Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 175/ШЦТ2021/23

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

улсын яллагч А.Баясгалан,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг,

шүүгдэгч Л.Эрдэнэбаатар нарыг тус тус оролцуулан тус шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лувсандамбын Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн 2031003640014 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Лувсандамбын Эрдэнэбаатар, РД:/МЮ80120612/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Л.Эрдэнэбаатар нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний орой 22 цаг 40 минутын үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг “Дельфин” нэртэй баарны гадна иргэн Н.Бэрх-Эрдэнийг үг, үйл хөдлөлөөр намайг өдөж хоргоолоо гэх шалтгааны улмаас толгой тус газарт нь гараараа цохиж биед нь зүүн дээд 1-р шүдний булгарал, доод уруулд шарх, зүүн чамархай, дээд, доод уруулын дотор салстад зулгаралт, толгойн дагз, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.Эрдэнэбаатар нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний орой 22:40 минутын үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг “Дельфин” нэртэй баарны гадна иргэн Н.Бэрх-Эрдэнийг үг, үйл хөдлөлөөр намайг өдөж хоргоолоо гэх шалтгааны улмаас толгойн тус газар нь гараараа цохиж, биед нь зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, доод уруулд шарх, зүүн чамархай, дээд, доод уруулын дотор салстад зулгаралт, толгойн дагз, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Л.Эрдэнэбаатар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүгдэгч Л.Эрдэнэбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 сая төгрөг нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч Н.Бэрх-Эрдэний 2020 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний орой цуг барилга дээр ажилладаг Золбоо, Хадбаатар, Амгалан, Хосбаяр нарын хамт “Дельфин” бааранд сууж байгаад 22:30 минутын үед тухайн баарнаас гарах үед үл таних залуу намайг зодож, миний нэг шүд хугарч, 2 шүдэнд хөдөлгөөн оруулан гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч Э.Амгаланбаярын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хадбаатар, Бэрх-Эрдэнэ, Амгалан нарын хамт “Дельфин” баарны караокед сууж байгаад 22:30 минутын үед тухайн баарнаас гарах үед, бид нар нэлээн согтуу байсан. Бэрх-Эрдэнэ ах ганцаараа гарсан, тэгээд би араас нь гартал, Бэрх-Эрдэнэ ах газар хэвтэж байсан. Гэтэл хажууд нь зогсож байсан үл таних залуу над руу дайрахаар нь би зугтааж, хар замын цаана гараад цагдаад дуудлага өгсөн”. ...гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Э.Золбоогийн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хадбаатар, Бэрх-Эрдэнэ, Амгалан нарын хамт “Дельфин” баарны караокед орж, Хосбаяр “хүнтэй уулзана” гээд, тухайн бааранд ороогүй. Тухайн үед яг юу болсон талаар мэдэхгүй байна. Дотор дуулаад байж байхад цагдаа нар орж ирээд, намайг цагдаа дээр авч ирсэн..” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Ц.Баттулгын 2020 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хадбаатар, Бэрх-Эрдэнэ, Золбоо, Хосбаяр нарын хамт “Дельфин” бааранд сууж байгаад Хадбаатарыг “Хүлэг” зочид буудалд хүргэж өгчихөөд ирэхэд гадаа зөөгч эмэгтэй нь “та нар хүн аллаа шүү дээ” гээд орилоод Бэрх-Эрдэнэ амаа дарсан байдалтай байж байсан. Намайг очих үед цагдаа нар ирж байсан. Тэгээд намайг Бэрх-Эрдэний хамт эмнэлэг дээр хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг[5],

6. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 347 дугаар дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Н.Бэрх-Эрдэний биед зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, доод уруулд шарх, зүүн чамархай, дээд, доод уруулын дотор салстад зулгаралт, толгойн дагз, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хүний эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[6],

7.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[7], 8.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[8], 9.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[9], 10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], 11.Эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол[11], 12. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[12] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Эрдэнэбаатарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.Бэрх-Эрдэнэ нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, шүүгдэгч Л.Эрдэнэбаатар нь эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг нөхөн төлсөн тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Л.Эрдэнэбаатарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирогчтой эвлэрэн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэбаатарт торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Эрдэнэбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овогт Лувсандамбын Эрдэнэбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэбаатарт 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэбаатарын цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Л.Эрдэнэбаатарт анхааруулсугай.

5.Шүүгдэгч Л.Эрдэнэбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эрдэнэбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.АМАРГЭРЭЛ