Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 065

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын  2 дугаар  багийн оршин суугч Хурман овогт Кын Хийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Бугат сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дугаартай “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгож, К.Хийг тус сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч К.Х, түүний өмгөөлөгч Х.Тасхын, хариуцагч Бугат сумын Засаг даргын орлогч А.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие К.Х Бугат сумын Засаг даргын орлогчоор 2016 оноос эхлэн ажиллаж ирсэн. Намайг Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4, 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг тус тус үндэслэл болгож, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ажлаас халсан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д сумын Засаг даргад нэр дэвшигч ямар шаардлагыг хангасан байхыг заасан, харин сумын Засаг даргын орлогч ямар шалгуураар ажилд томилогдох эсэх тухай хуульд нарийвчлан заагаагүй. Би  Засаг даргын орлогчоор томилогдохдоо Захиргааны ерөнхий хуулийн 48.2.4-т заасанчлан хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, бусад хууль бус аргыг хэрэглээгүй. Түүнчлэн хуульд сумын Засаг даргын орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх эрхийг сумын Засаг дарга хэрэгжүүлнэ гэж заасан, намайг Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөхөд надад мэдэгдээгүйгээс гадна тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн намайг хуурамч диплом ашиглаж төрийн албанд орсон эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэх үндэслэлээр ажлаас халж байгаа нь үндэслэлгүй. Хуульд гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээс биш шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолгүй нөхцөлд  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. Би ажилд томилогдсон тухайн үед дипломоо үзүүлээгүй,уг дипломыг ашиглаж ажилд ороогүй юм. Иймд, дээрх үндэслэлээр Бугат сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дугаартай “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгож, сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэгдүгээрт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан буюу үүргээ бусдад шилжүүлсэн бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан  хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно гэж заасан. Бугат сумын Засаг даргын эрх үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь  Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын орлогч А.Жын 2019 оны 09 сарын 02–ны өдрийн 130 дугаартай тайлбараар нотлогдон тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл тухайн тайлбартаа Бугат сумын Засаг дарга Х.Х 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дээд шатны Засаг дарга А.Гылымханы захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, уг захирамжийн 2 дахь заалтаар Засаг даргын бүрэн эрхийг надад хэрэгжүүлэхийг даалгасан гэсэн. Өөрийн гаргасан тайлбараа өөрөө үгүйсгэж тухайн сумын Засаг даргын бүрэн эрхийг би хэрэгжүүлж байна гэсэн. Аймгийн Засаг дарга А.Гылымханы захирамжийн хоёр дахь заалтаар А.Жд сумын Засаг даргын ажлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг чиглэл болгосон захирамж байгаа учраас энэ хэргийн хариуцагч мөн байна.

Хоёрдугаарт К.Х хуурамч дипломоо ашиглаж тухайн албан тушаалд томилогдсон эсэхэд  тулгуурлан ярих ёстой. К.Хийн хувьд Бизнесийн удирдлагын сургуулийг төгссөн диплом нь хуурамч гэдэгт нэхэмжлэгч нарын зүгээс маргаан байхгүй. Цагдаагийн байгууллагаар шалгагдаад шинжээчийн дүгнэлтээр хуурамч диплом гэдэг нь тогтоогдсон. Нотлох баримтаар шинжлэн судлуулсан 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн прокурорын тогтоолоор К.Х нь Бугат сумын Засаг даргын орлогчоор томилогдохдоо уг дипломыг ашиглаагүй тул хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Энэ тогтоолд хэн нэгэн маргаагүй хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Тухайн сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Х нь Засаг даргын орлогчоор ажиллаж байсан К.Хийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дугаартай захирамжаар ажлаас нь халахаас  өмнө К.Х нь ээлжийн амралт авах тухай хүсэлт гаргаж байсан.

Захирамжийн хууль зүйн үндэслэлийг харах ёстой. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг баримталсан байна. Уг хэсэгт Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргана гэсэн. Ямар нэгэн шийдвэр гаргасан байхад 29.2 дахь хэсгийг баримтална. Гэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4 дэх хэсгийг баримталсан ба үүнд “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэж заасан. Захиргааны актыг гаргуулахдаа гэдэг нь К.Х нь Засаг даргын орлогчоор томилогдохдоо гэсэн үг юм.  Энэ үед хууран мэхэлж, айлган сүрдүүлсэн, авлига өгсөн асуудал байхгүй. Бусад хууль бус аргыг хэрэглээгүй, прокурорын тогтоолоор хуурамч диплом ашигласан гэдэг нь тогтоогдоогүй. Мөн хариуцагч талаас К.Х дээд боловсролгүй учраас Засаг даргын орлогчийн ажлыг эрхлэх эрхгүй гэж үзэж байгаа. Засаг даргад нэр дэвшихэд ямар шаардлагыг хангасан байх ёстой нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.5-д заагдсан, 26.5.1-д “дээд боловсролтой” гэсэн нь Засаг даргад хамааралтай. Засаг даргын орлогч нь тодорхой шаардлага хангасан байх ёстой гэсэн хуулийн заалт байхгүй.

Прокурорын тогтоолоор ажлын байрны тодорхойлолт гаргаж байгаагүй. Өөрөөр хэлбэл тухайн үед хэрэв Засаг даргын орлогчийн ажлын байрны тодорхойлолтыг гаргаж боловсрол хэсэг дээр дээд боловсролтой гэсэн бол өөр хэрэг. Хуульд Засаг даргын орлогч дээд боловсролтой байх ёстой гэсэн шаардлага тавигдаагүй. Иймд хариуцагчийн дээд боловсролгүй учраас Засаг даргын орлогчийн ажлыг эрхлэх эрхгүй гэсэн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна. Засаг даргын орлогчийг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31.1.2-т аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх гэж заасан байгаа.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 30 дугаартай шүүхэд ирүүлсэн албан бичгээр 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн сумын Засаг даргын Б/84 дугаартай захирамжаар К.Хийг ажлаас чөлөөлөх үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд мэдэгдээгүй ба шинээр томилсон Засаг даргын орлогчийг мөн зөвшилцөөгүй томилсон. Тийм учраас хариуцагчийн гаргаж байгаа тайлбар бүхэлдээ үндэслэлгүй.  Би өөрөө Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа учраас өөрийгөө чөлөөлж энэ хүнийг томилох эрхгүй гэж тайлбар хэлж байна. Хэрэв шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/84 дугаартай ажлаас халах тухай  захирамж хүчингүй болсон тохиолдолд нэхэмжлэгч ажилдаа  эргүүлэн томилогдох хууль зүйн үндэслэл бүрдэнэ. Нэхэмжлэл бүхэлдээ хууль зүйн үндэслэлтэй учраас ханган шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие А.Жамбал нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тухайн үеийн Засаг дарга Х.Хын захирамжаар Засаг даргын орлогчоор томилогдсон.

Засаг дарга Х.Х 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дээд шатны Засаг дарга А.Гылымханы захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөж уг захирамжийн хоёр дахь заалтаар Засаг даргын бүрэн эрхийг надад хэрэгжүүлэхийг даалгасан болно. Урьд нь ажиллаж байсан К.Хийг Засаг даргын орлогчийн албан тушаалаас хууль журмын дагуу Х.Х чөлөөлсөн гэж үзэж байгаа бөгөөд энэхүү нэхэмжлэлийг би хариуцах  ямар ч хууль зүйн үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдье. Бугат сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар  сарын 25-ны өдрийн Б/84 захирамжийн талаар би сайн мэдэхгүй. Гэхдээ уг захирамжийг Засаг дарга  хуулийн дагуу гаргасан гэж бодож байгаа. Хуульд Засаг дарга нь дээд боловсролтой, төрд 3-аас дээш жил ажилласан байх гэсэн шалгуур үзүүлэлтүүд байгаа. Тэр хуулийн заалт нь Засаг даргын орлогчид бас адил үйлчлэх ёстой. Засаг даргын орлогч мөн адил дээд боловсролтой байх ёстой гэж үзэж байна

Аймгийн Засаг даргын А/518 дугаар захирамжид Бугат сумын Засаг даргын эрх үүргийг Засаг даргын орлогчид хэрэгжүүл гэсэн. Гэхдээ тодорхой нэр заагаагүй.  Би өөрөө Бугат сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа. Хэрвээ нэхэмжлэлийн шаардлага хангагдан шийдвэрлэгдвэл би өөрийгөө ажлаас чөлөөлөөд, нэхэмжлэгч К.Хийг томилно гэсэн ойлголт байхгүй байх. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй  байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.Бугат сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дугаартай “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгож, К.Хийг тус сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоох  маргааны тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснаар сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх бүрэн эрхийг 31.1-д зааснаар сумын Засаг дарга хэрэгжүүлэх талаарх хуулийн энэ үндэслэлээр нэхэмжлэгч К.Хийг анх Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/125 дугаар захирамжаар Бугат сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд томилжээ.

Засаг даргын орлогчоор ажиллаж байсан нэхэмжлэгчийг томилох эрх бүхий этгээдээс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Б/84 дугаартай “Ажлаас халах тухай” захирамж гаргаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”, 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасныг тус тус баримтлан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6, 68 дугаар зүйлийн 68.1.2 дахь заалтуудыг зөрчин хуурамч диплом ашиглан хууль бусаар томилогдсон эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь халж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч К.Хт холбогдуулж 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр  Эрүүгийн хуулийн  23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн 191300090 дугаартай хэргийг эрх бүхий этгээдээс нээсэн байх ба хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад К.Х нь Олон Улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийг 2006-2010 онуудад суралцаж, бакалаврын зэрэгтэйгээр “Олон Улсын гааль, татварын мэргэжилтэн” мэргэжил эзэмшсэн гэх D2201012696 дугаартай диплом нь хуурамч болох нь тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн  23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн  бус баялагийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол...” гэж заасан ба нэхэмжлэгч анх маргаан бүхий албан тушаалд дээрх байдлаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр томилогдох үед D2201012696 дугаартай дипломыг ашиглаагүй нь тогтоогдсоноор түүнд холбогдох хэрэг бүртгэлтийн 191300090 дугаартай хэргийг Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5/91 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор хааж шийдвэрлэжээ.

Уг тогтоолыг эс зөвшөөрч хэргийн оролцогч нараас гомдол гараагүй буюу тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсныг аймгийн Прокурорын газраас шүүхэд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1/574 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

Дээрх байдлаар нэхэмжлэгч нь Бугат сумын Засаг даргын орлогчоор томилогдохдоо хуурамч диплом ашиглаагүй нь тогтоогдсоноор маргаан бүхий захиргааны актын “..хуурамч диплом ашиглан хууль бусаар томилогдсон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон” гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

Бугат сумын Засаг дарга Б/84 дугаартай захирамжийг гаргахдаа  нэхэмжлэгчийг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэх дээрх үндэслэлээс гадна Төсвийн тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.3.6, 68 дугаар зүйлийн 68.1.2 дахь заалтуудыг зөрчиж хууль бусаар томилогдсон гэж үзсэн байх ба 60.3.6-д орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ гэж заасан нь 60 дугаар зүйлийн 60.3-т заасан  орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг  зарцуулахыг хориглосон үндэслэлүүдийн нэг байна. Харин мөн хуулийн 68 дугаар зүйлээр орон нутгийн төсвийг батлах асуудлыг зохицуулсан байх ба мөн зүйлд 68.1.2 гэх заалт байхгүй байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгч сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд томилогдохдоо хуурамч диплом ашигласан гэмт хэрэг үйлдээгүй нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5/91 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор тогтоогдсон байхад түүнийг дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн,  мөн маргааны үйл баримтад хамааралгүй Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6 болон хуульд байхгүй 68.1.2 гэх заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох хуулийн  48.2.4-т заасан “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэх үндэслэл тогтоогдоогүй байхад энэ зүйлийг болон мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” талаарх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас иргэний өөрт учирсан хохирлыг шаардах эрхийг зохицуулсан заалтыг тус тус баримталж,  нэхэмжлэгчийг сумын Засаг даргын албан тушаалаас халсан  маргаан бүхий захиргааны акт нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн тухайн албан тушаалыг эрхлэх, энэ эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авах эрхүүдийг зөрчсөн, Засаг даргын эрх хэмжээний хүрээнд  гаргасан шийдвэр  нь хууль тогтоомжид нийцсэн байх талаарх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасантай нийцээгүй хууль бус шийдвэр байна гэж дүгнэлээ.

Мөн нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31.1.2-т зааснаар тухайн сумын Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн чөлөөлөөгүй нь хэрэгт авагдсан Бугат сумын Хурлын Тэргүүлэгчдийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 30 дугаартай албан бичгээр тогтоогдсоноор сумын Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуулийн 31.1.2-т заасныг мөн зөрчсөн гэж үзэхээр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хариуцагчаас шүүх хуралдааны явцад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сумын Засаг даргад нэр дэвшигчид тавигдах  дээд боловсролтой байх шаардлага нь сумын Засаг даргын орлогчид мөн хамааралтай гэж маргасныг дараах байдлаар үндэслэлгүй байна гэж үзлээ.

Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснаар Сумын Засаг даргаас орлогчийг тухайн албан тушаалд томилох үндэслэл нь  сумын Хурлын Тэргүүлэгчтэй зөвшилцсөн байх явдал юм. Хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.1-д заасан дээд боловсролтой байх шаардлага нь Засаг даргад нэр дэвшигчид хамааралтай бөгөөд энэхүү шаардлага нь сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд томилогдох иргэнд нэгэн адил хамаарахаар хуульд зохицуулагдаагүй байна.

Бусад маргааны тухайд:

                Нэхэмжлэгч К.Х нь Бугат сумын Засаг даргад холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба маргаан бүхий захиргааны актыг гаргасан Бугат сумын Засаг дарга нь нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч мөн боловч сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Хыг аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/518 дугаартай захирамжаар тус албан тушаалаас огцруулж, шинээр Засаг дарга томилох хүртэл Бугат сумын Засаг даргын бүрэн эрхийг Засаг даргын орлогчид хэрэгжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

            Х.Х нь сумын Засаг даргаар ажиллаж байхдаа  орлогчийн албан тушаалаас нэхэмжлэгчийг чөлөөлсний дараа А.Жыг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/86 дугаартай захирамжаар орлогчоор томилсон. Бугат сумын Засаг даргаар шинээр хүн томилогдоогүй байх ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” гэж заасан ба шүүхээс уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар Бугат сумын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа Засаг даргын орлогч А.Жыг оролцуулсан бөгөөд хариуцагчаас аймгийн Засаг даргын гаргасан А/518 дугаартай захирамжид Засаг даргын орлогчийн нэр заагаагүй, уг хэргийн хариуцагч биш гэх тайлбар нь дээрх тохиолдолд үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дугаартай “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгож, К.Хийг тус сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан  нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.РИЗА