Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 162

 

МАГАДЛАЛ

 

2017.01.09                                                  Дугаар 162                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ж.Даваажаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2016/00863 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Даваажаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Синопийк” ХХК-д холбогдох,

Гэрээ цуцлах, 144 233 300 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний үүргийн гүйцэтгэл, бусад төлбөрт 291 230 912 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Даваажаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Наранцогт,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Ж.Даваажаргал нь “Синопийк” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Б-201418 дугаартай орон сууцны захиалгын гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Г-201405 дугаартай автомашины зогсоолын захиалгын гэрээ тус тус байгуулж Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж 29 гэх хаягт баригдаж буй орон сууцны барилгаас 88.81 м.кв талбай бүхий 240 тоот орон сууц, тус байрны автомашины зогсоолоос 34 тоот автомашины зогсоолыг авахаар тохиролцож, орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувь болох 82 593 300 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр, автомашин зогсоолын нийт үнийн дүнгийн 100 хувь болох 40 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Синопийк” ХХК-д төлсөн. Дээрх гэрээгээр “Синопийк” ХХК нь автомашины зогсоолыг 2014 оны 4 дүгээр улиралд захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл гэрээнд заасан хугацаанд автомашины зогсоолыг захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, улмаар захиалагчид гэрээгээр тохиролцоогүй үүргийг буюу 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Синопийк” ХХК-тай Б-201418 дугаартай орон сууцны захиалгын гэрээний нийт үнийг төлж дуусгасан тохиолдолд автомашины зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх хууль бус шаардлагыг тавьж автомашины зогсоолыг хүлээлгэн өгөхгүй байна. Анх Ж.Даваажаргал нь уг байрыг авах хүсэл зоригтой байсан. Тийм ч учраас “Синопийк” ХХК-тай гэрээ байгуулсан. Харамсалтай нь гэрээний үнийг төлж байх явцад иргэн Ж.Даваажаргалын хувьд төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон. Энэ нь Ж.Даваажаргал нь 1 м.кв нь 3 100 000 төгрөгийн үнэтэй байрыг худалдаж авах төлбөрийн чадваргүй болсон. Мөн иргэн Ж.Даваажаргал нь 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр автомашин зогсоолын 40 000 000 төгрөгийн гэрээний дагуу нийт 100 хувийн үнийг төлсөн байтал “Синопийк” ХХК-иас 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан орон сууц захиалах гэрээний дагуу үнийн дүнг 100 хувь төлж байж гараж өмчлөх эрхээ аваарай гэсэн саналыг тавьсан. Ингээд нэг талаас эдийн засгийн боломжгүй, нөгөө талаасаа хүмүүсийн хоорондын үл ойлголцох шалтгаан гарч Ж.Даваажаргал үүн дээр үндэслээд ерөнхийдөө байрыг худалдаж авах боломжгүй юм байна гээд гэрээгээ цуцлаж гэрээнд заасан хувийг нь өгье гэхэд “Синопийк” ХХК нь саналыг хүлээж авч байна. Гэхдээ мөнгийг одоо өгөх боломжгүй буюу жилийн дараа өгье. Одоо эдийн засаг хямарсан байгаа учраас байр зарагдахгүй, компани мөнгөгүй тул таны мөнгийг барагдуулж чадахгүй, та жил хүлээчих гэсэн. Ж.Даваажаргал нь орон сууц захиалах гэрээний 6.1-т заасан 5%-тай тэнцэх торгуулийг нь төлөөд үлдсэн мөнгөө авъя. Мөн гараж өгөхгүй байгаа юм чинь автомашин зогсоолын гэрээний 6.1-т заасан 10%-ийг нь үлдээгээд үлдсэн мөнгөө авъя гэсэн. “Синопийк” ХХК нь тухайн үед бас л жилийн дараа өгнө бусдаар мөнгө өгөх ямар ч боломжгүй байна гэсэн. Тэгээд шүүхэд хандсан байдаг. Шүүхээс гэрээг цуцлах буюу орон сууц захиалах гэрээний дагуу өгсөн 82 593 300 төгрөг, мөн автомашины зогсоолын гэрээний дагуу төлсөн 40 000 000 төгрөг, нийт 122 593 300 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна. Мөн автомашины зогсоолын 100%-ийн үнийг төлөөд авсан гэж ойлготол өмчлөх эрхээ шилжүүлэхгүй байснаас болоод иргэн Ж.Даваажаргал нь 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буюу гэрээ байгуулсан өдрөөс хойш өмчилж, эзэмшиж, захиран зарцуулж чадаагүй учраас хохирол үүссэн. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд Ж.Даваажаргалд өмчлөх эрх байсан эсэх талаар тайлбарлана. Өмчлөгч бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон эрх хэмжээний дотор өмчлөлөө өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаална. Өөрөөр хэлбэл өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрх нь Ж.Даваажаргалд байхгүй байсан буюу Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөх эрх Ж.Даваажаргалд шилжээгүй байна. Ингэхээр Ж.Даваажаргал автомашин зогсоолын гэрээг цуцлах буюу нийт 40 000 000 төгрөгөө буцааж авах эсвэл тухайн гэрээгээр хүлээсэн үүргээ “Синопийк” ХХК гүйцэтгээгүй буюу өнөөдрийг хүртэл Ж.Даваажаргал нь гараж түрээслэж байсан 1 сарын 300 000 төгрөг гэж тооцвол 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс автомашин зогсоолын түрээсийн гэрээ байгуулж 4 800 000 төгрөгөөр нийт 16 сарын хугацаанд түрээслэсэн. Иймд өмчлөх эрхээ шилжүүлж чадаагүй, хууль бус үйлдлээс болоод хохирол гэж үзээд “Синопийк” ХХК-иас 4 800 000 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн гэрээний алдангид нийт 16 840 000 төгрөгийг “Синопийк” ХХК-иас шаардаж байгаа. Үндэслэл нь гэрээний 6.2-т зааснаар хоног тутамд 0.1% алданги бодогдоно гэсний дагуу гаргаж ирсэн тоо. Нийт 421 хоног буюу хувьсах коффицентоор үржүүлэх юм бол     16 840 000 төгрөг болж байгаа, мөн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 16 сар автомашины гараж түрээслэсэн төлбөрийн хохиролд 4 800 000 төгрөг, мөн хариуцагч үүргээ гүйцэтгээгүйтэй холбогдуулан автомашины захиалгын гэрээний 6.2 дахь хэсэгт зааснаар 0.1 хувийн алдангийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 421 хоногийг хувьсах коффицентоор 40 000 төгрөгөөр бодож нийт 16 840 000 төгрөг гаргуулах гэсэн 3 нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ж.Даваажаргал нь 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Синопийк” ХХК-тай № Б-201418 дугаартай орон сууцны захиалгын гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн        №Г-201405 дугаартай автомашины зогсоолын захиалгын гэрээ тус тус байгуулж Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж 29 гэх хаягт баригдаж буй орон сууцны барилгаас 88.81 м.кв талбай бүхий 240 тоот орон сууц, тус байрны автомашины зогсоолоос 34 тоот автомашины зогсоолыг авахаар тохиролцож захиалсан. Уг орон сууцыг тус компани нь батлагдсан зураг төслийн дагуу барилгын норм ба дүрэм, чанар, стандартад нийцүүлэн барьж дуусган 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. “Синопийк” ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ж.Даваажаргалтай байгуулсан №Б-2014 18 дугаар орон сууц захиалгын гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн № Г-2014 5 дугаар автомашины зогсоолын гэрээнд заасан үүргүүдээ бүрэн биелүүлж, гэрээгээр тохирсон хугацаандаа орон сууцыг ашиглалтанд оруулсан. Харин нэхэмжлэгч Ж.Даваажаргал нь гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан №Б-2014 18 дугаар орон сууц захиалгын гэрээний 2.3, 4.4 дүгээр зүйлүүдийг зөрчиж, үлдэгдэл төлбөр болох 192 717 700 төгрөгийг өнөөг хүртэл өгөөгүй байна. Гэрээний 2.3 дугаар зүйлд заасны дагуу захиалагч нь улсын комиссын дүгнэлтийн дараа төлбөрөө бүрэн төлж барагдуулах ёстой атал 10 гаруй сар өнгөрчихөөд байхад төлбөрөө төлөлгүй гэрээгээ зөрчиж байна. Ж.Даваажаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “зах зээлийн үнээс хэт дээгүүр үнээр орон сууц худалдан авах боломжгүй болсон” гэсэн үндэслэлээр 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан №Б-2014 18 дугаар орон сууц захиалгын гэрээг цуцалж, төлбөрт төлсөн 82 593 300 төгрөгийг буцаан нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. “Туул ван” орон сууцны 1     м.кв-ийн үнэ тухайн үед 3 100 000 төгрөг байсан ба талууд гэрээний нөхцлийг харилцан тохиролцон хүлээн зөвшөөрч уг гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “гэрээний 6.1 дэх заалтыг үндэслэн цуцлах” санал тавьжээ. Хоёр гэрээний 6.1 дүгээр заалтуудад “...гэрээ цуцлагдсан тохиолдолд нийт үнийн дүнгийн 5.0%-тай тэнцэх торгуулийг А талд төлнө” гэж тохиролцсон. Мөн гэрээний 5.2 дугаар зүйлд зааснаар Б тал нь гэрээг дангаар цуцлах эрхгүй бөгөөд гэрээ цуцлагдах ямар үндэслэл байхгүй болно. Нэхэмжлэгч авто зогсоолыг захиалагчид өгөөгүй мэтээр бичсэн нь үндэслэлгүй байна. Орон сууцыг авто зогсоолын хамт 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан. Авто зогсоолыг төлбөрөө бүрэн хийсэн захиалагч нар зогсоолоо авч ашиглаж байгаа ба Ж.Даваажаргал ч мөн адил өөрийн 34 тоот зогсоолоо авч ашиглаж байгаа болно. Тиймээс нэхэмжлээд байгаа 4 800 000 төгрөг, алданги 16 840 000    төгрөгийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Ж.Даваажаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ба тэрээр гэрээний үүргээ зөрчиж өнөөг хүртэл төлбөр болон алдангиа бүрэн төлөхгүй, мөн СӨХ, харуул хамгаалалт, халаалт, техникийн үйлчилгээний төлбөрүүдээ гэрээний 4-12 дугаар зүйлд заасны дагуу төлөлгүй компанийг давхар хохироож байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Синопийк” ХХК нь Ж.Даваажаргалтай орон сууц болон автомашин зогсоолын захиалгын хүчин төгөлдөр гэрээг байгуулж 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч, уг байрыг захиалагч нар ашиглах бүрэн боломж бүрдсэн. Гэтэл Ж.Даваажаргал нь орон сууц захиалгын гэрээний 2.1 дэх заалтын дагуу 275 311 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй атал 30% буюу 82 593 300 төгрөгийг төлж, үлдэгдэл 70% буюу 192 717 700 төгрөгийг өнөөг хүртэл төлөлгүй захиалгын гэрээний 2.3, 4.4 дүгээр зүйлүүдийг зөрчиж байна. Гэрээний 2.3 дугаар зүйлд заасны дагуу захиалагч улсын комиссын дүгнэлт гарсаны дараа төлбөрөө бүрэн төлөх үүрэг хүлээсэн. Гэтэл 1 жил, 10 сар өнгөрчихөөд байхад төлбөрөө төлөөгүй байна. Уг гэрээний 6.2-т төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх алдангийг төлөхөөр заасан. Иймд 2014 оны 8 дугаар сарын 19-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 19-ны өдөр хүртэл 22 сар буюу 660 хоногийн алданги 127 232 820 төгрөг болж байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу анз нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй тул 192 717 700 төгрөгийн 50% болох 96 358 850 төгрөгийн алдангийг нэмж нэхэмжилж байгаа. Мөн гэрээний 4.12 дугаар зүйлд заасны дагуу улсын комисс хүлээж авсан өдрөөс эхлэн СӨХ-ны мөнгө, халаалтын мөнгө, техник үйлчилгээний зардлуудыг захиалагч хариуцахаар үүрэг хүлээсэн. Иймд 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 22 сарын СӨХ-ийн 1 сарын төлбөр 43 762 төгрөг байдаг, үүнийг 22 сараар үржүүлэхээр 1 232 764 төгрөг болж байгаа. 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 18 сарын гаражийн төлбөрт 270 000 төгрөг нэхэмжилж байгаа. 1 сарын гаражийн төлбөр 15 000 төгрөг. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 16 сарын халаалтын мөнгө болох 651 598 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Нийт 291 230 912 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Даваажаргал нь удаа дараа “Синопийк” ХХК-д орон сууц захиалах гэрээг цуцлах тухай үндэслэл бүхий хүсэлт, саналыг хууль, гэрээг үндэслэн 2014 оны 8 дугаар сараас тавьж, улмаар “Синопийк” ХХК нь хүлээж авсан байдаг. Өнөөдрийг хүртэл маргаантай байгаа шалтгаан бол “Синопийк” ХХК-ийн зүгээс эдийн засаг хямрсанаас болж мөнгө байхгүй, өгч чадахгүй, нэг жилийн дараа өгөх боломжтой гэдэг тайлбар өгч байсантай холбоотой. Хариуцагч тал нь сөрөг нэхэмжлэлдээ орон сууц захиалах гэрээний 6.2 дах хэсгийг баримталсан байна. 6.2 дахь хэсэг бол сөрөг нэхэмжлэл дээр байгаа шиг хоногоор хязгааргүй үржүүлэх боломж байдаггүй. Гэрээний 6.4 дэх хэсэгт энэхүү гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд талуудын төлөх алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 5%-иас хэтрэхгүй байна гэсэн зохицуулалттай. Тэгэхээр 660 хоногоор үржүүлэх биш, үүний үнийн дүнгийн хязгаарлалт бол 6.4 дэх хэсэгт байгаа. Манайх “Синопийк” ХХК-д гэрээний 6.1-т заасны дагуу санал буюу Б тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй эсвэл Б талын хүсэлтээр гэрээг цуцалсан тохиолдолд Б талын А талд төлөх нийт үнийн дүнгийн 5%-тай тэнцэх торгуулийг А талд төлнө гэж байгаа. “Синопийк” ХХК-д Ж.Даваажаргал төлье гэсэн үндэслэлээ орон сууц захиалах гэрээний 6.1 болон мөн автомашины зогсоолын захиалгын гэрээний 6.1 дэх хэсгийг үндэслээд 5%-иа өгье, үлдсэн мөнгөө буцаагаад авъя гэсэн санал тавьсан. Гэтэл сөрөг нэхэмжлэлдээ хариуцагч тал гэрээний 6.1 биш 6.2 дэх хэсгийг үндэслэж байгаа юм байна. Гэрээний 6.2 дахь заалтыг үндэслэж байгаа л юм бол 6.4 дэх заалтыг зайлшгүй хэрэглэх ёстой болчихож байна. Яагаад гэвэл 6.4 дэх хэсэгт энэхүү гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гэхээр 6.2 дахь заалт орох ёстой гэсэн заалтыг зааж байна. 6.2 дахь заалтад заасан хувь хэмжээ бол гэрээний үнийн дүнгийн 5%-иас хэтрэхгүй гэж зааж байна. Нийт 96.358.850 төгрөг бол нэгэнт гэрээн дээрээ ингээд заасан учраас ямар ч боломжгүй тоо. Тэгэхээр манай талаас гэрээний 6.1 дах заалтыг баримталж байгаа. 6.1 болон 6.4 дэх заалтууд харахад ижил юм шиг мөртлөө нэгнийх нь эрхийг дээрдүүлж, нөгөөгийнх нь эрхийг дордуулсан. 6.1 дээр А талд төлөх нийт үнийн дүнгийн гэхээр бага тоо, 6.4 дээр гэрээний үнийн дүнгийн гэхээр их тоо гарч байна. Хэргийн нөхцөл байдал дээр нэгэнт Ж.Даваажаргал төлөх боломжгүй болсон буюу хүсэлтээ удаа дараа уламжласныг нь харгалзаж үзээд гэрээний 6.1 дэх урьдчилсан нөхцөлийг хангасан буюу А талд төлөх нийт үнийн дүн буюу 275.311.000 төгрөгөөс төлсөн 82.593.300 төгрөгийг хасч түүнээс 5%-ийг тооцоод А талд торгуулийг төлж гэрээг цуцлах хүсэлт байгаа. Иргэний хуулийн 247 дугаар зүйл дээр худалдан авагчид шилжүүлснээр буюу үр шим худалдан авагчид шилжсэн үеэс буюу Ж.Даваажаргал “Синопийк” ХХК-иас байшингаа авч, тэндээ амьдарч үр шимийг нь хүртэж байж энэ халаалт болон үүнтэй холбогдсон бусад зардлуудыг төлөх үүрэг үүсэх ёстой болохоос биш тухайн байрыг ашиглаж, захиран зарцуулж, эзэмшихгүйгээр гадна талаас нь тухайн үр шимийг хүртсэн гэж үзэх үндэслэл байхгүй учраас нэгэнт үр шимийг хүртээгүй бол үүнтэй холбоотой гарч байгаа тодорхой зардлуудыг төлөх үндэслэлгүй. “Синопийк” ХХК нь сөрөг нэхэмжлэл гаргаж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй хөрөнгөжих, зайлшгүй буцааж өгөх ёстой мөнгийг өөрийн болгох, төлөхгүй хугацаа хожих зэрэг шалтгаантай байна. Дээрээс нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөх эрхийг эдлээгүй учраас тухайн өмчлөлтэй холбоотой урсгал зардлуудыг төлнө гэдэг нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.2, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Ж.Даваажаргалын нэхэмжлэлтэй, “Синопийк” ХХК-д холбогдох, 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн        Б-201418 дугаар “Орон сууц захиалгын гэрээ”, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн   Г-201405 дугаар “Автомашины зогсоол захиалгын гэрээ”-г цуцлах, 144 233 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Даваажаргалаас 192 717 700 төгрөг гаргуулан хариуцагч “Синопийк” ХХК-д олгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 98 513 212 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.Даваажаргалаас 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 879.120 төгрөг, хариуцагч “Синопийк” ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 1.392.270 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Синопийк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 221.834 төгрөгийг нөхөн гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 дугаар дансанд оруулах, нэхэмжлэгч Ж.Даваажаргалаас 1.121.538 төгрөгийг гаргуулан хариуцагч “Синопийк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. "Синопийк" ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан             №Б-201418 дугаартай орон сууцны захиалгын гэрээний 6.1-т "Б тал (захиалагч) нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон, эсхүл Б тал (захиалагч) талын хүсэлтээр гэрээ цуцлагдсан тохиолдолд "Б" талын (захиалагч) талын "А" талд төлөх нийт үнийн дүнгийн 5.0 хувьтай тэнцэх торгуулийг "А" талд төлнө" гэснийг шүүх шийдвэр гаргах үндэслэл хэсэгт харгалзан үзэх зайлшгүй шаардлагтай байсан боловч огт дурдаагүй байна. Гэтэл нэхэмжлэгч миний бие дээрх заалтын дагуу гэрээ цуцлагдсан гэж үзэж байна. Тодруулбал, миний бие гэрээгээр хүлээсэн үүргийг уг орон сууц зах зээлийн үнээс хэт өндөр үнэтэй[1], үлдэгдэл төлбөр төлөх мөнгө байхгүй болсоны улмаас төлбөр төлөх боломжгүй болсон. Энэ нь гэрээний 6.1-т "...гэрээгээр хүлээсэн үүргээ цаашид биелүүлэх боломжгүй болсон..." гэсэн үндэслэлийг бүрдүүлж байна. Мөн миний бие удаа дараа амаар, бичгээр "Синопийк" ХХК-д гэрээ цуцлах тухай мэдэгдэж байсан. Энэ тухай анхан шатны шүүхэд гаргаеан нэхэмжлэл болон хариу тайлбартаа "...удаа дараа "Синопийк" ХХК-д орон сууц захиалах гэрээг цуцлах тухай үндэслэл бүхий хүсэлт, саналыг хууль, гэрээг үндэслэн 2014 оны 8 дугаар сараас тавьж, улмаар "Синопийк" ХХК хүлээж авсан байдаг. Өнөөдрийг хүртэл маргаантай байгаа шалтгаан бол "Синопийк" ХХК-ийн зүгээс эдийн засан хямарсанаас болж мөнгө байхгүй, өгч чадахгүй, нэг жилийн дараа өгөх боломжтой гэдэг тайлбар өгч байсантай холбоотой" гэдгийг хэлж байсан бөгөөд "Синопийк" ХХК-ийн зүгээс маргаагүй байдаг бөгөөд энэ нь гэрээний 6.1-т "...эсхүл Б тал (захиалагч) талын хүсэлтээр гэрээ цуцлагдсан тохиолдолд..." гэсэн үндэслэлийг бүрдүүлж байна. Гэтэл шүүх хуульд нийцсэн нарийвчилсан зохицуулалт бүхий гэрээний талуудын хүсэл зоригын илэрхийлэл болж, харилцан тохиролцсон гэрээг харгалзаж үзэлгүй шийдвэр гаргасан. Миний бие гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсоныг хүлээж гэрээний 6.1-т "Б" талын (захиалагч) талын "А" талд төлөх нийт үнийн дүнгийн 5.0 хувьтай тэнцэх торгуулийг "А" талд төлнө" гэсний дагуу торгуулийг төлхөд татгалзах зүйлгүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрт "...нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаас уг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тайлбартай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно. Иймд нэхэмжлэгч авто зогсоолыг хүлээн аваагүй, ашиглаагүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй" гэжээ. Гэтэл "Синопийк" ХХК гэрээнд заасан хугацаанд автомашины зогсоолыг захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ өнеөдрийг хүртэл (2016 оны 11 дүгээр cap) биелүүлэлгүй, улмаар захиалагчид гэрээгээр тохиролцоогүй үүргийг буюу 2014 оны 07 дугаар сарын 09-ны өдөр "Синопийк" ХХК-тай № Б-201418 дугаартай орон сууцны захиалгын гэрээний нийт үнийг төлж дуусгасан тохиолдолд автомашины зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх хууль бус шаардлагыг тавьж автомашины зогсоолыг хүлээлгэж өгдөггүй. байна, Мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т "...өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах..." гэсэн емчлөх эрхийг хэрэгжүүлэх нөхцөлийг хариуцагч "Синопийк" ХХК-иас зөрчиж автомашины зогсоолын захиалгын гэрээний 3.3-т ",.."А" тал нь орон сууцыг хүлээн авсан улсын комиссын акт бэлэн болсоны дараа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад "Б" талын өмчлөх эрхээ баталгаажуулахтай холбогдох хүсэлтийг хүргүүлэх бөгөөд тухайн байгууллагаас зохих шийдвэрийг бичгээр "А" талд ирүүлсэн тохиолдолд өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагтай бичиг баримтыг нь "Б" талд хүлээлгэн өгне" гэсэн үүргээ биелүүлээгүй гэдгийг анхан шатны шүүх хуралд зохигчдын тайлбараар нотлогдож байхад үүнийг шүүх харгалзаж үзээгүй алдаа гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрт гэрээний төрлийг буруу тогтоосон. Тодуулбал, "...2014 оны 07 дугаар сарын 09-ны өдөр "Синопийк" ХХК-тай № Б-201418 дугаартай орон сууцны захиалгын гэрээг Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1-д заасан "Ажил гүйцэтгэх гэрээ", 2014 оны 12 дугаар сарын  29-ны  өдрийн  №Г-201405 дугаартай автомашины зогсоолын захиалгын гэрээг "Худалдах, худалдан авах" гэрээ..." гэж  дүгнэсэн нь маргааны зүйл болсон гэрээний төрлийг буруу тогтоосон байна. Учир нь дээрх хоёр гэрээний зохицуулалт яг адилхан буюу нэг төрлийн гэрээ байх л боломжтой байхад өөр өөр төрлийн гэрээ гэж дүгнэсэн нь логикийн хувьд зөрчил үүсгэж байна. Мөн гэрээний төрлийг юуг үндэслэж, хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, бүрхэг, эргэлзээ төрүүлэхүйц байна. Иймд зах зээлийн бодит үнээс хэт дээгүүр /өндөр/ орон сууц худалдаж авах боломжгүй болсон, автомашины зогсоолын өмчлөх эрхийг өнөөдрийг хүртэл /1 жил 6 cap/ шилжүүлж өгөөгүй зэрэг нөхцөл байдалтай холбоотойгоор 2014 оны 07 дугаар сарын 09-ны өдөр "Синопийк" ХХК-тай байгуулсан № Б-201418 дугаартай орон сууцны захиалгын гэрээний 6.1 дэх заалт, 2014 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн № Г-201405 дугаартай автомашины зогсоолын захиалгын гэрээг гэрээний 3.3 дахь заалтыг "Синопийк" ХХК зөрчсөн тул цуцлах, улмаар орон сууцны захиалгын гэрээний нийт үнийн дүнгийн 30% болох 82 593 300 төгрөг болон автомашины зогсоолын захиалгын гэрээний нийт үнийн дүнгийн 100% болох 40 000 000 төгрөг төлсөн төлбөрийг буцаан гаргуулж авах хүсэлтэй байна.

2014 оны IV улирал буюу 2014 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл өөрийн 100% үнийг төлж худалдан авсан автомашины зогсоолийн өмчлөх эрхээ хариуцагч "Синопийк" ХХК-ийн хууль бус гэрээний үүрэг зөрчсөн үйлдэлийн улмаас хэрэгжүүлж чадалгүй өнөөдрийг хүртэл 4 800 000 төгрөгөөр хохирч байна. Иймд энэхүү хохирлыг "Синопийк" ХХК-иас гаргуулж авах хүсэлтэй байна. Тодруулбал, 2014 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс 2016 оны 04 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 4 800 000 төгрөгөөр автомашины зогсоолыг 2015 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс нэг сарын    төлбөр нь 300 000 төгрөг байхаар түрээсийн гэрээ байгуулж машинаа тавьж байна. Энэ нь өнөөдрийг хүртэл тооцвол түрээсийн гэрээнд (2015.01.01-2016.04.25 хоорондох хугацаа 16 сар бөгөөд нэг cap 300 000 төгрөг гэж үзвэл нийт 4 800 000 болно) 4 800 000 төгрөг зарцуулаад байна. Хэрвээ захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол миний бие бусдын автомашины зогсоолыг түрээслэх хэрэгцээ, шаардлага үүсэхгүй байсан.

2014 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн №Г-201405 дугаартай автомашины зогсоолын захиалгын гэрээний 6.2-т заасны дагуу (2015.1.29-2016.04.25 хүртэл нийт 421 хоног 1 өдрийн алданги гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.1 хувь, 40 000 000 төгрөгний 1 өдрийн алданги 40 000 төгрөг, нийт 421*40.000=16.840.000 төгрөг) 16 840 000 төгрөгийн алдангийг гаргуулж авах хүсэлтэй байна. Тодруулбал, 6.2-т "ашиглалтанд оруулах гэрээнд заасан хугацаа... хэтэрсэн..." гэсэн ойлголт нь захиалагчид өмчлөх эрхийг бий болгох хугацааг тодруулж өгч байгаа юм. Үүнээс үзвэл ашиглалтанд орсон мөртлөө гэрээний үнийн дүнг 100 хувь төлсөн захиалагчийн өмчлөх эрхийг бий болгохоос саад хийж байгаа тохиолдлыг ашиглалтанд оруулах гэрээнд заасан хугацаа хэтэрсэн гэж ижил утгаар ойлгож байна. Нийт 144 233 300 төгрөгийг хариуцагч "Синопийк" ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч Ж.Даваажаргал нь хариуцагч “Синопийк” ХХК-д холбогдуулан гэрээ цуцлах, 144 233 300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргийн гүйцэтгэл, бусад төлбөрт 291 230 912 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зах зээлийн бодит үнээс хэт өндөр үнээр орон сууц худалдан авах боломжгүй болсон тул гэрээний 6.1 дэх заалтаар гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан авах, гэрээний үүргээ хариуцагч зөрчсөнөөс учирсан хохирол буюу зогсоол түрээслэсний зардал 4 800 000 төгрөг, гэрээгээр тохиролцсон алданги 16 640 000 төгрөгийг гаргуулах...” гэж тайлбарласан байна.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...худалдагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлсэн байхад орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр 192 717 700 төгрөгийг төлөхгүй байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй, орон сууцны төлбөрийн 50 хувьтай тэнцэх алданги 96 358 850 төгрөг, халаалтын төлбөр 651 598 төгрөг, СӨХ-ийн төлбөр 1 232 764 төгрөгийг гаргуулна...” гэжээ.

 

               Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалгын Б-201418 тоот гэрээгээр нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр / 17041/, Туул гол гудамж, 29 гэх хаягт баригдаж буй орон сууцны 240 тоотын  88,81 м.кв  талбай бүхий орон сууцыг 275 311 000 төгрөгөөр, 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн          Г-201405 тоот гэрээгээр мөн хаягт байршилтай 34 тоот автомашины зогсоолыг худалдан авахаар тохиролцон, орон сууцны урьдчилгаа төлбөрт 82 593 300 төгрөг, авто зогсоолын гэрээнд заасан үнэ болох 40 000 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй.

 

               Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй байна. Учир нь нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагууд орон сууцын үнийг бүрэн төлөх үүргээ өөрөө гүйцэтгэх боломжгүй болсноос, харин автозогсоол худалдах, худалдан авах гэрээний хувьд автозогсоолыг худалдагч буюу хариуцагч тал бодитойгоор өмчлөх эрхийг болон шилжүүлэх үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор дээрх 2 гэрээнээс татгалзсан агуулгатай нэхэмжлэл гаргасан байгааг шүүх анхаараагүй байна.

 

               Талуудын хооронд байгуулагдсан дээрх 2 гэрээнүүдийн 5.1, 5.2-д гэрээг цуцлах журмыг тохиролцохдоо гэрээ цуцлах санал гаргасан тал нь нөгөө талдаа 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж заасан боловч Б-201418 тоот гэрээг Б тал буюу нэхэмжлэгч дангаар цуцлах эрхгүй, Г-201405 тоот гэрээг аль нэг тал дангаар цуцлах эрхгүй гэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан эрх чөлөөний зарчимд нийцээгүй байна.

 

              Иргэний хуулийн 204-д заасан үндэслэл, журмаар гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах боломжтой. Учир нь талуудын хооронд байгуулагдсан 2 гэрээний нэг тал нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд байх бөгөөд нөгөө тал болох иргэн нь гэрээний нөхцөлийг зөвшөөрөн санал болгосныг зөвшөөрөн гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэх үндэслэлтэй.

Дээрх гэрээнүүдийн 5 дахь заалтад гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан нь 202 дугаар зүйлийн 202.2.8-т заасан хүчин төгөлдөр бус байх нөхцөлд хамаарч байна. Иймд нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах эрхгүй гэх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

 

               Гэвч Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар дээрх 2 гэрээний 5 дахь заалтаас бусад хэсэг нь хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

               Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан дээрх 2 гэрээнээс татгалзаж буй тохиолдолд гэрээ цуцлагдсантай холбогдох торгуулийг гэрээний 6 дах заалтыг үндэслэн хариуцан төлөхийг зөвшөөөрч байх тул гэрээнд заасан хэмжээгээр тооцон нэхэмжлэгчээс 9 800 000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны урьдчилгаанд төлсөн 82 593 300 төгрөг, авто зогсоолын үнэд төлсөн 40 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид      олгох нь зүйтэй байна.

 

               Харин авто зогсоолын өмчлөх эрхтэй холбогдох бичиг баримт болон эзэмших эрхийг хариуцагч бодитойгоор шилжүүлээгүйгээс учирсан хохирлыг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй боловч хариуцагчийн зүгээс авто зогсоолыг бодитой шилжүүлэн өгөөгүйгээс бодит зардал гарсан гэдгийг эргэлзээгүй баримтаар нотлоогүй тул хангах үндэслэлгүй болно.

 

               Талууд харилцан алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

               Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн хэмжээ хоног тутамд 0,5 хувь байхаар хуулиар тогтоосон байхад талууд гэрээндээ алдангийг  5 хувь байхаар тохиролцсон нь хуульд нийцээгүй учир гэрээний энэ нөхцөл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх тул уг хүчин төгөлдөр заалтад үндэслэн алданги шаардах эрх үүсэхгүй, анзын талаар, алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

                 Дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

                 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                        

                  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2016/00863 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 204, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Синопийк” ХХК-иас 122 593 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Даваажаргалд олгож, үлдэх 21 640 000 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

                  -шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар Ж.Даваажаргалаас             9 800 000 төгрөг гаргуулан “Синопийк” ХХК-д олгож, Ж.Даваажаргалаас 291 230 912 төгрөг гаргуулах тухай “Синопийк” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

                  -шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Ж.Даваажаргалаас 1 121 538 төгрөг гаргууллан...” гэснийг “…171 750...” төгрөг гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 879 120 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   

                                              ШҮҮГЧИД                             Ш.ОЮУНХАНД                                                         

 

                                                            М.НАРАНЦЭЦЭГ