Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/623

 

2021          5           24                                              2021/ШЦТ/623

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч Э.Ариунболд, 

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагиймаа, 

шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1906 05306 0622 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

, Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.У нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын гутлын лангуун дээр С.Э-ыг үйлчлүүлж байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар үүргэвчнээс нь гар цүнхийг нь хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Нөхөр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 13 дугаар байр 220 тоот хадмынхаа хашаанд тусдаа байшинд амьдарч байгаа. Нөхөр “Хүннү” маллд пильта нааж байгаа. Бид хоёр хамт амьдраад 12 жил болж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм асуудал үүсгэхгүй. Жирэмсэн байх хугацаанд эгчийн лангуунд дээр хамт ажиллаж байсан. Одоо бага хүүхдээ бага зэрэг том болоохоор нь буцаад зах дээр гарч эгчтэйгээ хамт лангуун дээр сууна гэсэн бодолтой байгаа. Би 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаа дуусгаад шууд эгч дээр очоод ахуйн хэрэглээ зардаг лангуун дээр нь ажилласан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Хохирогч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн үед Нарантуул зах руу орж гутлын тасгаар явж байгаад нэг лангуу руу ороод охиндоо гутал өмсүүлж үзэж байхад цүнх хөдлөөд байх шиг болохоор нь эргээд харахад нэг эмэгтэй хүн байсан. Тэгээд лангуунаас нь гартал цүнх онгорхой байхаар нь хартал дотор нь байсан жижиг гар цүнх байхгүй болчихсон байсан... тэр лангууны араас гараад явах үед хажуу өнгөрч байсан эрэгтэй хүн цүнх чинь онгорхой байна гэхээр нь үүрч явсан үүргэвчээ үзтэл цахилгаан нь онгорхой дотор нь байсан хар өнгийн лакан гар цүнх алга болсон. Тэгээд буцаад гутал үзсэн лангуун дээрээ очиж асуухад шивээстэй охин, нэг залуутай хамт байсан гэсэн... 2-3 жилийн өмнө Эрээнээс 100.000 орчим төгрөгөөр авч байсан. Хар өнгийн лакан цүнх, Хятад улсаас хүнд өгөхөөр дайж явуулсан. 2100 юань буюу монгол мөнгөөр 785.400 төгрөг, миний жолоочийн үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, мэргэшсэн жолооны үнэмлэх зэрэг эд зүйлс байсан... 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цаг 11 минутад миний 89680005 гэсэн дугаар луу 88905331 гэсэн дугаараас залгаад өөрийн чинь өөрийн чинь бичиг баримттай хар өнгийн цүнхийг чинь олсон гэсэн. Тэгээд очиж уулзахад 40 гаруй насны залуу байсан бөгөөд тэр залуу Бөмбөгөрийн харуул хамгаалалтын ажилтан байсан. Тэгээд тэр хүнтэй уг хогийн сав харсан хэсгийн хяналтын камерыг шүүх гэсэн боловч уг камер ажиллахгүй засварт орчихсон байсан. Миний цүнхийг уг залуу 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө цэвэрлэгч нь олж оруулж ирээд дотор нь байсан зээлийн гэрээн дээр байсан дугаар луу буюу над руу залгасан гэж байсан. Тэгээд цүнхээ шалгаж үзэхэд миний цүнхтэй бичиг баримт, бас нэг эрэгтэй хүний бор өнгийн хоосон түрийвч байсан. Өөр ямар нэг эд зүйл байгаагүй...  Намайг лангууны ард гутал үзэж байхад лангууны худалдагчийн хэлснээр хүзүүн дээрээ болон гаран дээрээ шивээстэй 25 орчим насны эмэгтэй хүнийг авсан гэж сэжиглэж байна. Тэр эмэгтэй бас лангууны араас гарах үедээ манай охиныг мөрлөөд гарсан байсан бөгөөд манай охин хэлэхдээ 150-160 см орчим өндөртэй дунд зэргийн насны эмэгтэй байсан гэсэн харвал таньж магадгүй... Надад хохирол мөнгө өгч барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-22 дугаар хуудас),

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан: “... Хохирогч С.Энхбаяраас 1 дугаартай гэрэл зураг дээрх хүзүүн дээрээ шивээстэй этгээдийг шивээс болон царайны байдлаар заасныг тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 33-34, 36-39 дүгээр хуудас),

 

Шүүгдэгч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төв рүү 2 хүүхдэдээ юм авахаар орсон. Тэгээд гутал зардаг хэсэгт юм үзээд явж байтал 30 гаруй настай эмэгтэйн үүрч явсан үүргэвч цүнх нь онгойчихсон бараг түрийвч нь унах гэж байсан юм. Тэгээд нарийн оосроос нь татсан чинь түрийвч нь гараад ирсэн. Би тэр түрийвчийг хулгайлан аваад захаас гараад явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугийн хэлбэр дээр маргах зүйл байхгүй. Би төрөөд 7 хонож байгаа нялх хүүхэдтэй. Би хохирол мөнгийг бүрэн барагдуулах болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас),

 

Ханшийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 42-69 дүгээр хуудас),

Оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 70 дугаар хуудас),

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 71-73 дугаар хуудас),

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас), Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 5б/570 тоот албан бичиг, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Б.Энхнэгүүний төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

                                              

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагчаас “Шүүгдэгч Г.У нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын гутлын лангуун дээр С.Э-ыг үйлчлүүлж байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар үүргэвчнээс нь гар цүнхийг нь хууль бусаар авсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.У-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.  

 

Шүүгдэгч Г.У нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн гутлын лангуун дээр С.Э-ыг үйлчлүүлж байхад нь түүний үүргэвчнээс жижиг хар өнгийн лакан гар цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн үед Нарантуул зах руу орж гутлын тасгаар явж байгаад нэг лангуу руу ороод охиндоо гутал өмсүүлж үзэж байхад цүнх хөдлөөд байх шиг болохоор нь эргээд харахад нэг эмэгтэй хүн байсан. Тэгээд лангуунаас нь гартал цүнх онгорхой байхаар нь хартал дотор нь байсан жижиг гар цүнх байхгүй болчихсон байсан... тэр лангууны араас гараад явах үед хажуу өнгөрч байсан эрэгтэй хүн цүнх чинь онгорхой байна гэхээр нь үүрч явсан үүргэвчээ үзтэл цахилгаан нь онгорхой дотор нь байсан хар өнгийн лакан гар цүнх алга болсон. Тэгээд буцаад гутал үзсэн лангуун дээрээ очиж асуухад шивээстэй охин, нэг залуутай хамт байсан гэсэн... 2-3 жилийн өмнө Эрээнээс 100.000 орчим төгрөгөөр авч байсан. Хар өнгийн лакан цүнх, Хятад улсаас хүнд өгөхөөр дайж явуулсан. 2100 юань буюу монгол мөнгөөр 785.400 төгрөг, миний жолоочийн үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, мэргэшсэн жолооны үнэмлэх зэрэг эд зүйлс байсан... 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цаг 11 минутад миний 89680005 гэсэн дугаар луу 88905331 гэсэн дугаараас залгаад өөрийн чинь өөрийн чинь бичиг баримттай хар өнгийн цүнхийг чинь олсон гэсэн. Тэгээд очиж уулзахад 40 гаруй насны залуу байсан бөгөөд тэр залуу Бөмбөгөрийн харуул хамгаалалтын ажилтан байсан. Тэгээд тэр хүнтэй уг хогийн сав харсан хэсгийн хяналтын камерыг шүүх гэсэн боловч уг камер ажиллахгүй засварт орчихсон байсан. Миний цүнхийг уг залуу 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө цэвэрлэгч нь олж оруулж ирээд дотор нь байсан зээлийн гэрээн дээр байсан дугаар луу буюу над руу залгасан гэж байсан. Тэгээд цүнхээ шалгаж үзэхэд миний цүнхтэй бичиг баримт, бас нэг эрэгтэй хүний бор өнгийн хоосон түрийвч байсан. Өөр ямар нэг эд зүйл байгаагүй...  Намайг лангууны ард гутал үзэж байхад лангууны худалдагчийн хэлснээр хүзүүн дээрээ болон гаран дээрээ шивээстэй 25 орчим насны эмэгтэй хүнийг авсан гэж сэжиглэж байна. Тэр эмэгтэй бас лангууны араас гарах үедээ манай охиныг мөрлөөд гарсан байсан бөгөөд манай охин хэлэхдээ 150-160 см орчим өндөртэй дунд зэргийн насны эмэгтэй байсан гэсэн харвал таньж магадгүй... Надад хохирол мөнгө өгч барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-22 дугаар хуудас),

Таньж олуулах ажиллагаа явуулсан: “... Хохирогч С.Энхбаяраас 1 дугаартай гэрэл зураг дээрх хүзүүн дээрээ шивээстэй этгээдийг шивээс болон царайны байдлаар заасныг тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 33-34, 36-39 дүгээр хуудас),

Шүүгдэгч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төв рүү 2 хүүхдэдээ юм авахаар орсон. Тэгээд гутал зардаг хэсэгт юм үзээд явж байтал 30 гаруй настай эмэгтэйн үүрч явсан үүргэвч цүнх нь онгойчихсон бараг түрийвч нь унах гэж байсан юм. Тэгээд нарийн оосроос нь татсан чинь түрийвч нь гараад ирсэн. Би тэр түрийвчийг хулгайлан аваад захаас гараад явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугийн хэлбэр дээр маргах зүйл байхгүй. Би төрөөд 7 хонож байгаа нялх хүүхэдтэй. Би хохирол мөнгийг бүрэн барагдуулах болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас),

 Ханшийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

 “Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

 

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг бас хохирогчийн гар цүнхэнд байсан 2100 юань буюу 785.400 (“Монгол Банк”-аас 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зарласан ханшаар БНХАУ-ын юань 374.11 төгрөг) төгрөгийг авсан нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.У нь хохирогч С.Э-ын үүргэвчинд байсан гар цүнхийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 785.400 төгрөгийн хохирол учруулсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Г.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...гомдол, саналгүй”, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...500.00 төгрөг авсан. Гомдол, саналгүй” гэж мэдэгдсэн тул Г.У-ыг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.У гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Г.У эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас “Шүүгдэгч Г.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагиймаа “... Г.У-ын хувийн байдал буюу бага насны 3 хүүхэдтэй, нялх биетэй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол, төлбөрийг барагдуулсан. Үйлдлийн цаг хугацаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн т усгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу “хулгайлах” гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” гэсэн төрлүүдтэй.

 

Шүүгдэгч Г.У нь урьд 4 удаа нэг төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж, тус тус хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид… учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсон.

            Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 

Мөн шүүгдэгч Г.У нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоот 5 гудамжны 32 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 13 дугаар байр 220 тоотод түр оршин суудаг нь уг хорооны Засаг даргын тодорхойлолтоор, шүүхийн хэлэлцүүлэгт тухайн газартаа байшин орон сууцанд байнга оршин суудаг гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Г.У-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, 7 нас, 3 нас,  1 сар 16 хоногтой хүүхдүүдтэй, төрөөд удаагүй байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нэг төрлийн гэмт хэрэгт холбогдож 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид… учруулсан хохирлыг төлсөн” зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шүүгдэгч Г.У 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.У оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 13 дугаар байр 220 тоотоос явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгав.

                     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Г.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.У 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.У оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 13 дугаар байр 220 тоотоос явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.У урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

     ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ