Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Г.Б  , түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил,

Шүүгдэгч Д.С  , түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хорчин овогт Г гийн Б  , Б овогт Д ын С нарт холбогдох эрүүгийн 2015003690032 дугаартай, 163/2021/0058/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хорчин овогт Г гийн Б  , 2002 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, эрэгтэй, 18 настай, ... хаягт оршин суух, Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: Г ******** /,

Монгол Улсын иргэн, Б овогт Д ын С  , 2003 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 18 настай, Булган аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД:Г ******** /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б  , Д.С нар нь бүлэглэж 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн нутагт хохирогч Г.А   ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

  Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б  гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.

Шүүгдэгч Д.С  ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.А   ын өгсөн: “...Тэгээд хэсэг байж байгаад гадаа зогсож байтал А ах гээд хүн дуудахаар нь эргээд хартал С    өөрөөсөө гадна өөр хүүхдийн хамт зогсож байсан. Намайг цохисон ба би юу ч мэдээгүй. Тэнд хэсэг хэвтэж байгаад Зоригоо гэх айлд очиход эхнэр нь ганцаараа байж байсан. Эгчээ би хэсэг унтъя гэж хэлээд хэвтэхэд толгой эргээд болохгүй болохоор нь тэндээс гараад М   гэх найзындаа очоод ундаа авахуулж уугаад гэрийн гадаа бөөлжиж байхад Б над руу яриад ирсэн.

…” гэх мэдүүлэг /хх-7-8 тал/,

“... Надад гомдол, санал байхгүй, энэ хэргийг хялбаршуулсан журмаар хурдан шийдвэрлэж өгнө үү, надад нэхэмжлэх зүйл байхгүй, би шүүх хуралд очиж суухгүй.

…” гэх мэдүүлэг /хх-10 тал/,

Насанд хүрээгүй гэрч Г.М гийн өгсөн: “...С ангийнхаа хүүхдүүдийг аваад ир гэж А ах хэлж байна, намайг зодчихлоо гээд хамарнаас нь цус гарчихсан ирсэн. Тэгээд бид нар А ах дээр очъё П  ийг дуудаад С  , С   , П  , Н    бид 5 А ахын байгаа газар нь очсон. Тэнд очоод С түрүүлж гэрт нь ороод бид нар хашааны хаалганы гадаа үлдсэн. ...А    , С    хоёр зодолдоод байж байх үед бид нар очиж салгаад би С     г аваад А ах мориндоо мордох гэж байхад нь Б     мордуулахгүй гээд хориглоод байсан. Тэгж байснаа А ах мориндоо мордоод Б      г дайраад хашааны хаалгаар гарахдаа мориноосоо чирэгдээд 2-3м газар чирэгдээд мориноосоо сугараад үлдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-н **-** тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.П  ийн өгсөн: “...Тэр үед С  ийн хамарнаас цус гараад хамраа цаасаар бөглөчихсөн байсан. А ахад зодуулчихлаа гэж хэлж байсан. Тэгээд удалгүй бөөн дуу болоод хашгиралдаад С А    д хандан “би чамайг ахаа гэж бодож байсан шүү” гээд зодолдоод эхэлсэн. ...”  гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,

Насанд хүрээгүй гэрч О.Н гийн өгсөн: “...Манай ангийн С    хамарнаас нь цус гарчихсан тэрийгээ цаасаар чихээд тогтоочихсон “А ахад зодуулчихлаа” манай ангийнхныг А ах дуудаж байна гээд ирсэн. ...Гадаа зогсож байхад тэд нар хоорондоо хэрэлдээд ноцолдоод гараад ирсэн. Тэгээд бид нарыг очиход Б      , С     , А 3 ноцолдож байсан. С    2 удаа цохисон. Б     А ахыг 1 удаа өшиглөсөн.  ...” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б  ийн өгсөн: “...А ах “чи жаахан хэгжүүрхээд байна уу? гээд С     г цохих гээд онож чадаагүй. Тэгээд ахиж цохиод С     гийн хамарнаас цус гараад Б     дунд нь хориглоод байсан. ...Би араас нь гарахад А ах газарт уначихсан толгойгоо дарчихсан хэвтэж байхад С    “би 12 дугаар ангид орчихсон, хүн амьтанд дээрэлхүүлээд баймааргүй байна” гэж хэлж байсан. Тэгээд С    холдоход Б     хажуунаас нь ирээд А ахыг алгадсан.  ...” гэх мэдүүлэг /хх-41-42 тал/,

Насанд хүрээгүй гэрч С.Г   гийн өгсөн: “...С машинд орж ирээд А ахад хандан “дүү нь одоо 12 дугаар анги шүү дээ, хүн амьтанд бас томруулаад баймааргүй байна” гэж хэлээд цохисон. Тэгээд ноцолдоод Б     салгах гээд дийлэхгүй байхад С А ахыг аваад гарсан. Б     араас нь гараад явсан. Гадаа юу болсныг би мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх48-49 тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.С   ын өгсөн: “...С бид нар дээр ирээд А ах намайг зодчихлоо ангийнхныгаа дууд гэж байна гээд амны хэсэгтээ цус болчихсон ирсэн. ...Бид нар хашааны гадаа байж байтал С     , А    , Б   нар зууралдаад гараад ирсэн. Тэгэхээр нь яваад очтол А доор нь орчихсон, С    дээр нь гарчихсан ноцолдоод байж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-51-52 тал/,

Гэрч Д.А    ын өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цагийн орчимд манай хүү А    нүүр ам нь хавдчихсан хүнд зодуулсан байдалтай морьтой гэртээ ирсэн. Юу болсон талаар асуухад нуугаад хэлэхгүй байсан ба дахин асуухад С    гэх хүүхдэд зодуулсан гэдгээ хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-54 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 344 дугаартай:

  1. Г.А   ын биед эрүү ясны зөрүүгүй, хоншоор яасны цөмөрсөн, зүүнухархайн дотор ханын цөмөрсөн, хамар ясны зөрүүтэй хугарал, дух, баруун хацар, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээрүүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтлүүд нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үүссэн байхболомжтой.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх ньэмчилгээ, эдгэрэлтээс шалтгаална.
  5. Дээрх эрүү ясны зөрүүгүй хугарал, хоншоор ясны цөмөрсөн хугаралгэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр, хамар ясны зөрүүтэй, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Дух, баруун хацар, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ... ” гэх дүгнэлт /хх-н **-** тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Г.Б  гийн яллагдагчаар өгсөн: “...Би С  той хамтран А   ын биед гэмтэл учруулсан нь үнэн. Тухайн үед би А   ын толгой хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. ...Тухайн үед А    үгэнд орохгүй уур хүргээд байхаар нь өшиглөсөн. ...Манай аав Г  нь А   ын хохирлыг барагдуулах зорилгоор 1 тооны адуу амьдаар нь өгсөн. Улмаар А    гомдол, саналгүй болсон. ...” гэх мэдүүлэг /хх-79-80 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Д.С  ийн яллагдагчаар өгсөн: “...Би А   ын толгой руу баруун гараа зангидаж байгаад 23 удаа цохисон. Түүнээс өөрөөр бол гэмтэл учруулаагүй. ...Би Б  тай нийлж хохирогч А   т 1440000 төгрөг өгснөөр гомдол саналгүй болсон. ...” гэх мэдүүлэг /хх-72-73 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б  , Д.С нар нь бүлэглэж 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн нутагт хохирогч Г.А   ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.А   ын өгсөн мэдүүлэг /хх-07-08, 10 тал/, насанд хүрээгүй гэрч Г.М ийн өгсөн мэдүүлэг /хх-12-13 тал/, насанд хүрээгүй гэрч Б.П  ийн өгсөн мэдүүлэг /хх-25-26 тал/, насанд хүрээгүй гэрч О.Н гийн өгсөн мэдүүлэг /хх-29-30 тал/, насанд хүрээгүй гэрч

Б.Б  ийн өгсөн мэдүүлэг /хх-41-42 тал/, насанд хүрээгүй гэрч

С.Г   гийн өгсөн мэдүүлэг /хх-48-49 тал/, насанд хүрээгүй гэрч Б.С   ын өгсөн мэдүүлэг /хх-51-52 тал/, гэрч Д.А    ын өгсөн мэдүүлэг /хх-54 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 344  дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-57-59/ тал зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С  , Г.Б   нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч Г.Б  , Д.С нарыг бүлэглэж 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн нутагт хохирогч Г.А   ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Г.Б  , Д.С нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Б  , Д.С нарын гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Г.Б  , Д.С нарын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Б  , Д.С нарыг бүлэглэж 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн нутагт хохирогч Г.А   ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч

Г.Б  , Д.С нарын буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.А   ын биед “эрүү ясны зөрүүгүй, хоншоор ясны цөмөрсөн, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн, хамар ясны зөрүүтэй хугарал, дух, баруун хацар, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Б  , Д.С нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өсвөр насны шүүгдэгч Г.Б  , Д.С нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1440000 төгрөг төлж барагдуулснаар хохирогч Г.А    нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Б  , Д.С нарыг бүлэглэн бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Г.Б  , Д.С нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Б  , Д.С нар нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Б  , Д.С нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хор уршиг болон шүүгдэгч нарын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг болон бусад хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Б  , Д.С нарт тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх нь тэдгээрийн үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б  , Д.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хорчин овогт Г гийн Б  , Б овогт Д ын С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Б  , Д.С нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-дзаасныг журамлан шүүгдэгч Г.Б  , Д.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялаас чөлөөлсүгэй.
  4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б  , Д.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б  , Д.С нар цагдан хоригдсонхоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОТГОНБААТАР