Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 067

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: “А” хоршооны нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Дэлүүн сумын хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 118 өрхийн 678 иргэнд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх нийлүүлэгч сонгох тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга,

              Хариуцагч: Дэлүүн сумын Засаг дарга нарт  тус тус  холбогдох;

             “Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр, Хүнсний цаасан эрхийн бичгээр хүнсний бүтээгдэхүүн олгох үйл ажиллагаанд “Ай-А” ХХК болон “Арал Харагай” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг тус тус  хүчингүй болгож, дахин тендер сонгон шалгаруулахыг даалгах”  нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “А” хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч Үнэлгээний хорооны дарга  бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагч Үнэлгээний хорооны гишүүн Х.Ж шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “А” хоршооноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай хоршооноос Дэлүүн сумын хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 118 өрхийн 678 иргэнд хүнсний эрхийн бичгээр хүнс  нийлүүлэх нийлүүлэгч сонгох, тендер шалгаруулалтын ДЛЗДТГ2019/01/31/01 дугаартай тендерийн шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2/06 дугаартай мэдэгдэл, шийдвэрийг хүчингүй болгуулахаар Сангийн яаманд хандсан ба Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Дорждагвагийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/2821 дугаартай албан бичгээр “...хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д энэ хуулийг зөрчсөн  захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх” гэсэн заалтыг үндэслэн дээрх тендер шалгаруулалтын 1 дүгээр багцыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин тендер шалгаруулалт зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна”  гэсэн хариу ирүүлсэн.

2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн  184 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан юм. Өөрөөр хэлбэл, гэрээг хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээж аваагүй юм. Үүний дараа Сангийн яам руу тендерийн асуудлаар 2 дахь удаагаа гомдлоо гаргаж байсан ба 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 6-1/5023 тоот хариу бичгээр “дахин тендер зохион байгуулахыг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газарт мэдэгдсэн боловч биелүүлээгүй, захиалагч тендер зохин байгуулахгүй байгааг ашиг сонирхолтой гэж үзвэл хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлж ав” гэсэн хариу ирсэн.

Манай хоршоо уг албан бичгийн дагуу дахин тендер шалгаруулалт явагдахаар боллоо гэж хүлээж байх хугацаанд Дэлүүн сумын Засаг дарга, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Ай-А” ХХК болон “Арал Харагай” ХХК-тай дээрх Хүнсний цаасан эрхийн бичгээр хүнсний бүтээгдэхүүн олгох үйл ажиллагаанд хүнсний дэлгүүртэй хамтран ажиллах гэрээ байгуулсныг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дэлүүн сумын иргэдийн дам ярианаас сонсож ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

Сангийн яамны дээрх албан бичгүүдийн дагуу Дэлүүн сумын хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 118 өрхийн 678 иргэнд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх нийлүүлэгч сонгох, тендер шалгаруулалт дахин явагдах ёстой байтал шууд гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Хүнсний цаасан эрхийн бичгээр хүнсний бүтээгдэхүүн олгох үйл ажиллагаанд “Ай-А” ХХК болон “Арал Харагай” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээнүүдийг, Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрийг тус тус  хүчингүй болгож, дахин тендер сонгон шалгаруулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “А” хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх дэлгүүрүүдийг сонгон шалгаруулах тендер 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр явагдана гэснийг сонсоод, миний бие материалаа бүрдүүлж байхад, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр явагдахаар болж 1 сараар хойшлогдсон. 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл бүх материалаа бүрдүүлж тухайн өдөр хуудас бүрээр нь дугаарлан хүлээлгэж өгсөн.

2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тендерийг хугацаанд нээсний дараа ялагч болсон компаниуд нэг нэгэндээ баяр хүргэж, ялагч болсноо мэдсэн царайтай байсан. Тиймээс би тендер нээж байгаа өрөөнд очиход дотроосоо түгжээтэй байсан. Ялагч болсон “Ай-А” ХХК-ны төлөөлөл архи, бялуугаа аваад надтай хамт очсон. Тухайн үед би ямар шалтгааны улмаас яллагдсанаа асууж тодруулахын тулд очсон. Надад хүүхдийн цэцэрлэгтэй  хийсэн гэрээний он, сар засвартай гэж хэлсэн. Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 12.1-ийн ”ё”-д  “санхүүгийн нэг жил буюу 2018 оны ижил төстэй нийлүүлэгчийн дундаж хэмжээг санхүүгийн данс эсвэл хуулгаар нотолно” гэж заасан.

Хүүхдийн цэцэрлэгийн гэрээний зөвхөн 2020 оны “0”-ийг засварласан болохоос бусад тоонд засвар байгаагүй. Би өөрийнхөө бүх банкны хуулга болон холбогдох нотлох баримтаа хавсаргасан. Дэлхийн зөн олон улсын байгууллагатай байгуулсан гэрээг мөн хавсаргасан боловч миний материалыг анхаарч хараагүй. Манай Дэлүүн суманд 2 компани Улаанбаатар хотоос гурил нийлүүлдэг. Нэг нь манай “А” хоршоо “Улаанбаатар” болон “Ургац” гурилын гэрээт борлуулагч, сард 50 тонн гурилыг дэлгүүрүүдэд бөөндөж зардаг. Тухайн гэрээт борлуулагчийн гэрээг мөн адил тендерийн материалд хавсаргасан. Гол хүнсний бараа гурил болохоор ард түмэнд хямдхан гурилаар үйлчилье гэсэн хүсэлтэй байсан.

“А” хоршоонд гарсан зөрчлүүд “ижилт төстэй ажил байхгүй. Хүүхдийн цэцэрлэгтэй гэрээ хийсэн боловч засвартай, хуурамч” гэсэн. Дараагийн зөрчил гэдэгт “татварын тодорхойлолт хүчингүй, хугацаа дуссан, өртэй” гэсэн байна. Энэ өгүүлбэрийг буруу бичсэн гэж ойлгож байгаа. Мөн татварын хугацаа дууссан, хүчингүй гэснийг би өөрөө ойлгохгүй байгаа. Хүчингүй хугацаа дуусах ёсгүй, хүчингүй гэсэн бол цэг тавьж өгүүлбэрээ дуусгаад тайлбар дээрээ “хугацаа” дууссан гэж бичмээр байна. Хүчингүй хугацаа дууссан гэж бичсэн нь намайг доромжилж байгаа. Миний хүчингүй хугацаа биш, хүчинтэй хугацаа дууссан гэж бичих ёстой. Үүнийг намайг тендерээс хасахын тулд бичсэн гэж үзэж байгаа.

Татварын тодорхойлолтын хугацаа дууссан гэдэгт тайлбар өгөхөд тендерт оролцогчид өгөх зааварчилгаанд бүх материалыг 2018 оны үйл ажиллагаагаар дүгнэнэ гэсэн өгүүлбэр байгаа. Би 2018 оны бүх баримтуудаа өгсөн. Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 4-т “татвар, харилцагч банк, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтуудыг ирүүлнэ. Тодорхойлолтууд нь гаргаснаас хойш 3 сарын дотор хүчинтэй байна” гэж заасан.

Аудитын тайланд “А” хоршооны 2018 оны жилийн эцсийн бараа нийлүүлэлт нь 34564000 төгрөг гарсан,  “Ай-А” ХХК нь  2 сая төгрөгийн бараатай, “Арал-Харагай” ХХК-ны бараа нийлүүлэлт нь 3800000 төгрөг байна. Намайг тендерт оролцуулахгүйн тулд 2 багц болгон явуулсан. Тендерийн баталгааны хугацаа, Хаан банкнаас мөнгөө байршуулан авахдаа 2019 оны 5 дугаар сарын 26 хүртэл гэсэн байгаа. Би 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тендерт оролцож байхад баталгааны хугацаа яагаад хүчингүй болсон  бэ гэдгийг ойлгоогүй.

Хавтаст хэрэгтэй танилцахад “Ай-А” ХХК нь Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайны гэрээ хийсэн байна. Энэ сургуулийн захирал нь өөрийнхөө төрсөн аав Хадан гэдэг хүнтэй гэрээ хийсэн. Гэрээнд 2017 оны 9 дүгээр сарын 05-аас, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай гэрээ хийхдээ 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс, 2021 оны 01 дүгээр сарын 01 нь хүртэл гэрээ хийсэн байна. 2021 он хүртэл  гэрээ хийсэн  бол яах гэж тендер зарласан.

Гэтэл “Арал-Харагай” ХХК-ны гэрээ нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны хүртэл байгаа. Харин “Ай-А” ХХК-ны гэрээ нь 2021 он хүртэл байгаа. Тухайн үед Бауыржан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллаж байхад өөрийнхөө дэлгүүртэй халамжийн өмнөөс гэрээ хийж, гарын үсэг зурсан нь ашиг сонирхлын зөрчилтэй. Харин “Арал-Харагай” ХХК-ны гэрээ нь 2020 он хүртэл  он, сар нь зөрүүтэй хуурамч гэрээ байгаа. ТШӨХ-д 1, 2 иргэнийг ажлын байраар хангаж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх шаардлагатай гэсэн. Би 3 хүнийг ажлын байраар хангаж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа материалаа хавсаргасан. Гэтэл “Ай-А” ХХК-д нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт байхгүй.  Харин “Арал-Харагай” ХХК-ны захирал 2018 оноос эхэлж нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байна.

Минийх 2017, 2018, 2019 он хүртэл дараалан нийгмийн даатгалын шимтгэлийг төлж 3 айлыг ажлын байраар хангаж байгаа. Энэ миний давуу эрх.  Тендер шалгаруулалт маягтын 5-ын “г”-д нийт хөрөнгө эргэлтийн хөрөнгө, нийт өглөг ашиг татварын дараах ашиг гэдгийг харьцуулж үзнэ гэсэн боловч харьцуулж үзээгүй. Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 37 дугаар зүйлд захиалагч тендер шалгаруулалтыг үндэслэлгүйгээр хүчингүй болгохыг хориглоно гэсэн.

Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 1, 2 дугаар заалтад тендер шалгаруулалт өгөх хүснэгтэд тусгайлан зааснаас бусад тохиолдолд тендерийг 1 багцтай байна гэж заасан байгаа. Үүнийг намайг тендерээс хасаж, өөрсдийн хүмүүст авч өгөхийн тулд 1 багцыг 2 багцтай болгосон гэж ойлгож байгаа.

Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 12.15-д хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрээр шалгарсан тохиолдолд тендерт санал болгосон үнээр бараагаа зарна гэж тодорхой заасан. Гэтэл тендерт шалгарсан компаниуд гурилыг 57000 төгрөгөөр өгч байгаа, гэрээнд 49000 төгрөгөөр өгнө гэж бичсэн.

Мөн 8 дугаар заалтад тендерт оролцогч нь тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулсан байх гэсэн заалттай. Харин “Ай-А” ХХК-ны Х.Манар гэдэг хүн Баян-Өлгий аймгийн иргэн. Харин үйл ажиллагааг Дэлүүнд Бауыржан явуулж байгаа. “Ай-А” ХХК-ны Дэлүүн сумын  эмнэлэг, “Жастүлек” ХХК, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай байгуулсан ижил төстэй бараа нийлүүлэх ажлын гэрээний хугацаанууд дууссан. Тендерийн хороонд өгсөн материал бүрдүүлэхдээ бүгдийг нь 2020 он болгож өгсөн байна. Мөн тендер шалгаруулж дууссаны дараа гомдлоо Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сд өргөдлөө өгсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Дэлүүн сумын хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 118 өрхийн 678 иргэнд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх нийлүүлэгч сонгох тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооноос шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Дэлүүн суманд 2019 онд Хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх хүнсний дэлгүүрийг сонгон шалгаруулах комисс 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Засаг даргын А/21 тоот захирамжаар томилогдсон.

Энэхүү тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хуулийн хугацаанд нээсэн болно. Тендерийг нээж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль мөн захиалагчийн ажлын даалгавар, тендерийн бичиг баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

“А” хоршоо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5 дахь заалтыг ноцтой зөрчсөн. “А” хоршооны төлөөлөл иргэн М.А согтуугаар ажлын албаны өрөөнд орж ирж хүмүүстэй маргалдан хэрүүл хийж тендерийн материалыг булаан авч явсан. Тухайн үед сумын цагдаагийн төлөөлөгчид мэдэгдэн төлөөлөгч цагдаагийн хамт иргэн М.Атэй ярьсан ч тэрээр би материалаа өгч чадахгүй гэсэн хариу өгсөн.

Ингээд комисс бид “А” хоршоог огт тендерт оролцоогүйд тооцон шийдвэр гаргасан. Тендерт оролцоогүй хоршоо тендерийн талаар гомдол гаргах эрхгүй гэж үзэж байна.

Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх заалтыг зөрчсөн. Хуулийн хугацаанд нотлох баримттай гомдол гаргаж өгөөгүй, “А” хоршооны тендерийн материал нь стандартын шаардлагаа хангахгүй, татварын өртэй, нийгмийн даатгалын гэрээ байхгүй, тендерийн баталгааны хугацаа дууссан, ижил төстэй ажил байхгүй, хүүхдийн цэцэрлэгтэй хийсэн гэрээ нь хуурамч, засвартай материал ашигласан юм.

2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Сангийн яамны 6-1/2821 дугаартай албан бичгийг хүлээн авсан уг албан тоотод тендерийг 2 багцаар дахин явуулахыг зөвлөсөн байсан. Бид тендерийг 2 багцаар явуулсан тендерийн бичиг баримтын арын хуудсанд тодорхой бичигдсэн хууль журмын дагуу явуулсан гэдгийг утсаар хэлсэн байгаа. Харин Сангийн яамны 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 6-1/5023 дугаартай албан тоот огт манайд ирээгүй бичиг хэрэг дамжаагүй одоо хүртэл үзээгүй бичиг байна.

Бид аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад албан тоотоор хандаж нэн ядуу хүмүүс олон сараар талоны бараагаа авч чадахгүй их маргаан хэрүүл болж байна шалгарсан 2 дэлгүүрийн гэрээг баталгаажуулан өгч ард иргэдийг чирэгдэлгүй болгон өгч туслан уу гэж хандсан. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь гэрээг баталгаажуулан шалгарсан 2 дэлгүүртэй өрхийг хуваарилан өгч ,одоо талоны барааг өгч ажиллаж байгаа гэжээ.

Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Дэлүүн сумын хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх хүнсний дэлгүүрийг сонгон шалгаруулах комисс 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/21 дугаартай захирамжаар томилогдсон. Манай суманд А-3 сертификаттай хүмүүс байгаа боловч тендерт оролцсон дэлгүүрүүдтэй холбоотой хүмүүс байгаа учраас аймгийн Орон нутгийн өмчийн газарт албан тоот явуулж аймгаас 2 хүн томилуулан тендерийг шалгаруулсан. Бид тендерийг нээж материал шалгаж байхад М.А ажлын өрөөнд ирээд маргалдан тендерийн материалаа булаан авсан.

Тухайн  үед цагдаагийн төлөөлөгчид мэдэгдэж, материалаа авах гэсэн боловч М.А материалыг өгөхгүй гэж хариу өгсөн. Тиймээс дүнгийн хурал хийхдээ “А” хоршоо материалаа авч явсан болохоор тендерт оролцоогүйд тооцон шийдвэр гаргасан. Яагаад гэвэл бидэнд “А” хоршооны материал байхгүй. Бид нар дэлгүүр шалгаруулахдаа комисс бүх дэлгүүрүүдэд очиж үзэхэд М.Аийн дэлгүүр стандартын шаардлага хангаагүй. М.А шинээр барьсан дэлгүүрийг тендерээр шалгаруулсан гэсэн. Тэр нь өмнөх хуучин дэлгүүрээ нурааж, шинэ тоосгоор дэлгүүр барьсан байсан. Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хийсэн гэрээ бидэнд хамаагүй. “А” хоршооны материалын дугаарлалт нь давхардсан засвартай байсан. “А” хоршоо тендерт оролцоогүй учраас тендерийн талаар гомдол гаргах эрхгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл материалыг өөрөө авч явсан, дараа нь гарсан зөрчлүүдээ арилган шүүхэд гомдол гаргаж байгааг ойлгохгүй байна. Бид нар хууль журмын дагуу шалгаруулсан гэж бодож байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Тендерийн Үнэлгээний хорооны гишүүн Х.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай Орон нутгийн өмчийн газарт Дэлүүн сумаас албан тоот ирсний дагуу Дэлүүн сумын үнэлгээний хороонд очиж гишүүнээр ажилласан. Бид нар хуулийн дагуу ажиллаж, тендерийг шалгаруулсан. Хамгийн ноцтой зөрчил нь тендерийн баталгааны хүчинтэй хугацаа дууссан байсан.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24.5 дахь заалтад тендерийг нээснээс хойш 45 хоногийн дотор хүчинтэй. Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 21.4-д тендер хүчинтэй байх хугацаанаас хойш тендерийн баталгааны  хугацаа 28 хоног гэж бичсэн байгаа. Бид нар үүний дагуу тендерийн баталгааны хугацааг шалгасан. Тендерийн баталгаа шаарддаг шалтгаан нь хэрэв тендерээс татгалзвал тендерийн баталгааг улсын орлого болгох ёстой тул  тендерийн баталгааны хугацааг хатуу шаарддаг. “А” хоршоо материалаа аваад явсан, мөн тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь сарын өмнө дууссан нь хууль журамд нийцээгүй. Мөн тендерийг 2 багц болгосон нь ашиг сонирхлын зөрчилгүй, угаасаа хоёр багц болгон зарлах ёстой. “А” хоршооны хүүхдийн цэцэрлэгтэй хийсэн гэрээ нь засвартай байсан. Тэрийг өөрөө ч тайлбартаа гэрээний хугацааг зассан гэж хүлээн зөвшөөрч байна. Тиймээс “А” хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирсэн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/04 тоотыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бүх сумдын Засаг дарга нарт Хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх дэлгүүр шалгаруулах тухай тоотоор захиалагчийн ажлын даалгаврыг хүргүүлсэн юм.

Сумдын Засаг дарга нарт Хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх дэлгүүрүүдийг шалгаруулах эрхийг нь өгсөн тул сумдаас шалгаруулж гэрээ хийж ирсэн дэлгүүрүүдийг баталгаажуулж гэрээнд гарын үсэг зурж тухайн дэлгүүрүүдэд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хуваарилж өгсөн энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын хувьд миний бие ямар нэгэн хууль журам зөрчөөгүй болно.

Тухайн суманд Сангийн яамнаас ирсэн тоотуудыг миний бие үзээгүй надад хаяглаж ирүүлээгүй тул тухайн үед шалгаруулж ирүүлсэн дэлгүүрүүдэд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх эрхийг олгосон учир нь энэ хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлж байгаа өрхүүд нэн ядуу нийгмийн эмзэг бүлгийн иргэд, баян тарган, цатгалан компани, хоршооны эздийн улс төр хийж тоглодог хүмүүс биш учир тухайн сумын үнэлгээний хорооны шалгаруулж ирүүлсэн дэлгүүрүүдэд эрх олгосон, дураараа гэрээг баталгаажуулаагүй. Тухайн дэлгүүрүүдийг буруу, зөв шалгаруулсан талаар би огт хариуцахгүй, тухайн сумын Засаг даргын томилсон үнэлгээний хороо хариуцах болно гэжээ.

Хариуцагч Дэлүүн сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие сумын 2019 оны хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх хүнсний дэлгүүрийг сонгон шалгаруулах комиссыг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Засаг даргын А/21 тоот захирамж гарган байгуулсан болно.

Манай суманд А-3 сертификаттай хүмүүс байгаа боловч тендерт оролцох дэлгүүрүүдэд холбоотой ашиг сонирхол зөрчигддөг учир аймгийн Орон нутгийн өмчийн газарт албан тоотоор хандаж комиссын гишүүнд 2 хүн авч ажиллуулсан болно.

Тендерийг хуулийн хугацаанд хууль журмын дагуу сонгон шалгаруулалт хийх талаар үүрэг өгсөн. Үүний дагуу үнэлгээний хорооны гишүүд нь тогтоосон хугацаанд хууль журмын дагуу явуулсан тухай мөн тендерийн үед болсон явдлын талаар танилцуулсан. Комиссын шийдвэрээр шалгарсан 2 дэлгүүрийн гэрээг баталж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт явуулсан.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь гэрээг баталж мэргэжилтэн нь 2 дэлгүүрийн айл өрхийг хуваарилан өгч одоо иргэдийн талоны бараа өгөгдөж байгаа болно. Гомдол гаргаж байгаа “А” хоршооны хувьд тендерийн дүн гараагүй байхад материалаа булаан авч явсан талаар үнэлгээний хорооны гишүүд мэдэгдсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

               Шүүхээс хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь үнэлж, дүгнээд  нэхэмжлэгч “А” хоршооноос  Дэлүүн сумын хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 118 өрхийн 678 иргэнд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх нийлүүлэгч сонгох тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо болон захиалагчид  Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, Дэлүүн сумын Засаг дарга нарт  тус тус  холбогдуулан гаргасан  “Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр, Хүнсний цаасан эрхийн бичгээр хүнсний бүтээгдэхүүн олгох үйл ажиллагаанд “Ай-А” ХХК болон “Арал Харагай” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг тус тус  хүчингүй болгож, дахин тендер сонгон шалгаруулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

              Баян-Өлгий аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаас Дэлүүн сумын Засаг даргад  2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 34 дүгээр “Хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх дэлгүүр шалгаруулах тухай” албан бичгийг[1] хүргүүлсэн, Дэлүүн сумын Засаг дарга нь 2019 оны 02 дугаар сарын 11-ий өдөр А/05 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар[2] Дэлүүн сумын хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 118 өрхийн 678 иргэнд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх нийлүүлэгч сонгох тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хороог  байгуулснаар үнэлгээний хороо 2019 оны 01 дүгээр 30-ны өдрийн хуралдаанаар[3] тендер шалгаруулалтыг  2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт явуулахаар тогтоосон,  улмаар 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үнэлгээний хороо дахин хуралдан үнэлгээний хорооны гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах  үндэслэлээр тендерийг  нээх ажиллагааг хойшлуулж, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагт нээхээр[4] шийдвэрлэсэн нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдаж байгаа ба хэргийн оролцогчид нь энэ үйл баримтуудын талаар маргаагүй байна.

              Захиалагчаас боловсруулсан тендерийн бичиг баримтад Дэлүүн сумын хэмжээнд нийгмийн халамжийн туслалцаа зайлшгүй шаардлагатай 118 өрхийн 678 иргэнд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх нийлүүлэгч сонгох  тендерийг “Дэлүүн сум 1-р “59 өрх 48192000 төгрөг,  “Дэлүүн сум 2-р” 59 өрх 48192000 төгрөг гэсэн 2 багцаар явуулахаар тогтоосон боловч энэ 2 багцын тендерийг нэг сонгон  шалгаруулалтаар явуулсан нь  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид хуулийн гэх/  8 дугаар зүйлийн 8.6-д заасан “Захиалагч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бараа, ажил, үйлчилгээг зориулалт, нэр төрөл, газар зүйн байрлалыг харгалзан нэг төрлийн болон ижил төстэй байдлаар нь хэд хэдэн багцад хувааж тендер шалгаруулалт явуулж болно” гэснийг зөрчсөн байна.

              Гэхдээ тендерт оролцогчид нь энэ талаар тухайн үед маргаагүй ба 2 багцын тендерийг нэг сонгон  шалгаруулалтаар явуулсны улмаас  тендерт оролцогчдын  тендерт оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй, уг тендерт  “А” хоршоо, “Ай-А” ХХК, “Нурганат”ХХК, “Ержү” ХХК, “Арал-Харагай” ХХК зэрэг 5 оролцогч  тендер ирүүлснээр үнэлгээний хороо 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр  хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т заасны дагуу бүх тендерийг хянан үзэж, “Эржү” ХХК, “А” хоршоо, “Нурганат” ХХК-ийн тендерүүдийг  шаардлагад нийцээгүй , харин “Арал Харагай” ХХК-ийн болон “Ай-А” ХХК-ийн тендерүүдийг шаардлагад нийцсэн тендер гэж үзсэн нь хэрэгт авагдсан үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дүгээр тэмдэглэлээр[5] тогтоогдож байна.

              Нэхэмжлэгчээс  “А” хоршооны тендерийн талаар үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч “шаардлагад нийцээгүй, ижил төстэй ажил байхгүй, хүүхдийн цэцэрлэгтэй гэрээ хийсэн боловч засвартай, татварын тодорхойлолтын хүчинтэй хугацаа болон тендерийн баталгааны хугацаа дууссан гэж үзсэн үнэлгээний хорооны  үндэслэлүүд нь буруу, “А” хоршооны тендер нь тендерийн бичиг баримтад заасан шаардлагыг хангаж байгаа”  гэж  маргасан ба  шүүхээс маргасан асуудлыг дараах байдлаар дүгнэлээ.

              1. Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т ““тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг”, 12 дугаар зүйлийн  12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”,  27.1.1-т “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага” гэж тус тус заасан.

              Хуулийн дээрх заалтуудын агуулгаас  үзэхэд үнэлгээний хороо нь зөвхөн захиалагчаас боловсруулсан тендерийн бичиг баримтад тусгасан нөхцөл, шаардлага, үзүүлэлтийг тендерт оролцогч нь хангасан эсэхийг хянах, тендерийн бичиг баримтад тусгаагүй бичиг баримтыг шаардах эрхгүй гэж ойлгохоор байна.

              Тендерийн бичиг баримтад тусгасан  татварын тодорхойлолт нь хуулийн 15 дугаар зүйлд заасан санхүүгийн чадавхад хамаарах  шаардлага мөн бөгөөд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн /цаашид ТШӨХ гэх/ ТОӨЗ 12.2 “ё” хэсгийн 4-т “Татвар, харилцагч банк, Нийгмийн даатгал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын тодорхойлолтуудыг ирүүлнэ. Тодорхойлолтууд нь гаргаснаас хойш 3 сарын дотор хүчинтэй байна” гэж заасан.

              “А” хоршооноос тендерийн бичиг баримтад заасан татварын талаарх тодорхойлолтыг ирүүлсэн, татварын  улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолт[6] нь   тендерийг хянаж үзэх үед буюу 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүчинтэй байсан,  ТШӨХ-д заасан дээрх 3 сарын хугацаа  өнгөрөөгүй тул үнэлгээний хорооны “үндэсний татварын албанаас цахим хэлбэрээр авах тодорхойлолт болон түүний хүчинтэй хугацаагаар татварын тодорхойлолтыг шаардлага хангасан эсэхийг тодорхойлно”  гэх үндэслэл нь захиалагчаас тендерийн бичиг баримт буюу ТШӨХ-д  тухайлан тодорхой тусгаагүй бичиг баримтыг шаардсан гэж үзэхээр байна.

              2.   ТШӨХ-ийн ТОӨЗ 12.1. “ё” хэсгийн 2-т “Сүүлийн 1 жил буюу 2018 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлэлтийн өртгийн дундаж хэмжээ нь санал болгож буй багцын баталсан төсвийн үнийн дүнгийн 70 хувиас багагүй, хүнс гэрээгээр нийлүүлж байсан туршлагатай байх /сүүлийн 1 жилд ядаж нэг удаа тухайн багцад нийлүүлэх бараатай ижил, дүйцэхүйц бараа нийлүүлсэн туршлагатай байх, санхүүгийн тайлан эсвэл дансны хуулгаар нотолно”[7] гэж заажээ.

              “А” хоршооноос дээрх шаардлагын дагуу ирүүлсэн   ижил төстэй ажил  гэж Дэлүүн сумын  хүүхдийн цэцэрлэгтэй байгуулсан хоол, хүнс нийлүүлэх гэрээний огноог үнэлгээний хорооноос засвартай гэж үзэн  шаардлага хангаагүйд тооцжээ.

              ТШӨХ-д ижил төстэй ажил гүйцэтгэснээ санхүүгийн тайлан эсвэл дансны хуулгаар нотлохыг шаардсан байх ба нэхэмжлэгч нь  2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүүхдийн цэцэрлэгт нийт 19.043.621 төгрөгийн хүнс нийлүүлсэн нь хэрэгт авагдсан, “А” хоршооны тендерийн бичиг баримтад хавсаргасан 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар[8] батлагдаж байгаа тул хүүхдийн цэцэрлэгтэй байгуулсан гэрээний огноог засвартай гэсэн үндэслэлээр ижил төстэй ажил гүйцэтгэсэн шаардлагыг хангаагүй гэж үзсэн   үнэлгээний хорооны шийдвэрийг буруу гэж шүүхээс дүгнэлээ. 

              3.  Нэхэмжлэгчээс тендерт ирүүлсэн ХААН банкны 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Тендерийн баталгаа гаргах тухай” Дугаар № ТЕ20190226161946 дугаартай тендерийн баталгааны[9] хүчинтэй хугацаа 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл байна.

              Тендерийн баталгааны талаар хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-т “”тендерийн баталгаа” гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах, хариуцлагатай оролцохоо баталгаажуулж тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны  баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн  үнэт цаасыг”, 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн  хуулиар өөрчлөн найруулсан, 2019 оны 06 дугаар сарын 01- өдрөөс өмнө үйлчилж байсан хуулийн 24 дүгээр зүйлийн  24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45  хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна”, 20 дугаар зүйлийн  20.5-т “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэж тус тус зохицуулжээ.

              Мөн ТОӨЗ-ийн 21.4-т “... Тендерийн баталгааг 4 дүгээр бүлэг дэх маягтаар, эсхүл тендер хүлээн авахаас өмнө захиалагч урьдчилан хүлээн зөвшөөрсөн маягтаар ирүүлнэ. Тендерийн баталгаа нь тендер хүчинтэй хугацаанаас  хойш 28 хоногийн  хугацаанд хүчинтэй байна”, 21.5-т “Тендерийн баталгааны эх хувийг ирүүлэхдээ захиалагчийн ТШӨХ-д заасан хоног /он, сар, өдөр/-өөр тооцож ирүүлнэ”, 21.7-т “Энэ зүйлд шаардсаны дагуу хүлээн зөвшөөрөхүйц тендерийн баталгаа ирүүлээгүй аливаа тендерээс захиалагч үндсэн шаардлага хангаагүй гэж  үзэж татгалзана”[10], 21.1 дэх хэсэгт[11] “Тендерий баталгааны үнийн дүн: Тендерийн баталгааг МАЯГТ № ТШМ-3-аар гаргаж ирүүлнэ. 1. Багц тус бүр тендерийн баталгаа ирүүлнэ. Нийт тендерийн баталгаа нь нийт үнийн дүнгийн 2 хувь байна. Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа: Тендер зарлагдсан өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна./2019 оны 06 дугаар сарын 23/” гэж тусгажээ

               Тухайн тендерийн хувьд тендер нээснээс хойш уг тендерийн хүчинтэй байх хугацаа 45 хоног, тодруулбал, маргаан бүхий тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нээсэн /2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэлд тусгагдсан/, үүнээс хойш  хуульд заасан тендерийн хүчинтэй хугацааг тоолоход  2019 оны  05 дугаар сарын 28-ны өдөр дуусах  тул нэхэмжлэгчээс ирүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх  хүчинтэй хугацаатай тендерийн баталгаа нь хуулийн дээрх заалтуудтай болон захиалагчаас тендерийн бичиг баримтад заасан хугацаатай нийцээгүй байна.

              Иймээс “А” хоршооны тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа дууссан гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах үндэслэлгүй, энэ үндэслэлээр “А” хоршооны тендерийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар “шаардлагад нийцээгүй” тендер гэж үзэх үндэслэлтэй.

              Хариуцагч үнэлгээний хороо нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөл тендерийн бичиг баримтыг булаан авч явсан үндэслэлээр уг оролцогчийг тендерт огт оролцоогүйд тооцон шийдвэрлэсэн нь агуулгын хувьд буруу, харин “А” хоршооны тендерийг үнэлгээний хороо хянаж үзсэний дараа бичиг баримтаа авч явсан үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгчийг тендерт оролцсон боловч  тендер нь дээрх үндэслэлээр шаардлагад нийцээгүй тендер гэж үзэн уг тендерээс татгалзах  ёстой байжээ.

              Гэхдээ энэ шийдвэрийн  улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол  нь зөрчигдөөгүй, мөн   “Ай-А” ХХК, “Арал-Харагай”ХХК-иудын тендерүүд  нь бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан тендер болох нь хэрэгт авагдсан тендерийн бичиг баримтуудаар тогтоогдсон тул үнэлгээний хорооны шийдвэр нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-тай нийцсэн, мөн   хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т зааснаар  “хамгийн сайн” үнэлэгдсэн шалгарсан дээрх компаниудтай  захиалагчид нь хамтран ажиллах гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн  тул  хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.5, 27 дугаар зүйлийн 27.3,  27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” хоршооноос  Дэлүүн сумын хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 118 өрхийн 678 иргэнд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх нийлүүлэгч сонгох тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо болон   Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, Дэлүүн сумын Засаг дарга нарт  тус тус  холбогдуулан гаргасан  “Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр, Хүнсний цаасан эрхийн бичгээр хүнсний бүтээгдэхүүн олгох үйл ажиллагаанд “Ай-А” ХХК болон “Арал Харагай” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг тус тус  хүчингүй болгож, дахин тендер сонгон шалгаруулахыг даалгах”-ыг хүссэн шаардлага  бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                            З.ГҮЛБАРША

             

             

             

 

 

 


[1] Хэргийн 45 дугаар хуудас

[2] Хэргийн 43 дүгээр хуудас

[3] Хэргийн 48-49 дүгээр хуудас

[4] Хэргийн 51 дүгээр хуудас

[5] Хэргийн 52-53 дугаар хуудас

[6] Хэргийн 166 дугаар хуудас

[7] Хэргийн 67 дугаар хуудасны ар тал

[8] Хэргийн 170-172, “А“ хоршооны тендерийн 71-72 дугаар хуудас

[9] Хэргийн 165 дугаар хуудас

[10] Хэргийн 61 дүгээр хуудасны ар тал

[11] Хэргийн 69 дүгээр хуудас