Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1243

 

 

“Сантхаан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00959 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Сантхаан” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунжаргал,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, Б.Болорчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 89 дүгээр захирамжаар гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, манай компанийн өмчлөлийн эд хөрөнгийг үнэлсэн талаар мэдэгдээгүй атлаа манай компанийн хөрөнгийг үнэгүйдүүлэн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3/3134384 тоот мэдэгдэл, 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/461 тоот тогтоол, 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3/3135620 тоот мэдэгдэл өгч гүйцэтгэх ажиллагаа явуулсан бөгөөд бид энэ талаар гомдлоо 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргаж өгсөн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөлгүй байж байгаад 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт хоёр дахь дуудлага худалдаа явуулна гэсэн 12 дугаар сарын 15-ны өдрийн 3/58730 тоот мэдэгдэл, 12/429 тоот тогтоол өгч байгаа нь бидний үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлэн авах гэсэн үйлдэл гэж үзэж байна. Иймд бид үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа тул уг 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3/3134384 тоот мэдэгдэл, 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/461 тоот тогтоол, 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3/3135620 тоот мэдэгдэл, 12 дугаар сарын 15-ны 3/58730 тоот мэдэгдэл, 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/429 тоот тогтоол зэргийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 89 дүгээр захирамжаар “Сантхаан” ХХК-аас 287 900 000 төгрөгийг гаргуулан “Ориент инвест ББСБ”-д олгохоор захирамжилжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамжны 4/1 тоот конторын зориулалттай байр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009176 дугаартай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Монгол шуудан банкны хойд талд байрлах “Сэрүүн” ХХК-ийн байрны 2 дугаар давхрын конторын зориулалттай хэсэг, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч нараас үнийн санал авах мэдэгдлийг 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 3/31185 тоот албан бичгээр төлбөр төлөгч “Сантхаан” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Зоригт гардуулсан байна. Дурдсан хугацаанд үнийн саналыг ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Бэсгэ” ХХК-ийг томилон үнэлгээг тогтоолгосон байна. Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 997 782 638 төгрөгөөр үнэлэгдсэн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч “Сантхаан” ХХК болон төлбөр авагч “Ориент инвест ББСБ”-д 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3/37794, 3/37795 тоот албан бичгүүдээр мэдэгдсэн болно. Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээг төлбөр авагч нь хүлээн зөвшөөрөөгүй тул Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 809 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч “Сантхаан” ХХК-ийн шүүхээс заагдсан хаягаар дахин хүргүүлж, анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувиар 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй тул 177.4-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувиар 2 дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй байна. Төлбөр төлөгч “Сантхаан” ХХК-ийн захирал Ц.Зоригт албадан дуудлага худалдааны мэдэгдлийг тухай бүр биечлэн гардуулж байсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлыг мэдэгдэл гардаж авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гаргах байтал 1 жил 2 сарын дараа буюу 425 хоногийн дараа гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Сантхаан” ХХК-ийн гаргасан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үнэлгээг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3/3134384 дугаартай мэдэгдэл, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/461 дугаартай тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3/3135620 дугаартай мэдэгдэл, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3/58730 дугаартай мэдэгдэл, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/429 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00959 тоот шийдвэрийг гаргахдаа хуулийг буруу тайлбарлан бусдын эрх ашгийг зөрчсөнд гомдолтой байна.

Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 04/03 тоот итгэмжлэлээр тус өдрийн шүүх хуралдаанд оролцож хэргийн материалтай танилцах үүднээс шүүх хуралдааны тодорхой хугацаагаар хойшлуулж өгөх хүсэлт гаргахад хүлээн авахдаа шүүгч намайг элдэв янзаар загнаж байгаад гарын үсэг зуруулж хурлын цагийг үдээс хойш 16 цаг болгосон.

Шүүх хуралдаанд өмгөөлөгч авах эрх ашгаа хангуулах үүднээс хүсэлт гаргахад мөн л загнаж хууль буруу тайлбарлан миний эрх ашгийг ноцтой зөрчиж шүүx өмгөөлөгчөөр хангах үүргээ биелүүлээгүй.

Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба 289 900 000 төгрөгийн гүйцэтгэлд “Сантхаан” ХХК-ийн конторын зориулалттай 180 м.кв  байрыг 876 458 963 төгрөгөөр үнэлэгдэж даруй төлбөрөөсөө 3 дахин их байхад манай компаний 29 м.кв нэг өрөө байр болон өргөтгөлийн байр нь 244 739 138 үнэлэгдсэн байтал давхар дуудлага худалдаанд оруулж байгаа нь эд хөрөнгийн үнийг өсгөж дуудлага худалдаанд бусдыг оролцуулахгүй компаний эд хөрөнгийг үнэгүйдүүлэх арга, энэ бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус үйлдэл.

Иймээс хэргийн материалыг сайтар шинжилж судалж чадаагүй 181/ШШ2017/00959 тоот шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна гэжээ.

 

                                                               ХЯНАВАЛ:      

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч “Сантхаан” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 89 дүгээр захирамжаар “Сантхаан” ХХК нь “Ориент инвест ББСБ” ХХК-д 107 598 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний дотор, үлдэх 180 302 000 төгрөгийг мөн оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамжны 4/1 тоот конторын зориулалттай байр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009176 дугаартай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Монгол шуудан банкны хойд талд байрлах “Сэрүүн” ХХК-ийн байрны 2 дугаар давхрын конторын зориулалттай хэсэг, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураасан байна. /хэргийн 34, 36-40 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 3/31185 дугаар албан бичгээр дээрх битүүмжлэн хураасан хөрөнгөнд үнийн саналаа мөн оны 9 дүгээр сарын 14-ний дотор ирүүлэхийг төлбөр төлөгч “Сантхаан” ХХК-д мэдэгдэж, мэдэгдлийг “Сантхаан” ХХК-ийн захирал Ц.Зоригт 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гардуулсан боловч дурдсан хугацаанд үнийн саналыг ирүүлээгүй байх тул хариуцагч нь “Бэсгэ” ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу барьцааны зүйл болох Жигжиджавын гудамж 4/1 хаягтай ажлын байрыг 753 043 500 төгрөгөөр, өргөтгөлийг 123 415 463 төгрөгөөр, Монгол шуудан банкны хойд талд байрлах “Сэрүүн” ХХК-ийн барилгын 2 давхарт байрлах ажлын байрыг 121 323 675 төгрөгөөр тус тус үнэлснийг нэхэмжлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3/34384 дугаартай албан бичгээр мэдэгджээ. /хэргийн 9, 41, 43, 56-63 дугаар тал/

 

Уг эд хөрөнгийн үнэлгээ хийсэн ажиллагаатай холбогдуулан төлбөр авагч “Ориент Инвест ББСБ” ХХК-аас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, “Бэсгэ” ХХК-д тус тус холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00809 дүгээр шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон байна.

/хэргийн 66 дугаар тал/

 

Улмаар хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 11/461 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу “Сэрүүн” ХХК-ийн барилгын 2 дугаар давхар, 29 м.кв талбайтай нэг өрөө байрыг хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 121 323 675 төгрөгийн 70 хувь буюу 84 926 572 төгрөгөөр, конторын зориулалттай 180 м.кв байрыг хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 876 458 963 төгрөгийн 70 хувь буюу 613 521 274 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, энэ тухай мөн оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3/35620 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч “Сантхаан” ХХК-ийн төлөөлөгч Ц.Зоригт гардуулан өгч, уг дуудлага худалдаагаар уг үл хөдлөх эд хөрөнгө борлогдоогүй тул 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэснийг төлбөр төлөгч “Сантхаан” ХХК-д мэдэгдсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна. /хэргийн 8-12, 48 дугаар тал/

 

Хариуцагчийн явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “Сантхаан” ХХК нь Д.Зоригтод компанийг төлөөлөх бүрэн эрхийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн итгэмжлэлээр олгосон байх ба түүнийг хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хангаж 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШЗ2017/04996 дугаар шүүгчийн захирамжаар мөн өдрийн 9.30 цагт зарлагдсан шүүх хуралдааныг 16 цаг хүртэл хойшлуулж, түүнд хэргийн материалыг танилцуулж баримтанд гарын үсэг зуруулсан байх боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. /хэргийн 86, 92, 93 дугаар тал/

 

Иймд түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригтын шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00959 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригтын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА

 

                                ШҮҮГЧИД                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                       С.ЭНХТӨР