-ийн эзэмших 778899 дүгээр гэрчилгээтэй 4,000 м.кв газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоосон нь илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0050 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0781/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан “НИТХТ-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “НИТХТ-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13-д Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Морин тойруулгын хойд талд буй 50,000 м.кв газраас “С” ХХК-ийн эзэмших 778899 дүгээр гэрчилгээтэй 4,000 м.кв газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоосон нь илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулан маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0050 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан НИТХТ-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийн 50,000 м.кв газрын 3996 м.кв газарт холбогдох хэсгийн биелэлтийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0050 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргав.

3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл нь ... НИТХТ-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд байршилтай, 50,000 м.кв талбайг нийтийн эдэлбэрт авсан нь хуулийн дээрх заалтуудад заан нийтийн эдэлбэр газрын зохицуулалтад нийцсэн, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах зэрэг хуулиар олгосон эрхэд нийцсэн байна.

3.2. 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлагдаад, 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гарч үйлчлэл нь дуусахад 1 сар гаруйхан хугацаа үлдсэн байхад дээрх НИТХТ-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолыг дахин шинэ акт гартал 6 сар түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй.

3.3. Шинэ, хуучин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд “Гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах” эрх нутгийн өөрөө удирдах байгууллагад олгогдоогүй.

3.4. Учир нь Газрын тухай хуулийн 42.1-д “... Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно” гэж хуульчилсан.

3.5. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаныхан бидэнтэй уулзаж Захиргааны ерөнхий хуулийн 13-28 дугаар заасан үйл ажиллагаа болох “сонсох ажиллагаа” ч хийгээгүй.

3.6. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг зөрчин эрх мэдлээ хэтрүүлэн Засгийн газар, газар эзэмшигч хоёрын эрхийг булаан хэрэглэсэн НИТХТ-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолыг хаацайлах өнцгөөр шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдаж түдгэлзүүлсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч талаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, маргаан бүхий НИТХТ-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

3. Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар “С” ХХК-д Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 613 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд Газар барилгажилтын зөвлөлийн дүгнэлтүүдийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын байршлыг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд шилжүүлсэн байна.

3.1. Улмаар нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/575 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан боловч мөн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/598 дугаар захирамжаар “С” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

3.2. Нэхэмжлэгчээс тус захирамжийг эс зөвшөөрч нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/598 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2022/0372 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/598 дугаар захирамжийг хүчингүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2022/0819 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба талууд хэн аль нь хяналтын журмаар гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

3.3. Гэвч НИТХТ-ийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09/25 дугаар тогтоолын хавсралтаар Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд байршилтай 50,000 м.кв газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоохдоо нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 3,996 м.кв газрыг хамруулснаар маргаан үүсжээ.

4. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 42.3-д заасан гэрээ байгуулсны дараа хууль болон уг гэрээнд өөрөөр заагаагүй бол ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 90 хоногийн дотор холбогдох газрыг чөлөөлж, тухайн шатны Засаг даргын мэдэлд шилжүүлнэ”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Засгийн газар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно”, гэж тус тус заасан.

4.1. “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2022/0372 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэсэн байхад энэ талаар тодруулаагүй, холбогдох баримтыг бүрдүүлээгүй, нэхэмжлэгчид сонсох ажиллагаа хийгээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж заасан.

5.1. Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг буруу тодорхойлж, хэрэгт авагдсан баримтыг дутуу үнэлж, “... тодруулах шаардлагатай нөхцөл байдал хуулиар нийслэлийн Засаг дарга, Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байх бөгөөд шүүх тэдгээр байгууллага, албан тушаалтнаас өмнө тухайн асуудлыг тогтоох боломжгүйн дээр шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэсэн дүгнэлт хийж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг баримтлан маргаан бүхий актын биелэлтийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

5.2. Тодруулбал, анхан шатны шүүхээс “... “С” ХХК-ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/598 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл эцэслэн шийдвэрлэгдээгүй ... нэхэмжлэгч газар эзэмших эрхтэй эсэхийг тодруулах шаардлагатай” гэж дүгнэсэн байна.

5.3. Гэвч дээрх маргаан эцэслэн шийдвэрлэгдэж, “С” ХХК-ийн маргаан бүхий газрыг эзэмших эрх сэргэсэн болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүд, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

6. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэх эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж тус тус заасан.

6.1. Энэ тохиолдолд хариуцагч НИТХТ нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Морин тойруулгын хойд талд буй нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 3,996 м.кв газрыг нийтийн эдэлбэр газарт тооцохдоо Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг тус тус зөрчиж газар эзэмшигч “С” ХХК-д мэдэгдэж, тохиролцолгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна.

6.2. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх ойлголт нь мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ” гэж заасныг хангаагүй тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0050 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-иас нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, НИТХТ-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13-д Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Морин тойруулгын хойд талд буй 50,000 м.кв газраас “С” ХХК-ийн эзэмших 778899 дүгээр гэрчилгээтэй 3,996 м.кв газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоосон нь илт хууль бус болохыг тогтоосугай” гэж, 2 дахь заалтыг хасч, “3” гэснийг “2” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ