Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Т.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Б   аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г ад холбогдох эрүүгийн 2025003800025 дугаартай, 163/2021/0046/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Төмөрчин овогт Т ийн Г  /РД: Ф ******** /, 1969 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар ...

дүгээр хороололын ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г ын өгсөн: Гэр бүлийн маргаанаас үүдэлтэй энэ хэрэгт холбогдсон. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, гэмшиж байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2025003800025 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч

Т.Г  нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Б   аймгийн ... байрлах зуслан дээр эхнэр И.Б  тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдах явцдаа түүний толгой руу хуванцар сандлаар цохих, гутлаар хөл болон толгой руу цохих зэргээр бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь нуруу, баруун гарын бугалга, шуу, баруун хөлийн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нотлогдож тогтоогдлоо.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Гутланд үзлэг хийсэн: “...уг гутал нь хар өнгийн хагас түрийтэй дотор хэсэгтэй

шар өнгийн цахилгаантай эдэлж хэрэглэсний улмаас хуучирсан хос гутал байв” гэх тэмдэглэл /хх-15 тал/,

“..Хар өнгийн хагас түрийтэй хос гутлыг хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор эд мөрийн баримтаар тооцсон” гэх эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-17 тал/,

Хохирогч И.Б  ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр бид хоёр хамт зуслангийн газар дээрээ юм хийж байгаад наашаа ирэх замдаа машинд маргалдсан. Тэгээд над руу дайрч намайг баахан хараасан. Тэгээд би байрныхаа гадаа Г ыг буунгуут нь машинаа унаад явсан. Цаг орчмын дараа гэртээ орсон. Маргааш нь ахиад зуслан дээрээ очоод юм хийж байтал миний араас халамцуу ирээд “битгий ядарсан дүр үзүүлээд бай, наад гэрээ шатаа, наад салтаагаа захир” гэж хэлээд намайг бариад авсан. Тэгэхээр нь би эсэргүүцэл үзүүлсэн чинь гэрт байсан хуванцар сандлаар миний толгой руу цохисон. Тэгээд би манараад гүйх гэтэл гутал маань сугарсан чинь миний гутлаар миний гарын шуу, толгой, хүзүү, цээж рүү цохисон. Тэгээд намайг “суу чи, намайг сонс” гээд гэрлүү чирж оруулаад би ярихыг нь сонссон. Тэгээд миний дотор муухай оргиод би огих гээд гэрээс гарах гэтэл “чи хаачих гэж байгаа юм” гээд араас татаж унагаахад би галын мод хийдэг дөрвөлжин саван дээр унасан. Тэгээд би уйлахад “дуугүй бай, юундаа баашлаад байгаа юм” гэж загнасан...” гэх мэдүүлэг /хх-22-23 тал/,

Дахин өгсөн: “...Тухайн үед би нэлээн уурлаж бухимдсан байсан болохоор янз бүрийн зүйл ярьсан байна. Урьд өмнө болоод өнгөрсөн асуудлыг би уучилсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хурдан шийдвэрлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-24-31 тал/,

Гэрч Б.А   ын өгсөн: “Г  намайг гэртээ байхад ирдэггүй. Ээж заримдаа гар хөл, нуруу нь хөхөрсөн байдаг. “Яасан юм бэ” гэж асуухаар нь юманд цохисон гэж хэлдэг байсан. Сүүлд 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр би ээж рүүгээ утсаар ярихад ээж над руу уйлаад “Г  ирээд намайг зодоод байна” гэж хэлсэн. Тэр үед ээж Оросын булагт байсан. Тэгээд би ээжрүү явж байхад замд Г тай тааралдсан. Бид хоёр маргалдсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Гэтэл Г  зугтсан. Би ээжийгээ ажил дээрээ дуудаж уулзахад ээжийн нуруу хөхөрсөн, хоёр гар нь хөхөрсөн, толгой нь өвдөөд байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-34-35 тал/,

Гэрч У.О    ын өгсөн: “Миний хажууд бол цохиж зодож байгаагүй. 2019 оны намар би Солонгос улс руу явах гэж байх үед манай найзууд намайг гаргаж өгч байсан. Тэр үед хамт ирсэн. Тэгээд бид нар тарах үед Б    надад хандан “намайг гэрт маань оруулж өгөөрэй, Г  намайг гэртээ аваад орвол намайг тамлаад байдаг юм” гэж хэлж байсан. Тэгээд бид нар гэрт нь оруулах гэтэл “Г  би аваад явъя, би хүргээд өгье” гээд Б  ы гараас зуураад гарыг нь хөхрүүлж байсан. Тэгээд Б  аас асуухад “гэртээ оруулчихаад намайг гаргадаггүй юм, хэцүү зантай” гээд байсан. Тэгээд арай гэж Б  ыг өөрийнх гэрт оруулчихаад явж байсан. Тэрнээс миний хажууд цохиж, зодож байгаагүй. Хааяа уулзахад бие хаа нь энэ тэндээ хөхөрсөн байдаг. Г  маш их хартай. Б  ы ярианаас хааяа нэг сонсоод гар хөлийг нь харахад энэ, тэндээ их хөхөрсөн байдаг байсан” гэх мэдүүлэг /хх-36 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 543 дугаартай: “И.Б  ы биед нуруу, баруун гарын бугалга, шуу, баруун хөлийн шилбэнд цус хуралт үүсчээ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Уг цус хуралтууд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх41-42 тал/,

Шүүгдэгч Т.Г ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байх яг өдрийг сайн санахгүй байна. И.Б  ы хамтаар Орхон аймгийн Цахилгаан дулааны станцын урд талд байдаг рашаанаас рашаан авч уучихаад буцаж явах замд И.Б  ы гар утсанд дуудлага ирэхээр нь “энэ хэний дугаар юм бэ” гэж асуусан чинь Б   “чамд ямар хамаатай юм” гэсэн. Тэгээд бид 2 хоорондоо маргасан. Тэгэхээр нь би энэ дугаар урд өмнө чиний дугаар луу залгаж байсан талаар хэлсэн. Б   намайг хэл амаар доромжилоод байсан. Намайг гэрийн гадаа машинаас буулгасан. Тухайн үед машинаас рашаанаа аваад буухдаа “чи наад салтаа саамаа захирч яв” гэж хэлээд би гэртээ рашаанаа оруулчихаад найзындаа очиж хоносон. Тэгээд маргааш нь би үдээс хойш “Оросын булаг” гэх нэртэй газарт байрладаг зуслангийн гэр дээрээ очсон. Б   гэрийн гадаа байдаг сандал дээр сууж байхаар нь намайг уучлаарай гээд араас нь тэврээд үнссэн чинь иргэж хараад намайг маажихаар нь би түлхсэн. Нүүрний хэсэгт маажсан газар гараараа хүрсэн чинь цус гарсан байхаар нь Б  ы сууж байсан сандлыг аваад гэрлүү шидсэн чинь намайг сандал шидэх хооронд Б   гэр рүү гүйж орохоор нь би араас нь гэр рүү орсон. Б   гэрийн зүүн талын буйдан дээр сууж байхаар нь би хажуу талд нь суугаад “энэ ямар учиртай дугаар чам руу залгаад байдаг юм бэ?” гэж ярьсан чинь Б   босоод гараад явсан. Би гарнаас нь татсан чинь арагшаагаа унахдаа түлээний хайрцаг мөргөчихөөд уйлахаар нь би Б  ыг аргадсан. Тэгэхэд Б   надад хандан “одоо чи харь, одоо охин ирнэ” гэж хэлсэн. Тэгээд би Б  ыг аргадаж байгаад гэрлүүгээ харихаар явж байтал охин А   ьтай замд таарсан. Надаас “ээж яагаад уйлчихсан юм” гэж асуусан. Бид хоёр маргасан гэж хэлээд гэрлүүгээ харьсан” гэх мэдүүлэг /хх-56 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч И.Б  ы биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Т.Г ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Тухайн хэрэг, үйл баримт гарсан шалтгаан нөхцлөөс дүгнэлт хийхэд шүүгдэгч Т.Г ын эхнэр И.Б  ыг зодсон үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “байнга үйлдсэн” шинж тогтоогдоогүй байх бөгөөд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж хангалттай тогтоогдоогүй тохиолдолд тухайн хэргийн хохирогч нь гэр бүлийн хамаарал бүхий хүн байсан гэдэг агуулгаар хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”/ зааснаар хүндрүүлэн зүйлчлэхгүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Т.Г  нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Г ыг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Б   аймгийн ... газарт байрлах зуслан дээр эхнэр И.Б  тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдах явцдаа түүний толгой руу хуванцар сандлаар цохих, гутлаар хөл болон толгой руу цохих зэргээр бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь нуруу, баруун гарын бугалга, шуу, баруун хөлийн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Т.Г ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч И.Б  ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч И.Б   нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэл гаргаж, нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Шүүхээс түүнд шүүх хурлын товыг утсаар мэдэгдэхэд “ойлголоо, би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Г ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Г ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Г ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Г ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн **-** дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, байнга оршин суух хаягийн болон ам бүлийн тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Т.Г  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй ... тоотод ам бүл ганцаар амьдарч байгаа зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.Г ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 4/19 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Т.Г ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгдэгч Т.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгуулийн ялыг сонгож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох улсын яллагчийн ялын саналын хүрээнд ял, шийтгэл оногрдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Т.Г  нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хагас түрийтэй, цахилгаантай хар өнгийн хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч И.Б  д буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Төмөрчин овогт Т ийн Г ыг Эрүүгийн хуулийн тусгайангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Т.Г ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Г  нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж,шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Шүүгдэгч Т.Г  нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хагас түрийтэй, цахилгаантай хар өнгийн хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч И.Б  д буцаан олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслах Н.ЭрдэнэБулганд даалгасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б   аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНХАНД