Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 066

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ө.Тд  холбогдох,

“Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0175152 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай”  нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Л” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Х.Х, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Ө.Т,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Л” ХХК нь “Монгол гранд эйнжил инвест” ХХК -тай 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Бараа материал худалдах, худалдан авах тухай” гэрээний 1.4 дэх заалтад зааснаар нэр бүхий 75.100.000 (далан таван сая нэг зуун мянган) төгрөгийн барааг хоёр талын 2015 оны 08  дугаар сарын 10-ны өдрийн 3 ширхэг зарлагын баримтаар худалдан авч, худалдан авсан барааны үнэ 75.100.000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн бэлэн мөнгөний баримтаар тушаасан юм. Тухайн үед уг бараанд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг 0018312798 тоот НӨАТ-ын падаанаар тус тус төлж барагдуулсан юм.

“Л” ХХК болон “Монгол гранд эйнжил инвест" ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай” гэрээний дагуу 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зарлагын баримтаар 51.799.500 төгрөгийн бараа худалдан авч, мөн өдрийн орлогын баримтаар худалдагч талд материалын үнийг төлж, НӨАТ-ын 0011945983 тоот падаан ёсоор барагдуулсан болно. Гэтэл гомдолд хариуцагчаар тодорхойлсон нэр бүхий Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0175152 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  зааснаар НӨАТ-д ногдох 20.765.373 төгрөг (торгууль, нөхөн төлбөрийн хамт) нөхөн төлүүлэх шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн тайлбарт заасныг болон  Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалт, Засгийн газрын 2016 оны 30 дугаар тогтоолыг тус тус зөрчиж, хуулийг буруу хэрэглэсэн тул харьяаллын дагуу шүүхэд гомдол гаргаж байна.

Нэг: Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

1.Зөрчлийн тухай хуулийн 1.4  дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ”   гэж заасан байдаг. Тэгвэл 2015 оны 08  дугаар сарын 10-ны өдрийн 3 ширхэг зарлагын баримтуудаар  75.100.000  төгрөгийн борлуулалт, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1 ширхэг зарлагын баримтаар 51.799.500 төгрөгийн борлуулалт хийсэн үйлдэлд 2017 оны 07 дугаар сарын 01-нд хүчин төгөлдөр мөрдөгдсөн Зөрчлийн тухай хуулийг баримталсан, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

2. 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр заалт, Зөрчлийн тухай хуулийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн тухай хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн юм. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зөрчилд тооцохгүй болсон, шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, ... эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 5 дахь хэсэгт “Шинээр зөрчилд тооцсон,... шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, ... эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан байдаг юм. Өмнө үйлчилж байсан Захиргааны хариуцлагын тухай хуульд энэ төрлийн зөрчлийг тусгаагүй, зөрчилд тооцоогүй байсан тул шинээр зөрчилд тооцсон учраас буцаан хэрэглэх боломжгүй тул энэ хуулийг хэрэглэх нь зөрчлийн хэргийн оролцогч бидний эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл гэж гомдол гаргаж байна.

3.Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хариуцлага тооцож буй нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн борлуулалт хийсэн үйлдэлд, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зарлагын баримтуудаар борлуулалт хийсэн үйлдэлд тус тус Зөрчлийн тухай хуулийн 11.19  дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хариуцлага тооцож байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн байна. Гэтэл 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шийтгэлийн хуудсаар 2.8 -3.6 жил өнгөрсний дараа хариуцлага тооцож байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үйлдэлд хариуцлага тооцсоныг илтгэж байна.

Хоёр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Зөрчил гаргагч “Л” ХХК -ны тал зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй, зөрчлийн талаар нотлох баримт байхгүй, зөрчил үйлдсэн нь тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул гомдол гаргаж байна. “Л” ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зарлагын баримтуудаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Монгол гранд эйнжил инвест” ХХК-аас 126.899.500 төгрөгийн бараа худалдан авч, НӨАТ-ын хуулийн дагуу хугацаанд төлж барагдуулсан болох нь татварын “Е” серийн баримт буюу НӨАТ-ын төлбөрийн баримтуудаар хөтөлбөргүй батлагдаж байхад НӨАТ төлөгч “Л” ХХК-ийн санхүүгийн баримт, тухайн онуудын санхүүгийн тайлан, НӨАТ төлсөн үндсэн баримтуудыг шалгахгүйгээр гаднаас шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргаж байна. Эрх бүхий албан тушаалтны энэ үйлдэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан шийтгэлийн хуудсыг гардуулах, танилцуулах журмыг зөрчсөн явдал болжээ.

Иймд Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0175152 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Л” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0175152 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр гаргаж байгаа.

1.Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Зөрчлийн тухай хуулийн 1.4. дүгээр зүйлийн 3-д “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан. 2015 оны 08 дугаар  сарын 10-ны өдрийн гурван ширхэг зарлагын баримтаар 75.100.000 төгрөгийн борлуулалт, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зарлагын баримтаар 51.799.500 төгрөгийн борлуулалт хийсэн үйлдэлд 2017 оны 07 дугаар сарын 01-нд хүчин төгөлдөр мөрдөгдсөн Зөрчлийн тухай хуулийг баримталж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг баримталж торгох шийтгэл ногдуулж, хохирол, төлбөр нийт 20.765.373 төгрөгийн шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэхгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-д “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 5-д “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан. Өмнө үйлчилж байсан хуулиар зөрчилд тооцоогүй үйлдлийг 2017 оны 07 дугаар сарын 01-ээс эхлэн мөрдөгдсөн Зөрчлийн хуулиар шинээр зөрчилд тооцсон байх тул Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар буцаан хэрэглэх заалт үйлчлэхгүй. Үүнийг хариуцагч анхаараагүй гэж гомдол гаргаж байгаа. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг асуудлыг тавьсан.

2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Тухайлбал “Л” ХХК нь тооцож буй зөрчлийг зөвшөөрсөн талаар ямар ч нотлох баримт байхгүй, зөрчил үйлдсэн эсэх нь тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн. Мөн “Л” ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зарлагын баримтуудаар “Монгол гранд эйнжил инвест” ХХК-аас нийт 126.899.500 төгрөгийн бараа худалдан авч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлсөн нь татварын “Е” баримт буюу нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримтуудаар батлагдсан байхад компанийн санхүүгийн баримт, санхүүгийн тайлан, үндсэн баримтуудыг шалган нотлохгүйгээр шийтгэл оногдуулсан нь  хууль зөрчсөн. Энэ асуудлыг Прокурорын газраас шалгаад гэм буруутай эсэх асуудалд “Монгол гранд эйнжил инвест” ХХК-ийн захирал гэм буруутай болох нь тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн гэм буруутай этгээд нь нотлогдон тогтоогдсон байхад гэм буруугүй “Л” ХХК-аар зөрчлийг арилгуулахаар шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Иймээс гомдлын шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Татвар төлөгч “Л" ХХК-ийн захирал Х.Х нь татварын улсын байцаагчдыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан журмын дагуу мэдэгдээгүй, мэдүүлэг аваагүй, мэдүүлгийг танилцуулж гарын үсэг зуруулаагүй, мөн хуулийн 4.13-д заасан “Тэмдэглэл үйлдэх журам"-ыг зөрчсөн, тэмдэглэлд гарын үсэг зуруулаагүй, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл тогтоогдоогүй байхад хялбаршуулсан   журмаар шийдвэрлэсэн гэх  зэрэг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  6.6 дугаар зүйлийн   1.1 дэх хэсэгт “Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” гэж заасныг үл ойлгон Зөрчил шалган шийдвэрлэх   тухай хуулийн 6.7 дугаар зүйлтэй андуурч ойлгон, олон үндэслэлгүй зүйлүүдийг гомдолд тусгасан нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Учир нь уг зөрчил зөвхөн хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэгдсэн  ба Татварын   ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34. 3-т “татвар төлөгч нь акт, дүгнэлтэд гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ хуулийн 18.1.5-д заасны дагуу тайлбараа өгсөн эсэхээс үл хамааран тэдгээрийг татвар төлөгчид гардуулсан өдрөөс эхлэн хүчин   төгөлдөр    болох бөгөөд   татварын улсын байцаагч татвар төлөгчид акт,   дүгнэлтийг  гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ" гэж заасан байна. Татвар төлөгч “Л” ХХК-ийн захирал Х.Х нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0175152 дугаар “Шийтгэлийн хуудас"-тай танилцаж, актыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан бөгөөд тухайн өдөр “Зөрчилд шийтгэл оногдуулсан ажиллагааны тэмдэглэл” болон хэрэг материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /маягт-ЗШША-5/-тэй танилцаж гарын үсэг зурсан байна.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд авч үзвэл Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 -д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй", 11.2-т “Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж заасан байна Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацааны талаар маргах ямар нэгэн хууль эрх зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Татвар төлөгчдөд хариуцлага оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасанчлан Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд  заасан хариуцлагуудыг бус татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн байна гэж ойлгох нь зүйтэй байна. “Л” ХХК-ийн “Монгол гранд эйнжил инвест” ХХК-аас худалдан авалт хийсэн 2015-2016 онуудад нэмэгдсэн өртгийн албан татварын падаан баримт нь хуурамч баримт гэдгийг Татварын ерөнхий газрын байцаагчдын акт, дүгнэлт, прокурорын тогтоол, бусад холбогдох материалуудаар бүрэн нотлогдож байгаа.  “Л” ХХК-ийн гомдолд гаргасан баримтын он, сар, өдөр, үнийн дүн  бидний тавьсан шийтгэлийн дүнгээс зөрүүтэй байгааг ойлгохгүй байна. Иймд тайлангаа  буруу нотлох баримтгүй гаргаж байгааг үүгээр өөрсдөө давхар нотолж, татвар төлөгчийн  үүргээ  ноцтой зөрчиж байгааг харуулж байна. Алдангийн хувьд 1860 хоногоор хууль тогтоомжийн дагуу 50 хувиас хэтрүүлэхгүй тооцсон байна. Иймд татвар төлөгч “Л” ХХК-ийн захирал Х.Хээс гаргасан гомдлыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.        

Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаас 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0175152 дугаартай “Зөрчилд  шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар[1]  нэхэмжлэгч “Л” ХХК-ийг 2015, 2016 онуудад татвараа үнэн зөв тодорхойлж,   төлөх үүргээ үл биелүүлсэн, хуурамч падаан ашиглан нэмэгдсэн  өртгийн албан татвар ногдох орлогыг дутуу тайлагнаж, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр  Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 11,536,318 төгрөгийн нэмэгдсэн  өртгийн албан татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувь болох 3,460,896 төгрөгөөр торгож, нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт 5,768,159 төгрөгийн алданги тооцож,  нийт 20,765,373 төгрөгийг сайн дураар төлж биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ““Л” ХХК нь “Монгол гранд эйнжил инвест” ХХК -тай 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Бараа материал худалдах, худалдан авах тухай” гэрээний 1.4-т зааснаар нэр бүхий 75.100.000 төгрөгийн барааг хоёр талын 2015 оны 08  дугаар сарын 10-ны өдрийн 3 ширхэг зарлагын баримтаар худалдан авч, худалдан авсан барааны үнэ 75.100.000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн бэлэн мөнгөний баримтаар тушаасан юм. Тухайн үед уг бараанд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг 0018312798 тоот НӨАТ-ын падаанаар  төлж барагдуулсан. Мөн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай” гэрээний дагуу 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зарлагын баримтаар 51.799.500 төгрөгийн бараа худалдан авч, мөн өдрийн орлогын баримтаар худалдагч талд материалын үнийг төлж, НӨАТ-ын 0011945983 тоот падаан ёсоор барагдуулсан болно”   гэж тодорхойлжээ.

 Харин хариуцагчаас уг шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулах болсон  үндэслэлийн талаар   ““Л” ХХК–ийн  “Монгол гранд эйнжил инвест” ХХК-аас  2015-2016 онуудад худалдан авалт хийсэн гэх нэмэгдсэн өртгийн албан татварын падаан баримт нь  хуурамч баримт гэдэг нь татварын байцаагчдын акт, дүгнэлт, прокурорын тогтоол, бусад холбогдох нотлох баримтуудаар  бүрэн нотлогдож байна” гэж тайлбарласан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна”, 5.2.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж тус тус  зааснаар нэхэмжлэгч “Л” ХХК нь албан татвар суутган төлөгч  мөн байна.

Мөн  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар  Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд борлуулалтын үнэлгээний  10 хувиар албан татвар ногдуулахаар зохицуулсан бөгөөд 14 дүгээр зүйлийн 14.1-д “...,хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”  гэж  заажээ.

“Л” ХХК  нь  2015 оны 8 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа[2]   нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээний нийт борлуулалтын орлого 80,000,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр  дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ 68,703,763 төгрөг , тухайн сард ногдуулсан НӨАТ-ын нийт дүн  8,000,000 төгрөг, тухайн сард хасагдах НӨАТ-ын дүн 6,870,376 төгрөг, нийт төлбөл зохих НӨАТ 1,129,623 төгрөг гэж тус тус тайлагнасан буюу  тухайн сард төлөх  8,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас бусдаас худалдаж авсан гэх 68,703,763 төгрөгийн бараанд  ногдох  нэмэгдсэн өртгийн албан татвар 6,870,376  төгрөгийг  хасч тооцон, тухайн сард төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг 1,129,623 төгрөг гэж тодорхойлсон байна. 

Мөн 2016 оны 6 дугаар сарын тайландаа[3] нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээний нийт борлуулалтын орлого 104,418,181 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ 104,418,181 төгрөг, тухайн сард ногдуулсан НӨАТ-ын нийт  татвар  10,441,818 төгрөг, тухайн сард хасагдах НӨАТ-ын дүн 10,441,818  төгрөг, эцсийн тооцоогоор  төлбөл зохих НӨАТ  0.0 төгрөг гэж тус тус тайлагнасан буюу тухайн сард төлөх  10,441,818  төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас бусдаас худалдаж авсан гэх 104,418,181 төгрөгийн бараанд ногдох 10,441,818 төгрөгийг хасч тооцон, тухайн сард төлбөл зохих  нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг 0.0 төгрөг гэж  тодорхойлжээ.

“Л” ХХК-ийн 2015 оны 08 дугаар, 2016 оны  06 дугаар саруудын худалдан авалтын бүртгэлээс үзэхэд нийт 115,363,181 төгрөгийн бараа материалыг “Монгол гранд эйнжил инвест” ХХК-аас  худалдан авсан гэж, тухайлбал  2015 оны 08 дугаар сард бусдаас худалдаж авсан гэх 68,703,763 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний 68,272,727 төгрөгийн бараа материалыг  “Монгол гранд эйнжил инвест” ХХК-аас  худалдан авч, 6,827,272 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0018312798 дугаарын нэмэгдсэн өртгийн  албан татварын падаанаар төлснөөр[4], 2016 оны 06 дугаар сард бусдаас худалдаж авсан гэх 104,418,181 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний 47,090,454 төгрөгийн бараа материалыг “Монгол гранд эйнжил инвест” ХХК-аас  худалдан авч, 4,709,045 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 24516933 дугаарын нэмэгдсэн өртгийн  албан татварын падаанаар төлснөөр[5] тус тус тайлагнажээ.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн  хуулийн этгээдийн бүртгэлийн 9011264098 тоот гэрчилгээ, 5437024 регистрийн дугаартай “Монгол гранд эйнжил инвест” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ээс  2016 оны 12 дугаар сарын 31-ийг  дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд тус дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нараас хяналт шалгалт хийхэд тус компани нь 368,690,515,795.55  төгрөгийн  бараа материал борлуулсан худалдан авалт хийсэн мэтээр  нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнаж, хуурамч хий бичилттэй төлбөрийн баримт үйлдсэн зөрчил  гаргасныг илрүүлж, энэ талаар 2017 оны 06 дугаар  сарын 22-ны өдөр 250000817 дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлт[6] гаргаж, улмаар татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн 368,690,515,795.55 төгрөгийн  зөрчлийг  хууль хяналтын  байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэжээ.  Ингэснээр уг асуудалд  эрүүгийн  хэрэг үүсгэн  шалгах явцад  Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн  татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар  сарын 22-ны өдрийн 250000817 дугаартай дээрх дүгнэлт болон уг  хэргийн санхүүгийн баримтад эдийн засгийн шинжилгээ хийлгэснээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаартай дүгнэлт[7] гарсан байна. Уг дүгнэлтэд  тусгаснаар “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар  сарын 22-ны өдрийн  250000817 дугаартай  дүгнэлт үндэслэлтэй, “Монгол гранд эйнжил инвест” ХХК нь  2012, 2015-2016 онуудад нийт 1479 аж ахуйн нэгжүүдээс 184,217,012,098.14 төгрөгийн  борлуулалт хийсэн гэж нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгасан нь  үндэслэлгүй, хавтаст хэрэгт авагдсан баримт материалаар 53,343,887,927.25 төгрөгийн зөрчилд аж ахуйн нэгжүүд нь залруулга хийн худалдан авалтын буцаалт хийсэн, Татварын газраас холбогдох аж ахуйн нэгжүүдэд  татварын улсын байцаагчийн  дүгнэлт гарсан, гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн хасч тооцож, шинжилгээгээр 130,873,124,170.13 төгрөгийн зөрчил тооцсон. Дээрх 1479 аж ахуйн нэгж, байгууллагад “Л” ХХК  багтаж байгаа  бөгөөд  уг 130,873,124,170.13 төгрөгийн зөрчилд худалдан авагч гэх “Л” ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн  68,272,727.27 төгрөгийн худалдан авалт, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 47,090,454.55 төгрөгийн худалдан авалт тус тус багтаж байгаа”  гэх нөхцөл байдлууд  тогтоогджээ.  Үүнийг үндэслээд  Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас  2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Эрүүгийн 201725020896 дугаартай хэрэгт авагдсан ...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 250000817 дугаартай дүгнэлтэд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээ хийлгэхэд дараах аж ахуйн нэгжүүдийн татвар тооцогдох зөрчил нь Монгол улсын Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээ хүрэхгүй байх тул Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авч хариуг ирүүлэх” талаар Татварын ерөнхий газарт албан бичиг[8] хүргүүлсэн, уг албан бичгийн хавсралт болох “Монгол гранд эйнжил инвест” ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татварын шивэлт хийлгэн авсан аж ахуйн нэгжүүдийн нэрс дотор “Л” ХХК  багтсан байна.

Түүнчлэн Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаартай “Монгол гранд эйнжил инвест”, “Дашиншил” ХХК-уудын захирал Р.Батсуурьт холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд[9]  “...Р.Батсуур нь “Монгол гранд эйнжил инвест” ХХК-ийн нэрээр 2012 он, 2015-2016 онуудад 640 аж ахуйн нэгжид 184,217,012,097 төгрөгийн  бараа  худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн,545,127,788.17 төгрөгийн бараа худалдан аваагүй атлаа авсан мэтээр тайлагнасан, мөн 183,928,375,910.00 төгрөгийн  бараа импортлоогүй атлаа импортолсон мэтээр  тайлагнаж татвар ногдох орлогыг бууруулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь ... шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаар дүгнэлт болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.... “Монгол гранд эйнжил инвест” ХХК-аас  нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч шивэлт хийлгэсэн тайландаа залруулга хийгээгүй 484 аж ахуйн нэгжүүдээс ... зэрэг 438 аж ахуйн нэгжийн үйлдэл, эс үйлдэл ....Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “их хэмжээний хохирол”-д хүрэхгүй буюу  зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдсон тул татварын байгууллагад Татварын ерөнхий хуулийн дагуу зохих арга хэмжээг авхуулахаар эдгээр аж ахуйн нэгжийн нэрсийг  албан бичгээр хүргүүлсэн нь үндэслэлтэй байна”  гэж тусгажээ.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч “Л“ ХХК нь 2015, 2016 онд “Монгол гранд эйнжил инвест” ХХК-аас нийт 115,363,181 төгрөгийн бараа материалын  худалдан авалт хийгээгүй болох нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 250000817 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаар дүгнэлт, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10а-3/827 дугаар албан бичиг, түүний хавсралт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан  тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл  “Л” ХХК нь “Монгол гранд эйнжил инвест” ХХК-аас 2015 оны 08 дугаар сард 68,272,727 төгрөгийн, 2016 оны 6 дугаар сард 47,090,454 төгрөгийн бараа материалын худалдан авалт тус тус хийгээгүй мөртлөө энэхүү 115,363,181 төгрөгийн үнийн дүнд ногдох нийт 11,536,318 төгрөгийн албан татварыг  2015 оны 08 дугаар, 2016 оны 06 дугаар саруудын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнасан компанийн өөрийн борлуулалтын орлогод ногдох 18,441,818 /8,000,000+10,441,818/ төгрөгийн албан татвараас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасан үндэслэлээр хасч тооцож, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил,үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчил гаргасан нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ үл биелүүлсэн, хуурамч падаан ашиглан нэмэгдсэн  өртгийн албан татвар ногдох орлогыг дутуу тайлагнасан буюу Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хуулийн этгээд үйлдвэрлэсэн,  борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил,үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчил гаргасан гэж үзэж татварын улсын байцаагчаас “Л” ХХК-д  торгох шийтгэл оногдуулж, татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцсон нь   үндэслэлтэй байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8-д “Зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө” гэж заасан ба Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх...”-аар заасан тул  “Л” ХХК-ийн 2015,2016 онд гаргасан зөрчилд 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн маргаан үндэслэлгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ”, 4 дэх хэсэгт “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 5 дах хэсэгт “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус  заасан.

Нэхэмжлэгч “Л” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  заасан нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн,  борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил,үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсан ба уг зөрчлийг  үйлдсэн хугацааны хувьд  Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх 2015,2016 онд хамаарах боловч энэ үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд дээрх үйлдлийг  зөрчилд тооцсон  байсан. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.11-д заасан  “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй” гэх зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт дээрх байдлаар  агуулгаар нь хэвээр тусгаж баталсан байх ба  энэ тохиолдолд хариуцлагын асуудлыг Татварын ерөнхий хуулийн 74.1-д “...татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ...татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “…татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус  заасан буюу мөн хэвээр хуульчилсан байна. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан  дээрх төрлийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулиар шинээр зөрчилд тооцоогүй, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд уг зөрчлийн төрлийг тодорхойлсон байсан тул  энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна. Түүнчлэн “Л” ХХК-ийг дээрх төрлийн  зөрчил гаргах үед нь мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг болон Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн аль алинд ч дээрх төрлийн зөрчил гаргасан тохиолдолд татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зохицуулагдсан байх тул “Л” ХХК-ийн 2015,2016 оны борлуулалтын орлогод ногдох төсөвт төлөх ёстой нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хэрэглэн  зөрчилд шийтгэл оногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын маргаан мөн  үндэслэлгүй  гэж дүгнэлээ.

Харин  татварын улсын байцаагчаас алдангийн хэмжээг Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Энэ хуулийн 60.1-д заасан алдангийн хэмжээг арилжааны банкнаас олгож буй зээлийн хүүгийн дунджийн хэмжээнд Засгийн газар жил бүр тогтоож байна”,60.3-д “Алданги тооцох хугацааг дор дурдсанаар тодорхойлно:  60.3.1-д  “энэ хуулийн 43.5, 43.6-д заасан буюу татвар төлөгч өөрөө тодорхойлон төлөх ёстой өдрөөс эхлэн түүнийг төлөх хүртэлх хоногийн тоогоор”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.2-т “Бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрд албан татвар ногдуулах хугацааг доор дурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно: 10.2.1.борлуулагч бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр; 10.2.2.бараа, ажил, үйлчилгээг борлуулж төлбөрийн баримт үйлдсэн өдөр;10.2.3.бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан өдөр” гэж тус тус зааснаар тооцоход нөхөн төлүүлэх татвар  болох 11,536,318 төгрөгийн 50 хувиас хэтэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ зүйлийн 1,2,3,4,5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх  хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэснийг хэрэглэн 50 хувиас  хэтрүүлэхгүйгээр  5,768,159 төгрөгийн алданги тооцсон нь  Зөрчлийн тухай  хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгтэй нийцээгүй байна гэж үзлээ.

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасныг Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлээр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг өөрчлөн найруулснаар  74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна”  гэж заасан, 4 дүгээр зүйлд “Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заажээ.

Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/  2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр батлагдаж,  хуулийн  17.1 дүгээр зүйлийн 1-д  “Энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дагаж мөрдөнө” гэж заасныг  2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж өөрчилсөн.Түүнчлэн уг 2015 оны Зөрчлийн тухай  хуулийг 2017 оны 05 дугаар 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон ба мөн өдөр Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөнө” гэж зааснаар  энэ үеэс  Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан” ...алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэсэн заалтыг дагаж мөрдсөн байна.

Дээрх  байдлаар нэхэмжлэгч “Л” ХХК-ийг 2015, 2016 онд зөрчил гаргах үед дагаж мөрдөж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэж зохицуулсан, татварын байцаагч уг зөрчилд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн тайлбарт алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэснийг  үндэслэсэн, гэвч Зөрчлийн тухай хууль  болон Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн  энэ тохиолдолд  зөрчил үйлдсэн хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, оногдуулах албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн хуулийг буюу Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэлтэй байжээ гэж үзлээ. 

Гэхдээ  нэхэмжлэгч “Л” ХХК нь зөрчил үйлдсэн нь тогтоогдсон, уг зөрчилд шийтгэл оногдуулж, татварыг нөхөн төлүүлсэн нь хуульд нийцсэн, нөхөн төлүүлэх  хугацаанд төлөөгүй татварт алданги тооцох үндэслэлтэй  байгаа энэ тохиолдолд зөвхөн алдангийн хэмжээг  буруу тооцсон нь уг  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ. Харин зөрчил үйлдсэн хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу оногдуулах албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэх үндэслэлтэй байх тул  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д зааснаар  аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0175152 дугаартай “Зөрчилд  шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудасны 5,768,159 төгрөгийн нөхөн төлбөр/алданги/, 20,765,373 төгрөгийн нийт төлбөрөөс Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нөхөн төлүүлсэн татварын 30 хувь болох 3,460,896 төгрөгийг тус тус хасаж, төлбөрийг хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.

 “Л” ХХК зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй, зөрчлийн талаар нотлох баримт байхгүй, зөрчил үйлдсэн нь тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэх  маргааны хувьд тухайн зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зөрчлийн хэрэг нээн шалгаж[10],2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0292599 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар[11] шийтгэл оногдуулсан боловч тус  аймаг дахь Прокурорын газрын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хэрэглэсэн нь буруу гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт[12] ирүүлсэн байна. Үүний дагуу захиргааны хэрэг үүсгэснээр тус шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн110/ШШ2019/0005 дугаар захирамжаар[13] хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улмаар дээрх байдлаар Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн  2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0175152 дугаартай “Зөрчилд  шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг зөвтгөж гаргасан байна.

Иймд уг зөрчилд зөрчлийн хэрэг нээн шалгаж, татварын улсын байцаагчийн  2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0175152 дугаартай “Зөрчилд  шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж, мөн  дээрх байдлаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь  нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул энэ талаарх  нэхэмжлэгч талын маргаан үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4,  Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Л” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0175152 дугаартай “Зөрчилд  шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудасны  5,768,159 төгрөгийн нөхөн төлбөр, 20,765,373 төгрөгийн нийт төлбөрийг тус тус 3,460,896 төгрөгөөр багасгаж, үлдсэн хэсэг болох 3,460,896 төгрөгийн торгууль,11,536,318 төгрөгийн хохирол, 2,307,263 төгрөгийн нөхөн төлбөрийг   тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 5-р хуудас

[2] Хэргийн 102-105-р хуудас

[3] Хэргийн 107-110-р хуудас

[4] Хэргийн 106,241-р хуудас

[5] Хэргийн 111,238-р хуудас

[6] Хэргийн 128-130-р хуудас

[7] Хэргийн 152-224-р хуудас

[8] Хэргийн 225-234-р хуудас

[9] Хэргийн 149-151-р хуудас

[10] Хэргийн 70-р хуудас

[11] Хэргийн 68-р хуудас

[12] Хэргийн 87-р хуудас

[13] Хэргийн 87/ар тал/, 88-р хуудас