| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0045/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/50 |
| Огноо | 2021-03-01 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/50
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б д холбогдох эрүүгийн 2115000130045 дугаартай, 163/2021/0045/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Б ын Б /РД: Ф ******** /. 1969 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд үйл ажиллагаа явуулдаг “ОХОТ” ХХК-д рамчин ажилтай, ам бүл ганцаар ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд болсон хэргийн талаар мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон
Эрүүгийн 2115000130045 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ... тоотод байрлах өөрийн гэртээ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хамт архи ууж байсан М.А ийг “пизда, янхан гэж доромжлон хэрүүл хийж үглэлээ” гэх шалтгаанаар М.А ийг мангасдаж унагаан гэдэс рүү нь өшиглөх, цохих зэргээр түүний амь биед халдан биед нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч М.А ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Зэвсэгт хүчний 234-р ангид галч ажилтай. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа буугаад ажлын газрын харуул Т гийнд очиж түлээ хөрөөдөж өгөөд Т , Э , Б нартай “Болор” нэртэй 0.75 литрийн нэг шил архи, “Х” нэртэй 0.5 литрийн хоёр шил архи хувааж уугаад Т гөөр гэртээ 19 цагийн үед хүргүүлэхэд эхнэр Ч.А гэртээ байхгүй байсан. Түүнтэй утсаар холбогдоход “Б.Б ахынд байна” гэхээр нь би очсон. Тэнд манай эхнэр А , дүү С , ах Б нарын хамтаар “Стандарт” нэртэй 0.75 литрийн нэг шил архи, 0.5 литрийн хоёр шил архи, “Сэнгүр” нэртэй 2.5 литрийн нэг сав пиво хувааж уугаад би нэлээн согтсон байсан. Нэг мэдэхэд намайг Б ах унагаасан өшиглөөд байсан. Өглөө сэрэхэд Хялганат тосгоны эрүүл мэндийн төвд ирсэн эмчлүүлж байсан. Тэндээсээ Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгийн Гэмтлийн тасагт очиж хагалгаанд орсон” гэх /хх-14-15 тал/,
“...Б миний хагалгааны төлбөр болох 1.100.000 төгрөгийг төлсөн. Мөн Б нь надад эм тариа, хоол хүнсний зүйл авч өгсөн. Хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна. Одоо миний бие зүгээр өвдөж байгаа зүйл байхгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Б.Б бид хоёр хоорондоо эвлэрсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-24 тал/,
Гэрч Ч.А ийн өгсөн: “Би 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байхад манай нөхөр М.А 18 цагийн үед халамцуу архи уусан байдалтай ганцаараа орж ирсэн юм. Удалгүй Б ах утсаар холбогдож “манай гэрт хүрээд ир, архи ууя” гэхээр нь нөхөр М.А , хамаатны дүү С нарын хамт очоод “Стандарт” нэртэй 0.75 литрийн хоёр шил, 0.5 литрийн нэг шил нийт гурван шил архи, “Сэнгүр” нэртэй 2.5 литрийн нэг сав пиво Б ах, С , манай нөхөр М.А , бид дөрөв хувааж уугаад дуусаж байхад би гарч бие зассан. Орж ирэхэд Б ах манай нөхөр М.А нар нь хоорондоо маргалдаж зууралдчихсан байж байсан. Тэгээд салгаад харахад амнаас нь цус гарсан байдалтай байхаар нь Эрүүл мэндийн төвд дуудлага өгсөн юм. Б ах М.А ийг хавсарч унагаад дээрээс нь дэвсээд байсан” гэх мэдүүлэг /хх-25-27 тал/
Гэрч Э.С ын өгсөн: “Би 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагийн үед гэртээ байж байхад эгч Ч.А над руу залгаад “манай гэрт яваад ир” гэхээр нь би очоод байж байхад Ч.А эгч, Б.Б ахтай утсаар яриад “бид хоёр очлоо” гээд Б.Б ахынд очоод “Стандарт” нэртэй 0.75 литрийн нэг шил архи бид гурав хувааж уугаад дуусч байхад М.А ах надруу залгаад “та хоёр хаана байна” гэхээр нь “хойно хороололд байна, одоо дэлгүүр гарлаа хүрээд ир” гэж яриад дуудсан. Уулзаад дахин “Стандарт” нэртэй
0.75 литрийн нэг шил, 0.5 литрийн нэг шил архи, нийт 2 шил архи, “Сэнгүр” нэртэй 2.5 литрийн нэг сав пиво аваад Ч.А , М.А , Б.Б бид дөрөв хувааж уугаад би нэлээн согтсон байсан. Нэг харахад М.А ах газар хэвтэж байсан. Удалгүй Ч.А эгч эмнэлэг рүү дуудлага өгөөд эмч ирж үзээд авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх-31-32 тал/,
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 49 дугаартай: “М.А ийн биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт, хэвлийн хөндийг нээж цэвэрлэн нарийн гэдсийг шалган, хэвлийн хөндийд гуурс тавих хагалгааны дараах байдал үүсчээ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл 2020 оны 12 дугаар сарын 29-ний шөнө үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-37-39 тал/,
Шүүгдэгч Б.Б ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр М.А , түүний эхнэр Ч.А , Э.С гурав манайд “Монгол стандарт” нэртэй 0.75 литрийн хоёр шил, “Монгол стандарт” нэртэй 0.5 литрийн нэг шил архи, “Сэнгүр” нэртэй 2.5 литрийн нэг пивотой хүрч ирсэн. Тэгээд бид хэд авчирсан архи, пивоо хувааж уусан. М.А , Э.С хоёр хоорондоо хэрүүл хийх гээд байхаар нь би “гэрт хэрүүл маргаан хийхгүй шүү” гэж хэлэхэд хоёулаа “за, за” гэж хэлсэн. Би гал түлэх гээд гал тогооны өрөөнд ороод галаа түлж байхад М.А араас хүрч ирээд намайг “пизда, янхан” гээд хэлээд ардуур яваад байхаар нь би босоод М.А ийг мангасдаж газар унагаагаад гэдэс хэсэгт нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед М.А нэлээн согтсон байсан. Би М.А ийн хагалгааны төлбөр, ор хоногийн мөнгө болох 1.364.000 төгрөгийг төлсөн. Эм тариа хоол хүнс, түлээ, нүүрсэнд нь зориулж 824.000 төгрөг, нийт 2.188.000 төгрөгийг зарцуулсан. Үүнээс баримттай нь 346000 төгрөг байгаа. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-55-56 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхээс тогтоосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.А ийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Б ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б ыг 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ... тоотод байрлах өөрийн гэртээ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ М.А ийн амь бие, эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас М.А ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба түүний эмчилгээ, оношилгоотой холбоотой гарсан хохирлыг шүүгдэгч Б.Б шууд төлсөн талаархи нийт 1.393.320 төгрөгийн баримтыг хэргийн 7-9 дүгээр талуудад /53400, 20450, 2200, 94000, 21000, 3000, 20000, 2200, 3750, 8000, 3000, 2500, 5250, 84000, 2800, 25200, 4650, 1400, 5200, 3800, 3600, 30000/ хавсаргасан байна.
Хохирогч М.А нь хохирлоо авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд илэрхийлсэн байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.
Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн **-** дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, “ОХОТ” ХХК-ийн тодорхойлолт, оршин суух хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Б нь “ОХОТ” ХХК-нд рамчин ажилтай, ганц биеэр ... тоотод амьдардаг, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэм хорын хохирлыг төлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 4/18 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Б ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгуулийн ялыг сонгож 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох улсын яллагчийн ялын саналын хүрээнд ял, шийтгэл оногрдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан 10000000 төгрөгийн торгох ялыг сар бүр хувь тэнцүүлсэн хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 36 сарын хугацаагаар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд сануулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: