Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б    аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Г.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган    аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г ад холбогдох эрүүгийн 2015003630028 дугаартай, 163/2021/0047/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, А овогт Г гийн Г  /РД: Г ******** /, 1963 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б    аймгийн Могод суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ... хороонд оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г ын өгсөн: Би мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015003630028 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г  нь 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Б    аймгийн Могод сумын нутагт амь хохирогч Д.Э  ын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэрт нь хүргэж өгөхдөө мотоциклиос бууж амжаагүй байхад хөдөлгөөнд оролцсоны улмаас Д.Э   нь мотоцикльд чирэгдэж биедээ баруун шилбэний шаант ясны хугарал, эдийн үхжил бүхий шарх, өвчүү ясны хөндлөн хугарал, цээжний урд хэсэг, баруун гарын сарвуунд зулгаралт, даланд шарх бүхий хүнд гэмтэл авсан үйл баримт буюу хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Амь хохирогч Д.Э  ын өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр сумын наадам болж байсан юм. Би өглөө босчихоод дэлгүүрээс хоёр лааз пиво авч уусан. Өдөр 11 цаг өнгөрч байхад ач хүүгийн хамт урд худаг руу усанд явсан. Хүүгийн тоглоомон гар бууны зай дуусчихсан байсан болохоор зай авах гээд дэлгүүр явсан. Явахдаа хөршийн Г ыг гуйгаад түүний мотоциклийн ард сундлаад явсан. Дэлгүүрээс зай, 0.33 литрийн архи зээлээр бичүүлж авсан. Тэр архийг Г ын гэрт орж уусан. Хугасаас дээш үлдээгээд би гараад явсан. Ингээд гэртээ орж ирээд хүүгийн тоглоомонд зайг нь хийгээд үзтэл таарахгүй жижигдүүлчихсэн байсан. Тэгэхээр нь буцаж Г   гийнд очоод дахин бид хоёр дэлгүүр ороод зай авсан. Тэгээд буцаад гэрийн гадна ирээд хашааны урд буланд энд буучихъя гээд буух гээд амжаагүй байтал Г  мотоциклиороо чирээд явчихсан. Чирэгдэж унаад л ухаан алдчихсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Баруун хөлийн шилбэ хугарсан. Нуруунд чирэгдсэнээс болж мах зулгарч өмөрсөн” гэх мэдүүлэг /хх-102-104 тал/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Э  гийн өгсөн: “Тухайн өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр манай талийгаач нөхөр гэртээ байж байгаад “худаг хаахаас өмнө усаа авна” гэж хэлээд 12 цагийн үед гэрээсээ гараад явсан. Гэрээс гараад явахад нь би араас нь харахад манай гэрийн урд талд байдаг Г тай талийгаач нөхөр маань хашааныхаа гадна уулзаж байсныг би тухайн үед харсан юм. Тэгээд манай талийгаач нөхөр усандаа худаг руу явсан. Харин Г  зөрөөд манай гэрт орж ирж хүний утасны дугаар асуугаад гарсан. Удалгүй талийгаач усаа аваад гэртээ ороод ирсэн. Манай гэрээс ус авдаг худаг ойрхон байдаг юм. Тэгсэн талийгаач усанд явж ирээд гэртээ байж байгаад “ач хүүгийнхээ тоглоомд дэлгүүр орж зай авна” гэж хэлээд ганцаараа явган гараад явсан. Мөн тухайн үед гэрийнхээ хашаанаас гараад урд айлын Г ын мотоциклийн ард суугаад хөдлөөд явж байхыг нь би харсан. Удалгүй талийгаач Г ын гэрээс явган алхаад гэртээ орж ирсэн ба орж ирэхдээ хүүгийнхээ тоглоомд дэлгүүрээс авсан зайгаа хийж үзэхэд таарахгүй жижигдсэн. Тэгсэн талийгаач эргээд дэлгүүр орж хүүгийнхээ тоглоомд авсан зайгаа солино гэж хэлээд гараад явсан. Гарч явахдаа Г ыг дахиж гуйхаас гэж хэлж байсан ба тухайн үед 13 цаг болж байсан шиг санаж байна. Тэгээд яваад ирэхгүй удаад байсан. Би тухайн үед харшлын эм уусан байсан учраас хэсэг унтаад өгсөн. Намайг унтаж байхад манай 5 настай ач хүү намайг сэрээгээд “өвөө хашааны гадна замын хажууд унасан байна” гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад харахад талийгаач гэрийнхээ хашааны баруун урд буланд буюу 20 орчим метр зайд газарт дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би “согтуу унтаж байгаа юм байна, босоод ирнэ” биз гээд гэр лүүгээ орсон. Гэртээ ороод байж байхад талийгаач орж ирэхгүй удаад тэнгэр муухай болоод байхаар нь талийгаач дээр яваад очиход хөл нь хугараад яс нь ил гараад цус гарчихсан нуруу нь зулгараад цамц нь урагдсан байдалтай байсан. Тэгээд би шууд Могод сумын эмнэлгийг дуудсан. Тухайн үед талийгаачийн ойр орчимд 1 мотоцикль явсан мөр байсан юм. Тэгээд талийгаачийг эмнэлэгт хүргээд эмчилгээ хийлгээд байж байхад маргааш өглөө нь талийгаач ухаан орсон ба юу болсон талаар асуухад “би мэдэхгүй, санахгүй байна” гэж хэлээд байсан. Тэгээд талийгаач нөхөр маань Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгээд бүр сүүлд нас барахаасаа өмнө намайг “цагдаа дуудаад ир” гэж хэлсэн. Цагдаа дуудаад ирэхэд талийгаач цагдаад болон надад хандаж “намайг манай урд байдаг Г  мотоциклоороо хүргэж өгөөд буугаагүй байхад хөдөлж яваад чирээд явсан. Тэгээд би ухаан алдчихсан юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,

Гэрч Г.Б   ы өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр намайг хөдөө дуудлагаар яваад сум руу орж ирж байхад миний утас руу талийгаачийн эхнэр болох Э   эгч залгаад “Э   ах нь согтуу ухаангүй гэрийнхээ хашааны гадна хэвтээд байна” гэж хэлсэн. Тэгээд би дуудлагын дагуу шууд яваад очиход талийгаач гэрийнхээ хашааны гадна, баруун хөл нь шилбээр ил хугарсан доошоо харж хэвтсэн байрлалтай их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгээд би талийгаачийг шууд эмнэлэг рүү тээвэрлэж авч очоод хугарсан хөлөнд зохих журмын дагуу шарханд анхдагч цэвэрлэгээ хийж баруун шилбэнд гөлтгөнөм боолтоор чиг барьж боосон. Хугарал цус алдсан учир 1 литр шингэн судсаар сэлбээд ар гэрийнх нь хүмүүс иртэл эмнэлэг дээр хонуулж хянаж согтолтыг бүрэн гаргасан. Тэгээд маргааш нь өвчтөнг А маягтаар Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү илгээсэн. Өвчтөн гэмтлийн эмнэлэгт 2 удаа удаан хугацаагаар хэвтэн мэс заслын болон эмийн эмчилгээ хийлгэсэн. Сумандаа ирээд гэрээр шинж тэмдгийн эмчилгээ, шарханд ариун боолт хийх, гөлтөгнөм боолт солих шинээр тавих зэрэг тусламж үйлчилгээг үзүүлсэн. Тэгээд Улаанбаатар хотод хагалгаа хийсэн эмчтэй нь утсаар холбогдож зөвлөгөө авч байсан. Сүүлд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 5 хоног мөн гэрээр хүнд өвчтөний сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,

Б    аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн: “Талийгаач Д.Э  ын цогцост баруун шилбэний шаант ясны ил хугарал, эдийн үхжил бүхий шарх, өвчүү ясны хөндлөн хугарал, цээжний урд хэсэг, баруун гарын сарвуунд зулгаралт, даланд шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачид зохих журмын дагуу эмчилгээ хийгдсэн байна. Талийгаач нь баруун шилбэний шаант ясны ил хугарал, язарсан шарх бүхий гэмтлийн улмаас баруун шилбэний идээт үрэвсэлээр хүндэрч улмаар олон эрхтэний дутагдалд орж нас баржээ” гэх 66 дугаартай дүгнэлт /хх-23-29 тал/,

Шүүгдэгч Г.Г ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад тогтоолтой холбоотой ямар нэг санал, хүсэлт байхгүй. Би Б    аймгийн Могод сумын төвд байрлах ус түгээх гүний худагт ажилладаг юм. 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр талийгаач Э   нь намайг гэрийнхээ гадаа хашааны урд талд зогсож байхад над дээр явж ирээд “хамт дэлгүүр ороод ирье, би цагны зай авах гэсэн юм” гэж хэлэхээр нь би өөрийн эзэмшлийн “Мустанг” загварын улаан өнгийн мотоциклио унаад талийгаачийг хойд талдаа суулгаад хамт дэлгүүр орсон. Талийгаачийг дэлгүүрээс зайгаа аваад гараад ирэхээр нь би гэрт нь буцаагаад хүргэж өгсөн. Тэгээд би шууд ажил дээрээ очоод ажлаа хийж байхад талийгаач манай ажил дээр ирээд би буруу зай авчихсан байна, хоёулаа дахиад яваад ирье гэхээр нь хамт мөн мотоцикльтойгоо явсан. Дэлгүүрийн гадаа очоод талийгаач дэлгүүр рүү орж зайгаа солиод гарч ирэхдээ 0.33 литрийн “Ерөөл” нэртэй архи аваад гараад ирсэн. Тэгээд талийгаач бид хоёр дэлгүүрээс шууд хөдлөөд манай гэрт очиж талийгаачийн авсан архийг талд нь ортол хоёулаа уусан. Тэгээд талийгаач үлдсэн архиа аваад явсан. Үүнээс хойш би энэ өдөр талийгаачтай уулзаагүй” гэх мэдүүлэг /хх-46-48 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр талийгаач Д.Э  ын биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Г ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Хэрэгт шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн өгсөн 2021 оны 02 дугаар сарын 05ны өдрийн “...талийгаач нь 2020.09.07-нд ССТҮТ-д баруун хөлийн шилбэ ясны идээт үрэвсэл оношоор дахин эмчлүүлж эмчилгээний үр дүнд биеийн байдал сайжирсан тул эмнэлгээс гарсан байна. Эмнэлгээс гарснаас хойшхи хугацаанд талийгаачийн биед зовиур, шинж тэмдэг илэрсэн даруйд цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандаж ...эмчийн зааврын дагуу эмчилгээ, үйлчилгээ авсан бол амь насыг аврах боломжтой байсан” гэх /хх-35 тал/ мэдүүлгээс үзэхэд Д.Э    ын амь хохирсон нь шүүгдэгч Г.Г ын үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэдэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан” байхыг ойлгоно.

Шүүгдэгч Г.Г  нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэж, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Г ыг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Б    аймгийн Могод сумын нутагт амь хохирогч Д.Э    ын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, түүнийг гэрт нь хүргэж өгөхдөө мотоциклиос бууж амжаагүй байхад хөдөлгөөнд оролцсон болгоомжгүй үйлдлийнхээ улмаас Д.Э  ын биед баруун шилбэний шаант ясны хугарал, эдийн үхжил бүхий шарх, өвчүү ясны хөндлөн хугарал, цээжний урд хэсэг, баруун гарын сарвуунд зулгаралт, даланд шарх бүхий гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Г  нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Э  гаас эмчилгээний зардалд нэхэмжилсэн 2000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг төлбөрөөс 1000000 төгрөгийг төлж, үлдэх 1000000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлөхөө илэрхийлж хохирлын хэмжээн дээр харилцан тохиролцож эвлэрсэн байгааг шүүхийн шийдвэрт тусгах нь зүйтэй байна.

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Г ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Г ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Г ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Г ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 106-108 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, улсын бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Г  нь эхнэрийн хамт мал маллан Б    аймгийн Могод сумын 3 дугаар багийн “Доод толгой” хороонд амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Г  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 4/21 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Г.Г ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.Г ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, түүнд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Г  нь цагдан хоригдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А овогт Г гийн Г ыг Эрүүгийн хуулийн тусгайангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-дзаасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г ыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Г.Г ад гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Г  нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж,шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-дзаасныг баримтлан шүүгдэгч Г.Г  нь гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэгч Б    аймгийн ... тоотод оршин суух Б    овогт Д  гийн Э   /РД: Г ******** /-д 1000000 /нэг сая/ төгрөгийг төлж, үлдэх 1000000 /нэг сая/ төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлөхөө илэрхийлж, харилцан тохиролцож эвлэрсэн болохыг дурдсугай.
  6. Шүүгдэгч Г.Г аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанызардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б    аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД