| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0028/Э |
| Дугаар | 175/ШЦТ2021/27 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 20.14.2., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 175/ШЦТ2021/27
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
улсын яллагч А.Баясгалан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лхагваням,
шүүгдэгч Д.Мөнхзаяа нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Мэргэд овогт Дашцэрэнгийн Мөнхзаяад холбогдох эрүүгийн 2131000070017 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
, Мэргэд овогт Дашцэрэнгийн Мөнхзаяа /РД:МЮ84102680/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Мөнхзаяа нь 2020 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн Левоногестрел+Этинилэстрадиол дааврын гаралтай нийлмэл найрлагатай, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, худалдан борлуулах хориотой жирэмслэлтээс хамгаалах үйлчилгээтэй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Бүгд Найрамдах Хятад ард улсаас импортлон, худалдсан буюу Эм, эмийн түүхий эд, био бэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Мөнхзаяа гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнхзаяагийн өгсөн: “...Худалдан борлуулах хориотой бэлдмэл гэдгийг мэдэхгүй зарж борлуулсан. Хүмүүс их аваад байхаар нь хүүхдийнхээ эмчилгээний зардалд нэмэр болох гэж оруулж ирж зарсан. Би гэм буруугаа хүлээж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй...” гэх мэдүүлэг[1],
2. Гэрч Л.Отгоны 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн эгч Уранчимэгийн гэрт 20 цаг өнгөрч байхад усанд орсон. Уранчимэг эгчийн усанд ороход Мөнхзаяагийн хамт орсон. Тэгээд 22 цаг өнгөрч Уранчимэг эгчийн гэрээс гараад иртэл Мөнхзаяа “Сүхбаатар сумын 6-р багт байрлах шар таван давхрын 13-р байр луу очиж ямар нэг зүйл өгнө” гээд Мөнхзаяагийн машинтай явсан. Тэгтэл цагдаа ирээд бид хоёрыг цагдаа руу аваад явсан. Хэн гэдэг хүнд ямар зүйл өгөх талаар би мэдээгүй...” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч Н.Орхонбаатарын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Мөнхзаяа онлайн бараа захиалж худалдан борлуулдаг талаар би мэднэ. Миний санаж байгаагаар 1-2 жил орчим болж байгаа. Д.Мөнхзаяа нь өөр ажил төрөл хийдэггүй бөгөөд хүүхэд нь хүнд өвчтэй, байнгын асарч байдаг. Өөр ажил хийх боломжгүй байдаг. Эмэгтэй хувцас болон гэр ахуйн бараа захиалж авч ирдэг. Эм болон бэлдмэл авч ирдэг талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг [3],
4. Гэрч Ц.Оюунбилэгийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“...Манай дүү Мөнхзаяа нь 1-2 жилийн өмнөөс эхлэн онлайнаар бараа захиалж, авч ирсэн бараагаа худалдан борлуулдаг болсон. Гэр ахуйн бараа болон хувцас авч ирэн худалдан борлуулдаг. Мөнхзаяа нь урьд эм, эмийн төрлийн бараа худалдан борлуулж байгаагүй. 2020 оны 12 дугаар сард эмэгтэй хүн хэрэглэх ёстой эм захиалж авч ирсэн гэж сонссон. Тухайн эм нь жирэмснээс хамгаалах эм гэж сонссон. Эмийн нэр болон хаанаас авч ирсэн талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг [4],
5. Гэрч Н.Өсөхбаярын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“...Цахим зарын “Selenge zar” нэртэй facebook цахим зарын групп дээр “Заяа Ааяа” гэх нэртэй хаягаас “сард нэг удаа уудаг эм цөөхөн үлдлээ, асуугаад байсан хүмүүс холбогдоорой, үнэ 15000 төгрөг” гэсэн зарыг 96890885 гэсэн утасны дугаар, эмийн зурагны хамт байрлуулсан зарыг олж харсан. Тэгээд холбогдох шалгалтыг хийгээд Д.Мөнхзаяа гэх иргэний 44-84 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тухайн өдрийн ажлын хэсгийн хамт үзлэг шалгалт хийхэд 12 хайрцагтай, хайрцаг дотор 5 ширхэгтэй ягаан өнгийн эм, эмийн зүйлс байсныг хурааж авсан...” гэх мэдүүлэг [5],
6. Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.Чинчулууны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн No18-03-014/01 дугаар шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.Левоноргестрел+этинил естрадиол 6млг+3млг 5 ширхэг шахмал бүхий савалгаатай 1 хайрцаг эм нь шинжилгээний шаардлага хангаж байна. 2.Гадна тал нь дугуй хэлбэртэй, хоёр тал нь гүдгэр цайвар ягаан өнгийн драже. Шингэн орчинд 30 минут уусаж байсан. Уг эм нь Хятад улсад үйлдвэрлэгдсэн, Левоногестрел+Этинилэстрадиол дааврын гаралтай нийлмэл найрлагатай эм бэлдмэл юм. 3.Монгол улсын эмийн бүртгэлд уг дааврын найрлагатай зөвхөн эмчийн бичсэн жороор олгох заалттай хэд хэдэн эм бэлдмэл бүртгэлтэй байдаг ба эмийн сангаар эмчийн бичсэн жороор олгодог. Хятад улсад үйлдвэрлэгдсэн уг эм бүртгэгдээгүй байна. 4.Уг эм бэлдмэл нь Монгол Улсад бүртгэгдээгүй учир худалдан борлуулах нь хориотой. 5.2011 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 19.2.Улсын хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлэх болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн бусад байгууллагад аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага” гэх/ олгоно. 19.3.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь чиглэлээр олгоно. 19.3.2.эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх. 19.3.5.эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм худалдах гэсэн заасан байдаг” гэж тус тус заасан байдаг учир эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хувь хүн эм бэлдмэл худалдан борлуулж болохгүй...” гэх дүгнэлт[6], 7.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[7], 8.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[8], 9.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[9] 10.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[10], 11.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[11], 12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[13] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Мөнхзаяагийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Мөнхзаяа нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Д.Мөнхзаяад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан......болно” гэсэн хуулийн нөхцөл шаардлага хангагдсан байна.
Учир нь шүүгдэгч Д.Мөнхзаяагийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг хөнгөн ангилалын гэмт хэрэг хамаарах бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур амьдралтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй 10 настай охин нь /уналт таталттай, явж, ярьж чаддаггүй/ асран хамгаалдаг, өрх толгойлсон ганц бие эмэгтэй зэрэг хувийн нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Мэргэд овогт Дашцэрэнгийн Мөнхзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагат урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Мөнхзаяад анхааруулсан болно.
Шүүгдэгч Д.Мөнхзаяа нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Мэргэд овогт Дашцэрэнгийн Мөнхзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Мэргэд овогт Дашцэрэнгийн Мөнхзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Мөнхзаяад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Мөнхзаяад анхааруулсугай.
5.Шүүгдэгч Д.Мөнхзаяа нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэхүү гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12 хайрцаг Левоногестрел+Этинилэстрадиол дааврын гаралтай нийлмэл найрлагатай эм бэлдмэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст” даалгасугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ