Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 175/ШЦТ2021/19

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

улсын яллагч Т.Нансалмаа,

хохирогч Н.Отгонцогт,

шүүгдэгч Р.Баярбаясгалан,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх,

гэрчээр шинжээч Н.Амаржаргал,

гэрчээр шинжээч Ж.Ганцэцэг,

гэрчээр шинжээч У.Мөнхсайхан,

гэрч Ж.Алтангэрэл,

гэрч Т.Мөнхтуул,

гэрч Б.Батсүх,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ, нарыг тус тус оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гурван яргайт овогт Рагчаагийн Баярбаясгаланд холбогдох эрүүгийн 1931004240033 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Гурван яргайт овогт Рагчаагийн Баярбаясгалан, /РД:МО80120917/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Р.Баярбаясгалан нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 55 ширхэг, /8 ширхэг түлшний, 47 ширхэг хэрэглээний/ нийт 4.3392 метр куб хуурай нарс, гуалин модыг бэлтгэж, 25-10 СЭА улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, байгаль-экологид 924,576 /есөн зуун хорин дөрвөн мянга таван зуун далан зургаа/-н төгрөгний бодит хохирол, 2,773,728 төгрөгний хор уршиг учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Баярбаясгалангийн өгсөн: “...Хүдэр сумын Шанд гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл авсан. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр очоод 2 машины гоожин бичүүлж авсан учраас маргааш нь хуурай мод ачсан. Эхний өдрөө “мод бэлтгэх газарт нойтон мод байна” гэж Алтангэрэлд хэлсэн. Алтангэрэл “дахиж Хүдэр сумынхантай ярилцана” гэж хэлсэн. Тэр ой түймэрт ороод битүү шатсан байсан. ...Машин дотроо гоожин бичиж өгөөд “эндээс энэ хүртэл мод бэлтгэ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[1],

 2.Хохирогч П.Батсайханы 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн Р.Баярбаясгалан гэх хүнийг танихгүй. Тухайн хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо, садан төрлийн холбоо байхгүй. Тухайн хүний хууль бус үйлдлээс болж байгаль экологид учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нь төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг[2],

3.Хохирогч Н.Отгонцогтын шүүх хуралдааны шатанд өгсөн: “...Ойн тухай хуульд зааснаар байгаль экологид учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нь төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч С.Мөнхзулын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Хазаа” гэх газар хяналт шалгалт хийх явцад 11-91 СББ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоон шалгахад Шаамар сумын иргэн Р.Баярбаясгалан түлээний нарс мод зохих зөвшөөрөлгүй ачин тээвэрлэж явж байсан тул тухайн машиныг саатуулж шалгасан. Хуульд заагдсан хугацаагаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ойг сумын Засаг даргын захирамжаар хаасан. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш Аймгийн Засаг дарга болон Алтанбулаг сумын Засаг даргын захирамж гарсны үндсэн дээр ой нээж, ойд мод бэлтгэх үйл ажиллагаа явагдана. Тийм учраас одоогоор хуулийн дагуу ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл ямар нэгэн байдлаар олгогдох ёсгүй. Ой хаасан үед мод бэлтгэх зөвшөөрлийг ямар нэгэн албан тушаалтан олгох ёсгүй. Тухайн хүмүүс Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. Тухайн Хүдэр сумаас авсан мод бэлтгэх зөвшөөрлөөр Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс түлээний мод бэлтгэх ёсгүй. Тухайн хүний үйлдэл хууль бус үйлдэл юм. 11-91 СББ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр Шаамар сумын иргэн Р.Баярбаясгалан нь түлээний хуурай нарс мод зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явж байсан. Р.Баярбаясгалан нь Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг, “Аргуут” гэх газраас тээвэрлэж явсан мод нь нарс төрлийн хуурай түлээний зориулалтаар бэлтгэгдсэн мод байсан. Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл олгохдоо мод бэлтгэх газрыг нь зааж өгсөн. Ямар учраас Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас түлээний мод бэлтгэсэн талаар миний хувьд мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Г.Мартын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Хазаа” гэх газарт хяналт шалгалт хийх явцад 11-91 СББ улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоон шалгахад Шаамар сумын иргэн Р.Баярбаясгалан нь түлээний нарс мод зохих зөвшөөрөлгүй ачин тээвэрлэж явж байсан тул тухайн машиныг саатуулсан. Хуульд заагдсан хугацаагаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ойг сумын Засаг даргын захирамжаар хаасан. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш Аймгийн Засаг дарга болон Алтанбулаг сумын Засаг даргын захирамж гарсны үндсэн дээр ойг нээж, ойд мод бэлтгэх үйл ажиллагаа явагдах ёстой. Тийм учраас Алтанбулаг сумаас одоогоор хуулийн дагуу ойгоос мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй. Ой хаасан үед Алтанбулаг сумаас мод бэлтгэх зөвшөөрлийг ямар нэгэн албан тушаалтан олгох ёсгүй. Тухайн хүн нь Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. Тухайн Хүдэр сумаас авсан мод бэлтгэх зөвшөөрлөөр Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс түлээний мод бэлтгэх ёсгүй. Р.Баярбаясгалан нь Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг “Аргуут” гэх газраас тухайн түлээний хуурай нарс модыг бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Г.Энхтүвшингийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Шаамар сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Шаамар сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэхээр, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер, Хүдэр сумын байгаль хамгаалагч Шаамар сумын байгаль хамгаалагч нар Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр 48 га талбайд талбай тусгаарлалт хийсэн. Шаамар сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. Тухайн хүн мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаар миний хувьд мэдэхгүй байна. Тухайн хүн мод бэлтгэх эрхийн бичиг авсан бол байгаль хамгаалагчаас авсан байх. Миний хувьд Шаамар сумын иргэн Р.Баярбаясгалан гэх хүний нэр дээр гарал үүслийн гэрчилгээ бичиж хянасан зүйл байхгүй. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуй нэгж байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Хэрэв бэлдээгүй бол Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологи зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчихээд Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Энэ тухай мөн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд заасан. Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. Нэг сумаас нөгөө сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээ авах ёстой. Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний талаар Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан байдаг...” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч Б.Батсүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Шаамар сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Шаамар сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134-р захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн, мод бэлтгэх эрхийн бичиг олгож, мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер, Шаамар сумын байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нарын хамт Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр 48га талбайд талбай тусгаарлалт хийсэн. Шаамар сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. Шаамар сумын иргэн Р.Баярбаясгалан нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр миний бие 0091287 тоот эрхийн бичгийг 8м3 түлээний нарс бэлтгүүлэхээр бичиж өгсөн. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Мод бэлтгэгч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчихээд Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Шаамар сумын иргэд Хүдэр сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх үйл ажиллагаанд Хүдэр, Шаамар сумын Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэн Г.Буяндэлгэр, Р.Баярбаясгалан, Р.Баярбаясгалан, Ганзориг, Шаамар сумын байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нарыг Хүдэр сумын “Шанд” гэх газар луу дагуулан очиж мод бэлтгэх газрыг зааж өгч мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. Тухайн хүмүүс түлээний мод бэлтгэх ёстой. Хүдэр сумын “Шанд” гэх газрыг сайн мэднэ. Хүдэр сумаас Алтанбулаг сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээ заавал авах ёстой...” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч Т.Мөнхтуулын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Шаамар сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Шаамар сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулан үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 31-нд манай сумын Байгаль хамгаалагч, Шаамар сумын Байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нэртэй газар 48 га талбайд мод бэлтгэлийн талбай тусгаарлалтыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Шаамар сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. Шаамар сумын иргэн Р.Баярбаясгалан нь 2019 оны 10-р сарын 31-ний өдөр Байгаль хамгаалагч Б.Батсүхээр 0091287 тоот 8 м3 түлээний нарс бэлтгэх мод бэлтгэх эрхийн бичиг авч явсан. Гарал үүслийн гэрчилгээ аваагүй болно. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Хэрэв тухайн газраас бэлдээгүй бол Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологи зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Мод бэлтгэгч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчихээд Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Энэ тухай мөн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд заасан байдаг. Байгаль орчны албан хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. 2019 оны 10 дугаар сарын 31-нд сумын Байгаль хамгаалагч нарын хамт Шаамар сумын иргэн Г.Буяндэлгэр, Р.Баярбаясгалан, Р.Баярбаясгалан, Ганзориг, Шаамар сумын байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нарт Хүдэр сумын “Шанд” нэртэй газраас түлээний мод бэлтгэх талбай тусгаарласан газрыг дагуулж очиж зааж өгч мод бэлтгэх эрхийн бичгийг олгож түлээний мод бэлтгэх стандарт, заавар зөвлөгөөг өгч ажилласан. Нэг сумаас нөгөө сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээний талаар ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан байдаг”... гэх мэдүүлэг[8],

9.Гэрч Ж.Алтангэрэлийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Шаамар сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Шаамар сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулан үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер Т.Мөнхтуул, Хүдэр сумын байгаль хамгаалагч нар болон миний бие хамт Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр талбайд талбай тусгаарлалт хийсэн. Шаамар сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэлийн ажил явуулж эхэлсэн. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан талбайгаас модоо бэлтгэх ёстой. Мод бэлтгэгч иргэн аж ахуй нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчихээд Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Шаамар сумын иргэд Хүдэр сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх үйл ажиллагаанд Хүдэр, Шаамар сумын Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэн Г.Буяндэлгэр, Р.Баярбаясгалан, Р.Баярбаясгалан, Ганзориг, Хүдэр сумын Ойн ангийн инженер Т.Мөнхтуул, Байгаль хамгаалагч нарын хамт Хүдэр сумын “Шанд” гэх газар луу хамт очиж мод бэлтгэх талбайг заалгуулж мод бэлтгэхээр явж байсан иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлсэн. Хүдэр сумын ойн ангийн инженер Т.Мөнхтуул, байгаль хамгаалагч нар түлээний модонд бэлтгэх, мод ямар байх талаар Г.Буяндэлгэр, Р.Баярбаясгалан, Р.Баярбаясгалан, Ганзориг нарт заавар, зөвлөгөө өгсөн. Шаамар сумын иргэн Г.Буяндэлгэр, Р.Баярбаясгалан, Р.Баярбаясгалан, Ганзориг нар мод бэлтгэх талбайг заалгуулсан болохоор хаанаас, ямар мод бэлтгэх талаар сайн мэдэж байсан. Шаамар сумын иргэд Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Аргуут” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл ерөөсөө байхгүй...” гэх мэдүүлэг[9],

10.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11-р сарын 06-ны өдрийн №18-04-015/02 тоот шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.Р.Баярбаясгалангийн бэлтгэн тээвэрлэж явсан гэх мод нь нарс төрлийн хуурай, түлээний зориулалтаар 1 метр 50 сантиметр урттайгаар тайрагдаж бэлтгэгдсэн мод байна. 2.Р.Баярбаясгалангийн мод бэлтгэсэн гэх Алтанбулаг сумын 3-р багийн нутаг “Аргуут” гэх газар нутаг нь ойн бүсийн 3-р мужид хамаарах ашиглалтын бүсийн ойн сан болно. 3.Иргэн Р.Баярбаясгалангийн бэлтгэж явсан мод нь Нарс төрлийн хуурай 83 ширхэг мод байх бөгөөд эзлэхүүн нь 5.4м3 болж байна. БОАЖСайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394-р тушаалаар батлагдсан ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээгээр 1м3 нарс модны үнэлгээг 120,000 төгрөг байхаар тогтоосон байдаг. Иргэн Р.Баярбаясгалангийн бэлтгэсэн 5.4 м3 нарсан модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 6.8м3х 120.000=1.166.400 төгрөг болж байна. Монгол Улсын Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд “...ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт: “ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан байх тул нөхөн төлбөрийн хэмжээ нь 1,166,400х3=3,499,200 төгрөг болно...” гэх дүгнэлт[10],

11.Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ”Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №ТХҮ/518-050 тоот шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...11-91 СББ улсын дугаартай, 2003 онд Монгол Улсад орж ирсэн “Hyunday Porter” маркийн автомашиныг өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2019 оны 11 сарын байдлаар 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгний үнэтэй болно...” гэх дүгнэлт[11],

12.Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ” бүсийн сум дундын ойн ангийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “1.Р.Баярбаясгалангийн бэлтгэж тээвэрлэж явсан гэх мод нь нарс төрлийн хуурай, түлээний модонд хэрэглэх зориулалтаар 1 метр 50 см урттайгаар тайрч бэлтгэсэн мод байна. 2.Алтанбулаг Цөх 3-р баг, Аргуут гэх газар нутаг нь ашиглалтын бүсийн ойн сан болно. 3. Ойн бүсийн 3 дугаар мужид хамаарна. 4. ...хэрэглээ 4,207м3 х 120.000 х 1.8 = 908.712 төгрөг болж байх ба нийт 55 ширхэг 4.3392м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 924.576 төгрөг болж байна. 5. Байхгүй...” гэх дүгнэлт[12],

13.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[13], 14.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [14], 15.Эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[15], 16.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[16], 17.Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17], 18.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18], 19.Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт[19], 20.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[20], 21.Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч Н.Амаржаргал /малын эмч/, шинжээч Ж.Ганцэцэг /экологич/, шинжээч У.Мөнхсайхан /төрийн удирдлага/, гэрч Ж.Алтангэрэл, гэрч Т.Мөнхтуул, гэрч Б.Батсүх нарын мэдүүлгүүд[21]зэрэг бичгийн нотлох баримт болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас:

Шүүгдэгч Р.Баярбаясгалан нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 55 ширхэг, /8 ширхэг түлшний, 47 ширхэг хэрэглээний/ нийт 4.3392 метр куб хуурай нарс, гуалин модыг бэлтгэж, 25-10 СЭА улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, байгаль-экологид 924,576 /есөн зуун хорин дөрвөн мянга таван зуун далан зургаан мянга/-н төгрөгний бодит хохирол, 2,773,728 төгрөгний хор уршиг учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба яллах дүгнэлтдээ Р.Баярбаясгаланг яллаж буй нотлох баримтаар нотолсон гэж дурьджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Баярбаясгалангаас: “...Хүдэр сумын Шанд гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл авсан. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр очоод 2 машины гоожин бичүүлж авсан учраас маргааш нь хуурай мод ачсан. Эхний өдрөө “мод бэлтгэх газарт нойтон мод байна” гэж Алтангэрэлд хэлсэн. Алтангэрэл ахиж Хүдэр сумынхантай ярилцана гэж хэлсэн. Тэр ой түймэрт ороод битүү шатсан байсан. ...Би мод бэлтгэх зөвшөөрөл авсан учраас л мод бэлтгэсэн...” гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхээс: “...Би иргэдээ зөв мэдээллээр хангаагүйн улмаас энэ хүн буруу газраас мод бэлтгэжээ гэж ярьж байна. Энэ зөв жишиг тогтоож байна. Хуульд заасан аргачлалаар үүрэгт ажлаа хийгээгүй. Энэ хүний хувийн байдлыг тогтоогоод өгөх хэрэгтэй. Субьектив санаа зорилгыг нь тодорхойлъё гэвэл гэрийнхээ хажуугаас л мод авна биз. Гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдээгүй. Модны 5 хэрэг явж байгаа бүгд өөр өөрийн зорилготой явж байсан. Энэ онцлог шинжид нь хамааруулж байна. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй, жишиг тогтоож болохгүй. Энэ хүнд ямар ч субьектив санаа зорилго байхгүй. Энэ төрийн байгууллагын албан хаагч нар хуульд заасан холбогдох дүрэм, журмаа ягштал биелүүлсэн бол гэм буруугаа хүлээн зөвшөөрмөөр байна. Яаж энэ хүний хувь заяаг ойн ангийн жолооч шийдвэрлээд байна вэ? Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасныг баримтлаагүй. Шинжээчийн дүгнэлтийг жолооч гаргачихлаа, үнэхээр харамсалтай санагдлаа. Зөрчлийн тухай хуульд заасан зохицуулалт бий, үүнийг хэн ч хэрэглэхгүй байна. Энэ хэрэгт хууль бусаар мод бэлтгэсэн гэсэн нотлох баримт байхгүй байна ...” гэж;

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас: “...Р.Баярбаясгалан зааж өгсөн газрыг мэдсээр байж өөр газраас мод бэлтгээд байна. Шүүгдэгч өөрөө хэлээд байна, санаатайгаар очиж бэлтгэсэн нь хангалттай нотлогдож байна. Төрийн албан хаагч нар ажлаа хийж чадаагүйн улмаас андуурч орсон гээд байх юм, хил залгаа газраас мод бэлтгээд байгаа бол өөр хэрэг. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь төрийн албан хаагч нар эхлэл, төгсгөлийн акт үйлдээгүй, гарын үсэг зуруулаагүй байна гэдэг дээр буруутгаад байх юм. Гэтэл эсрэг талаас нь очиж мод бэлтгээд байна. Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар шинжээч томилсон, урьдчилсан байдлаар биеийн байцаалт авсан. Ажил үүргийн хуваарьт тогтоогдсон байсан, үнэхээр мэдлэг хүрээгүй бол татгалзаж болно. Төрийн эрх бүхий байгууллага томилчхоод байна. Тэр хүмүүс ажиллах хугацаандаа мэргэшсэн байж болно. Шинжээч өөрөө татгалзах эрхэд орохгүй учраас дүгнэлт гаргах үүрэгтэй тул Амаржаргал шинжээчийн дүгнэлт гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэт нэг талаас нь биш үндэслэлтэй шийдвэр гаргана биз...” гэж;

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхээс 2 дахь тайлбартаа: “...Чи андуурч орсон биз дээ гэж нэг ч хүнээс асуугаагүй. Шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдвол бодит өгсөн тайлбараас битгий зөрүүлж тайлбарла л даа. Зөвшөөрөлтэй хэдэн компанид 900 куб метрээр нь мод хулгайлчихдаг хүмүүс, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэх ёстой. Хөлдөж үхэхгүйн тулд ногоон мод авч болохгүй шүү дээ гэж хэлсэн. Мод байхгүй байна шүү дээ гэж хэлсэн. Тэмдэглэлээ хийсэн дугуй байсан уу? байгаагүй, эд нарыг явсны дараа дугуй тавьж тэмдэглэгээ хийснээ хэллээ. Аргуут гэдэг газрыг 3 хүн, 3 янзаар тайлбарлалаа. Батсайхан гэдэг хүний дээр үед орж байсан хурлын мэдүүлэг нь дээр давааны наана цаадах нь нэг замаар явдаг гэж тайлбар байдаг. Шүүх хуралд Батсүх нь давааны наана цаана байдаг гэж мэдүүлсэн. Хазаар гэх газар луу явахад 17 км байдаг. Өмнөх өгсөн гурван хүний мэдүүлэг бичгийн ямар ч нотлох баримтаар тогтогдоогүй. Харин Батсүх гэдэг хүний Хазаар гэх газрын мэдүүлэг болон прокурорын хавтаст хэрэгт хийсэн GPS-тэй яг таардаг. Газрын нэр андуурагдсан байж магадгүй. GPS-с дээр бол яг таардаг. Нөгөө гурван гэрчийн мэдүүлэг нь бусад бичгийн нотлох баримтай огт тогтоогддоггүй. Дандаа зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Энэ гурвын мэдүүлгийг шүүх яагаад үнэлж болохгүй вэ? гэхээр мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна. Шинжээчийн дүгнэлтээс татгалзаж болох 17 зүйл байна. Энэ нь дээр яагаад маргаж байгаа вэ? гэхээр прокурор нь 9.2 дүгээр зүйлийг хэрэгжүүлэхдээ тухайн зүйлийн шаардлагыг асуусан уу? гэдэгт л байгаа юм. Прокурор даалгавар өгч байсан мөрдөгч чинь ядаж техникийн инженерээс асуух боломж байсан болов уу? гэтэл өнөөдөр тайлбар уншихад зөвхөн та хэдэн жил ажилласан бэ? гэсэн ганц л асуулт тавьсан байсан. Ядаж ойн ангийн үнэлгээ дээр дүгнэлт хийж чадах уу? мэдлэг ур чадвар чинь хүрэх үү? гэж асуусан бол өөр байх байсан. Сая шүүх хурал дээр өгсөн шинжээчийн мэдүүлгүүд мэдлэг, чадвар хүрэхгүй гэсэн өөрсдөө хүлээн зөвшөөрч баталж байна. Миний маргаад байгаа үндэслэл, журмыг энэ хүмүүс чинь баталгаажуулж, шүүх хуралдааны тэмдэглээс харж болно. Эргэлзээ төрсөн мэдүүлгүүд гэрч, шинжээч нар өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйл нь өөрөө хохирлын хэмжээ шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй юм. Гэхдээ яагаад заавал хохирлыг тогтоох шаардлагатай байгаа вэ? гэхээр 2.1 дүгээр зүйл заалт руу орох боломжтой гэмт хэргийн шинжтэй. Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршиг хохирол байсан уу? нийгэмд хор хохиролтой байсан уу? ямар хэмжээний хохирол үүсээд байгаа талаар мөн зарах зорилготой байсан уу? үгүй юу? Бүүр хар үгээр тайлбарлавал хөлдөж үхэхгүйн тулд мод бэлтгэх зөвшөөрөл авч яваад тэрэндээ эндүүрээд хөнгөмсгөөр хандаж найдсан. Энийг бид нар субьектив талаас хуулийн үг хэллэгт оруулж тайлбарладаг. Хэрвээ зөвшөөрөлгүй байсан бол Баярбаясгалангаас асуувал Хазаар гэх газар луу явах уу? эсвэл Хүдэр гэх газар луу явах уу? гэвэл зөвшөөрөлгүй мод бэлтгэж байгаа юм чинь ямар хамаатай юм гэж хариулах байсан. 24.6 дугаар зүйл нь субьектив санаа заавал санаатай байхыг шаардаж байдаг. Төрийн албаны хүмүүс ард иргэддээ хангалттай сайн мэдээллээр хангаагүй учир үүнээс болоод ийм үйлдэл гаргасан. Энэ шүүх хурал нь маш том практик болно. Үүний дараа үлдэж байгаа зүйл нь миний үр хүүхэд хуулиа дагаж мөрддөг шударга нийгэмд амьдарна гэж би харж байна” гэж,

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Т.Нансалмаагаас 2 дахь тайлбар хэлээгүй хуульд заасан дарааллын дагуу харилцан мэтгэлцсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхээс гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд “Шүүгдэгч Р.Баярбаясгалангийн амьдралын хэв маяг, боловсрол, үзэж харсан зүйл, тухайн газар оршин сууж өссөн газар нутаг, харсан мэдээлэл, хууль тогтоомжийн агуулгыг хэрхэн тайлбарлаж өгсөн төрийн албан хаагчийн ажлаа хийж гүйцэтгэсэн байдал зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан миний үйлчлүүлэгч тухайн газрыг эндүүрээд орсон байж болзошгүй. Энэ хүн яг байгаль орчинд хор уршиг учруулсан, сайхан ургаад байж байсан модыг тайрсан уу үгүй гэдэг үйл баримтыг хангалттай тогтоож чадаагүй байна. Шүүх энэрэнгүй ёсны баримтлан шударга ёсны зарчимд илүү нийцсэн шийдвэрийг гаргаж өгнө үү ” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцсон Шаамар сумын байгаль хамгаалагч ажилтай Ж.Алтангэрэл мэдүүлэхдээ: “...Би газрыг зааж өгөөгүй, Хүдэр сумын ойн ангийн хүмүүс зааж өгсөн. Мөнхтуул, Батсүх нар тусгаарлалт хийсэн, жи-пи-эс тогтоосон, гарын үсэг зуруулаагүй. Таних тэмдэг хийгээгүй, хийх ч боломжгүй, чадаагүй. Тэнд байсан хүмүүсээс зөвхөн Баярбаясгалан нойтон мод байна гэсэн шаардлагыг тавьсан. 4 зам, Ерөө гээд хэд хэдэн газарт хяналт шалгалт байдаг, зөрчил гарах үед тэмдэглэгээ хийгдээгүй. Эхлэл, төгсгөлийн акт хийгдээгүй. ...Иргэдээ мэдээллээр хангаагүй нь миний буруу, тэр газар руу дамжаад очиж болно” гэж мэдүүлдэг бөгөөд зөвшөөрөл олгогдсон газарт хилийн заагийг зааж, танилцуулан, таних тэмдэг хийгээгүй, “Ойд мод бэлтгэх журам-д заагдсаны дагуу эхлэл, төгсгөлийн акт үйлдээгүй болохыг байгаль хамгаалагч гэрчилдэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцсон Хүдэр сумын ойн ангийн инженер Т.Мөнхтуулаас: “...Хоёр байгууллага талбайн тусгаарлалт хийсэн. Өдөр тутмын хяналтыг байгаль хамгаалагч хийдэг. ...Баярбаясгалан гэдэг хүнээр гарын үсэг зуруулаагүй. Шанд гэдэг газар уулзаад Байгаль хамгаалагч эрхийн бичиг бичиж өгсөн. Шанд гэх газар нь Хүдэр сум талдаа урд зүгт бий. Аргуут гэдэг газар би өөрөө очиж үзээ ч үгүй, Шандаар дайраад Хүдэр рүү орно...” гэж мэдүүлдэг боловч акт үйлдсэн гэх бичиг баримтаа ажил дээрээ орхисон, “Ойгоос мод бэлтгэх журам”-д заагдсан өөрийнхөө албаны эрх, үүргээ хэлж мэдэхгүй байв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцсон Хүдэр сумын байгаль хамгаалагч ажилтай Б.Батсүх мэдүүлэхдээ: “...Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хийж ажилласан. Тусгаарлалт хийсэн, эхлэл, төгсгөлийн акт бий. Ойг хүлээж авахад цэвэрлэгээний ажил хийгдсэн байсан. Цэг авч будгаар тэмдэглэсэн юм” гэж мэдүүлдэг боловч бусад гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Цэг авч, будгаар тэмдэглэгээ хийсэн гэх боловч будгийн өнгийг нэг нь цэнхэр өнгөөр, нөгөө нь улаан өнгөөр тэмдэглэсэн гэж, нөгөө нь санахгүй байна гэж харилцан зөрүүтэй мэдүүлдэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчээр оролцсон Сэлэнгэ бүсийн Ойн ангийн дарга ажилтай Н.Амаржаргал мэдүүлэхдээ: “...Тухайн үед хуульд заасан шинжээчийн эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй. ...Түлээний модны диаметр 6см-ээс дээш 16см байдаг бөгөөд хамгийн нарийн үзүүрээр хэмждэг. Р.Баярбаясгалангийн бэлтгэсэн мод нь ашиглалтын хуурай, унанга түлээний мод бөгөөд 1,5 метр урттай байсан. Стандарт хэмжих хүрд байсан түүгээр хэмжсэн...” гэж[22] мэдүүлээд модны бүтцийг тайлбарласан.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинжээчид асуулт тавих гэхээр хэцүү байна. Асуулт асуухаар шинжээч нарыг хэрэгт хийчих гээд байна, надад маш хэцүү байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч Н.Амаржаргал шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гансүхийн “Танд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан шинжээчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулж өгсөн үү” гэсэн асуултанд хариулахдаа: “Хууль тайлбарлаж танилцуулаагүй, албан үүрэг гүйцэтгэж байгаагийн хувьд дүгнэлт гаргасан. Бэлчир сумын ойн ангийн дарга ээлжийн амралттай байсан тул хүсэлт гаргасны дагуу шинжээчээр оролцсон. Би оролцохгүй гэж татгалзсан боловч мөрдөгч нь намайг заавал оролцох ёстой, татгалзах эрхгүй гэсэн” гэж хариулдаг.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шинжээчид дараахь асуултыг тавив. “Өмнө нь Ганболд гэдэг хүн шинжээчээр дүгнэлт гаргасан. 3,96м3 байсныг 4,36м3 гээд яагаад зөрсөн” гэсэн асуултанд хариулахдаа: “Ганболд шинжээчийн дүгнэлтийг би хараагүй, би мэдэхгүй байна” гэжээ.

Шинжээчийн дүгнэлт бичих стандарт шаардлагыг та мэдэх үү? гэсэн асуултанд шинжээч Амаржаргалаас “би сайн мэдэхгүй” гэж хариулжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаартай тушаалаар батлагдсан “Ойгоос мод бэлтгэх журам”-ын 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар Р.Баярбаясгаланд түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгогдсоноор “Ойгоос мод бэлтгэх эрх” үүссэн байдаг.

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу мод бэлтгэх эрхийн бичгийг олгосон нь энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй гэснийг үгүйсгэдэг.

Ойгоос мод бэлтгэх журамд заагдсанаар байгаль хамгаалагч мод бэлтгэх эрхийн бичиг, бусад шаардлагатай бичиг баримтыг нягтлан шалгаж, технологийн картанд үндэслэн тусгаарласан талбай дээр эхлэлийн карт үйлдэж талбайг хүлээлгэн өгч, мод бэлтгэлийн технологийн картын мөрдөлтөнд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах, өөрөөр хэлбэл мод бэлтгэх зөвшөөрөл авсан иргэн зөвшөөрөгдсөн газраас түлшний мод бэлтгэж байна уу? эсвэл өөр сумын хилийн заагийг давсан эсэх гэх мэт гарсан зөрчлийг арилгуулах, шаардлагатай тохиолдолд ажлыг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг журамласан.

Мөн мод бэлтгэлийн явцад тээвэрлэгдэж байгаа модонд бүртгэлийн дэвтэр хөтөлж, зөвшөөрөгдсөн хэмжээнд хүрмэгц ажлыг зогсоож, талбайг цэвэрлүүлж, төгсгөлийн карт үйлдэж хүлээж авах үүргийг байгаль хамгаалагчид тавьдаг. Үүнд нь давхар Ойн анги, Байгаль орчны хяналтын улсын байцаагч байнгын хяналтыг тавьж ажиллах үүрэгтэй.

Шүүгдэгч Р.Баярбаясгалан түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан боловч Байгаль орчны алба хаагчид болон холбогдох албан хаагчид ажил үүрэгтэй хайнга, хайхрамжгүй, хариуцлагагүй хандсаны улмаас хуулиар тогтоосон зөвшөөрлийн тогтолцоог үгүйсгэж зөрчсөн нь тогтоогдсон байх боловч Р.Баярбаясгалангийн үйлдлийн улмаас байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц, баялгийг хомсдуулсан, экологийн тэнцлийг алдагдуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Р.Баярбаясгалангийн бэлтгэж, тээвэрлэсэн модны товарлаг байдал, чанарлаг шинжид анхаарал хандуулах нь чухал юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэрэгт заасан мод бэлтгэх ажиллагаа нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан огтлолтоор мод бэлтгэх ажиллагаа нь дараахь 3 төрөл байхаар хуульчилсан. Үүнд:

1.Ойн төлөв байдалд сөргөөр нөлөөлж байгаа мод, бутыг огтлох замаар ой ургах тааламжтай орчныг бий болгоход чиглэсэн арчилгааны;

2.Түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж хатсан, цаашид ургах чадваргүй болсон ойн модыг огтлох замаар ойг цэвэрлэх, ойг эрүүлжүүлэхэд чиглэгдсэн цэвэрлэгээний;

3.Нас гүйцсэн модыг огтлох замаар модон түүхий эдийг бэлтгэхэд чиглэсэн үйлдвэрлэлийн ашиглалтын зэрэг хамаарна.

Харин ойгоос хожуул, унанги, үзүүр, мөчир, гишүүг цэвэрлэх байдлаар түлээ бэлтгэх нь мод бэлтгэлд хамаарахгүй, улмаар хэрэглээний мод, түлээ гэсэн ойлголтуудыг ч Ойн тухай, Байгалийн баялгийг ашиглах тухай хуулиудад ч тус, тусад нь салангид авч үзсэнээс дүгнэвэл:

Зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэсэн ойлголтыг тайлбарлахдаа:

  • модны шинж чанар,
  • модыг бэлтгэсэн арга,
  • мод бэлтгэж, тээвэрлэхэд шаардагдах зөвшөөрлөөс хамааруулан ялгамжтай авч үзэх шаардлагатай байна.

Аж ахуйн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхид хохирол учруулсан, ойг бохирдуулж, улмаар ойн төлөв байдлыг доройтуулсан сөрөг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх нь аливаа үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд учруулж болох аюулын хэр хэмжээ нь түүнийг гэмт хэрэгт тооцох үндсэн шалгуур байх эрүүгийн эрх зүйн тулгуур зарчимд нийцнэ.

Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Мод бэлтгэх, эсхүл ойн дагалт нөөц ашиглахдаа технологийн горимыг зөрчсөн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, мөн зүйлийн 10 дахь хэсэгт заасан “Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, мөн зүйлийн 11 дэх хэсэгт: “Гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн, эсхүл гэрээний нөхцөл, болзлыг зөрчин үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус хуульчилсан хуулийн үйлчлэлд зөвхөн орон нутгийн ЗДТГ-тай гэрээ байгуулалгүй мод бэлтгэсэн эсхүл гэрээний нөхцөл, болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол ойгоос мод бэлтгэсэн ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагуудад энэ хуулийн заалт хамаарч, зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулан, Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцлийг бий болгосон гэж үзэхээр байна.

Гэтэл тухайн орон нутгийн иргэд түлшний мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг авсан /ажил явдлын үеэр хэрэглэх, ахуйн хэрэгцээнд түлээнд хэрэглэх гэх мэт/ боловч заасан газраас өөр газар мод бэлтгэсэн, зөвшөөрлийн бичигт заасан хугацаанд мод бэлтгээгүй, зөвшөөрлийн бичиг авсан боловч хураамж тушаагаагүй гэсэн үндэслэлээр иргэдэд Эрүүгийн хэрэг үүсгэж шалгахаас өмнө байгаль-экологид учруулсан бодит хохирол, хор уршиг, хохирлын хэмжээнээс хамааран зөрчлийн хэрэг үүсгэх эсэх, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэх эсэхэд эрх бүхий албан тушаалтан, мөрдөгч болон хяналт тавьж буй прокурорууд цаашид анхаарал хандуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн.

Иймд Гурван яргайт овогт Рагчаагийн Баярбаясгаланд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэм хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Р.Баярбаясгаланг цагаатгаж шийдвэрлэв.

Р.Баярбаясгаланд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр заав.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих” гэж хуульчилсны дагуу хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь хуульд нийцнэ.

Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц энэхүү хэрэгт битүүмжилсэн 25-10 СЭА улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Рагчаагийн Баярбаясгаланд буцаан олгох нь зүйтэй.

Мөн цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хөрөө, битүүмжилсэн 55 ширхэг “Нарс” модыг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, Р.Баярбаясгаланд буцаан олговол зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гурван яргайт овогт Рагчаагийн Баярбаясгаланд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Р.Баярбаясгаланг цагаатгасугай.

2. Р.Баярбаясгаланд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

            3. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

4.Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас битүүмжилсэн 25-10 СЭА улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Рагчаагийн Баярбаясгаланд буцаан олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хөрөө, хэрэгт битүүмжилсэн 55 ширхэг “Нарс” модыг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, Р.Баярбаясгаланд буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРГЭРЭЛ