| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2017/00305/и |
| Дугаар | 135/шш2017/00386 |
| Огноо | 2017-04-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 135/шш2017/00386
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ****** баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох
“648,500 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие С.******* нь 2015 оны 6 дугаар сард уг Ж.*******ой нотариатаар гэрчлүүлсэн. 7 дугаар баг Алтангадасын 10-72 в хэсгийн газрыг охин Болормаагийн нэр дээр худалдах худалдан авах гэрээ хийж, 10 сая төгрөгөөр газраа үнэлж 7 сая төгрөгөөр миний том хүү Наянтайн нэр дээр байсан гранд марк 2 машиныг өгч авалцан хэрвээ наймаа буцвал машинаа авахгүй 10 сая төгрөг авна гэсэн гэрээтэйгээр авсан.
Уг газрын гэрчилгээ нь Капитал банкны барьцаанд байсан тул 2016 оны 07 сарын 25-н барьцаанаас суллангуут газрын гэрчилгээг хуваах тохиролцоотой байсан юм.
Ингээд би гэрээ ёсоор 2016 оны 07 сард газрынхаа гэрчилгээг авъя гэтэл миий банкинд өгөх мөнгө дутаад байна та 260,000 төгрөг өгөөч тэгээд гэрчилгээгээ авч таньд хуваая гэхээр би 200,000 төгрөг бэлнээр Капитал банкинд хамт очиж өгөөд гэрчилгээг чөлөөлүүлсэн. Тэр өдөр гуравуулаа явж газрын албан дээр очиж уулзахад гэрээ танай охин нэр дээр хийгдсэн байна. Болороо заавал өөрөө ирэх ёстой. Ирэх боломжгүй гэвэл шинээр гэрээ байгуулах боломжтой гэж хэлсэн. Тэр үед охин Болороо маань Улаанбаатар хотод ирэх боломжгүй байсан. Ингээд Ж.******* бид хоёр дахин худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулан бичиг баримтыг бүрдүүлэн газрын албан дээр очиж шинээр кдастарын зургийг гаргуулах гэсэн боловч 23,500 төгрөг тушаах болсон. Цаг орой болсон учраас газрын албаны ажилтан нь та мөнгөө тушаагаад манай байгууллагын жижүүрт үлдээчих би хуралтай байна гэж хэлсэн. Тэгээд би 23,500 төгрөгөө тушаасан. Ж.******* тэр үед 10,000 гаран төгрөг тушаах ёстой байсан боловч тэр өдөр мөнгөө тушаагаагүй маргааш тушаана гэж хэлсэн. Наад баримтаа надад өгчих би өгнө гэж хэлээд булаагаад авсан. Тэгэхдээ машины 300,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Энэ мөнгийг өгөх юм бол газраа хуваах болно гэж хэлээд бид хоёр маргалдсан. Ингээд 7-8 хоногийн дараа Ж.******* нь утсаар ярьсан. Зураг гаргуулчихлаа та хүрээд ир гэсний дагуу би маргааш нь иртэл хөдөө явчихлаа гэсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа дахиад хүрээд ир одоо би хөдөөнөөс ирж байна гэсэн. Тэгээд яваад очтол хөдөөнөөс очиж чадсангүй гэж хэлсэн. Мөн л 10 хоногийн дараа хүрээд ир гэсэн боловч бас л ирээгүй. Ийм байдалтай 2016 оны 8 дугаар сарын 20-д гарсан. Одоо би энэ хүнээс кадастарын зураг авахуулсан мөнгө, замын зардал, нотариатын зардал болох 148,500 төгрөг, бэлнээр өгсөн 500,000 төгрөгийг нийт 648,500 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...2015 оны 06 дугаар сард хашаагаа таллаж зарах зарыг өгсөн байсан. Энэ зарын дагуу танилцаж машинаа газраараа солих болж машин дээрээ нэмж 1,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Тухайн үед Болороо 500,000 төгрөг бэлнээр өгнө гэж хэлээд үүнээс 300,000 төгрөгийг өгсөн. Ингээд 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр машинаа солилцож аваад авсан. Машинаа өгөхдөө Болороо нь өндгөн тулгуурыг сольж өгнө гэж хэлж байсан. Тэгээд машин нь сар ч болоогүй эвдрэл гэмтэл гараад байсан. Тухайн үед Болороод эвдэрсэн талаар нь хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Тэр үедээ манай газрын гэрчилгээ банкны барьцаанд байгаа ирэх 7 сард гарна. Гарсны дараа гэрчилгээг нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон байсан. С.******* гуай манай хашаанд нүүж ирээд дундуур нь буюу голоор нь модоор тасалгаа хийж амьдарч байгаад хавар 4 сард нүүж явсан. Тэр хооронд банкнаас газрын гэрчилгээгээ авах гэсэн боловч 200,000 төгрөг дутсан. Энэ мөнгийг Болороогоос авах гэсэн боловч холбогдож чадаагүй. Харин түүний аав болох С.*******оос 200,000 төгрөг авч банкнаас газрын гэрчилгээгээ чөлөөлүүлж авсан. 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хамт газрын албан дээр очиж кдастарын зураг авахуулж гэрээгээ бэлэн болгоод орхисон байсан. С.*******той 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хамт очиход хийсэн гэрээг хүчингүй болж С.*******той дахин шинээр гэрээ хийсэн учраас нотариатын зардал гарсан. Хэрвээ тэр үед Болороо хотоос ирсэн байсан бол дахин шинээр гэрээ байгуулах, нотариатын зардал гарах шаардлагагүй байсан. Газраа хуваах гээд очсон боловч манай газрын гэрчилгээ мкв-ын улмаас зөрүүтэй гарсан. Мкв-ын зөрүүтэй газрыг хувааж болохгүй гэсэн учраас хугацаа хожихын хувьд С.*******ийг удаа дараа явуулсан. С.*******оос 300,000 төгрөг өгөх юм бол газраа хуваана гэж хэлэхэд зөвшөөрөөгүй Ж.******* энэ хоёр маргалдсан. Сүүлд 8 сард газрын гэрчилгээ гарсан учраас охиныхоо нэр дээр шилжүүлсэн. 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нөхөр нь ирж машинаа авч явсан. Манайх машин авснаасаа хойш засвар үйлчилгээ хийж сайжруулсан. Хэрвээ сайжруулаагүй байсан бол энэ хүмүүс машинаа авахгүй байсан гэж бодож байна. Одоо нэхэмжлэлийн шаардлага болох 648,500 төгрөгнөөс 200,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэгдэл 448,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэгч С.*******ийн охин д Дархан сумын 7 дугаар баг Алтангадасын 10-72в хэсгийн газрыг худалдахаар тохиролцож, 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Газар худалдах худалдан авах гэрээг хийж, хариуцагч Ж.******* нь 300,000 төгрөгийг, нэхэмжлэгч С.*******оос 200,000 төгрөгийг тус тус авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.******* нь “...дээрх газрыг худалдаж авахаар тохиролцож гэрээ байгуулсан боловч дээрх газрын гэрчилгээг нэр дээр шилжүүлэхгүй удаа дараа шалтаг шалтгаан хэлж байсан. ...иймд охин Болормаагийн өгсөн 300,000 төгрөг, миний өгсөн 200,000 төгрөг, бусад зардал 148,500 төгрөг, нийт 648,500 төгрөгийг хариуцагч Ж.*******оос гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас С.*******оос авсан 200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх 448,500 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
Хэрэгт авагдсан баримтаар
2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр , Ж.******* нарын хооронд Дархан сумын 7 дугаар баг Алтангадасын 10-72В тоот газрыг худалдах худалдан авах гэрээг, 2016 оны 08 дугаар сарын 04-ны өдөр С.*******, Ж.******* нарын хооронд дээрх газрыг худалдах, худалдан авах гэрээг тус тус бичгээр хийсэн байна.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” заасны дагуу талууд дээрх газар худалдах худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүргүүлээгүй, өмчлөх эрх үүсээгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56.5-т “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Ж.*******оос 200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******ид олгох нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч С.******* нь охин гийн өгсөн гэх 300,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч С.*******ид нь өөрийн нэрийн өмнөөс дээрх шаардлагыг гаргах итгэмжлэл олгоогүй байх тул хариуцагчаас 300,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.******* нь бусад зардал 148,500 төгрөгийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасныг баримтлан хариуцагч Ж.*******оос 200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******ид олгож, нэхэмжлэлийн үлдэх 448,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,105 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******оос улсын тэмдэгтийн хураамж 6,650
төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА