Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 198

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В******* хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, С.*******ийн нэхэмжлэлтэй ******* сумын *******ын тамгын газарт холбогдох *******ын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 68 тоот захирамжийн 1, 3-р заалтыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээнийолговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн *******ын ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 2010 оны 10-р сараас тус сумын Эрүүл мэндийн төвд эрхлэгч эмчээр томилогдон 6 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй, хамт олонтойгоо нийтэч ажиллаж байсан. Улсад нийт 9 жил 8 сар ажилласан. 2016 оны 11-р сарын 01-нээс үндсэн мэргэжлийн сургалтанд сурахаар ажлаас түр чөлөөлөгдсөн боловч ар гэрийн гачигдал, шалгалтанд нийт 70 хүн орсноос 10 хүнийг хуваарийн дагуу авч суралцуулах зэрэг шалтгааны улмаас эргэн ирж өмнө нь ажиллаж байсан ажилдаа орохоор шинээр томилогдсон засаг дарга Ч.*******тэй 2016 оны 11-р сарын 28-нд уулзсан боловч хүлээж аваагүй. 2016 оны 12-р сарын 20-ны өдрийн 68 тоот захирамжаар үндэслэлгүй ажлаас чөлөөсөн. Миний бие ажилдаа эргэн орох хүсэлтэй байгаа тул шүүхэд хандаж байна. Сумын засаг даргын 2016 оны 12-р сарын 20-ний өдрийн 68 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилдаа орох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ын ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: *******ийн алдаа зөрчлийг -н тэргүүлэгчдийн 2016 оны 12-р сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцэн 42 тоот тогтоол ирсний дагуу Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөн 2016 оны 12-р сарын 20-ны өдрийн 68 тоот захирамжаар ажлаас нь чөлөөлсөн. С.******* сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байхдаа төрийн санхүүжилтээр арьс судлалын мэргэжлээр 2 жилийн хугацаатай гэрээ байгуулан суралцахаар явахдаа Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2016 оны 11-р сарын 3-5-ны хооронд авсан элсэлтийн шалгалтанд тэнцээгүй тул суралцах боломжгүй болж Завхан аймгийн Төрийн сангийн 1 хуваарийг хүчингүй болгосон байна. Шалгалтын хариу 2016 оны 11-р сарын 09-ний өдөр гарсан. ******* шалгалтын хариу гарснаас хойшхи хугацаанд ажилдаа ирж ажиллах ёстой байсан боловч ирэхгүйгээр 1 сарын цалин сул авсан, ажил тасласан гэж үзсэн. Ажилчид үйлчлүүлэгчтэй ёс зүйгүй харьцдаг. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхдээ шударга бус хандаж хариуцлагагүй ажиллаж байсан. Баримтанд засвар хийж илүү санхүүжилт авсан гэх өргөдөл гомдлыг үндэслэн, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг яаралтай шийдвэрлэхийг урьтал болго гэсэн -ын тэргүүлэгчдийн тогтоол гарсны үндсэн дээр С.*******ийг ажлаас чөлөөлсөн. С.*******ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оны 10-р сараас эхлэн ******* сумын Эрүүлмэндийн төвийн эрхлэгчээр томилогдож 6 жил ажиллаж байгаад 2016 оны 11-р сарын 28-ны өдрийн 46 тоот захирамжаар ажлаасаа түр чөлөөлөгдсөн. Яагаад түр ажлаасаа чөлөөлөгдсөн юм бэ гэхээр би мэргэжил дээшлүүлэхээр суралцах болоод ажлаасаа түрчөлөөлөгдсөн боловч 2016 оны 11-р сарын 21-ний өдөр суралцах боломжгүй болоод 2016 оны 11-р сарын 28-ны өдөр эргээд ажилдаа орох хүсэлтээ гаргаж засаг даргатай уулзахад гэрээтэй танилцаж байж эргээд хариу өгье гэсэн. Тэгээд 11-р сарын 28, 29, 30-ны өдөрЗасаг  даргатай уулзсан. Тэгээд *******а Улаанбаатар хот руу ажлаар яваад 12-р сарын 19-ний өдөр *******а Улаанбаатар хотоос ирээд би *******атай дахин уулзаад ажилд орох хүсэлтээ дахин хэлсэн боловч 2016 оны 12-р сарын 20-ны өдөр ажлаасчөлөөлөх захирамж гаргасан. Намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа. 2016 оны 12-р сарын 20-ны өдрийн 68 тоот захирамжийн 1,3 дахь заалтыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг зохих санд шилжүүлүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн шаардлагагаргасан. 2016 оны 12-р сарын 20-ноос хойш ажлын 90 хоногийн цалин 2770380 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12-р сарын 20-ны өдөр*******ийг  эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан. 2016 оны 12-р сарын 20 өдрийн үдээс өмнө *******ийг дуудаж захирамжаа өгсөн. Энэ захирамж гарах болсон үндэслэл нь ******* 10-р сарын 28-ны өдөр 3 сарын хугацаатай сургалтад хамрагдах цалинтай чөлөө хүсч Ганзориг засаг дарга байхдаа захирамж гаргасан байсан. ******* нь 2016 оны 11-р сарын 03-наас 05-ны өдөр хүртэл шалгалтанд ороод дүн нь 2016 оны 11-р сарын 09-ний өдөр гарсан. *******элсэлтийнхээ  шалгалтанд тэнцээгүй гэсэн бичиг манай байгууллагад ирсэн. ******* шалгалтандаа тэнцээгүй, шалгалтын дүнгарнаас хойш 28-ны өдөр хүртэл хугацаанд ажилдаа ирээгүй. Ганзориг дарга надтай ажил хүлээлцэхдээ *******тэй байгуулсан үрдүнгийн гэрээг надад хүлээлгэж өгөөгүй. Үр дүнгийн гэрээ байгуулаагүй байсан. Сумын иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол надад ирсэн. Ард иргэдээс ******* гэдэг хүний талаар гомдол санал ирсэн гэж тогтоол надад ирүүлсэн. Тухайн тогтоолд тусгагдсан асуудлаар нь энэ хүнийг тухайн ажилд ёс зүйн хувьд тэнцэхгүй юм байна гэж үзэж ажлаас чөлөөлсөн юм гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн ******* сумын *******а 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаартай захирамж гаргаж, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11-р зүйлийн 11.3, ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 42-р тогтоолыг үндэслэн тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч С.*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

С.******* нь уг захирамжийн хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэхийгшаардсан нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдааны үед засаг даргын захирамж хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа захирамжийн 1, 3 дахь заалтыг хүчингүй болгуулахаар өөрчилжээ.

Нэхэмжлэгч С.******* Завхан аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байсан болох нь 2016 оны 01-р сарын 25-ны өдөр байгуулсан үр дүнгийн гэрээгээр тогтоогдож байна.

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заажээ.

Нэхэмжлэгч С.******* хэдийгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх боловч түүний ажил албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал тул энэхүү маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэстэй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.*******, С.*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн захирамждаа Хөдөлмөрийн хуулийн ямарч зүйл заалт баримтлаагүй мөн ямар үндэслэлээр ажлаас чөлөөлснөө тодорхой бичээгүй байна.

Тэрээр ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тайлбарлахдаа С.*******ийг ёс зүйн зөрчил гаргасан, ажил тасласан гэж байгаа боловч тайлбараа нотолсон ямар нэгэн нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байна. Түүнчлэн ажилтныг ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар холбогдох байгууллагын дүгнэлт гараагүй байхад дээрх шалтгаанаар ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй гэж үзэж, С.*******ийг ажлаас чөлөөлсөн Завхан аймгийн ******* сумын *******ын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаартай захирамжийн 1, 3 дахь заалтыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчид олгох олговорыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5-р сарын 05-ны өдрийн 555-р тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу түүний А 000256108 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дэх хөдөлмөрийн хөлсний бичилтийг үндэслэн тооцлоо.

Дээрх журамд заасны дагуу нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх 3 сар буюу 2016 оны 9, 10, 11 дүгээр сарын дундаж цалингаас тооцож нэг өдрийн цалинг гаргахад 30782 төгрөг болж байна.

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажлын нийт 87 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговор 2.678.034 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах үндэслэлтэй.

Хариуцагчийн өмгөөлөгч, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байгаа боловч 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн захирамжийг маргааш нь буюу 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээж аваад 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан байна. Энэхүү нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны 178 дугаартай шүүгчийн захирамжаар хүлээж авахаас татгалзаж буцаажээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүлээн авмагцаа буюу 2017 оны 01-р сарын 27-ны өдөр дахин нэхэмжлэлээ гаргасан болох нь нэхэмжлэлийн огноогоор тогтоогдож байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй хугацааг дахин шинээр тоолно гэж заасан байх тул нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүлээж авсан өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг тоолоход хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд нэхэмжлэгчид олгох олговорын хэмжээнээс тооцож хариуцагчаас тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлого болгох үндэстэй гэж үзлээ.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн ******* сумын *******ын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаартай захирамжийн 1, 3 дахь заалтыг хүчингүй болгож, С.*******ийг Завхан аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн ******* сумын *******ын тамгын газраас 2678034 төгрөг гаргаж нэхэмжлэгч С.*******т олгосугай.

3.Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь

хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, ИХШХШ тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 57798 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

5 . Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ