| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0570/Э |
| Дугаар | 591 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ө |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 591
2021 05 18 2021/ШЦТ/591
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Н.Өнөрбаяр,
шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хатгин овогт Галсангийн Эрдэнэбатад яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 210 600 570 0675 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ “ Монсуль” шатахуун түгээгүүрийн газарт эрхэлсэн ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 4-11 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 18 дугаар гудамжийн 534 /Б/ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Хатгин овогт Г.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 02 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Шар хадны 64-970 тоотод өөрийн төрсөн дүү хохирогч Г.Оюун-Эрдэнэтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогч Г.Оюун-Эрдэнийн хоолойг боож, өгзөг хэсэгт нь хөлөөрөө өшиглөж, гараараа дух хэсэгт цохиж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би хоёр ээждээ нүүрс аваачиж өгөх гээд очсон. Нүүрсийг нь буулгачхаад хамаатныхаа залуутай дэлгүүр орж пиво авсан. Пиво уугаад сууж байтал манай төрсөн эгч Эрдэнэтүлхүүр ирсэн. Пиво ууж дуусгаад дахиад пиво авсан. Манай бага хоёр дүү хоорондоо хүргэний талаар юм яриад маргалдаад байсан. Тэгээд зуухан дээр байсан халуун цай цацаад бурхан тахил нураасан. Би очоод дух руу нь нэг цохиод түлхсэн. Хоолойгоо боон гэдэг байсан. Байнгын хутга барьдаг хүн. Манай ээж дүү хоёр салгасан. Би явлаа гээд яваад өгсөн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Оюун-Эрдэнийн өгсөн: ...Би 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажлаа тараад 19 цагийн үед гэртээ ирэхэд манай хашаанд хамт байх ээжийн гэрт ээж Амгалан болон төрсөн ах Г.Э, төрсөн эгч Г.Эрдэнэтүлхүүр, төрсөн дүү Г.Чулуунцэцэг, үеэл Энхтөр, түүний эхнэр Оюука нар архи согтууруулах ундаа хэрэглээд байж байхаар нь ороод гарсан. Тэгээд өөрийн гэртээ ороод хоол ундаа хийгээд 21 цагийн үед буцаад ээжийн гэрт ороход тэд нарын ууж байсан пиво нь дуусаж байсан. Намайг ороход надтай зөрөөд манай дүү Чулуунцэцэг, үеэл Энхтөр нар нь дэлгүүр лүү пиво авахаар гараад явсан. Тэгээд тэд удаагүй 10 шил 0.5 л хэмжээтэй “Боргио” пиво авчраад бүгд хувааж уусан. Би ч түүнээс нь 2-3 стаканыг уусан. Тэрийгээ ууж дуусаад манай ээжийн гэрээс үеэл Энхтөр эхнэрээ дагуулаад гэр лүүгээ явсан. Би ах болон гэрийнхэнтэйгээ одоо уулзаж байгаа найз залуу болох Эрхэмээгийн талаар ярилцаж байсан юм. Тэгсэн манай ах Эрдэнэбат “чи тэр Эрхэмээгээ өмөөрөөд байх хэрэггүй” гээд байхаар би юу яриад байгаа юм вэ өмөөрөлгүй яахын гэсэн чинь босож ирээд миний үснээс зулгаагаад газарт унагаад чирээд байсан. Мөн гараараа миний тархи толгой руу 5-6 удаа цохиод авсан. Мөн намайг унасан хойно миний бөгс хэсэгт хөлөөрөө 2-3 удаа дэвсээд авсан. Тэгээд манай гэрийнхэн салгаад суугаад дүүтэйгээ ярихад дахиад босож ирээд миний толгойны дух хэсэгт гараараа 2-3 удаа цохиод авсан. Тэгээд д ээжийн гэрээс эхнэрээ дагуулаад гараад явсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд тэндээс бүгд тараад явсан. ...миний толгой өвдөж байна. дух хөхөрч хавдсан, хүзүү боогоод маажсан,, баруун гарын гурван хуруу гэмтсэн., бөгс хэсэг нэлэнхүйдээ хөхөрч хавдсан байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. ... манай ах Эрдэнэбат нь удаа дараа зодож байсан би нэг ч удаа цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байгаагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 18-19 р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Эын өгсөн: ...2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай хамаатны Энхтөр манай гэрт ирээд бид хоёр Шархаданд байдаг ээжийн гэрт түлээ нүүрс ойртуулж өгөхөөр очсон. Бид хоёр ээжийнд очиход манай дүү Чулуунцэцэг ээж хоёр гэрт байсан. Тэгээд бид нар юм ярьж сууж байгаад пиво уухаар болоод ууж байтал манай эгч Эрдэнэтүлхүүр, хүргэн Батхүү нар орж ирээд бид нар хамтдаа суугаад уугаад юм яриад байж байтал манай ээжтэй хамт нэг хашаанд амьдардаг төрсөн дүү Оюун-Эрдэнэ орж ирж байгаа бололтой орж ирчихээд гараад гэртээ орж хувцасаа сольчихоод эргэж орж ирээд бид нар суусан. Тэгээд бүгдээрээ уугаад байж байтал манай дүү Оюун-Эрдэнэ, Чулуунцэцэг хоёр юм ярьж сууж байгаад Оюун-Эрдэнэ уурлаад данхтай цай авч шидэхээр нь би босож очоод юу болов яаав гэтэл Оюун-Эрдэнэ намайг ногоон гичий чамд ердөө хамаа байхгүй гээд дунд хуруугаа гаргахаар нь би үсдэж аваад дух руу нэг удаа цохитол манайхан дундуур орж ирээд салгаад манай эхнэр намайг явъя гээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1293 дугаартай:
1.Г.Оюун-Эрдэнийн биед дух, зулайн хуйх, баруун гарын эрхий долоовор, дунд хуруу, хоолой, баруун өгзөг, зүүн шилбэ, баруун өвдөгт хаван хавдар цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
З. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч С.Одончимэг гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р тал/,
Шүүгдэгч Г.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын хорооны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 36- 39-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 02 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Шар хадны 64-970 тоотод өөрийн төрсөн дүү хохирогч Г.Оюун-Эрдэнэтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогч Г.Оюун-Эрдэнийн хоолойг боож, өгзөг хэсэгт нь хөлөөрөө өшиглөж, гараараа дух хэсэгт цохиж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Эрдэнбатын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Г.Оюун-Эрдэнэ хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Г.Эад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 02 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Шар хадны 64-970 тоотод өөрийн төрсөн дүү хохирогч Г.Оюун-Эрдэнэтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогч Г.Оюун-Эрдэнийн хоолойг боож, өгзөг хэсэгт нь хөлөөрөө өшиглөж, гараараа дух хэсэгт цохиж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Оюун-Эрдэнийн өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажлаа тараад 19 цагийн үед гэртээ ирэхэд манай хашаанд хамт байх ээжийн гэрт ээж Амгалан болон төрсөн ах Г.Э, төрсөн эгч Г.Эрдэнэтүлхүүр, төрсөн дүү Г.Чулуунцэцэг, үеэл Энхтөр, түүний эхнэр Оюука нар архи согтууруулах ундаа хэрэглээд байж байхаар нь ороод гарсан. Тэгээд өөрийн гэртээ ороод хоол ундаа хийгээд 21 цагийн үед буцаад ээжийн гэрт ороход тэд нарын ууж байсан пиво нь дуусаж байсан. Намайг ороход надтай зөрөөд манай дүү Чулуунцэцэг, үеэл Энхтөр нар нь дэлгүүр лүү пиво авахаар гараад явсан. Тэгээд тэд удаагүй 10 шил 0.5 л хэмжээтэй “Боргио” пиво авчраад бүгд хувааж уусан. Би ч түүнээс нь 2-3 стаканыг уусан. Тэрийгээ ууж дуусаад манай ээжийн гэрээс үеэл Энхтөр эхнэрээ дагуулаад гэр лүүгээ явсан. Би ах болон гэрийнхэнтэйгээ одоо уулзаж байгаа найз залуу болох Эрхэмээгийн талаар ярилцаж байсан юм. Тэгсэн манай ах Эрдэнэбат “чи тэр Эрхэмээгээ өмөөрөөд байх хэрэггүй” гээд байхаар би юу яриад байгаа юм вэ өмөөрөлгүй яахын гэсэн чинь босож ирээд миний үснээс зулгаагаад газарт унагаад чирээд байсан. Мөн гараараа миний тархи толгой руу 5-6 удаа цохиод авсан. Мөн намайг унасан хойно миний бөгс хэсэгт хөлөөрөө 2-3 удаа дэвсээд авсан. Тэгээд манай гэрийнхэн салгаад суугаад дүүтэйгээ ярихад дахиад босож ирээд миний толгойны дух хэсэгт гараараа 2-3 удаа цохиод авсан. Тэгээд д ээжийн гэрээс эхнэрээ дагуулаад гараад явсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд тэндээс бүгд тараад явсан. ...миний толгой өвдөж байна. дух хөхөрч хавдсан, хүзүү боогоод маажсан,, баруун гарын гурван хуруу гэмтсэн., бөгс хэсэг нэлэнхүйдээ хөхөрч хавдсан байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. ... манай ах Эрдэнэбат нь удаа дараа зодож байсан би нэг ч удаа цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байгаагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 18-19 р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Эын өгсөн: ...2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай хамаатны Энхтөр манай гэрт ирээд бид хоёр Шархаданд байдаг ээжийн гэрт түлээ нүүрс ойртуулж өгөхөөр очсон. Бид хоёр ээжийнд очиход манай дүү Чулуунцэцэг ээж хоёр гэрт байсан. Тэгээд бид нар юм ярьж сууж байгаад пиво уухаар болоод ууж байтал манай эгч Эрдэнэтүлхүүр, хүргэн Батхүү нар орж ирээд бид нар хамтдаа суугаад уугаад юм яриад байж байтал манай ээжтэй хамт нэг хашаанд амьдардаг төрсөн дүү Оюун-Эрдэнэ орж ирж байгаа бололтой орж ирчихээд гараад гэртээ орж хувцасаа сольчихоод эргэж орж ирээд бид нар суусан. Тэгээд бүгдээрээ уугаад байж байтал манай дүү Оюун-Эрдэнэ, Чулуунцэцэг хоёр юм ярьж сууж байгаад Оюун-Эрдэнэ уурлаад данхтай цай авч шидэхээр нь би босож очоод юу болов яаав гэтэл Оюун-Эрдэнэ намайг ногоон гичий чамд ердөө хамаа байхгүй гээд дунд хуруугаа гаргахаар нь би үсдэж аваад дух руу нэг удаа цохитол манайхан дундуур орж ирээд салгаад манай эхнэр намайг явъя гээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1293 дугаартай:
1.Г.Оюун-Эрдэнийн биед дух, зулайн хуйх, баруун гарын эрхий долоовор, дунд хуруу, хоолой, баруун өгзөг, зүүн шилбэ, баруун өвдөгт хаван хавдар цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
З. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч С.Одончимэг гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Г.Эыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Г.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн дүү Г.Оюун-Эрдэнийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ...гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Эрдэнбатын үйлдсэн гэмт хэргийн хохирогч Г.Оюун-Эрдэнэ нь түүний өөрийн төрсөн дүү буюу гэр бүлийн гишүүн байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Эын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд Г.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл хэсэг тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Эыг хохирогчийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Хохирогч Г.Оюун-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул Г.Эыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв./ хх-41-р тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Г. Эрдэнэбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт : ...шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож болно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Г. Эрдэнэбатад оногдуулсан торгуулийн ялыг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрвөн / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ