Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б  овогт Д.Б д холбогдох эрүүгийн 2115000370090 дугаартай, 163/2021/0081/Э индекстэй хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овог Д. Б , 1975 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг. Урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2000 оны 255 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2004 оны 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан. /РД: Г ******** /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б  нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Б  той хувийн таарамжгүй харилцааны улмаас марган, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Б ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Б  ийн өгсөн: “ ...2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн орчим би гэртээ эхнэр, хүүхдийн хамт цай уугаад сууж байсан чинь гаднаас Б  орж ирсэн. ...Би Б ыг “чи битгий эхнэрийгээ зодож бай” гэж хэлсэн чинь Б  “чи Э г өмөөрдөг хэн бэ?” Э гийн талд орлоо гээд манай эхнэрээс “хутга байна уу?” гэж асуухад “юу гэж чамд хутга өгдөг юм, архиа аваад манай гэрээс гар” гэсэн чинь Б  түлээний савнаас мод аваад над руу далайгаад ирэхээр нь манай эхнэр модыг нь шүүрч авсан. Манай эхнэрийг “хүүхдээ авч бай” гэж хэлээд миний нүд рүү нэг удаа гараараа цохиод миний цамцнаас татаж босгоод намайг чирээд гэрээс авч гарсан. Гэрийн гадаа хаалганы зүүн талд намайг суулгахаар нь би нүүрээ гараараа дарсан чинь намайг үстээд нүд хэсэгт цохиод байхаар нь “за одоо больчих, намайг хэтрүүлчихлээ” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-39 тал/,

Гэрч Х.Г гийн өгсөн: “...Нөхөр бид хоёр Б д эмэгтэй хүнд гар хүрч болохгүй гэх талаар зөвлөгөө өгсөн чинь Б  “чи яах гээд манай эхнэрийг өмөөрөөд байдаг юм” гээд гэрийн түлээний хайрцагнаас мод аваад “алчихна шүү” гээд манай нөхрийг цохих гээд далайхаар нь би очоод гараас нь түлээний модыг авсан. Би охиноо аваад эргэсэн чинь ард талд тас хийх дуу гарсан. Эргээд харсан чинь манай нөхрийн зүүн талын нүд улайгаад хавдаад эхэлсэн. Тэгтэл манай нөхөр “Б  чи яаж байгаа юм бэ?” миний нүдийг цохичихлоо шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр сууж байсан чинь Б  манай нөхрийн цамцны энгэр хэсгээс заамдаж татаад босгосон чинь тэр хоёр зууралдсан. Би “та хоёр гэр нураалаа, гараач” гэсэн чинь тэр хоёр зууралдаад гэрээс гарсан. Б  гэрт байхдаа хутга аваад ир гэсэн болохоор айгаад хутгануудаа нуугаад араас нь гарахад манай нөхрийг гэрийн хаяанд суулгачихсан нүд болон шанаа хэсэгт нь хоёр гараараа цохиод байж байхаар нь Б ыг “чи болиоч ээ, хүн аллаа шүү дээ” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-43-44 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Нарангэрэлийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 59 дугаартай:

  1. С.Б  ийн биед 2 нүдний дотор салст, 2 нүдний зовхинд 4 тооны цус хуралт, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтлүүд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно.
  4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-23-24 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б ы яллагдагчаар өгсөн: “...Б   манай эхнэрийг өмөөрөөд надтай маргахаар нь би нэг удаа нүүр хэсэгт нь цохисон. ...Б   гэрээс гарч ирээд гэрийнхээ баруун талд хоёр гараараа тулаад суухаар нь би нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-56 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б  нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Б  той хувийн таарамжгүй харилцааны улмаас марган, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Б  ийн өгсөн мэдүүлэг /хх-39 тал/, гэрч Х.Г гийн өгсөн мэдүүлэг /хх-43-44 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Нарангэрэлийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 59 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-23-24 тал/, мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-56 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч Д.Б  нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Б  той хувийн таарамжгүй харилцааны улмаас марган, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Б ы гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа болон түүнд хүлээлгэх ял, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

Иймд прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Д.Б ы гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б ыг 2021 оны 02 дугаар  сарын 07-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Б  той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар нүд хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.Б ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтэл, хохирол хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч С.Б   нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Б д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Д.Б ыг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ." гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Д.Б ы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4/36 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б ы үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзэв.

Шүүгдэгч Д.Б ы торгох ялыг хэсэгчлэн төлөх тухай гаргасан хүсэлт болон түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар тутам хувь тэнцүүлж, хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б  овогт Д .Б ыг Эрүүгийнхуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаарзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 100000 /нэг зуу мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, уг ялыг биелүүлэх хугацааг 5 /тав/ сараар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б д сануулсугай.
  4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОТГОНБААТАР