Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/530

 

                          

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Д.Ганчимэг (томилолтоор), шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М овгийн Т.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 1595 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М овогт Т.С, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх хороо гэх газарт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Гурвалжин модны захад хөрөө рам дээр ажиллаж байсан, ам бүл дөрөв, эх, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 937 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.С, Б.Х, Г.Б нар нь бүлэглэн:

- 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б-ын гар утас, түрийвч, 50,000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан;

- Шүүгдэгч Т.С нь 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б-ын гар утас, түрийвч, 50.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдэх үедээ түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, нүүр хэсэгт хаван хавдар, цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

- 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 39 дүгээр задгай тоотод иргэн Б.Э-ын картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 1.582.989 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “М овогт Т.С нь 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б-ын гар утас, түрийвч, 50,000.0 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан, эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдэх үедээ түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, бие махбодод “баруун нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугаралтай, хамар яс хугарсан, нүүрээр хаван хавдар, цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,

- 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 39 дүгээр задгай тоотод иргэн Б.Э-ын картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 1,582,989.0 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Т.С-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй. Хулгайлах гэмт хэргийн хохирол төлбөр болох 1,582,989 төгрөгийн үнийн дүн дээр маргах зүйл байхгүй, төлөөгүй байгаа. Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн хохиролд 128,000 төгрөгийг төлсөн. Дээрмийн хэргийн хохиролд хамт оролцсон 3 хүн тус бүр 100,000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг;

2. Шүүгдэгч Т.С, Б.Х, Г.Б нар бүлэглэн хохирогч Д.Б-ын эд зүйлсийг илээр, хүч хэрэглэн дээрэмдэж авсан, мөн дээрэмдэх явцдаа бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийн хувьд:

-Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн орчимд найз У-тай хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” нэртэй үйлчилгээний газарт орж архи, пиво ууж байгаад 02 цаг 40 минутын орчимд гараад ертөнцийн зүгээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр тал руу зам дагаад алхаж явж байтал араас 25-30 насны 3 эрэгтэй хүн ирээд надтай хамт явж байсан У-ын куртикнээс татаж газарт унаган, намайг гудамж руу тарган залуу чирч оруулаад “чи ямар овоо залуу вэ” гэж хэлээд толгой хэсэг рүү гараараа цохиод, боож газарт унагаан хөлөөрөө толгой хэсэг рүү өшиглөж байхад нь би ухаан алдсан. Хэсэг хугацааны дараа сэрэхэд хамт явж байсан Ууганаа алга болчихсон, би шууд гэр рүүгээ харьсан...би тэдгээр гурван залууг бааранд байхыг харж байсан болохоор маргааш нь баар руу очоод камерын бичлэг дээрээс нөгөөх гурван залууг хараад хэн болохыг асуухад махлаг залууг С гэдэг, нөгөө 2 залууг нь танихгүй байсан.” гэх мэдүүлэг (1хх-ийн 110-113 дугаар хуудас),

-Гэрч Ц.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын дундуур, нэг өдөр би 23 цагийн орчимд Б-ын хамт Сонгинохайрхан дүүргийн толгойтын хуучин эцсийн замын урд талын “***” нэртэй караокед орж 0.5 шилтэй соёрхол архи, нэг нэг боргио пиво хувааж уусан. ...орой болсон хойно гараад зам дагаад явж байтал араас нэг хүн цохих шиг болохоор нь би хажуу тийшээ унаад хэсэг байж байгаад босоод хартал хүн байхгүй болохоор нь гэр рүүгээ явсан. ... Б бид хоёрыг зам дагаад урагшаа явж байхад хэнийг нь мэдэхгүй нэг хүн араас нуруу руу цохих шиг болсон, нэлээд согтуу байсан болохоор хажуу тийшээ унасан. Босоод иртэл хүн харагдахгүй байхаар нь би яваад өгсөн. ...Намайг газарт унахад Б-ыг гудамж руу чирээд орсон юм билээ. Тэрийг би хараагүй. ...Б “Галакси Эс-5” загварын гар утас, хүрэн өнгийн савхин түрүүвч барьдаг байгаад энэ хэрэг болоход алдчихсан гэсэн. ...” гэх мэдүүлэг (1хх-ийн 114-115 дугаар хуудас);

-Шүүгдэгч Т.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой гэртээ байж байсан чинь 20 цагийн үед найз Б орж ирсэн. Бид хоёр 21 цагийн үед манай гэрээс гараад 0.75 литрийн архи аваад Толгойтын нэг гудамжинд уусан. Толгойтын эцэст байдаг “***” нэртэй бааранд ороход танил ах Х ганцаараа сууж байхаар нь бид 2 очиж хамт суусан...02 цагийн үед гурвуулаа гараад зам дагаад алхаж байхад бид нарын хажууд 2 залуу явж байсан. Найз Б нэлээд согтуу тухайн залуугаас гал асуугаад нэг залуутай нь маргалдаад нэг залууг татаад унагасан. Тэгэхээр нь би очиж өмөөрөөд нэг залууг барьж аваад 2-3 удаа цохисон. Тэр залуугийн халааснаас гар утас унахад уг утсыг Х ах аваад халаасандаа хийхийг Б бид 2 харсан. Тэгээд бид гурав нэг караоке ороод 0.5 граммын архи авч уг архиа Х ахын амьдардаг гудамжинд уусан” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 233-235 дугаар хуудас);

-Шүүгдэгч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ганцаараа бага зэрэг архи уучхаад 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Толгойтын эцэст байдаг “***” бааранд орж сууж байхад таньдаг дүү нар буюу С, Б нар гаднаас бага зэрэг уусан бололтой орж ирсэн. Тэгээд бид 3 нэг ширээнд суугаад би 20.000 төгрөгөөр хүний нэг нэг шил пиво авч уугаад 02 цагийн үед баарнаас гараад 3 тамхи татаад зогсож байхад нэг үл таних залуу хажууд ойрхон байсан, уг залуутай юунаас болсныг нь мэдэхгүй С маргалдаад зууралдаад С уг залууг цохихоор нь Б бид 2 очиж салгасан. Тэр 2 зодолдож байхад тухайн үл таних залуугийн шар өнгийн гар утас нь газарт унасан. Би уг утсыг аваад халаасандаа хийсэн. Намайг утас авч байхыг С, Б нар харж байсан....Ах нь та хоёрт тус бүрд нь 20.000 төгрөг өгье, харин энэ утсыг ах нь авчих уу гэхэд тэр хоёр  зөвшөөрөөд би гэр рүүгээ ороод 40.000 төгрөг гаргаж өгөөд хувааж өгөөд бид 3 архиа хувааж уугаад салсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 224-226 дугаар хуудас);

-Шүүгдэгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би найз С-гийн гэрт очиж хамт гэрээс нь гараад гудамжинд 0.75 граммын архи хувааж уугаад Толгойтын эцсийн *** нэртэй бааранд ороход нэг ширээн дээр Х ах ганцаараа сууж байхаар нь бид хоёр очиж хамт суусан. Тэгээд Х өөрөөсөө мөнгө гаргаад гурван шил пиво авч ууж байгаад тухайн газар хааж, бараг 02 цаг өнгөрч байхад бид гурав гараад доошоо буюу баруун урагшаа гэр лүүгээ явж байхад С нэг танихгүй залуутай маргалдаад зууралдсан. Тэгээд С уг залууг цохиод унагаахад уг танихгүй залуугийн шаргал өнгийн гар утас газар унасныг Х ах очиж аваад Х ах бид хоёр тэр хоёрыг зодолдохыг нь салгаад явсан. Тэгээд Х ах өөрийнхөө түрүүвчнээс мөнгө гаргаж ирээд бид нар “**” гэх нэртэй караоке орж нэг шил 0.5 граммын Ерөөл архи аваад гудамжинд уусан. Тэгээд Х ах “би энэ утсыг авчих уу, та хоёрт 20.000 төгрөг өгье гэхээр нь бид хоёр зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 215-217 дугаар хуудас);

-“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 484 дугаартай “... Самсунг Эс-5 загварын гар утсыг 200,000 төгрөгөөр, түрийвчийг 50,000 төгрөгөөр тус тус үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (1хх-ийн 32-34 дүгээр хуудас),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12369 дугаартай: ”...Хэсэг газрын үзлэгт: Хамар хавантай, хамрын нуруунд 2х0,8 см зулгаралт, зүүн хацарт 4х3 см, зүүн шанаанд 6х4 см зулгаралт. Баруун нүдний зовхинд хаван, цус хуралттай. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн бичигт: Тархи доргилт. Хамар ясны хугарал гэжээ. Компьютер томографын хариу: ...Хамар баруун нүд орчмын зөөлөн эд хавагнаж хавдсан. Хамар яс хугарсан, таславч мурийсан. Баруун нүдний ухархайн дотор хана 1,6 см өргөн 0,5 см гүн этмойд хөндий рүү цөмөрсөн шинэ хугаралтай....Д.Б-ын биед баруун нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугаралтай, хамар яс хугарсан, нүүрээр хаван хавдар, цус хуралт, зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 28 дугаар хуудас);

3. Шүүгдэгч Т.С-гийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийн хувьд:

-Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 03-ны оройн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Улаан чулуутын Алтан овооны **-ийн задгай гэсэн хаягт Ч гэдэг таньдаг айлд ганцаараа очсон. Намайг Ч-ын гэрт очиход эхнэр Н, охин М, хүү О нар байсан. Ч-ын гэрт охин М-ийн хамт 1 шил 0.5 граммын “Улаанбаатар” архи хувааж уугаад хөзөр тоглож байгаад орой болохоор нь унтсан. Өглөө нь босоод М-ийн дүү О-ын хамт эгчийнх гээд айл руу явж М-ийн хүү Мө-г авчирсан. Гэрт ирээд хоол идчихээд байж байтал 15 цагийн үед хуучин хүргэн болох Ч.С гээд залуу гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгээд Ч.С-тай хамт дэлгүүр ороод 0.75 граммын 1 шил архи аваад дэлгүүрийн худалдагчид картаар тооцоо хийх гээд пин кодоо хэлэхэд Ч.С хажууд зогсож байсан. Дэлгүүрээс гараад буцаад Ч-ын гэрт очоод Ч.С бид хоёр авсан архиа хувааж уусан, архи дуусахаас өмнө би амарсан. 2018 оны 03 дугаар сарын 04-ний орой 19 цаг өнгөрч байхад сэрээд куртикний халаасанд хийсэн байсан ХААН банкны картаа авах гэсэн боловч байхгүй болохоор нь М-ийн дүү О-оос “миний картыг харсан уу” гэж асуухад би аваагүй, танд байгаа гэсэн. Тэгэхээр нь ХААН банкны 18001917 гэсэн дугаартай лавлах руу утсаараа залгаад автомат хариулагчаар нь дансаа хаалгасан. Тэр өдрөө тэнд хоноод 2018 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 7 цаг өнгөрөөгөөд 21 дүгээр хороолол руу Солонгосын бүртгэлд бүртгүүлэх гээд тэднийхээс гараад явсан. 10 цагийн үед ХААН банкнаас бичиг баримтаараа 100.000 төгрөг аваад үлдэгдлийг нь асуухад 1.700.000 төгрөг байна гэхээр нь хаачихсан байна гэж бодоод яваад өгсөн юм. 12 цагийн О руу утсаар залгаад миний карт олдсон уу гэж асуухад байхгүй байна гэж хэлсэн. 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ХААН банкин дээр очоод данснаасаа мөнгө авах гэхэд миний дансанд 33.000 төгрөг байна гэж хэлсэн. Би М-ийн ээж Н-ийн утас руу залгаад картад байсан 1.700.000 төгрөг байхгүй байна, танай хүү О авсан юм биш үү гэхэд хүргэн Ч.С тэр өдөр чиний картыг чинь аваад явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 167-172 дугаар хуудас);

-Гэрч О.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо ** дүгээр гудамжны задгай хаягт хойд аав болох Ч-ын гэрт нь ээж, аав, дүү О, өөрийн хүүхэд А нарын хамт байж байсан. Орой 20 цагийн үед манай найз Э миний *** дугаарт залгаад хаана байна гэж асуухаар нь аавынхаа гэрт байна гэж хэлэхэд би хүрээд очих уу гэхээр нь зөвшөөрсөн. Э манай гэрт 21 цагийн үед ганцаараа орж ирээд хоол унд идэж дуусаад пиво уух уу гээд манай дүү О-той хамт дэлгүүр явсан. Дэлгүүрээс ирэхдээ 2 литрийн Сэрүүн нэртэй пиво, 075 граммын Алтантүрүү архи авч ирсэн. Э бид 2 архи пивыг хувааж уусан. Архи талдаа орж байхад манай хүүхэд унтах гээд байхаар нь би хүүхэдтэйгээ хамт унтсан. Э архи уугаад манай ээж, аавтай юм яриад сууж байсан. 2018 оны 03 дугаар сарын 04-ний өглөө сэрээд Э манай гэрт хоносон гэдгийг мэдсэн. Сэрэхэд Э надаас хамт явж кино үзэх үү гэхээр гэртээ байна гэж хэлсэн энэ үед манай ээж Т Хайлааст руу явах ажилтай болоод явсан. Энэ хооронд Э дахиж дэлгүүр яваад 2 литрийн Нийслэл пиво, Алтантүрүү архи авч ирсэн. Тэгээд дахиад архи, пивоо ууж байтал манай дүү Л-н нөхөр С гэж залуу гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгээд Э, С бид 3 архи хувааж уусан. Архи ууж байгаад би согтоод унтсан. Хэсэг унтаж байгаад сэрэхэд Э, С нар гэрт байхгүй, би хүүхэдтэйгээ байж байсан. Намайг сэрсний дараа Э, С нар дэлгүүр яваад дахиад архи авч ирээд уух гэж байхаар нь би архинаас уугаагүй буцаад унтсан. Орой 19 цагийн үед сэрэхэд Э манай гэрт согтуу унтаж байсан. Тэгтэл гаднаас нөхөр Б орж ирээд Э-ыг манай гэрт ирж битгий архи уугаад бай гэж хэлээд хоорондоо маргалдсан. Э манай гэрээс явах гээд эд зүйлээ бүртгэхэд Хаан Банкны бэлэн мөнгөний виза карт нь байхгүй байсан, хайгаад олоогүй. Тэгэхээр нь би Э-д Хаан банкны лавлах дугаарт залгаад картаа хаалгачих гэж хэлсэн. Э лавлах руу залгаад картаа хаалгачихлаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 173-175 дугаар хуудас);

-Насанд хүрээгүй гэрч Т.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...таньдаг ах Э-ыг манайд унтаж байхад С гэдэг хүргэн ах орж ирээд цааш нь түлхээд халааснаас нь ХААН банкны картыг нь авсан. Би та буцаагаад хийгээч гэхэд, за хийчихнэ гээд үлдсэн. Тэгээд би гадаа шийдэн дээр тоглож байгаад орой ирэхэд С ах явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 178 дугаар хуудас);

-Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (2хх-ийн 184-186 дугаар хуудас), Депозет дансны хуулга (2хх-ийн 187-188 дугаар хуудас);

-Шүүгдэгч Т.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “..Би 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын ** тоот гэртээ ээж С, өөрийн хүүхдүүд болох Со /3 настай/, См /1 настай/, хүүхдүүдийн хамт байж байсан. Тэгээд 14 цагийн үед гэрээсээ гараад өөрийн хадам аав болох Ч-ын гэрт нь эхнэр Л-ыг гэртээ ирсэн үгүйг мэдэх гээд очсон. Намайг Ч-ын гэрт нь очиход манай эхнэрийн төрсөн эгч О.М, дүү О, хадам аав Ч, мөн танихгүй 1 залуу байсан сүүлд нь танилцаж байхад өөрийгөө Э гэж хэлсэн. Гэрт ороод удаагүй байхад өөрийгөө Э гэж танилцуулж байсан залуу намайг хамтдаа дэлгүүр ороод ирье гэж хэлэхээр нь би хамт гэрийн хажууд байх дэлгүүрт ороод 0.75 граммын “Алтан түрүү” архи, ундаа авч ирсэн. Дэлгүүрээс авсан архийг Э, Ч, М, бид 4 хувааж уусан. Уг архийг дуусах үед Э, М хоёр согтоод унтсан. Үлдсэн архийг нь би ганцаараа уусан. Тэгээд Ч-ын гэрээс 17 цагийн үед гарах гэтэл Э-ын унтаж байсан орны хажууд Хаан Банкны виза карт харагдахаар нь би картыг авсан. Би гэртээ харьчхаад орой 18 цагийн үед буцаж гараад Н гээд найзынхаа гэрт нь очиж архи уусан. Э-ын картыг 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 11-ний өдөр хүртэл эзэмшиж, хэрэглэж байгаад толгойтын гудамжинд хаясан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 213-214 дүгээр хуудас);

-Шүүгдэгч Т.С-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 84 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1хх-ийн 71 дүгээр хуудас), Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт (1хх-ийн 98 дугаар хуудас), хохирол төлбөр төлсөн баримтууд (2хх-ийн 39 болн шинээр гаргаж өгсөн) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Т.С-гийн үйлдэл идэвхтэй, ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирогч Д.Б-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас дээрэмдэх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 300,000.0 төгрөг (Самсунг эс-5 загварын гар утсыг 200,000.0 төгрөг, түрийвчийг 50,000.0 төгрөг, биет байдлаар 50,000.0 төгрөг), эрүүл мэндэд учирсан хохирлыг 128,000.0 төгрөгөөр тус тус тогтоосон ба хулгайлах гэмт хэргийн улмаас биет байдлаар 1,582,989.0 төгрөг алдагдсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 2,010,989.0 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” шинжийг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар бүлэглэж довтолсон шинжийг тус бүр бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Т.С нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирол, хор уршгийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.С-г “дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж үйлдсэн, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахгэмт хэрэг үйлдсэн, “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Б-ын хохирол бүрэн төлөгдсөн, харин хохирогч Б.Э-ын хохирлоос 200,000.0 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч Т.С-гаас 1,382,989.0 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Э-д олгохоор тогтоолд тусгав.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхээс Т.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг хорих ялд дүйцүүлэн 40 хоногийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял тус бүр оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан нэмж нэгтгэн нийт 03 жил 07 сар 40 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналтай байна. Энэ хэргийн улмаас учирсан хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна....” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирол бүрэн төлөгдсөн, гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн хувьд өнөөдрийн байдлаар 200,000 төгрөгийн хохирол төлсөн, үлдсэн 1,383,989 төгрөгийн хохирол төлнө гэдгээ илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт төлөх хохирол байхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Дээрх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаар хэлэлцэгдээд дууссан гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон ялаас чөлөөлж өгнө үү. Миний үйлчлүүлэгч хувийн байдлын хувьд эх Са, 7 настай охин, 2 настай ** нарын хамт амьдардаг. Эх Са нь хөдөлмөрийн чадварын 65 хувь алдсан, сард 280,000 төгрөгийн тэтгэмж авч амьдардаг. С 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2020  оны 06 дугаар сарын 10 хүртэл 232 хоног цагдан хоригдож хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан боловч 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс дахин цагдан хоригдож нийт 527 хоног цагдан хоригдсон. Дээрх цагдан хоригдсон хоногийг оногдуулах ялд дүйцүүлэн тооцож өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар дээрэмдэх гэмт хэргийн хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хулгайлах гэмт хэргийн хувьд шүүгдэгч Т.С-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад хамаарч байна. Хууль тогтоогч мөн зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулахдаа хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг хүндрүүлэн өөрчилсөн бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй. гэж заасан тул шүүх, прокурор яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх тухай зүйл, хэсгийг хэрэглэх боломжгүй болсон юм.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр дээрх журмыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнээд, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бүхэлд нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн тул шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ энэхүү дагаж мөрдөх журмын тухай хуулийг баримтлах шаардлагагүй болсон байна.

Шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг шүүгдэгч Т.С-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байснаар нь буюу “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэж зааснаар шийдвэр гаргах нь зүйтэй. 

Иймд шүүгдэгч Т.С-гийн гэм буруутайд тооцогдсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй юм.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 937 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.С-д хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссэн байх бөгөөд тэрээр тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй учир Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах үндэслэлгүй байна.

Шүүх өмгөөлөгч болон улсын яллагчийн саналыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Т.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг гурван жилээр тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-гийн цагдан хоригдсон 527 (таван зуун хорин долоо) хоногийг эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.С-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.М овгийн Т.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж үйлдсэн, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаархүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн шүүгдэгч Т.С-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Шүүгдэгч Т.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Т.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ял дээр 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг гурван жилээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-д оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-гийн цагдан хоригдсон 527 (таван зуун хорин долоо) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-гаас 1,382,989.0 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Э-д олгосугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.С-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Т.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.БАТАА