Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/516

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Ж.Сувданчимэг, хохирогч Б.Ү, шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн П.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2108 00136 0108 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн П.Г, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Архангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “***” ХХК-д ажилладаг, ам бүл хоёр, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайван өргөн чөлөө гудамж, ** дүгээр байрны ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ** тоотод хамтран амьдрагч Б.Ү-гийн хамт түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч П.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө 23.00-24.00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 12 дугаар байрны ** тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Ү-г хардаж түүнийг түлхэн унагаж, баруун хацарт нь 2 удаа алгадаж эрүүл мэндэд нь “...баруун хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, сарвуу, баруун бугуйд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн П.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө 23.00-24.00 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ** дугаар байрны ** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Ү-г хардаж түүнийг түлхэн унагаж, бие махбодод нь “...баруун хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, сарвуу, баруун бугуйд цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч П.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.Ү-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...би Г-тай 1 жил 2 сарын хугацаанд хамт амьдарч байгаа. Нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;

3. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт ирсэн дуудлагын лавлагааны хуудас (хх-ийн 5 дугаар хуудас), Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн: “...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 12 дугаар байрны ** тоот болон хохирогч Б.Ү-гийн *** гэсэн дугаараас цагдаагийн байгууллагад гэр бүл хүчирхийлэл, зөрчлийн талаарх дуудлага 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш бүртгэгдээгүй” гэсэн албан бичиг (хх-ийн 82 дугаар хуудас);

4. Хохирогч Б.Ү-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо ** тоотод бага насны хүүхдээ хараад байж байтал 00 цаг өнгөрч байхад нөхөр П.Г архи уучихсан дунд зэргийн согтолттой орж ирсэн. Тэгээд надаас чи хэдэн цагт гэртээ ирсэн бэ гээд намайг хардаж бид хоёрын дунд маргаан болсон. Г намайг түлхэж унагаагаад дараа нь 2 удаа алгадсан. Удалгүй цагдаа ирсэн. Манай охин юм уу эсхүл манай хөрш айл цагдаа дуудсан байж магадгүй. Бид хоёр хамт амьдраад нэг жил болж байгаа, дундаасаа хүүхэдгүй, гэр бүлийн баталгаагүй. Духанд зулгаралт гэсэн гэмтлийг би хэрэг болохын өмнөх өдөр ажил дээрээ байж байгаад санаандгүй өөрөө гэмтээчихсэн юм. Бусад гэмтлийг манай хамтран амьдрагч Г намайг гараараа цохиж учруулсан. Г урд өмнө намайг болон манай хүүхдийг зодож байгаагүй. Г уухаараа ухаанаа алдчихаад байдаг, маргааш нь болсон явдлаа бараг санадаггүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33-34 дүгээр хуудас);

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 526 дугаартай: “...Б.Ү-гийн биед духанд зулгаралт, баруун хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, сарвуу, баруун бугуйд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 23-24 дүгээр хуудас);

6. Шинжээч эмч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүний баруун булан баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь бүгд шинэ буюу тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27 дугаар хуудас);

7. Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 12 дугаар байрны 42 тоотод очиж шалгахад иргэн Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, хамтран амьдрагч Ү мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд манай нөхөр намайг зодчихлоо гээд надад гараа харуулахад гар нь улайсан байдалтай байсан. Г-ийг эрүүлжүүлэх байранд хүргэж саатуулсан. Ү-гоос мэдүүлэг авах гэсэн боловч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул мэдүүлэг авч чадаагүй. Намайг очиход ямар нэг зодоон цохион болоогүй, хоорондоо хэрэлдсэн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 53-54 дүгээр хуудас);

8. Гэрч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 5 хүүхэдтэй, Г бол миний 4 дэх хүү байгаа юм. Миний хүү Архангай аймгийн цэцэрлэг, сургуулиар хүмүүжиж 10 жилээ төгсөөд Улаанбаатар хотод ирж “***” дээд сургуулийг нягтлан, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Миний хүү арван жилдээ дунд сурдаг, спорт бөх сонирхдог, хамт олныхоо дунд нэр хүндтэй, нөхөрсөг хүн. 1 жилийн өмнөөс эхлээд Ү гэх эмэгтэйтэй хамт амьдарч байгаа, тухайн эмэгтэй нь нэг хүүхэдтэй. Зан байдлын хувьд бусадтай их эвсэг, хүний төлөө, хүнд маш тусархаг хүүхэд байгаа юм. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ер нь хэрэг хийгээд байх хүн биш. Миний хүү их даруухан, архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглээд байдаггүй. Сүүлийн үед хааяа нэг уугаад байдаг болсон байна лээ... Энэ хоёр хоорондоо их эвтэй харилцаатай байдаг, урд нь зодож байсан гэж надад сонсогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39-40 дүгээр хуудас);

9. Шүүгдэгч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Толгойтод хоёр найзтайгаа уулзаад гурвуулаа нийлээд 2.5 литрийн савлагаатай 4 пиво ууж дуусгаад 22 цагийн үед гэртээ ганцаараа ирэхэд манай хамтран амьдрагч Ү, түүний 10 настай охин, ахын 10 настай хүү нар байсан. Би гэрт орж ирэхэд манай эхнэрийн духны орчим шалбарсан хавдсан байдалтай харагдахаар нь би хардаад чи наадахаа яачихсан юм гээд бид хоёрын дунд хэрүүл маргаан болж эхэлсэн. Би Ү-г 2 удаа алгадаад, нэг удаа түлхэж унагасан. Хэн цагдаа дуудсаныг мэдэхгүй, удалгүй цагдаа орж ирээд намайг аваад явсан. Би нэлээд их согтолттой байсан, болсон асуудлыг хагас дутуу санаж байна... Духанд үүссэн зулгаралтыг манай эхнэр өөрөө ажил дээрээ байхдаа өөртөө учруулсан байсан. Харин бусад гэмтлийг би гараараа хоёр удаа алгадаж мөн түлхэж унагааснаас болж үүссэн. Би урьд өмнө Ү-той хэрэлдэж маргалдах удаа байдаг, гэхдээ арай ч цохиж зодож байгаагүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 47-48 дугаар хуудас);

10. Шүүгдэгч П.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 57 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 55 дугаар хуудас), АСАП сангийн лавлагаа (хх-ийн 12-14 дүгээр хуудас), аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 16-18 дугаар хуудас), бакалаврын дипломын хуулбар (хх-ийн 58-59 дүгээр хуудас), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 60 дугаар хуудас), ажлын үнэмлэхийн хуулбар (хх-ийн 61 дүгээр хуудас), шүүгдэгчийн цалин орлогыг харуулах ХААН банкны дансны хуулга (хх-ийн 62-72 дугаар хуудас), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал (хх-ийн 89-91 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Ү-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч П.Г-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Ү-гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч П.Г-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Ү нь “нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч П.Г-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Г нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн П.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-т найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-т оногдуулсан найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Г-т сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Г нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА