Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Б.Б  /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны

танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б д холбогдох 163/2021/0077/Э индекстэй, эрүүгийн 2015002960206 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Тольтон бургууд овогт Б гийн Б  /РД: П ******** /, 1983 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Сод Монгол” группын хангамжийн албаны жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б ы өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэх мэдүүлэг, эрүүгийн 2015002960206 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б  нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн **-** цагийн орчим Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн “Хар бухын гүүр” гэх газарт **-** УБО улсын дугаартай, “Toyota Alphard” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.11 дэх хэсэг, 12.3 дахь хэсэг, 12.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас засмал замаас зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийж байсан **-** ӨМА улсын дугаартай “Toyota Vitz” загварын тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Л.М ын эрүүл мэндэд хүндэвтэр, С.С  , Н.Т   нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн болон ослын газарт үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн “Хадаасан толгойн ар” гэх газарт улсын чанартай хатуу хучилттай А-27 авто замд **-** УБО улсын дугаартай, хар өнгийн “Toyota Alphard” загварын тээврийн хэрэгсэл, **-** ӨМА улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Toyota Vitz” загварын тээврийн хэрэгслүүд мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байлаа. Уг зам нь тэгш гадаргуутай, хальтиргаагүй, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаарын хувьд бороогүй, сөрөг хөдөлгөөнтэй, хоёр эгнээтэй, тусгаарлах цагаан зурвастай, асфальтан зорчих хэсэг хоёр талаараа шороон хөвөөтэй байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-12 тал/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13 тал/,

Иргэний нэхэмжлэгч С.С  ын өгсөн: “Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн учир одоо нэмж ярих зүйл байхгүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх27-28 тал/,

Иргэний нэхэмжлэгч С.С  ын гэрчээр өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр **-** цагийн үед Булган аймгийн Сайхан сумаас “Toyota Alphard” загварын тээврийн хэрэгсэлтэй манай ажлын хүмүүс нийтдээ зургуулаа буюу хангамжийн албаны дарга З, жолоочоор Б , 3 тогоочийн хамт буцаад Улаанбаатар хот руу гарсан юм. Тэгээд замдаа би унтаад өгсөн. Хамт явсан хүмүүс машин мөргөлөө гэж орилох шиг болохоор нь сэрсэн юм. Тэгээд сэрээд харахад ягаан өнгөтэй юм шиг авто машин бид нарын сууж явсан машины өмнүүр орох шиг болсон. Би хамгаалах бүстэй байсан учир толгой хэсгээрээ урд талын суудлыг мөргөсөн. Тэгээд машин зогссон. Удалгүй Булган аймгийн Дашинчилэн сумын түргэний машин ирээд бид нарыг аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-74-75 тал/,

Иргэний нэхэмжлэгч Н.Т ын өгсөн: “Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн учир нэмж ярих зүйл байхгүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-30-

31 тал/,

Иргэний нэхэмжлэгч Н.Т ын гэрчээр өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд айрагны баяр болсон юм. Тэр арга хэмжээг манай байгууллага Булган аймгийн захиргаатай хамтарч хийсэн. Би тэр арга хэмжээнд тогоочоор ажилласан. Маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн **-** цагийн үед Сайхан сумаас “Toyota Alphard” загварын тээврийн хэрэгсэлтэй манай ажлын хүмүүс, нийт зургуулаа Улаанбаатар хот руу буцаад гарсан юм. Тэгээд би замдаа нэг хэсэг унтсан байсан. Сэрээд “хаана явна вэ” гэж жолоочоос асуухад “Хар бухын гүүр” орж явна гэж хамт явсан хүмүүсийн нэг нь хэлсэн. Тэгээд шороон замаас засмал зам руу нийлдэг хэсэгт нэг машин зогсож байгаа мэт харагдсан. Тэгээд тэр машин бид нарын сууж явсан машины өмнүүр шууд ороод ирсэн. Тэгээд л машиныг мөргөсөн. Нэг мэдэхэд миний сууж явсан машин мөргөлдөөд зам дээр зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-77-79 тал/,

 Гэрч О.Г  ын өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд айрагны баяр болсон юм. Тэр арга хэмжээг манай байгууллага Булган аймгийн захиргаатай хамтарч хийсэн. ...2020 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн **-** цагийн үед Сайхан сумаас “Toyota Alphard” загварын тээврийн хэрэгсэлтэй манай ажлын 6 хүн хамтдаа Улаанбаатар хот руу буцаж гарсан. Тэгээд Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт 21 цагийн үед явж байтал шороон замаас хар зам руу нийлэх хэсэг рүү нэг машин гараад ирсэн юм. Тэгээд миний сууж явсан машины жолооч хурдтай явж байсан учир хурдаа хасаж чадалгүй, уг машиныг мөргөөд шороон зам руу ороод буцаад засмал зам руу ороод зогссон...” гэх мэдүүлэг /хх-68-69 тал/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Ч ын өгсөн: “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Б  надад 3.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хх36-37 тал/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Ч ын гэрчээр өгсөн: “Би 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр эхнэр Ч , охин Б , зээ охин Анарын хамт машинтай Орхон аймгаас гараад Улаанбаатар хот орох гээд Булган аймгийн Дашинчилэн сумын Хар бухын гүүр гэх газар өнгөрөөд хатуу хучилттай замд 20 цагийн үед байх ямар ч байсан нар дөнгөж жаргаж байх үед замын хойд талд гэр гуанз харагдахаар нь цайны газар орж аяга цай уух уу гэж ярьцгаагаад эхнэр Ч  бид хоёр замаар явж байгаа машинуудыг харж байгаад өөдөөс ирж байсан хоёр, араас ирж байсан хоёр машиныг өнгөрөөгөөд дохио өгөөд жолоочийн талаар зүүн гар тийш замын хойд тал руу машинтай эргэтэл түс хийгээд явчихсан...” гэх мэдүүлэг /хх-56-57 тал/,

Иргэний нэхэмжлэгч С.Ч ийн өгсөн: “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Б  3.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хх-39-40 тал/,

Иргэний нэхэмжлэгч С.Ч ийн гэрчээр өгсөн: “Би **-** ӨМА улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Toyota Vitz” загварын машинаа жолоодон нөхөр Ч , охин Б , зээ охин Анарын хамт Орхон аймгаас гараад Улаанбаатар хот руу явахаар Булган аймгийн Дашинчилэн сумын нутгаар засмал замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явж байгаад “Хар бухын гүүр”  гэх газар өнгөрөөд явж байхад замын хойд талд гэр гуанз харагдахаар нь гэр гуанз руу орж цай уух санаатай машиныхаа хурдыг хасаад зөөлхөн явж байгаад дохио өгөөд жолооч талаасаа зүүн гар тийш эргэх гээд замаар явж байсан машинуудыг өнгөрөөгөөд эсрэг урсгал руу ороод шороон зам руу буух гээд машины урд хамар орсон байх үед ертөнцийн зүгийн баруун талаас нэг машин ирээд миний жолоодож явсан машиныг мөргөөд түс тас хийгээд явчихсан. Би тэр машиныг осол болсны дараа л харахад нэг том хар машин засмал зам дээр зүүн урагш хараад зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-59-61 тал/,

Хохирогч Л.М ын өгсөн: “Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна. Б  надад эмчилгээний зардал болох 15 сая төгрөг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хх-43-45 тал/,

Хохирогч Л.М ын гэрчээр өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд айрагны баяр болсон юм. Тэр арга хэмжээг манай байгууллага Булган аймгийн захиргаатай хамтарч хийсэн ба тэр арга хэмжээнд тогоочоор ажилласан. Маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 23ны өдөр **-** цагийн үед Сайхан сумаас “Toyota Alphard” загварын тээврийн хэрэгсэлтэй манай ажлын хүмүүс нийтдээ зургуулаа хамт явсан. Буцаад Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт явж байтал шороон замаас хар зам руу нийлэх хэсэг рүү нэг машин гараад ирсэн. Миний сууж явсан машины жолооч хурдтай явж байсан учир хурдаа хасаж чадалгүй шороон зам руу машины жолоогоо дарсан. Тэр хэсэгт овгор шороотой хэсэг байсан тэр овгор шороон дээгүүр машин гарахдаа донсолоод би бэртсэн. Осол болох үед би хамгийн арын суудалд сууж явсан. Машиныг Б  жолоодож явсан. Жолоочийн хажууд З, жолоочийн арын суудалд Т , С  , хамгийн арын суудалд би болон Галбадрах нар сууж явсан” гэх мэдүүлэг /хх-71-73 тал/,

Гэрч Б.Зын өгсөн: “2020 оны 08 дугаар сарын яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Манай байгууллага Булган аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Булган аймгийн Сайхан сумын “Өрмийн нуур” гэх газарт айрагны баяр хийсэн. Би тэр ажилд зохион байгуулалтын ажилд оролцсон. Маргааш нь үдээс хойш Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд Булган аймгийн Дашинчилэн сумын “Хар бухын гүүр” өнгөрөөд шороон замаас хар зам руу нийлээд явж байтал урд явж байсан баруун гар тийш эргэх дохио өгөөд зогсох үйлдэл хийсэн. Тэгэхээр нь манай машины жолооч болох Б  зүүн гар талаар нь өнгөрөх гэтэл урд зогсож байсан машин зүүн гар тийш эргэх үйлдэл хийх үед мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-49-50 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 15ны өдрийн 10381 дугаартай: “Л.М ын биед баруун шуу ясны доод үзүүрт ташуу зөрүүгүй хугарал, доод уруулын салстад шарх, дээд баруун 1-р шүд, доод баруун 1, 2-р шүд, доод зүүн 1-р шүднүүдийн булгарал, дээд баруун 2, зүүн 1-р шүдний сулрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун шагай, зүүн шилбэнд цус хуралт, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд тухайн осол болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15% алдагдуулна” гэх дүгнэлт /хх-81-83 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10429 дугаартай: “С.С  ын биед тархи доргилт, хоёр хөл, хэвлийд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд тухайн осол болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-92-93 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10342 дугаартай: “Н.Т ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-97-

98 тал/,

Мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн: “Жолооч Б.Б  нь 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдөр жолооч болсон байна. Жолооны “В, С” ангилалтай, №378884 дугаартай жолоочийн үнэмлэх хүчинтэй төлөвтэй байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 12.3 дахь хэсэгт “жолооч хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4 дэх хэсэгт “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Осол болсон шалтгаан нь Б.Б ы Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас болсон байна” гэх магадлагаа /хх-136 тал/,

Шүүгдэгч Б.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Би 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгаас Улаанбаатар хотын чиглэлд Дашинчилэн сумын нутагт байрлах засмал замаар 0164 УБО улсын дугаартай “Toyota Alphard” загварын тээврийн хэрэгсэлтэй ажлынхаа хүмүүстэй хамт явсан. Орой **-** цагийн үед санагдаж байна. Дашинчилэн сумын “Хар бухын гүүр” гэх газар өнгөрөөд засмал замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явж байхад мөнгөлөг өнгийн жижиг автомашин баруун гар тийш зогсох янзтай явж байснаа гэнэт зүүн гар тийш эргээд засмал замаас шороон зам руу орох гээд дарсан. Тэгээд би сандраад унаж явсан машинаа зогсоож чадалгүй адилхан зүүн гар тийш дараад өөрийн унаж явсан машины баруун гар талын хамар хэсгээр нөгөө мөнгөлөг машины зүүн гар талын хамар хэсгийг мөргөсөн. Ингээд машинаа хаазлаж засмал замын хөвөө хэсгээр ороод буцаж засмал зам руу орсон. Тухайн үед би **-**0 км цагийн хурдтай явсан. Би тээврийн хэрэгслийг зогсоох гэж байгаад андуураад хаазаа гишгэсэн” гэх мэдүүлэг /хх-160-161 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.М , иргэний нэхэмжлэгч С.С  , Н.Т , гэрч О.Г  , Ц.Ч , С.Ч , Б.З нарын өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч Б.Б ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Б  жолоодож явсан; аюул саад учирсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас эргэх хөдөлгөөн хийж байсан тээврийн хэрэгслийг мөргөж уг осол гарсан болохыг шууд болон шууд бусаар гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Булган аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн магадлагаанаас үзэхэд зам тээврийн осол гарахад шүүгдэгч Б.Б ы суурин газрын гаднах замд тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож яваагүй, хөдөлгөөний явцад аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй гэсэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл шууд нөлөөлжээ.

Тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүгдэгч Б.Б  нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байдлыг ойлгоно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Б ы үйлдэл хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Уг ослын улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.С  , Н.Т   нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч эмчилгээ, оношлогоотой холбоотой эд хөрөнгийн болон **-** ӨМА улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Toyota Vitz” загварын тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлтэй холбоотой түүний эзэмшигч С.Ч т учирсан эд хөрөнгийн хохирлыг тус тус нэхэмжлэх эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасны дагуу С.С  , Н.Т , С.Ч  нарыг иргэний нэхэмжлэгчээр татаж хангасан нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б ыг 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн **-** цагийн орчим Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн “Хар бухын гүүр” гэх газарт **-** УБО улсын дугаартай, “Toyota Alphard” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.11 дэх хэсэг, 12.3 дахь хэсэг, 12.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас засмал замаас зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийж байсан **-** ӨМА улсын дугаартай “Toyota Vitz” загварын тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Л.М ын эрүүл мэндэд хүндэвтэр, С.С  , Н.Т   нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Л.М , иргэний нэхэмжлэгч С.С  , Н.Т   нар нь гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч шүүгдэгч Б.Б  нь хохирогч Л.М ын эмчилгээний зардалд 15.000.000 төгрөгийг /хх-174/, иргэний нэхэмжлэгч С.Ч ийн тээврийн хэрэгслийн хохиролд 3.000.000 төгрөгийг /хх-175/ тус тус дансаар шилжүүлж өгсөн байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б ы хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б ы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б  нь урьд ял шийтгүүлж байгаагүй, “Сод Монгол” группын хангамжийн албаны жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ...  тоотод амьдардаг зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн 162-168 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, багийн засаг даргын тодорхойлолт, оршин суух хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэргийн хохирол, хор уршгийг төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн болон хөрөнгө, орлогын байдал, шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 9 сарын хугацаагаар тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Тольтон бургууд овогт Б гийн Б ыг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч Б.Б ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Б.Б д оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 50000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгтзааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б д сануулсугай.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж,шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Шүүгдэгч Б.Б  нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНХАНД