Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 175/ШЦТ2021/31

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

улсын яллагч Г.Энхмаа,

хохирогч О.Мөнхжин,

шүүгдэгч Н.Ган-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү /2916/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгид овогт Намжилдоржийн Ган-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2131000000013 дугаартай хэргийг 2021 оны 02 дүгээр сарын 09-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хатгид овогт Намжилдоржийн Ган-Эрдэнэ, Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 08 дугаар баг, 2 дугаар хэсэг, 95 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  /МЮ97091510/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Н.Ган-Эрдэнэ нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, Шар 6 дугаар байрны гадна гэр бүлийн харилцаатай О.Мөнхжинг “өөртэй нь буцаж нийлэхгүй” гэлээ гэсэн шалтгаанаар толгой руу цохиж, гар, шуунаас чимхэж, хөл, гар, ууц нуруу руу нь өшиглөж биед нь духанд хавантай, баруун шуунд цус хуралт, ахар сүүжний нугалам хэсгээр бага зэрэг дарагдсан, баруун, зүүн, шилбэнд зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Ган-Эрдэнэ нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, Шар 6 дугаар байрны гадна гэр бүлийн харилцаатай О.Мөнхжинг “өөртэй нь буцаж нийлэхгүй” гэлээ гэсэн шалтгаанаар хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.Ган-Эрдэнэ гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ган-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Өөрийн уураас болж ийм гэмт хэрэг хийсэн гэж бодож байгаа. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг[1],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Мөнхжин мэдүүлэхдээ: “...Эм тарианы мөнгө гаргуулж авсан. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг[2],

3.Хохирогч О.Мөнхжингийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгтэл эргүүлээд Ган-Эрдэнэ залгаад “хонуулахгүй бол гарж ирээд 30 минут юм ярья” гэхээр нь би “чадахгүй, би өглөө эрт ажилтай” гэсэн чинь “удахгүй 30 минут болно” гэхээр нь би гараад Ган-Эрдэний машинд суусан чинь “Ган-Эрдэнэ чи надтай иргэж нийлэхгүй юу, юу гэж бодож байна” гэж асуухаар нь “Би чамтай эргэж нийлэхгүй” гэж хэлтэл аймар хурдан машинаа халааж хөдлөөд Шар 6 дугаар байрны ард талд очиж зогсоод ахин нийлэх үү гээд асуугаад байхаар нь би “Би нийлэхгүй, чи ямар хэцүү юм бэ” гээд машины хаалгыг онгойлгоод буух гэтэл куртикнээс татаад куртикээ тайлаад буух гэтэл цамцны малгайнаас татсан. Тэгэхэд хоолой боогдоод байхаар нь “болиоч ээ” гэтэл толгой руу цохиод алгадаж, хөлөөрөө өшиглөөд машинаас унагасан. Би машинаас унаад газар хэвтэж байтал Ган-Эрдэнэ машинаасаа бууж ирээд хаа хамаагүй цохисон. Тэгээд эргээд машиндаа суусан тэгэхээр нь газар байгаа куртик авах гэтэл машинаа хөдөлгөөд куртик дээр машинаа зогсоосон. Тэгэхээр нь бөхийгөөд гэрүүгээ орох гээд явж байтал машинаасаа буцаж бууж ирээд намайг үсдэж чирээд машиныхаа арын суудал руу чирээд суулгасан. Чирч байх хугацаандаа “Цагдаа дээр очно, шийдүүлдэг газраар нь шийдүүлнэ. Эх байх эрхийг чинь хасуулна” гэж хэлж байсан. Тэгээд арын суудалд суулгасан байхад дахиж цохиод чимхэж зодож байгаад өшиглөөд машинаас дахин унагаасан. Тэгээд дахин машинаасаа бууж ирээд дахиж цохисон. Тэгээд би орилсон чинь “чамайг зодоод ч яах юм” гэж хэлээд машинаа асаагаад яваад өгсөн. Урьд нь бол зодож байсан. Ер нь хэрүүл маргаан болохоор л гар хүрэх гээд байдаг. Энэ удаа шиг эрүүл мэндэд хохирол учруулсан асуудал бол байгаагүй бага зэргийн хавдах хөхрөх зүйл л байсан. 2020 оны 06 дугаар сард бас бид хоёр маргалдаад Ган-Эрдэнэ намайг машинаараа мөргөж байсан. Цагдаагийн байгууллагад хоёр удаа хандаж байсан. 2016 оноос найзалж нөхөрлөөд 2019 онд бид хоёр дундаасаа нэг охинтой болсон. Бид хоёр анхнаасаа салж нийлсэн тийм харилцаатай байсан. Удаан хугацаагаар хамт амьдарсан тохиолдол байхгүй. ...гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Ж.Баярцэцэгийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн орчим ажлаасаа тараад Сараа, Үүрээгийн гэр 30 айлд очоод гэрийнхээ түлхүүрийг авах гэж очиход, Мөнхжин тэнд байсан. Тэгээд тэр хэд Цамхаг явахаар болоод Мөнхжин Ган-Эрдэнэ рүү залгаад байсан. Тэгээд Ган-Эрдэнэ, Сараа, Үүрээгийн гэрт ирээд бид нарыг аваад, намайг гэрт хүргэж өгөөд, тэд нар Цамхаг руу явсан. Тэгээд 20 цагийн орчим Мөнхжин над руу залгаад “Сараа, Үүрээ хоёрыг гэрт нь буулгачихсан. Хаана байгаа юм” гэж утсаар яриад байж байтал Мөнхжин, Ган-Эрдэнэ хоёр гэрт орж ирсэн. Тэгээд тэр хоёр “гурвуулаа машинд гарч хэсэг сууя” гээд бид 3 гадаа Ган-Эрдэнэ-ний машинд суусан. Тэгээд бид гурав нэг лаазтай пиво уугаад машинд сууж байсан чинь Мөнхжин рүү нэг хүн залгаад “ирж хоол ид” гэж хэлэхээр нь бид гурав Салхитын аманд нэг айлд очиж хоол идсэн. Тэгээд бид гурав буцаад гэрийн гадна ирээд гэртээ орсон. Тэгтэл Ган-Эрдэнэ нэг найзыгаа дуудсан. Тэр найз нь ирэх хооронд Ган-Эрдэнэ, Мөнхжин 2 хоорондоо маргалдаад байсан “Наад утсан дээрээ байгаа эрэгтэй хүнтэй авахуулсан зургаа устга” гээд тэр 2 маргалдаж байхад Мөнхжин Ган-Эрдэнийг цохих шиг болсон. Ган-Эрдэнэ гэрт байхад Мөнхжинд ерөөсөө гар хүрээгүй. Тэгээд Ган-Эрдэнэ “хүн хүргэж өгнө” гээд гэрээс гарах гэж байхад дуудсан найз нь гаднаас орж ирсэн. Тэгтэл Ган-Эрдэнэ тэр найздаа “энд хүлээгээд байж бай, би хүн хүргэж өгчихөөд хүрээд ирнэ” гэж хэлээд гараад явсан. Тэгээд 20-д минутын дараа Мөнхжин утсаар яриад "би гарчихаад ирье” гээд гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Мөнхжин уйлсан, хувцас хунар нь шороо болсон. Гадаа удаан байсан юм шиг даарсан чичирсэн, нуруугаа барьсан байдалтай ороод ирсэн. Тэгэхээр нь би “яагаад чамайг зодсон юм” гэж асуусан чинь “буцаад нийлэхүү гэхээр нь үгүй гэсэн чинь зодчихлоо” гэж байсан...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Г.Сарантуяагийн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Мөнхжин, Үүрийнтуяа бид хэд Тужийн нарс Цамхаг явахаар болоод Мөнхжин Ган-Эрдэнийг утсаар дуудаад бид хэд цамхаг явж ирээд, Үүрийнтуяа бид 2 буугаад үлдсэн. Тэр өдрийн шөнө нь Мөнхжин над руу залгаад “Ган-Эрдэнэ намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр би “яах гэж уулзсан юм” гэж хэлсэн чинь “Гараад ир 30 минут юм ярья гэхээр нь гарсан чинь Ган-Эрдэнэ чи надтай нийлэх юм уу гэхээр нь би чамтай нийлэхгүй гэсэн чинь яахаараа чи надтай нийлдэггүй юм. Тэгвэл би чамайг ална гэж хэлээд зодсон” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Б.Батжаргалын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ган-Эрдэнэ над руу залгаад бид хоёр уулзсан. Тэгээд би Ган-Эрдэнэд яагаад Мөнхжинг зодож байгаа юм бэ? гэр бүлийн хүчирхийлэл гээд хууль чангарсан байхад гэж хэлсэн чинь “Ахиж би гар хүрэхгүй одоо болъё” гэж хэлж байсан..” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч В.Наранцэцэгийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр О.Мөнхжин залгаад “Ган-Эрдэнэ намайг зодчихлоо” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг[7],

8.Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. О.Мөнхжингийн биед духанд хавантай, баруун шуунд цус хуралт, ахар сүүжний нугалам хэсгээр бага зэрэг дарагдсан, баруун, зүүн, шилбэнд зулгаралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хүний эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[8],

9.Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Н.Ган-Эрдэнийн зүүн зовхи, уруулд зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[9], 10.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[10], 11. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[11], 12.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[12], 13.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], 14.Захиргааны шийтгэл хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас[14], 15.Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл[15] 16.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт[16] 17.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[17]зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Ган-Эрдэний гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон О.Мөнхжин мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Н.Ган-Эрдэнээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүх хуралдааны шатанд мэдүүлэгтээ “хохирол төлбөрт 60.000 төгрөг авсан өөр нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг өгсөн байх тул Н.Ган-Эрдэнэ нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Н.Ган-Эрдэнэд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ган-Эрдэнэд торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Н.Ган-Эрдэнэд анхааруулсан болно.

Шүүгдэгч Н.Ган-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатиган овогт Намжилдоржийн Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ган-Эрдэнийг 500 нэгжтэй тэнцүү буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ган-Эрдэний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Н.Ган-Эрдэнэд анхааруулсугай.

5. Шүүгдэгч Н.Ган-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.  

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

       

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АМАРГЭРЭЛ