| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0010/Э |
| Дугаар | 175/ШЦТ2021/11 |
| Огноо | 2021-01-27 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 175/ШЦТ2021/11
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
улсын яллагч Г.Энхмаа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч Н.*******, Э.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******, Э.******* нарт холбогдох эрүүгийн 2031000000207 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт /яллах дүгнэлтээр/
*******ын *******, /РД: *******/,
*******ийн *******, РД:/*******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Н.*******, Э.******* нар нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ритм пүүл” шөнийн цэнгээний газрын хажууд тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн ахлах зохицуулагч, ахмад Д.Мөнхбат, Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа ажилтай, ахлах ахлагч Б.Пүрэвдаваа нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан цагдаагийн дүрэмт хувцасны мөрдсийг мулталж, энгэрийн камерыг газарт унаган дэлгэцийг хагалан, алгадах, хөл рүү нь өшиглөх, зүүн гарын ар хэсгээс хазах, мөн цагдаагийн албан хаагчийн тээврийн хэрэгслийн баруун хойд талд өшиглөж хонхойлгох зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.*******, Э.******* нар нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Н.******* /согтуурлын зэрэг 2.1%/, Э.******* /согтуурлын зэрэг 2.6%/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ритм пүүл” шөнийн цэнгээний газрын хажууд тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн ахлах зохицуулагч, ахмад Д.Мөнхбат, Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа ажилтай, дэд ахлагч Б.Пүрэвдаваа нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан цагдаагийн дүрэмт хувцасны мөрдөсийг мулталж, энгэрийн камерыг газарт унаган дэлгэцийг хагалан, алгадах, хөл рүү нь өшиглөх, зүүн гарын ар хэсгээс хазах, мөн цагдаагийн албан хаагчийн тээврийн хэрэгслийн баруун хойд талд өшиглөж хонхойлгох зэргээр хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.*******, Э.******* нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт Н.******* өгсөн тайлбартаа “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэжээ.[1]
2.Шүүхийн хэлэлцүүлэгт Н.******* өгсөн тайлбартаа “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэлэх зүйл байхгүй...” гэжээ.[2]
3.Хохирогч Б.Пүрэвдаваагийн 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 24-ний 20 цагаас 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шөнийн 02 цаг хүртэл, Эргүүлийн цагдаа Тэмүүлэнтай хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт хөдөлгөөнт эргүүлийн үүргийг албаны 81-87СЭА улсын дугаартай, тээврийн хэрэгслээр гүйцэтгэж ажилласан. Энэ хугацаанд шөнийн 1 цагийн үед Тэмүүлэн бид хоёр “Партизан”-ны талбайгаас 8 дугаар баг, ПСМК чиглэлд явж байхад замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Мөнхбат станцын пролоороо Тэмүүлэн бид хоёрыг “Ритм Пүүл” нэртэй шөнийн цэнгээний газрын хажууд ирэх талаар үүрэг өгөхөөр нь шууд яваад очиход уг баарны хажуухан талд цагдаагийн ахмад Мөнхбат архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, 30-40 орчим насны хоёр эмэгтэй хүнтэй зогсож байсан. Тэр хоёр эмэгтэйг миний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд суухыг шаардахад тэр хоёр эмэгтэй “суухгүй” гээд орилж, чарлаад, хэл угээр доромжлоод байхаар нь Мөнхбат ахмад бид хоёр биеийн хүч хэрэглэн тэр хоёр эмэгтэйг машинд суулгах гэтэл хар өнгийн хувцастай нөгөө эмэгтэйгээсээ арай намхан эмэгтэй нь миний хөл рүү хоёроос гурван удаа өшиглөөд нэг удаа хацар руу алгадсан. Мөн хэл үгээр “муу, сайн цагдаа нар, барих хүнээ барьдаггүй. Бид нар шиг хүмүүст хууль үйлчилдэг гөлөгнүүд” гэх мэтээр доромжилсон. Ингэж тэр эмэгтэйг машинд суулгах гэж ноцолдож байхад албанаас тавьж олгосон энгэрийн камер болон малгай газарт унасан. Мөн тэр эмэгтэй “машинд суухгүй” гэж баруун талын хойд крыло хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Ингэж өшиглөсний улмаас цааш хонхойсон...” гэх мэдүүлэг[3],
4. Хохирогч Д.Мөнхбат “2020 оны 10 дугаар сарын 25-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад “Миний машиныг мөргөчихлөө” гэсэн дуудлага жижүүрийн 7036102 дугаарын утсанд ирсэн талаар надад мэдэгдэхээр нь би жолооч цагдаа, цагдаагийн ахлагч Болдбаярын хамт албаны 10-76 СЭҮ улсын дугаартай автомашинтай осол болсон газар болох Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ритм Пүүл" гэх нэртэй шөнийн цэнгээний газрын хажууд очсон. Тэнд 3-4 залуу байсан бөгөөд тэдгээр залуучуудын нэг нь болох ******* гэх залуу мөргүүлсэн машины эзэн нь гэж байсан. ******* гэх залуу “Миний машиныг мөргөсөн эмэгтэй даараад байсан учраас миний машинд сууж байсан. Харин мөргөсөн машиныг энэ эмэгтэйгээ хамт явж байсан эмэгтэй жолоодоод яваад өгсөн” гэсэн зүйлийг хэлэхээр нь би тэр залуугаас ямар асуудал болсон талаар тодруулаад машинд сууж байсан эмэгтэйтээ уулзаад юу болсон талаар асуухад “Би энэ залуугийн машиныг мөргөсөн нь үнэн. Хохирлоо төлөх болно” гэхээр нь би түүнээс машин нь хаана байгаа талаар асуухад “Миний машин хаана байгааг нь мэдэхгүй байна” гээд байсан. Тэгээд би "Тэгвэл та хоёрыг хүчээр машинд суулгаж авч явна. Та хоёр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тул авч явна” гэсэн шаардлага тавиад эхлээд би нэрээ хэлэхгүй байсан хар өнгийн куртиктэй эмэгтэй рүү очиж куртикнийх нь ханцуйнаас нь бариад машинд суулгах гэтэл, тэр эсэргүүцээд "Би суухгүй” гээд намайг заамдаад урдаас өшиглөөд, гараараа цохиод байх үед дэд ахлагч Пүрэвдаваа ирээд надтай нийлээд тэр эмэгтэйг машинд суулгах гэж хэсэг ноцолдсон бөгөөд суухгүй байхаар нь би түүнийг түр орхиод ямартай ч жолоо барьсан хүнийг нь эхлээд машинд суулгачихья гэж бодоод Пүрэвдаваа бид хоёр ******* гэх эмэгтэйг машинд суулгахаар гараас нь барихад бас машинд суухгүй гэж эсэргүүцэн ноцолдсон. Тэр миний өвлийн хүрэмний зүүн талын мөрдсийг хуу татаж хаясан. Мөн энгэр заамнаас бариад татаад байсан. Ингээд түүнтэй хэсэг ноцолдож байхад тэр эмэгтэй гэнэт суугаад миний зүүн гарны ар хэсгээс нэг удаа хазахаар нь би нэг их чанга хазуулалгүйгээр гараа авчихсан. Тэгээд түүнийг машинд суулгачхаад нөгөө эмэгтэйг нь машинд суулгах гэж ноцолдсон. Түүнийг сугадаад машин руу суулгах гэхээр машины арын хаалга болон бусад хэсэг рүү өшиглөөд тийчлээд байсан. Тэгж ноцолдож байхад тэр эмэгтэй миний зүүн гарын арын хэсгийг хүчтэй хазахаар нь гараа хүчтэй татаад автал тэр хэсгээс бага зэрэг цус гарсан. Мөн хөхөрсөн. Мөн тэр эмэгтэй миний нүүр рүү цохих, маажих гэж удаа дараа оролдсон бөгөөд би гараараа хамгаалаад хойш ухраад нүүрээ арай маажуулаагүй. Хэсэг ноцолдож ноцолдож тэр эмэгтэйг арай гэж машинд суулгаад цагдаагийн газар руу хөдөлж, цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байрны хажууд ирээд тэр хоёрыг буулгаад эрүүлжүүлэх байр руу оруулах гэтэл ******* дагаад орчихсон. Харин нөгөө эмэгтэй нь орохгүй гэж бид нарыг эсэргүүцсэн. Ингээд мөн 10-20 орчим минут ноцолдож байгаад түүнийг эрүүлжүүлэх байр руу оруулан согтолт хэмжих багажаар үлээлгэн шалгахад /2.1%/ гарсан. Харин ******* /2.15%/ гарсан санагдаад байна....” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Э.*******ын 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2020 оны 10 дугаар сарын 25-ны 00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 8 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Ритм Пүүл” гэх баарны хажууд найз *******ын хамт миний ээжийн эзэмшлийн 50-45 СБА улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодоод очсон. Ингээд машинаа байрлуулчихаад баар руу орж 2 давхарт сууж байтал миний нэг танил дүү гаднаас орж ирээд “Ах таны машиныг нэг хүн мөргөчхөөд явах гээд байна шүү гараарай” гэж хэлэхээр нь гадагш гарахад миний машины урд талын буферийн жолоочийн талын хэсгийг 1562 УНЭ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн машин ухарч байхдаа мөргөчихсөн байсан. Тус машинд хоёр эмэгтэй хүн байсан бөгөөд жолооч эмэгтэйг нь ******* гэж байсан. Би “Өө яагаад мөргөчиж байгаа юм бэ” гэсэн чинь тэр эмэгтэй "Тохиролцчихъё. Маргааш засуулаад өгье” гээд байхаар нь би “За тэгвэл тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхээ. Утасны дугаартайгаа өгчих” гэсэн чинь “Юун сүртэй юм зүгээр л байна шүү дээ. Чи ямар цагдаа юу" гээд ******* гэх эмэгтэй над руу салаавч гаргаад байхаар нь би цагдаагийн газар руу утасдаж дуудлага өгсөн. Удалгүй тус автомашины жолооч нь биш эмэгтэй нь *******аасаа "Машиныхаа түлхүүрийг өгчих. Би зохицуулна” гэж хэлээд машины түлхүүрийг авч уг машины ард талын унжсан буферийг арын тээшиндээ хийчхээд машинаа жолоодоод дулааны цахилгаан станцын тийшээ яваад өгсөн. Түүнийг явсны дараа цагдаагийн 2 алба хаагч ирж ******* гэх хүнийг цагдаагийн газарт аваачиж шалгах талаар хэлэхэд тэр эмэгтэй “Үлээлгэдэг багаж чинь яахаараа биед чинь байдаггүй юм. Явахгүй” гээд цагдаад эсэргүүцэл үзүүлсэн. Тэр үед нөгөө машин жолоодоод явсан эмэгтэй явган хүрээд ирсэн байхаар нь би “осол хийсэн машиныг жолоодоод явсан эмэгтэй байна” гэж хэлсэн чинь тэр эмэгтэй “Хэн машин барьсан юм. Хэн нотлох юм” гээд булзааруулаад байсан. Тэгсэн тэр цагдаа “Машин тэрэг жолоодсон юм чинь таныг бас авч явна” Гэсэн чинь тэр хоёр эмэгтэй “цагдаагийн машинд суухгүй” гэж эсэргүүцэл үзүүлж эхэлсэн. Ингэж бөөн юм болж байхад дахин хоёр цагдаагийн алба хаагч нэг машинтай хүрэлцэн ирсэн. Тэдгээр цагдаагийн алба хаагчийн нэгийнх нь энгэртээ зүүсэн байсан камерыг нь газарт унагасан. Мөн мөрдсийг нь аваад газарт шидчихсэн. Бас тэр хоёр эмэгтэй цагдаагийн алба хаагч нарыг алгадаад, цохиод байсан. Бас гарыг нь хазсан. Машин руу өргөөд суулгах гэхээр хоёулаа машин руу өшиглөөд байсан. Тэр хоёр эмэгтэй “машинд суухгүй” гэж бараг 30 орчим минут эсэргүүцсэн. Цагдаагийн алба хаагч нар тэр хоёрыг арай гэж машиндаа суулгаад хөдөлсөн…” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч М.*******ы 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.******* нь даруу төлөв, хүний үгээр, ахмад хүний үгэнд их сайн ордог, гэртээ их ажилсаг, нөхөр хүүхдүүддээ хайр халамж сайтай эмэгтэй шиг надад санагддаг. Э.******* нь Н.*******гийн сайн найз нь байх. Тэрээр мөн адил даруу төлөв эмэгтэй шиг санагддаг...” гэх мэдүүлэг[6],
7. Гэрч Т.Оюунгэрэлийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.******* нь төлөв даруу, сайхан сэтгэлтэй, найрсаг, ажилч, хичээнгүй, бусдад тусархуу хүн байгаа юм. Миний сайн найз нарын нэг юм. Э.******* ч гэсэн мөн адил төлөв даруу зантай, хүн чанар сайтай эмэгтэй байгаа юм. Бид нар найзалж нөхөрлөөд 10 орчим жил болж байна...” гэх мэдүүлэг[7],
8. Гэрч Т.*******гийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.*******гийн хувьд хүнд тусархуу, цайлган цагаан сэтгэлтэй, эмэгтэй байгаа юм. Энэ олон жилийн хугацаанд найзалж нөхөрлөхөд хэрүүл, маргаан, зодоон хийх асуудал гаргаж байгаагүй. Энэ хэрэг асуудал болсноос хойш Н.*******, Э.******* нар нь буруу үйлдэл хийсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж байна лээ...” гэх мэдүүлэг[8],
9.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 326 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1.Д.Мөнхбатын биед зүүн гарын сарвуунд няцарсан шархтай, зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[9],
10.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 325 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1.Н.*******гийн биед баруун, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт[10],
11.Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний гаргасан ТХҮ-820/31 дугаартай үнэлгээний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Зах зээлийн бодит үнэ цэнийг 2020 оны 10 дугаар сарын байдлаар 283.000 /хоёр зуун наян гурван мянга/ төгрөг байх боломжтойг тодорхойлов. Үнэлгээний -ажлын явцад ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно...” гэсэн дүгнэлт[11]
12.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[12], 13.гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[13], 14.эд зүйл тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[14], 15.эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15], 16.хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[16] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.*******, Э.******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Пүрэвдаваа, Б.Мөнхбат нар нь шүүгдэгч Н.*******, Э.******* нартай сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгч Н.*******, Э.******* нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Н.*******, Э.******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “гэмт хэргийн улмаас ....учруулсан хохирлыг нөхөн төлсөн” болон тэдгээрийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ёндон овогт *******ийн *******, Чандмань овогт *******ын ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Н.*******д, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Э.*******д хяналт тавихыг тус тус үүрэг болгож, тэдэнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ тус бүр авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Н.*******, Э.******* нарт анхааруулсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ёндон овогт *******ийн *******, Чандмань овогт *******ын ******* нарт анхааруулсан болно.
Шүүгдэгч Н.*******, Э.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ёндон овогт *******ийн *******, Чандмань овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Ёндон овогт *******ийн *******, Чандмань овогт *******ын ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Н.*******д, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Э.*******д хяналт тавихыг тус тус үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ёндон овогт *******ийн *******, Чандмань овогт *******ын ******* нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ёндон овогт *******ийн *******, Чандмань овогт *******ын ******* нарт анхааруулсугай.
5.Шүүгдэгч Ёндон овогт *******ийн *******, Чандмань овогт ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ