Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1244

 

Б.Цолмонгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/00574 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Цолмонгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “А-жет Авиэйшн” ХХК-д холбогдох

 

“А-Жет Авиэйшн” ХХК-ийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 22/16 дугаар сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, агаарын хөлгийн хамтран нисгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, “А-Жет Авиэйшн” ХХК-иас 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны олгогдоогүй цалин хөлсөд 33 237 636,6 төгрөгийг, цалин хөлс хожимдуулж олгосон хугацааны алдангид 40 361 003.8 төгрөгийг, ажлаас буруу халсан үеийн олговорт 13 286 806 төгрөгийг, нийт 86 885 453.28 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгондорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгондорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Цолмон би нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “А-Жет Авиэйшн” ХХК-д сурагч нисгэгчийн орон тоонд түр хугацаагаар ажилд орсон. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр компанийн үндсэн ажилтан болж хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан. Уг гэрээнд зааснаар ажил олгогч нь ажилтанд нэг сарын 1 000 ам.долларын үндсэн цалинг олгох, ажилтан нь “А-Жет Авиэйшн” ХХК-ийн нисэх албанд хамтран нисгэгч буюу хоёрдугаар нисгэгчийн албан тушаалд ажиллах үүрэг хүлээсэн. Миний бие нь өнгөрсөн хугацаанд компанийн холбогдох дүрэм, журам, хуулийн шаардлагыг хангаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан.

Гэвч “А-Жет Авиэйшн” ХХК нь талуудын хоорондын хөдөлмөрийн харилцааг үл хүндэтгэн, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны үндсэн цалин, нэмэгдэл, илүү цаг, амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын олговрыг олголгүй өнөөдрийг хүрсэн.

Ийнхүү удаан хугацаанд цалин хөлс олголгүй ажиллуулсны дараа гэнэт “А-Жет Авиэйшн” ХХК-ийн захирал 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сахилгын шийтгэл оногдуулах тухай 22/16 тоот тушаал гаргаж, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Уг тушаалд өгөгдсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, тавигдсан шаардлагыг хангахгүй байгаа гэсэн шалтгаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл, Компанийн дотоод журмын 2.2.3, 8.3-г үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Миний бие нь ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил болон хөдөлмөрийн гэрээг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байгаагүй мөн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Тиймээс ажил олгогчийн уг тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэн хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу дараах шийдвэр гаргаж өгнө үү. Үүнд:

“А-Жет Авиэйшн” ХХК-ийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 22/16 дугаар сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, агаарын хөлгийн хамтран нисгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, “А-Жет Авиэйшн” ХХК-иас 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны олгогдоогүй цалин хөлсөд 33 237 636,6 төгрөгийг, цалин хөлс хожимдуулж олгосон хугацааны алдангид 40 361 003.8 төгрөгийг, ажлаас буруу халсан үеийн олговорт 13 286 806 төгрөгийг, нийт 86 885 453.28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “А-Жет Авиэйшн” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Цолмон нисдэг тэрэгний нисгэгчийн анхан шатны суурь боловсрол эзэмшин төгсөж ирэхэд нь аав хүү хоёрын хүсэлтээр “А-Жет Авиэйшн” ХХК нь авч нисгэгчийн мэргэжлийн үнэмлэхтэй болгох Иргэний нисэхийн дүрмийн ИНД-ийн дагуу ажлын хүрээнд өөрийн үйл ажиллагаанд шинээр ашиглахаар оруулж ирээд байсан орчин үеийн ЕС145 агаарын хөлөгт нисгэх зорилгоор тус компанийн сургалтын журмийг танилцуулж компанийн зардлаар АНУ-д удаа дараа сургаж дадлагажуулсан.

Б.Цолмон нь компанийн зардлаар сурч ирсэн атлаа мэргэжил боловсролдоо асар хариуцлагагүй ажиллаж байсан ба олон удаа сургалт зохион байгуулж удаа дараа анхааруулж улмаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул өөртэй нь харилцан тохиролцсоны дагуу тушаал гарган үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Тушаалын дагуух даалгаврыг биелүүлэх нь битгий хэл шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Иймд Б.Цолмонг тухайн компани нь ажлаас халаагүй бөгөөд түүний талаар эцэг эхэд нь хүсэлт тавьж байж уулзахад танайд ажиллуулахгүй гэж байсан болон үйлдэл нь компанийг доорхи байдлаар хохироож байна.

ИНД-ийн дагуу агаарын хөлгийн онолын болон нислэгт дадлагажих сургалттай холбоотой, нисэх эрхээ хадгалах үе шаттай (гадаад, дотоод) сургалтуудад хамрагдах, агаарын хөлөг дээр шалгуулах, дадлагажих нислэгүүдийг, эрүүл мэндийн зардлууд, компаниас түүнд зориулсан үе шаттай олон сургалтууд зэргийн бүх зардалаа 100 хувь даалгасан зэрэг болно. Нэхэмжлэгчийг ажлаас халаагүй ба өөрөө ажилдаа орохгүй гэдэг. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш тасалснаар тавьсан. Өмнө нь цалин олгоогүй нь хямралтай холбоотой бүгдэд нь олгоогүй. Цалингийн асуудлыг шүүх шууд шийдэхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 128 дугаар зүйлийн 128.1.7, 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А-Жет Авиэйш” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 22/16 дугаар тушаалыг хүчингүй болгож, хариуцагч “А-Жет Авиэйшн” ХХК-иас тогтоосон хугацаанд олгогдоогүй цалин хөлсөд 33 237 636.6 төгрөгийг, алдангид 20 180 501.9 /40361003.8 : 2 = 20 180 501.9/ төгрөгийг, нийт 53 418 138.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цолмонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн Агаарын хөлгийн хамтран нисгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажлаас буруу халсан үеийн олговорт 13 286 806 төгрөгийг, алданги 20 180 501.9 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Цолмон улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “А-Жет Авиэйшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 425 041 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Л.Нямбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/00574 тоот шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдаж байна.

Шүүгч нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэхдээ нэг талыг хэт барьж, нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт өгөөгүйн зэрэгцээ хууль буруу тайлбарлаж хэрэглэснээс илт хууль бус шийдвэр гаргасан гэж хариуцагчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгчийн үндсэн шаардлага нь ажлаас хууль бусаар халагдсан тухай гомдол байв. Шүүх ажлаас халагдаагүй болохыг нь тогтоожээ. Гэвч нэхэмжлэлийн шаардлагаас хальж тушаал нь сахилгын шийтгэл байсан тул хүчингүй болгож шийдвэрлэхдээ доорх хууль тогтоомжуудыг зөрчжээ. Үүнд: Шүүх нэхэмжлэлийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх ИХШХШТХ-ийн үндсэн заалтыг зөрчсөн байна. Шүүгч асуудлыг нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэх үндсэн үүргээсээ хальж Б.Цолмонд чөлөө олгосон талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байхад гэрчийн мэдүүлэг, үндсэн тушаалыг үл хэрэгсэн Б.Цолмонд арга хэмжээ авсан байна гэж тушаалыг хүчингүй болгож байгаа нь хууль бус байна. Б.Цолмон нь өвчтэй байна гэх буюу нислэгт гарахгүй байх талаар хүсэлт гаргаснаас хойш 29 хоногийн дараа эцэг эхээ компанийн захиргаатай уулзуулахад нь тушаалыг эцэг эхэд нь болон өөрт нь танилцуулж түүнийг ажлаас халаагүй болохоо мэдэгдсэн. Түүнээс хойш Б.Цолмонг ажилдаа орохыг удаа дараа шаардсан тухай баримт хэрэгт хангалттай байгаа бөгөөд Б.Цолмон нь шүүхэд ажлаас халлаа гэсэн нэхэмжлэл гаргажээ. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж ажилтныхаа хүсэлтээр цалингүй чөлөө олгосон тушаалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байхад сахилгын шийтгэл ноогдуулсан байна гэж тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх шүүгчийн эрх хэмжээг хэтрүүлсэн үйлдэл болжээ. Сахилгын шийтгэл ноогдуулсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн дагуу сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрээр сахилгын шийтгэл ноогдуулсан тушаал байх ёстой атал дээрхи тушаал нь цалингүй чөлөө олгосон тушаал байх бөгөөд дээрхи тушаалын 2 дугаар заалтад нийгмийн даатгалын шимтгэл төлөх талаар заасан заалт байх юм.

2. Шүүгч нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох цалингаа цаг хугацаандаа аваагүй тул цалинг алдангийн хамт гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ доорхи хууль тогтоомжийг зөрчжээ. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комиссоор хянан шийдвэрлэнэ гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 126 зүйлийн 126.1 дэх заалтыг зөрчин шүүх шийдвэрлэхдээ ИХШХШТХ-ийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг зөрчиж гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй анз төлүүлэх заалтыг зөрчиж анзын 50%-ийг төлүүлэхээр шийдвэрлэж хууль буруу хэрэглэсэн.

Дээрхи үндэслэлээр Б.Цолмонгийн ажлаас халагдсан тул ажилд эргүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас хальж цалингүй чөлөө олгосон байгууллагын тушаалыг хүчингүй болгосон, улмаар хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлэх асуудлыг авч шийдвэрлэсэн шийдвэрийн заалтуудыг хүчингүй болгож өгнө үү.

Ер нь Б.Цолмон нь нислэгийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, боловсон хүчний бодлого ажлыг унагааж компанид хохирол учруулчихаад арга хэмжээ авахуулах болохоор ажлаа хаяж явж өнөөдрийг хүртэл ажил тасалж байгаагаа хайцаалах үүднээс шүүгчээр хууль бус шийдвэр гаргуулсан гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар эвлэрснийг бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Б.Цолмон нь хариуцагч “А-Жет Авиэйшн” ХХК-д холбогдуулан “А-Жет Авиэйшн” ХХК-ийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 22/16 дугаар сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, агаарын хөлгийн хамтран нисгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, “А-Жет Авиэйшн” ХХК-иас 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны олгогдоогүй цалин хөлсөд 33 237 636.6 төгрөгийг, цалин хөлс хожимдуулж олгосон хугацааны алдангид 40 361 003.8 төгрөгийг, ажлаас буруу халсан үеийн олговорт 13 286 806 төгрөгийг, нийт 86 885 453.28 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас халаагүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хугацаандаа олгогдоогүй цалин, алданги, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нийт 86 885 453.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж 49 856 454 төгрөг болгож, ажилдаа эргэж орно гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийг хамтран /хоёрдугаар/ нисгэгчийн ажилд эгүүлэн авч, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны олгогдоогүй цалин хөлсөд 33 237 636.6 төгрөг, алданги 16 618 813 төгрөг, нийт 49 856 454 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/00574 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “А-Жет Авиэйшн” ХХК нь нэхэмжлэгч Б.Цолмонг тус компанийн хамтран /хоёрдугаар/ нисгэгчийн ажилд эгүүлэн авч, түүнд хугацаанд нь олгоогүй цалин, алданги нийт 49 856 454 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “А-Жет Авиэйшн” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425 041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан “А-Жет Авиэйшн” ХХК шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Э.ЗОЛЗАЯА

 

                             ШҮҮГЧИД                                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                С.ЭНХТӨР