| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхүндэвийн Наранбаяр |
| Хэргийн индекс | 201/2018/00019/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2018-06-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 22
Ч.Атарсайханд холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн
Прокурор С.Ариунаа нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Атарсайханы давж заалдах гомдлоор Ч.Атарсайханд холбогдох эрүүгийн 1821000000032 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 07 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, 5 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Дэнжийн 0-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Сэр-Од овогт Чинбаатарын Атарсайхан /РД: ЖЭ83070576/.
Шүүгдэгч Ч.Атарсайхан нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шүр” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Smile” гоёл чимэглэлийн дэлгүүрийн агуулахын хаалганы цоожийг лоомоор хөшиж онгойлгож, 2018 оны 1 сарын 13-ны өдрийн 19 цагийн орчим “Тоёото Калдина” маркийн 51-15 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж 11 хайрцаг дэвтэр, 1 хайрцаг А4 хэмжээтэй бичгийн цаас хулгайлж хохирогч Ж.Энхтуяад 966000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаа шүүгдэгч Ч.Атарсайханыг “агуулахад хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-ээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор:
1/Шүүгдэгч Сэр-Од овогт Чинбаатарын Атарсайханыг агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож;
2/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 24 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чинбаатарын Атарсайханыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж;
3/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж;
4/Шүүгдэгч Ч.Атарсайхан нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж;
5/Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 61 см урттай төмөр лоом 1 /нэг/ ширхэг, хар өнгөтэй төмөр цоож /эвдэрсэн/ 1 /нэг/ ширхэг зэргийг тус тус устгаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Ч.Атарсайханы ЖЭ83070576 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж;
6/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2.3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 500000 /таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ч.Атарсайханаас гаргуулж улсын орлого болгож;
7/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар С.Хос-Эрдэнийн эзэмшлээс “Тоёота Калдина” маркийн 51-15 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 1 сарын 26-ны өдрийн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч С.Хос-Эрдэнэд олгож;
8/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 4 сарын 06-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Атарсайхан давж заалдах гомдолдоо: “Миний бие 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр цагдан хорих байранд хоригдсон. Би хохирол гомдлоо бүрэн төлсөн. Ам бүл 6, 5 хүүхдийн хамт амьдардаг. Иймд миний ар гэрийг харгалзан ялыг хөнгөлж өгнө үү” гэжээ.
Прокурор С.Ариунаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Атарсайханы гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Ч.Атарсайхан нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шүр” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Smile” гоёл чимэглэлийн дэлгүүрийн агуулахын хаалганы цоожийг лоомоор хөшиж онгойлгож, 2018 оны 1 сарын 13-ны өдрийн 19 цагийн орчим “Тоёото Калдина” маркийн 51-15 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж 11 хайрцаг дэвтэр, 1 хайрцаг А4 хэмжээтэй бичгийн цаас хулгайлж хохирогч Ж.Энхтуяад 966000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/;
2. Хохирогч Ж.Энхтуяагийн “...2018 оны 1 сарын 10-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл дэлгүүрийнхээ бараандаа БНХАУ руу явсан бөгөөд намайг гадаадад байхад манай дүү Мөнгөнгинж “Weсhat”-аар /ви чатаар/ залгаад дэлгүүрийн агуулахад хулгай орсон байна. 12 хайрцагтай бичгийн хэрэгсэл алга болсон, тухайн эд зүйлийг манай дэлгүүрт 17 жил ажиллаж байгаа Атарсайханыг авсан гэсэн“ гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/;
3. Гэрч Р.Мөнгөнгинжийн “...2018 оны 1 сарын 14-ны өдрийн 09 цагийн орчимд агуулахаас юм авахаар ороход цоож нь эвдэрсэн байхаар нь “Шүр” захын хяналтын камер шүүж үзэхэд 2018 оны 1 сарын 13-ны орой 19 цагийн орчимд манайд 10 гаруй жил туслахаар ажиллаж байгаа Атарсайхан гэх залуу машинтай ирээд эд зүйл зөөж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38/;
4. Шүүгдэгч Ч.Атарсайханы “...2018 оны 1 сарын 13-ны өдрийн 19 цагийн орчим агуулахын гадна очоод төмөр хадаасны лоомоор тухайн хар өнгийн цоожийг цохиж онгойлгоод ... агуулахаас 12 ширхэг хайрцаг эд зүйлс зөөж хүргэн ахын эзэмшлийн 51-15 ДОР улсын дугаартай “Тоёото Калдина” маркийн тээврийн хэрэгсэлд ачаад Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 1-1 тоот хашаа руугаа оруулаад байшингийн гадна байрлах жижиг амбаарт хурааж орхиод маргааш нь Улаанбаатар хот руу явах автобусанд тухайн хайрцагтай эд зүйлсийг ачаад ...”Нарантуул” худалдааны төв дээр очиж тухайн хайрцагтай бичиг хэргийн хэрэгслүүдийг бүгдийг нь зарж борлуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/;
5. Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 10/ зэрэг нотлох баримтууд болно.
Хэргийг зөв зүйлчилсэн ба анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч Ч.Атарсайханы давж заалдах гомдолд дурдсан “Хохирлыг төлж барагдуулсан, 5 хүүхдийн хамт амьдардаг тул ялыг хөнгөлж өгнө үү” гэх үндэслэлүүдээр анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх буюу ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүхийн шийдвэрт нөлөөлсөн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Ч.Атарсайханы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Атарсайханы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ч.Атарсайханы 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 61 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Л.НАРАНБАЯР