Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2017/00291

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-2-44 тоотод оршин суух, Шаазган овогт Данзандагвын Анхбаяр /ФМ85081618/

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун Дэнж 1-5Б тоотод оршин суух, Дүүгүүр овогт Ганболдын Болор-Эрдэнэ /ФБ84092511/

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-22-06 тоотод оршин суух, Боржигон овогт Энхсайханы Эрдэнэсүх /ФМ80012037/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-19-33 тоотод оршин суух, Тайжууд овогт Бэгзсүрэнгийн Хаянхярваа /ФМ74070271/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Б.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Д.Анхбаяр нь 2015 оны 05 сарын 15-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д баяжуулах фабрикийн засварын хэсэгт цахилгаан ба хийн гагнуурчинаар ажилд орсон. Г.Болор-Эрдэнэ нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус үйлдвэрийн баяжуулах фабрикийн засварын хэсэгт тоног төхөөрөмжийн засварчинаар ажилд орсон. Э.Эрдэнэсүх нь 2015 оны 11 сард тус үйлдвэрийн баяжуулах фабрикийн засварын хэсэгт тоног төхөөрөмжийн засварчинаар ажилд орсон. Б.Хаянхярваа нь 2003 онд Баяжуулах фабрикт засварын хэсэгт цахилгаан ба хийн гагнуурчинаар ажилд орсон. Г.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх, Д.Хаянхярваа нар нь “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байх хугацаандаа “Эрдэнэт үйлдвэр”-ээс зохион байгуулж буй урлаг спорт, олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай, амжилттай оролцож, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/1783 тоот тушаалаар Г.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх, Д.Хаянхярваа нарын хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Уг тушаалд НР-400 бутлуурын сольсон гуулин втулкийг хууль бусаар үйлдвэрээс авч гарч, завшин үрэгдүүлсэн, бусдад худалдахыг завдсан зэрэг хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтой зөрчил гаргасан тул гэсэн нь 2. үндэслэлгүй юм. Учир нь уг бутлуурын сольсон втулкийг 2016 оны 09 дүгээр сарын 16-23-ны өдрийн хооронд ажиллахгүй болж эвдэрсэн тул сольсон. Тоног төхөөрөмжийн жижиг эд ангийг солиход акт үйлддэггүй. Хуучин сэлбэг хэрэгслийг хадгалах нэгдсэн журам байхгүй бөгөөд хаягдал өнгөт төмрийг засвар механикийн заводод тушаадаг ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ хэрэггүй болсон эд ангийг компани эд хөрөнгө гэж тооцож бүртгэдэггүй, бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ямар нэгэн хохирол учраагүй, эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар биш тул тус байгууллагын ерөнхий захирлын Б/1783 тоот тушаал нь үндэслэлгүй юм. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын Б/1783 тоот тушаалаар үндэслэлгүй халагдсан тул Д.Анхбаяр, Б.Хаянхярваа нарыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний баяжуулах фабрикийн засварын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчины, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх нарыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний баяжуулах фабрикийн засварын хэсэгт тоног төхөөрөмжийн засварчин ажилд тус тус эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх, Б.Хаянхярваа, нар нь засварын хэсгийн багаж засварлах байранд хадгалагдаж байсан. Өөрөө нунтаглах хэсгийн HP-400 бутлуурын сольсон 58 кг 405 гр жинтэй гуулин втулкийг хавтгайлж тайрч, жижиглэн зохих зөвшөөрөлгүй, үйлдвэрээс авч гарч, завшиж үрэгдүүлсэн, бусдад худалдахыг задвсан зэрэг хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтой зөрчил гаргасан тул ерөнхий захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж ажлаас чөлөөлөгдсөн. Дээрх ажилтнуудын втулкийг хавтгайлж тайрч, жижиглэн зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар компаний үйлдвэрийн бүсээс хулгайлан авч гарч, завшин үрэгдүүлсэн, бусдад худалдахыг завдсан үйлдэл нь Орхон аймаг дахь цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн албан мэдэгдэл, цагдаагийн ажилтан Э.Цогтсайханы 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн захиргааны шийтгэл ногдуулах тухай шийдвэр, манай компаний баяжуулах үйлдвэрийн дарга Д.Эрдэнэцогтын захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгорт явуулсан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11-936 дугаар албан бичиг, Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх, Б.Хаянхярваа нарын баяжуулах үйлдвэрийн захиргаанд болон хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадамд бичсэн тайлбарууд зэргээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Цагдаагийн байгууллага шалгасан байгаа. Мөн уг хаягдал төмөр нь 175 000 төгрөг байсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Тэгэхээр байгууллагыг хохиролгүй гэж үзэх боломжгүй юм. Үйлдвэрийн хэмжээнд байгаа хаягдал, тэдгээрийг хэрхэн ашиглах талаар журам байдаг. Нэхэмжлэгч нар нь үнэхээр сайн ажиллаж, урлаг спортын амжилт үзүүлж байсан байна, гэхдээ хулгайн үйлдэл нь буруу, эдгээр ажилчдын, ийм зүйлийг нуугаад аваад явчихдаг юм гэсэн сэдэл бусад ажилчдад нар төрүүлэх аюултай. Хууль бус байдлыг өөгшүүлэх байдал бий болгох учиргүй... гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд зохигчдын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ , Э.Эрдэнэсүх, Б.Хаянхярваа нар нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулж “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3. гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн. Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх, Б.Хаянхярваа нарын хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/1783 дугаартай тушаал нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Захиргааны шийтгэл ногдуулах тухай 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.10, Б.Хаянхярваатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.7, Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.10, гэрээт цагдаагийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн албан мэдэгдэл, Баяжуулах үйлдвэрийн даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11/936 тоот албан бичиг, ажилтан Б.Хаянхярваа, Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх нарын тайлбарыг үндэслэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: “...нэхэмжлэгч нар нь засварын хэсгийн багаж засварлах байранд хадгалагдаж байсан, Өөрөө нунтаглах хэсгийн HP-400 бутлуурын сольсон 58 кг 405 гр жинтэй гуулин втулкийг хавтгайлж тайрч, жижиглэн зохих зөвшөөрөлгүй, үйлдвэрээс авч гарч, завшиж үрэгдүүлсэн, бусдад худалдахыг задвсан зэрэг хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж ажлаас чөлөөлөгдсөн. Дээрх үйлдэл нь Орхон аймаг дахь цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн албан мэдэгдэл, цагдаагийн ажилтан Э.Цогтсайханы 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн захиргааны шийтгэл ногдуулах тухай шийдвэр, компаний баяжуулах үйлдвэрийн дарга Д.Эрдэнэцогтын захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгорт явуулсан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11-936 дугаар албан бичиг, Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх, Б.Хаянхярваа нарын баяжуулах үйлдвэрийн захиргаанд болон хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадамд бичсэн тайлбарууд зэргээр нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж мэтгэлцсэн. Хэдийгээр хариуцагчийн төлөөлөгчид дээрх байдлаар мэтгэлцэж байх боловч, ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ гэж үзнэ. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй. Б.Хаянхярваа, Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх нарын гаргасан гэх зөрчлийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гэрээт цагдаагийн хэлтэс илрүүлэн шалгах ажиллагааг хийж, улмаар 2016.11.28-ны өдөр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар торгуулийн арга хэмжээ авсан болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хэргийн 56-74 дүгээр хуудас дахь захиргааны арга хэмжээ авсан материал, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон. Хариуцагчийн төлөөлөгчид 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гэрээт цагдаагийн хэлтсийн албан мэдэгдэлийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус компаний баяжуулах үйлдвэрийн дарга Д.Эрдэнэцогтын захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгорт явуулсан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11-936 дугаар албан бичгээр “Эрдэнэт үйлдвэр” мэдсэн, “Эрдэнэт үйлдвэр” нь хувьдаа цагдаагийн алба байхгүй гэсэн тайлбар гаргасан. 4. Нэгэнт нэхэмжлэгч нарын гаргасан зөрчлийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гэрээт цагдаагийн хэлтэс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр илрүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр арга хэмжээ авсан байхад, ажил олгогч мэдээгүй байсан, 2016 оны 12 дугаар сарын 05-нд мэдсэн гэж буй нь үндэслэл муутай байх ба “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэд гэрээт цагдаагийн хэлтэс ажиллаж байгаа болох нь харагдаж байна. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тодотголтой гэрээт цагдаагийн хэлтэс үйлдвэрийн бүсэд үйл ажиллагаа явуулж, үйлдвэрт гарсан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх болон бусад чиг үүргийнхээ дагуу үүргээ гүйцэтгэж ажиллаж байх ба тэдний хоорондын ажлын уялдаа холбооны асуудал нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчсөн Б.Хаянхярваа, Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх нарын хөдөлмөрийн гэрээг цуцалсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/1783 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул Б.Хаянхярваа, Д.Анхбаяр нарыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикийн засварын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчны, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх нарыг Баяжуулах фабрикийн засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчны ажилд тус тус эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорыг гаргуулахаар шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч нарт 2016 оны 12 дугаар сарын 21-нээс 2017 оны 03 дугаар сарын 10-ныг хүртэл нийт, ажлын 58 хоногийн цалинг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-с ирүүлсэн цалингийн тодорхойлолт буюу 3 сарын цалингийн дунджаас тооцож /3 сарын дундаж цалин : 21,5 = нэг өдрийн цалин х ажлын 58 хоног/ Э.Эрдэнэсүхэд 3 447 404 төгрөг, Б.Хаянхярваад 5 396 378 төгрөг, Д.Анхбаярт 4 142 592 төгрөг, Г.Болор-Эрдэнэд 3 008 746 төгрөг олгож, нэхэмжлэгч нарын цалинтай тэнцэх нөхөх олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд даалгах нь зүйтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 237 926 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Анхбаяр, Б.Хаянхярваа нарыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний баяжуулах фабрикийн засварын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчны, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх нарыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний баяжуулах фабрикийн засварын хэсэгт тоног төхөөрөмжийн засварчны ажилд тус тус эгүүлэн тогтоож, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 3 447 404 төгрөгийг Э.Эрдэнэсүхэд, 5 396 378 төгрөгийг Б.Хаянхярваад, 4 142 592 төгрөгийг Д.Анхбаярт, 3 008 746 төгрөгийг гаргуулан Г.Болор-Эрдэнэд тус тус тусолгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Д.Анхбаяр, Б.Хаянхярваа, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх нарын цалинтай тэнцэх олговор 15 995 120 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас 237 926 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

5. Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА