| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0072/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/73 |
| Огноо | 2021-03-24 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/73
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А д холбогдох эрүүгийн 2015003680027 дугаартай, 163/2021/0072/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Булган овогт Н.А /РД: Д ******** /, 1982 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Аптай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар; 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар; 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.А ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А ы өгсөн: Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015003680027 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.А нь ойд мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр **-** ОРБ улсын дугаартай “Kia Pronter” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Зүйл” гэх газраас шинэс төрлийн хуурай ургаа мод хөрөөдөн унагааж, 4.2 м3 хэмжээтэй 94 ширхэг мод бэлтгэж тээвэрлэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн: “Уг мод бэлтгэсэн гэх газар нь Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн “Зүйл” гэх газар байх ба эргэн тойрондоо модтой цас ихтэй байв. Тухайн газрын байршлыг үзэхэд N49001*458 N103059*23 гэж зааж байв. Тухайн газарт хуучин мод бэлтгэсэн модны хожуулууд эргэн тойронд энд, тэнд байх бөгөөд ...гэрэл зургийн аппаратаар бэхжүүлэн авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-7 тал/,
Модонд үзлэг хийсэн: “Уг моднууд нь Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах тээврийн хэрэгсэл саатуулах зориулалт бүхий журмын хашаанд байх ба **-** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачсан байв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-12 тал/,
“Уг моторт хөрөө нь шар өнгийн банктай, банк нь хар өнгийн тагтай, улаан өнгийн маниултай, хуучин хэрэглэж байсан, банкны хойд хэсэгт TENEFEL гэсэн бичиглэлтэй хөрөө байх ба ямар нэг эвдрэл гэмтэлгүй байв. ...” гэх хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл болон эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол /хх-20-21 тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Лхагвасайханы өгсөн: “Би болсон явдлын талаар бол мэдэх зүйл байхгүй. Манай сумын нутгаас хууль бусаар мод бэлтгэсэн талаар одоо л мэдэж байна. Тэгээд энэ хэрэгт сумаа төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж, байгаль экологид учруулсан хохирлыг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,
Иргэний нэхэмжлэгч Н.О ын өгсөн: “Төрсөн ах А нь миний машиныг надаас гуйж аваад явсан юм. Тэгсэн Булган аймгийн Орхон сумын нутгаас мод бэлтгээд буцаж явах замдаа цагдаад баригдаж саатуулагдсан байсан. **-** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшилд байдаг бөгөөд энэ тээврийн хэрэгслээ нэхэмжилж байна. Надад өөр ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-28 тал/,
Гэрч Я.А ын өгсөн: “Би Булган аймгийн Орхон сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай. Одоо бол Орхон сумын 2 дугаар багийн байгаль хамгаалагч хийж байна. Орхон сумын “Зүйл” гэх газарт 2020 онд мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй. Н овогтой А гэх хүн надаас 2020 онд мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй” гэх мэдүүлэг /хх-38-39 тал/,
Гэрч Н.Д ийн өгсөн: “Би 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Орхон сумын “Оросын булаг” гэх нэртэй газарт мал мах нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналтын постонд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгсэн маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 04 цагийн үед Булган аймгийн Орхон сумын нутгаас мод ачсан **-** ОРБ улсын дугаартай, хөх өнгийн “Пронтер” загварын тээврийн хэрэгслийг Н.А гэгч нь жолоодож явсан. Тухайн үед зогсоогоод шалгахад Н.А нь ямар нэг мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээгүй явсан. Тэгэхээр нь би тухайн тээврийн хэрэгслийг Орхон аймгийн нутагт байрлах тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд саатуулж шалгасан талаарх илтгэх хуудсаа бичиж, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Булган аймаг дахь Цагдаагийн газарт өгсөн. Н.А нь тухайн үед ганцаараа явсан. Н.А Булган аймгийн Орхон сумын “Зүйл” гэх газраас мод бэлтгэсэн талаараа надад хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-42-43 тал/,
Булган аймгийн Булган суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн экологи эдийн засгийн хохирлыг тооцсон “Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн хуурай мод байх ба 4.2 м3 хэмжээтэй, 94 ширхэг мод байна. Шинэс төрлийн хуурай 1 м3 модны үнэлгээ нь 168655 төгрөг, 4.2 м3 модны нийт экологи эдийн засгийн үнэлгээ нь 708351 төгрөг байна” гэх 2020 оны 12 дугаар сарын 28ны өдрийн 35 дугаартай дүгнэлт /хх-47-48 тал/,
Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн байгаль экологид учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцсон “...Экологи эдийн засгийн үнэлгээ нь 708351 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус зааснаар 3 дахин өсгөж тооцоход 2125053 төгрөг болж байна” гэх 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт /хх-59 тал/,
Шүүгдэгч Н.А ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Би 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр түлшний модгүй болчихоод Орхон аймгаас ганцаараа өөрийн төрсөн дүү О ын эзэмшлийн **-** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “мод ачих гэсэн юм” гэж дүүгээсээ гуйж аваад Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Зүйл” гэх газар руу явсан. Тухайн газарт очоод уул руу орж хуурай нарийхан 7 ширхэг босоо мод унагаан тайрч бэлтгээд машинд ачиж гэр рүүгээ буюу Орхон аймаг руу явж байгаад Дэнжийн үзүүрт цагдаад баригдаж саатуулагдсан” гэх мэдүүлэг /хх-71-72 тал/ зэрэг шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг,сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэрэг нь шүүгдэгч Н.А ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэдэгт мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Н.А нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх зөвшөөрөл, тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ аваагүй, төлбөр хураамж төлөөгүй байна.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Н.А нь улсын ойн сан бүхий газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй халдаж байгаа өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Н.А нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.А ыг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр **-** ОРБ улсын дугаартай “Kia Pronter” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Зүйл” гэх газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн хуурай 94 ширхэг, 4.2 м3 хэмжээтэй бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.А ы гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 708351 төгрөгийн шууд хохирол /хх-48 тал/ учирсан нь Булган суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 2125053 төгрөгийн /хх59 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байх бөгөөд хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Н.А аас 2125053 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлэх нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.А ыг зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.А ы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэргийн **-** дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.А нь ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4 дүгээр хороололын 18 дугаар байрны 80 тоотод амьдардаг, Булган аймгийн Орхон сумын Халиун багт мал аж ахуй эрхлэдэг, урьд хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.А ы үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.
Хэрэгт мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан **-** ОРБ улсын дугаартай “Kia Bongo Pronter” загварын тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Н.О ын эзэмшил, өмчлөлд байгаа болох нь түүний иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-28 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-74 тал/ зэрэг баримтуудаар нотлогдсон байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг Н.О ын эзэмшилд үлдээж, шүүгдэгч Н.А аас “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн /хх-52-57 тал/ үнэлгээний дагуу уг тээврийн хэрэгслийн үнэ 1700000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон 4.2 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 94 /ерэн дөрөв/ ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг албадан гаргуулж, үнийг хохиролд тооцуулахаар Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Н.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: