Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 23

 

 Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                            Б.Оюунсүрэн

Прокурор                                                 С.Алтай

Яллагдагчийн өмгөөлөгч                        Г.Цэрэндолгор нар оролцов.                                   

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж шийдвэрлэсэн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 275 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Догмиддоржийн бичсэн эсэргүүцлээр Б.Бд холбогдох эрүүгийн 1821001370081 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: 1986 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух, ял шийтгэл Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэгдсэн, Х овогт Бын Б.

Яллагдагч Б.Б нь согтуугаар 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 18 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар баг, Шатахуун түгээх станцын хойд талын замд “Приус-10” маркийн 45-39 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 2.7.а-д заасан “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, 12.8-д заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Хьюндэй Портер” маркийн 25-91 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Оын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай яллагдагч Б.Бд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 275 дугаар шүүгчийн захирамжаар:

            - Яллагдагч Х овогт Бын Бд холбогдох эрүүгийн 1821001370081 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж,

            - Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж, баримт бичгээр ирүүлсэн яллагдагчийн иргэний үнэмлэхний лавлагааг хэргийн хамт хүргүүлж,

            - Хэргийг Прокурорын газарт очтол яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

            - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг Прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж, шийдвэрлэжээ.

Прокурор Б.Догмиддорж эсэргүүцэлдээ:

“...1. Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, яллах дүгнэлт болон хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж, хэргийг хэлэлцээд “шүүгдэгч энэ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг “согтуурсан...үедээ” үйлдсэн бол хүндрүүлэх шинжээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчлэхээр хуульчилсан байхад яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “яллагдагч Б.Б нь авто тээврийн хэрэгслийг жолоодож байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Г.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтыг зөрчсөн төдийгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно” гэжээ.

Гэтэл прокуророос Б.Б-г энэ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн талаар яллагдагчаар татах тогтоолд зааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн, яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “Яллагдагч Б.Б нь согтуугаар 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 18 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар баг, Шатахуун түгээх станцын хойд талын замд “Приус-10” маркийн 45-39 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 2.7.а-д заасан “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, 12.8-д заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Хьюндэй Портер” маркийн 25-91 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.О-н эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан” гэж тодорхой бичиж, тогтоох хэсэгт “согтуугаар” гэх үгийг орхиж бичсэн нь техникийн шинжтэй алдаа байх ба үүнийг прокуророос хүсэлт гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр зөвтгөх бүрэн боломжтой байснаас гадна энэ нь хэргийн зүйлчлэл болон ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд нөлөөлөхгүй, мөн шүүхээс “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно” гэж үзсэн нь буруу дүгнэлт болжээ.

            2. “Хэрэгт зам тээврийн осол дээр акт үйлдээгүй, осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийгээгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдлаас 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал”, 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г бүрэн гүйцэт тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаанд автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг тогтоолгохдоо “захиалагч: Дорнод аймгийн Замын цагдаагийн газар” гэсэн атлаа шинжээч томилоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна” гэжээ.

            Гэвч уг хэрэгт осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдэд албан ёсны “Вендо” хөрөнгийн үнэлгээний компаниар техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг гаргуулсан, хойшлуулшгүй ажиллагааны үед тээврийн хэрэгслүүдийг журамлах ажиллагаа хийгдээгүй байсан боловч үүнийг нөхөн гүйцэтгэж, дүгнэлт өгөх боломжгүй юм.

            Мөн “автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг тогтоолгохдоо “захиалагч: Дорнод аймгийн Замын цагдаагийн газар” гэсэн атлаа шинжээч томилоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна” гэсэн нь ойлгомжгүй байхаас гадна уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заавал шинжилгээ хийлгэх заалтад “тээврийн хэрэгслийн эвдрэл”-д заавал шинжилгээ хийлгэхээр заагаагүй бөгөөд уг хэрэгт зайлшгүй шаардлагатай шинжээчийг заавал томилох үндэслэл тогтоогдоогүй байна.

            3. “Техникийн шинжээчийн дүгнэлтийн хариулт 2, 4 дэх заалтад жолооч нар нь дүрэм зөрчсөн, зөрчөөгүй эсэх нь ойлгомжгүй, зам тээврийн осол болох гол шалтгаан нь хэний буруутай үйлдлээс болсон /өгүүлбэрийг бүрэн дуусгах, дүгнэх нэр заах/ зэрэг нь тодорхой бус байх ба дүгнэлтийг эргэлзээтэй болгожээ” гэжээ.

            Гэтэл 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэд нэгээс тав хүртэл дугаарлаж дэлгэрэнгүй, тодорхой асуусан асуултад товч бөгөөд тодорхой ойлгомжтой хариулсан, асуултын дагуу хариулт өгсөн /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудсанд/ дүгнэлтийг эргэлзээтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

            Хэрэв шүүхээс техникийн шинжээчийн дүгнэлтийг үнэлэхэд эргэлзээ гарвал шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж, дүгнэлтийн талаар тайлбарлуулах боломжтой байсан байна. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ хэт субъектив байдлаар хандаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар “анхан шатны журмаар хэрэг шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчиж, шүүхээс шүүх хуралдааны явцад хэргийг тал бүрээс бүрэн бодитой үнэлж болохуйц байхад хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

            Иймд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 275 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийн дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

             Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 2, 3 дугаар заалтыг дэмжиж байна. Хохирогч О замын хөдөлгөөний дүрмийн 1.8 дугаар заалтыг зөрчсөн. Иймд энэ асуудалд нь арга хэмжээ авах ёстой гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Алтай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа гэхэд нэмж хийгдэх ажиллагаа байхгүй. Машинууд бүгд засагдсан. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт орхигдуулсан “согтуугаар” гэдэг үгийг засуулах хүсэлт гаргаж хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дугээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокурорын газраас яллагдагч Б.Б-г согтуугаар 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 18 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар баг, Шатахуун түгээх станцын хойд талын замд “Приус-10” маркийн 45-39 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 2.7.а-д заасан “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, 12.8-д заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Хьюндэй Портер” маркийн 25-91 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Оын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт буруутгаж Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-ээр зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч Б.Б-г “согтуугаар” гэмт хэрэг үйлдсэн талаар бичилгүй орхигдуулсан алдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 33.1 дүгээр зүйлийн 6.4-т зааснаар прокурорын хүсэлтээр засуулах боломжтой гэж үзэв.

Мөн шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, яллагдагч Б.Б-д холбогдох хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх, түүнд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүггдэгчийн хувьд прокурорроос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэнтэй нийцэх юм.

Хэрэгт техникийн шинжээч дүгнэлт гаргасан, эд хөрөнгийн үнэлгээ гаргахдаа тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн, машины эвдрэл, хохирлын үнэлгээ гаргуулах асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд заасан заавал шинжилгээ хийлгэх заалтад хамаарагдахгүй зэргээс үзэхэд шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иймд “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэх” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 6/06 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 275 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин урьдчилсан  хэлэлцүүлэг хийлгэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол яллагдагч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

                ШҮҮГЧИД                                              О.БААТАРСҮХ

                                                                              Ж.ДОЛГОРМАА