| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0048/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/55 |
| Огноо | 2021-03-05 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Н.Доржсүрэн |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Н.Доржсүрэн,
Шүүгдэгч Ч.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Д овогт Ч.П д холбогдох эрүүгийн 2115000150057 дугаартай, 163/2021/0048/Э индекстэй хэргийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, шүүгдэгч Д овогт Ч.П , 1971 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, 50 настай, ... тоотод оршин суух, ... багийн байгаль хамгаалагч ажилтай, тусгай дунд боловсролтой, геодизи зураг зүйн мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: Т ******** /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.П нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт 3-р багийн нутаг “Цамын хүнгүй” гэх газраас К.У , Д.Б , В.К нарт 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр **-**0510, **-**0511, **-**0512 дугаартай мод бэлдэх эрхийн бичиг нөхөн олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.П гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ж гийн өгсөн: “...Миний зүгээс хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ байгууллагаа төлөөлж оролцож байгаа юм чинь буруутай этгээд нь тогтоогдох юм бол хэрэгт тогтоогдсон хохирлыг буруутай этгээдээс нь нэхэмжилж байна. Хууль зөрчсөн этгээдэд нь холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэх мэдүүлэг /хх-182 тал/,
Гэрч К.У гийн өгсөн: “...Тухайн үед мэдүүлэг өгөхдөө Ч.П тэй утсаар ярьж мод бэлтгэх зөвшөөрөл авсан гэж худал мэдүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/,
Гэрч П.А гийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нөхөр К.У г ажпаасаа тараад ирэхээр нь хүргэн ах Б , хүргэн Б нарын хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Цамын хүнгүй” гэх газраас түлшний мод бэлтгэх гэж бид дөрөв хоёр ширхэг Портер маркын машин, нэг ширхэг жижиг ачааны машинтай явсан.Тэгээд “Цамын хүнгүй” гэх газраас байгалийн жамаар унасан 1 ширхэг, унаагүй 4 ширхэг нэрийг мэдэхгүй байна модыг хөрөөдөж бэлдээд гурван машин дээрээ ачаад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төв дээр явж байгаад Ө гэх цагдаад баригдсан. ...Цагдаа нар нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мод бэлтгэх гоожингоо аваад ир гэхээр нь байгаль хамгаалагч Ч.П гээс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гоожин гаргуулан аваад дарга нь гэх Б д өгсөн. Хэн гэх цагдаа гоожингоо аваад ир гэж хэлсэн талаар би мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-2728 тал/,
Гэрч П.Б гийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн Цамын хүнгүй гэх газраас У , А , Б нарын хамт шинэс гэх нэртэй 5 модыг хөрөөдөж бэлдээд гурван ширхэг ачааны машин дээрээ ачаад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн төвд явж байгаад цагдаагийн ахлагч Ө гэх хүнд саатуулагдсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 21-ний орой нь мод ачсан гурван машинаа гуртын гүүрэн дээр байх цагдаагийн пост нь дээр аваачаад цагдаагийн албан хаагч Б тай уулзсан чинь “маргааш гоожингоо авч ирээрэй” гэхээр нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн байгаль хамгаалагч Ч.П тэй 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр орой 18 цагийн үед Уньт багт байх гэрт нь очиж уулзаад “гоожингүй мод бэлдэж явж байгаад цагдаад баригдсан, өрхийн түлээний гоожингоо авч ир гэж байна” гэж хэлээд байгаль хамгаалагч Ч.П гээс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хугацаатай 10 куб.метр шинэс хар мод бэлтгэх гоожин бичүүлж аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-30-31 тал/,
Гэрч Д.Б ийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 22-ны өглөө Цагдаа Б нь надаас мэдүүлэг авчихаад “гоожин байгаа бол маргааш ирэхдээ авч ирээрэй” гэсэн. Тэгэхээр би байгаль хамгаалагч П гийн гэрт нь очоод “жилийн хэрэгцээнийхээ түлээний гоожинг бичүүлж авъя” гээд гоожин бичүүлж авсан.Тэгээд бичүүлж авсан гоожингоо 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б гэх цагдаад өгсөн санагдаж байна. Нэг ёсондоо зөвшөөрөлгүйгээр 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мод бэлдсэн үйл явдлынхаа гоожинг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгаль хамгаалагч П гээр бичүүлж авсан. ...” гэх мэдүүлэг /хх-33-34 тал/,
Гэрч Ж.А гийн өгсөн: “ ...Ойн тухай хууль болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 онд батлагдсан А/133 дугаартай “ойгоос мод бэлтгэх” журмын мод бэлтгэх эрхийн бичгийг иргэдэд олгож мод бэлтгэх ажиллагааг хийж гүйцэтгэдэг. Иргэд заавал мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнуудаас авсны дараа ой руу орж мод бэлтгэх эрхийн бичиг өгсөн байгаль хамгаалагчийн хяналтанд мод бэлтгэж авах ёстой. Ойгоос мод бэлдсэний дараа нь байгаль хамгаалагч эрхийн бичиг өгч болохгүй. Үндсэндээ байгаль хамгаалагч Ч.П нь иргэн К.У , Д.Б , П.Б нарыг мод бэлтгэх эрхийн бичиг байхгүйгээр хууль бусаар мод бэлдсэний дараа нь мод бэлтгэх эрхийн бичиг өгч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 онд баталсан А/133 дугаартай “ойгоос мод бэлтгэх” журам ойн тухай хууль зэргийг зөрчиж байгаа юм. Байгаль хамгаалагч Ч.П нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг зөрчиж мод бэлтгэх эрхийн бичгийг иргэдэд өгч хууль бус үйлдэл хийсэн. ...Ч.П нь “Цамын хүнгүй” гэх газраас ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг иргэдэд өгч болохгүй, тусгаарлалт хийгдээгүй газар гэдгийг мэдэж байсан. Мэдэх ёстой. Миний зүгээс хэд хэдэн удаа сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг танилцуулж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-36-37 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.П гийн яллагдагчаар өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн үед К гийн хүргэн Б , Б , У нар манайд ирээд “Бид гурав өчигдөр түлээ бэлдэж, ачиж яваад цагдаад баригдсан юм, цагдаа мод бэлдэх эрхийн бичгээ аваад ир гээд байна” гэсэн. Тэгэхээр нь би Б , У нарын нэр дээр Б гийн хадам эцэг К гийн нэр дээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Цамын хүнгүй” гэх газраас мод бэлдэх эрхийн бичгийг 2020 оны 10 дугаар сарын
22-ны өдөр бичиж өгсөн. Нэг ёсондоо дээрх хүүүсийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мод бэлдсэн үйлдэлд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг нөхөж бичиж өгсөн. Мод бичих эрхийн бичиг нөхөж бичиж өгсөн үйлдэл нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-173 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.П нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт 3-р багийн нутаг “Цамын хүнгүй” гэх газраас К.У , Д.Б , В.К нарт 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр **-**0510, **-**0511, **-**0512 дугаартай мод бэлдэх эрхийн бичиг нөхөн олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч хохирогч Г.Ж гийн өгсөн мэдүүлэг /хх-182 тал/, гэрч К.У гийн өгсөн мэдүүлэг /хх-24-25 тал/, гэрч П.А гийн өгсөн мэдүүлэг /хх-27-28 тал/, гэрч П.Б гийн өгсөн мэдүүлэг /хх-30-31 тал/, гэрч Д.Б ийн өгсөн мэдүүлэг /хх-33-34 тал/, гэрч Ж.А гийн өгсөн мэдүүлэг /хх-36-37 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.П гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос шүүгдэгч Ч.П нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт 3-р багийн нутаг “Цамын хүнгүй” гэх газраас К.У , Д.Б , В.К нарт 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр **-**0510, **-**0511, ******** дугаартай мод бэлдэх эрхийн бичиг нөхөн олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ч.П гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа болон түүнд хүлээлгэх ял, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.
Иймд прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч
Ч.П гийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Ч.П нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт 3-р багийн нутаг “Цамын хүнгүй” гэх газраас К.У , Д.Б , В.К нарт 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр **-**0510, **-**0511, **-**0512 дугаартай мод бэлдэх эрхийн бичиг нөхөн олгож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ч.П гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ч.П д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Ч.П гийн гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ч.П г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Ч.П гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.П д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 4/48 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.П гийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч хэрэглэх нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирно гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ч.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан, битүүмжилсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР