| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00222/и |
| Дугаар | 151/ШШ2017/00427 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 151/ШШ2017/00427
| 2017 оны 04 сарын 27 өдөр | Дугаар 151/ШШ2017/00427 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00222/и хэргийн индекстэй,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Лүн сум, 2 дугаар багт оршин суух Шуудай овогт Чимэдийн Эрдэнэцэцэг /НО77041561/-ийн нэхэмжлэлтэй,
М.Доржсэмбэтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Эрдэнэцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тайлбартаа: “-Миний бие 1998 оноос хойш М.Доржсэмбэтэй хамтын амьдралтай байсан ба бидний дундаас хүү Д.Дорждаваа /1998/, Д.Амбасэлмаа /2000/, Д.Гантөмөр /2012/ нар төрсөн юм. Энэ хугацаанд гэрлэлтээ бүртгүүлж амжаагүй байтал нөхөр М.Доржсэмбэ маань 2017 оны 02 сарын 10-ны өдөр нас барсан. Одоо насанд хүрээгүй хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэтэл гэрлэлтийн баталгаа байхгүй гэж тогтоолгож чадахгүй байгаа тул бид хоёрын хамтын амьдралтай байсныг нотлох баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Шуудай овогт Чимэдийн Эрдэнэцэцэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан байх ба талийгаач М.Доржсэмбэтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор дараах нотлох баримтыг ирүүлсэн байна. Үүнд:
-Д.Гантөмөрийн төрсний гэрчилгээний хуулбарт эцгийн нэр Толгой Дамдин овогт Мэндбаярын Доржсэмбэ, эхийн нэр Шуудай овогт Чимэдийн Эрдэнэцэцэг, 2012 оны 06 сарын 26-нд Төв аймгийн Лүн суманд төрснийг төрсний бүртгэлд 2012 оны 08 сарын 07-ны өдөр бүртгэв гэх бичилт /хх-2/,
-Д.Амбасэлмаагийн төрсний гэрчилгээний хуулбарт эцгийн нэр Мэндбаярын Доржсэмбэ, эхийн нэр Чимэдийн Эрдэнэцэцэг, 2000 оны 08 сарын 09-нд Төв аймгийн Лүн суманд төрснийг төрсний бүртгэлд 2001 оны 08 сарын 15-ны өдөр бүртгэв гэх бичилт /хх-4/,
-Д.Дорждаваагийн төрсний гэрчилгээний хуулбарт эцгийн нэр Мэндбаярын Доржсэмбэ, эхийн нэр Чимэдийн Эрдэнэцэцэг, 1998 оны 11 сарын 24-нд Төв аймгийн Лүн суманд төрснийг төрсний бүртгэлд 1999 оны 04 сарын 26-ны өдөр бүртгэв гэх бичилт /хх-4/,
-Төв аймгийн Лүн сумын Засаг даргын 2017 оны 03 сарын 09-ний өдрийн 118 тоот албан бичигт Тус багийн иргэн агсан Мэндбаярын Доржсэмбэ нь эхнэр Чимэдийн Эрдэнэцэцэгтэй 1998 оноос хойш 3 хүүхдийн хамт хөдөө аж ахуйн салбарт ажиллаж, амьдарч байсан нь үнэн болохыг тодорхойлов гэх баримт /хх-5/,
-№0000183373 дугаартай нас барсны гэрчилгээнд Толгой Дамдин овогт Мэндбаярын Доржсэмбэ 43 настайдаа 2017 оны 02 сарын 10-ны өдөр гэртээ нас барсныг 2017 оны 02 сарын 10-ны өдөр нас барсны бүртгэлийн 01-рт бүртгэж, гэрчилгээ олгов гэх баримт /хх-6/,
-Гэрч М.Үүрийнтуяа шүүхэд мэдүүлэхдээ: “-.Доржсэмбэ, Ч.Эрдэнэцэцэг нар нь 1998 онд анх гэр бүл болж байсан ба 2017 оны 2 сард М.Доржсэмэ ахыг нас барах хүртэл хамтран амьдарч байсан. Тэдний дундаас 3 хүүхэд төрсөн. Том хүү Д.Дорждаваа нь 1998 онд, дунд охин Д.Амбасэлмаа 2000 онд, бага хүү Д.Гантөмөр нь 2012 онд төрсөн, 3 хүүхэд нь аав М.Доржсэмбээр овоглодог байсан” /хх-17/
-Гэрч М.Доржпагма шүүхэд мэдүүлэхдээ: “-М.Доржсэмбэ, Ч.Эрдэнэцэцэг нар нь 1998 оноос хойш 2017 оны 2 сарын 10-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсан. Тэдний дундаас 3 хүүхэд төрсөн. Том хүү Д.Дорждаваа нь 1998 оны 11 сарын 24-нд, дунд охин Д.Амбасэлмаа 2000 оны 8 сард, бага хүү Д.Гантөмөр нь 2012 оны 6 сарын 24-ний өдөр төрсөн ба 3 хүүхэд нь аав М.Доржсэмбээр овоглодог байсан” /хх-18/ зэрэг болно.
Дээрхи судалсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ч.Эрдэнэцэцэг нь М.Доржсэмбэтэй хамтын амьдралтай байсан нь нотлогдон тогтоогдож байх тул Ч.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан НО77041561 регистртэй Шуудай овогт Чимэдийн Эрдэнэцэцэг нь НО74062272 регистртэй Толгой Дамдин овогт Мэндбаярын Доржсэмбэ асантай 1998 оноос 2017 оны 02 сарын 10-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ