Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0147

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 09 өдөр                  Дугаар                                     Улаанбаатар хот

          221/МА2023/0147              

 

 

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Дөлгөөн

Нэхэмжлэгч: “Ч” ХХК

Хариуцагч: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/82 дугаар захирамжийн “Ч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорноговь дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2023/0002 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.М, Б.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 115/2022/0023/З          

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ч” ХХК-иас Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргад холбогдуулан “Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/82 дугаар захирамжийн “Ч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

2. Дорноговь дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2023/0002 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 7 дугаар сарын 7.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.5 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн гаргасан “Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/82 дугаар захирамжийн “Ч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна.

3.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, түүнчлэн хуулийг буруу хэрэглэснээрээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3.2. Шүүхээс маргаан бүхий захиргааны акт болох мөн хамгийн гол нотлох баримт болох Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/87 дугаар захирамжийг буруу үнэлж, эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт болох нь илэрхий байхад хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд ч маргаж мэтгэлцээгүй байхад маргаан бүхий захиргааны актыг илтэд өмгөөлж зөвтгөсөн, хариуцагчийн талд үйлчилж буюу илтэд нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.3. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... Гэвч хариуцагчийн сонсох ажиллагаа явуулаагүй үйлдэл нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчлийг зөвтгөж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээн тогтооход нөлөөлөхгүй ... 2013-2016 оныг хүртэлх хугацааны газрын төлбөрийг бүхэлд нь төлөөгүй нөхцөл байдал сонсох ажиллагаа явуулснаар өөрчлөгдөхгүй, өөрөөр хэлбэл тухайн төлбөрийг нөхөн төлүүлсэн ч энэ нь газар эзэмшигчийг газрын төлбөрөө тогтоосон хугацаанд төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн, хууль зүйн алдаатай дүгнэлт болсон гэж үзэж байна.

3.4. Газрын тухай хуулийн 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх зохицуулалт зөрчигдсөн ч энэ нь захиргааны акт хууль ёсны эсэх үндэслэлд хамаарахгүй, нэхэмжлэгч нь гомдол, нэхэмжлэл гаргах эрхээ нэгэнт хэрэгжүүлсэн хэмээн шүүхээс дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь 2016 онд болсон үйл явдал, үүссэн харилцааг тухайн үед нь буюу 2016 онд сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга, аймгийн Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх асуудал, 6 жилийн дараа 2022 онд шийдвэрлэх хоёр нь тэнгэр газар шиг ялгаатай бөгөөд ганц хоёрхон жишээ дурдахад л хангалттай.

3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасан.

Иймд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Ч” ХХК-иас Дорнод аймгийн Хатанбулаг сумын Засаг даргад холбогдуулан “Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/82 дугаар захирамжийн “Ч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

3. Анхан шатны шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2023/0002 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн гаргасан “Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/82 дугаар захирамжийн “Ч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.1. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийн 12-14 дүгээр хуудсууд байхгүй, дутуу хуудсуудад “Үндэслэх нь” хэсгийн 11-17 дахь хэсэг бичигдсэн боловч шүүхийн шийдвэр хэрэгт бүрэн эхээрээ авагдаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын ноцтой зөрчил болно.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж, дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана”, 108 дугаар зүйлийн 108.3-д “Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж тус тус заасан.

4.1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Дөлгөөний гаргасан давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан эсэхийг хянах ёстой боловч шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-14 дүгээр хуудсууд байхгүй, хэрэгт дутуу авагдсаны улмаас Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Чандмань бар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрхэн үнэлж, дүгнэсэн, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгсөн тайлбар, шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн болох нь тодорхойгүй, давж заалдах шатны шүүх дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй байна.

4.3. Хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхээс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр буюу тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан болсон өдөр шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хэдий ч энэ нь анхан шатны шүүхийн гаргасан журмын зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүйгээс гадна хэргийн дугаарлагдсан баримтад шийдвэрийн дутуу хуудсыг нөхөн хийж хянах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 121.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах, 121.3.3-д “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2023/0002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                      

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ