Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 101

 

Б.Дөлгөөнтамирт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

хохирогчийн өмгөөлөгч Д.Очирваань,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 141 дүгээр магадлалтай, Б.Дөлгөөнтамирт холбогдох эрүүгийн 201625012775 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, П.Отгонбаяр нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 74 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 29 хоногийг өршөөн хассан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батмөнхийн Дөлгөөнтамир нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Дөлгөөнтамирыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, цагдан хоригдсон 24 хоногийг хорих ялд нь оруулан тооцож, Б.Дөлгөөнтамир нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Бат-Оргил цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дөлгөөнтамир болон түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, хохирогчийн өмгөөлөгч Д.Очирваань нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд “… хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч нь хохирогчийг түлхэж унагахад боржуур мөргөж зүүн талаараа унасан гэдгийг мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа учир заавал гэрч асуулгах шаардлагагүй гэж шүүх үзсэн. Гэрч Б.Буянцэцэг нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хэрэг учрал болоход хажууд нь байж гар утасны бичлэг хийсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд зайлшгүй шаардлагатай гэрчийн мэдүүлгийг авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь мөрдөн байцаалт хэт нэг талыг барьж шийдвэрлэгдэх үндэслэл болсон. Б.Буянцэцэгийн мэдүүлэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлж болохуйц байтал түүнийг нэг удаа эрэн сурвалжилсан ажиллагаагаар мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгавар болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.1-д заасан зөрчигдөх нөхцөл байдлыг бий болгожээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.2.1-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгон, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Очирваань хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... гэрч гарч ирээгүй учраас шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх үндэслэл болсон. Учир нь танхайн сэдэлттэй гэдэг нь нотлогдоогүй. Миний зүгээс шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна. Хохирогч, шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөхөд татгалзах зүйлгүй гэсэн” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Г.Гэрэлтуяа “... шүүгдэгч Б.Дөлгөөнтамир нь бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан ажиллагаа бүрэн хийгдсэн. Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын журмаар хэргийн бүх ажиллагааг хянавал анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Дөлгөөнтамир нь 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сандэй” худалдааны төвийн гадаа хохирогч М.Бат-Очирын өдүүлсэн хэрүүл маргааны улмаас нүүр рүү цохиж биед нь “зулай ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх цус хуралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон тухай шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарлах замаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгон хэрэглэж, шүүгдэгч Б.Дөлгөөнтамирын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар, учруулсан хор уршиг болон хувийн байдалд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний хорих ялыг оногдуулсан байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Мөрдөн байцаалтын явцад гар утасны бичлэг хийсэн гэх этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан боловч хэн болохыг нь олж тогтоож чадаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.1-д заасан мөрдөн байцаалтыг нэг талыг барьж буюу гүйцэт биш хийсэн гэх үндэслэл биш болно.

Хяналтын шатны журмаар хэрэг хянан хэлэлцэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй байдлыг үндэслэн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрхгүй тул мөрдөн байцаалтын шатанд зайлшгүй шаардлагатай гэрчийн мэдүүлгийг авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 141 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дөлгөөнтамирын өмгөөлөгч Б.Энх-амгалан, П.Отгонбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

              ДАРГАЛАГЧ,

              ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

 

              ШҮҮГЧ                                                           Б.ЦОГТ