| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2019/0018/З |
| Дугаар | 00024 |
| Огноо | 2019-09-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 00024
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Халзан Б- А /РЭ/-гийн нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон тус байгууллагын мэргэжилтэн М.Б, Ч.Т, С.Р нарт холбогдох “Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажлаа зохих ёсоор хийгээгүй эс үйлдэхүй буюу “нэхэмжлэгч Б.Адъяасүрэнгийн өрхийн Өрхийн мэдээллийн сан дахь мэдээллийн зөрүүг дээд шатны байгууллагаас ирүүлсэн хугацаатай үүрэг даалгаврыг гүйцэтгэх хугацаанд амжиж шийдвэрлээгүй эс үйлдэхүй”-г хууль бус болохыг тогтоолгож, хохиролд О.У-т хүүхдийн мөнгөн тэтгэмж 2018 оны 01 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл сар бүрийн 20000 төгрөг, нийт 200 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хугацааны 100 000 төгрөг, бүгд 300 000 төгрөг, О.Б-д хүүхдийн мөнгөн тэтгэмж 2018 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл сар бүрийн 20000 төгрөг, нийт 240 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хугацааны 100 000 төгрөг, бүгд 340 000 төгрөг тус тус гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Ө, нэхэмжлэгч Б.А, хариуцагч бөгөөд хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Р, М.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Б.А би хоёр хүүхэдтэй. 2011 онд охин О.Ууганцэцэг, 2017 онд хүү О.Бадар-Ууган нар төрсөн. 2017 оны 09 дүгээр сарын 13-нд төрсөн хүү О.Бадар-Ууганд төрсний гэрчилгээ аваад хүүхдийн мөнгө авах хүсэлт болон холбогдох материалыг бүрдүүлж Төрийн банкинд данс нээлгээд халамжийн ажилтанд 2017 оны 9 сард өгсөн. Үүний дагуу 2017 оны 9-12 сарын нийт 80000 төгрөгийг авсан. 2017 онд О.У хүүхдийн мөнгийг бөөнд нь 7 болон 12 сард нөхөж авсан. Ингээд 2017 онд манай хоёр хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүрэн авсан болно.
Гэтэл 2018 оны 01 сараас хүүхдийн мөнгө ороогүй. Мөн Б.А миний халамжийн сангаас авах төрсний дараах 2017 оны 12 сарын 40 000 төгрөг ороогүй. Энэ талаар очиж асуухад “40000 төгрөгийн тухайд сунгалт хийлгээгүй учир орохгүй, 2018 оны 01 сараас цалинтай ээжийн 50000 төгрөг өгч эхэлсэн тул хуучин олгож байсан 40000 төгрөгийг 2018 оны 01 сараас олгохгүй гэсэн. Цалинтай ээжийн 50 000 төгрөг авах хүсэлтээ өгөх гэтэл та ажил хийж байгаа тул цалинтай ээжийн 50 000 төгрөг мөн олгохгүй гэсэн. Өрхийн бага оноотой байгаа хүүхдийн мөнгийг олгож байгаа, мөнгөн тэтгэмж нь зогссон байгаа хүүхдийн мөнгийг 2019 онд нөхөн бөөнд нь олгоно гэсэн хариу өгсөн.
Ингээд цалинтай ээж хөтөлбөрийн 50000 төгрөг авахгүй, хүүхдэд олгох 20000 төгрөгийг 2018 онд авахгүй, 2019 онд авах юм байна гэж ойлгосон. Түүнээс өрхийн судалгаа, өрхийн оноо, мэдээлэл зөрүүтэй талаар надад ерөөсөө мэдэгдээгүй, энэ талаар дурдаагүй, хэн ч надтай холбогдоогүй. Энэ бол цэвэр тус байгууллагын халамжийн мэргэжилтэн нарын ажилдаа хайнга ханддаг, нэг ажлыг нөгөөгөөр дарж булзааруулдаг, нэг нэг рүүгээ ажлаа чихдэг, ажлаа нягталж шалгадаггүй, ажилдаа хяналтгүй, хугацаа алддаг буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна.
Телевизээс хүүхдийн мөнгө авах хүсэлтээ гаргасан хүүхдэд мөнгөн тэтгэмжийг олгохыг зохицуулсан гэх мэдээлэл авч, мөн л халамжийн үйлчилгээний газарт очиж лавлахад “дахин судалгаанд хамрагдах хүсэлт бичиж анкет бөглөж өг, судалгаанд хамрагдаад оноо чинь бага гарвал зогссон байгаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох боломжтой” гэсний дагуу би хүсэлтээ бичиж, анкет бөглөж өгсөн. Тухайн үед тэнд хоёр л хүн ажиллаж байсан ба нэг нь мэргэжилтэн М.Б байсан.
Гэтэл над руу “халамжаас ярьж байна. Та судалгаанд хамрагдах өргөдөл гаргасан байна. Танай өрхөөс хоёр хүн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг юм байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа тул дахин судалгаанд хамрагдаад ч ашиггүй” гэхээр нь тэгвэл дахин судалгаа өгөөд ч нэмэргүй гэсэн үг үү? гэхэд тийм гэсэн хариу өгсөн. Утсаар холбогдохдоо халамжаас ярьж байна гэсэн болохоос ямар албан тушаалын хэн гэдгээ надад хэлээгүй. Ингээд 2019 онд хоёр хүүхдийн мөнгөн тэтгэмж авна гэж бодож байтал: 2018 оны 12 дугаар сард О.У-т 2018 оны 11, 12 сарын 40 000 төгрөг орсон байсан. Энэ талаар 2019 оны 01 сард очиж асуухад:
Танайх 2017 онд хоёр хүүхдийн мөнгийг бүрэн авсан л байна, 2018 онд өрхийн мэдээлэл зөрүүтэй байсан учир мөнгө орохгүй зогссон байна, мэдээллийн зөрүү 2018 оны 11 сард арилж шинэ оноо бодогдсон, гэхдээ 1 хүүхдээр бодогдсон байгаа учир О.У-т 2018 оны 11, 12 дугаар сарын 40 000 төгрөг орсон байна. О.Б-д мөнгө авах хүсэлтээ өгчих гэсэн. Би өмнө нь өргөдөл хүсэлт Б.О-д өгсөн гэхэд:
Мэргэжилтэн Б.О нь миний хүсэлт өргөдлийг Р-д шилжүүлж өгсөн гэхэд, Р нь: танай тээврийн хэрэгсэл, ажил хийж байгаа хүний тоо зөрсөн учир мэдээлэл зөрүүтэй гээд мөнгөн тэтгэмж нь зогссон байна гэсэн. Яагаад ийм учир мэдээлэл зөрлөө гэж надад мэдэгдээгүй юм бэ гэхэд Р нь “тэгээд мэдээллийг засаад явуулсан, баримт нь энэ байна” гэж нэг баримт үзүүлэхэд О гэж манай нөхрийн нэрийг бичсэн байсан. Манай гэрт очиж дахин судалгаа аваагүй байж яаж мэдээллийг зассан юм бэ, манайд очоогүй, бид энэ талаар мэдэхгүй байна, мэдээлэл зассан Оюунбат гэх гарын үсэг биш байна гэхэд Р нь “бид ажил ихтэй, нэг утасдаад холбогдохгүй бол өөрсдөө мэдээллийг засч шивдэг. Тэгээд О гэж бичсэн, тэгээд мэдээллийг явуулж 11 сард хариу нь ирсэн байна” гэсэн. Ийм л хууль бус үйлдэл хийж, иргэдийг хохироож байна. Гэтэл хажууд нь сууж байсан намхан, махлаг, тайрмал үс, алаг нүдтэй, шардуу царайтай эгч: одоо Бадар-Ууганд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ өгвөл 2019 оны 2 сараас эхэлж орно, өмнөх оныг танай өрхөд нөхөж олгохоор графикт харуулсан байна, бөөндөө биш юмаа гэхэд ямар ч байсан нөхөж орно, мэдээллийн сангаас харагдаж байна” гэж хэлж, надад компьютер дээрээ мөнгөн тэтгэмж нөхөж олгох графикийг харуулаад, дахин О.Б-д хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт бичүүлээд намайг буцаасан.
Гэтэл дахиад л 2019 оны 2 сард хүүхдийн мөнгө ороогүй. Би дахиж очиж асуусан, нөгөөх л баахан судалгааны мэдээ, өрхийн мэдээлэл зөрүүтэй байдал, төсөв санхүүжилт гээд тайлбар хэлсэн. Иймд даргад нь хандаж өргөдөл гаргахад “намайг ганц 2018 оны 11 сард өргөдөл гаргахад хүлээн аваад 11 сард нь багтаан шийдвэрлэж өгсөн” мэтээр хариу өгсөн байна.
Танай байгууллагад хүүхдийн 20 000 төгрөг авахаар би нийтдээ 5-6 удаа хандаж байна. Энэ тоолонд миний өгсөн өргөдөл, хүсэлтийг яаж шийдвэрлэсэн, ямар үр дүн гарсан талаар мэдэхгүй байна. Тэрэнд өгсөн, энэнд өгсөн, наана чинь байгаа, энд байна, тан руу шилжүүлсэн, би аваагүй ... гэх мэтээр бие бие рүүгээ чихэж, одоо өргөдөл хүсэлт өгвөл орно гэх мэтээр хэлж өргөдөл бичүүлж, анкет бөглүүлж авдаг, өрхийн мэдээллийн судалгааны оноо өмнө, дараа, зөрүүтэй байдал гэх мэт ойлгогдохгүй юм ярьж, хүүхдийн мөнгө олгогдохоор харагдаж байгаа, олгоно, олгохгүй гэх мэтээр удаа дараа намайг буцааж, ямар ч үр дүн гарахгүй, хоёр хүүхдийн 20000 төгрөг орохгүй хэвээр л байна.
Иймд: Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын О.У, О.Б нарт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, О.У, О.Б нарт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гаргахыг даалгуулж, хохиролд О.У-т хүүхдийн мөнгөн тэтгэмж 2018 оны 01 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл сар бүрийн 20000 төгрөг, нийт 200 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хугацааны 100 000 төгрөг, бүгд 300 000 төгрөг, О.Б-д хүүхдийн мөнгөн тэтгэмж 2018 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл сар бүрийн 20000 төгрөг, нийт 240 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хугацааны 100 000 төгрөг, бүгд 340 000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... намайг Хөдөлмөр, халамжийн газарт очиж уулзахад 2018 оны хүүхдийн мөнгийг 2019 онд нөхөж олгоно гэж байсан. Тийм учраас танай 2 хүүхдийн мөнгө зогссон байна гэж хэлсэн учраас би 2019 онд нөхөж орох юм байна гэсэн ойлголтой байсан. Тэр үедээ би хүүхэд асарсны мөнгөө 2017 оны 12 дугаар сард авах ёстой гэж Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргад нь өргөдөл гаргасан. Тэгээд би 40 000 төгрөгөө нөхөж авсан. Тус өргөдөлдөө би хүүхдийн мөнгийг тусгаагүй орхисон. Яагаад гэвэл 2019 онд нөхөж авна гэж бодож байсан. Гэтэл зурагтаар хүсэлтээ гаргасан тохиолдолд бүх хүмүүст олгоно гэж сонсоод би халамж дээр очиж уулзсан. Тэгэхэд М.Б болон өөр нэг эмэгтэй сууж байсан. Би учраа хэлтэл дахин судалгаанд хамрагдах өргөдлөө өгөөд анкет бөглөж өг гэж хэлсэн. Тэгээд судалгааг хэн авдаг юм гэхэд манайхаас ажлын хэсэг хэзээ байгуулагдана, тухайн ажлын хэсэг нь бэлэн биш байдаг. Ажлын хэсэг байгуулагдсан тухайн үедээ танай гэрээс судалгаа авна гэж хэлсэн. Дараа нь танай гэр бүлээс эхнэр, нөхөр хоёр нийгмийн даатгал төлдөг юм байна, тийм учраас судалгаанд ороод ч нэмэргүй гэхээр нь тийм юм байна гэж бодож байсан. Тэгтэл 2018 оны 12 дугаар сард О.У-ийн нэр дээр 40 000 төгрөг орсон, О.Б-ы нэр дээр мөнгө ороогүй байсан. Банкнаас очиж лавлахад хэдэн сарынх нь гэдэг нь мэдэгдэхгүй гэхээр нь Халамжаас ороод асуухад танайх өрхийн оноо бодогдоод танай хүүхдийн мөнгийг О.У-т 2018 оны 11, 12 дугаар сарын мөнгө олгогдсон байна гэж хэлсэн. Өрхийн оноо мэдээлэл зөрүүтэй байсан учир өмнөх сар нь ороогүй, нөхөгдөж орохгүй, өрхийн оноо бодогдохдоо танайх 1 хүүхэдтэй гэж бодогдсон учир О.У-ийн 2018 оны 11, 12 дугаар сарын мөнгө олгогдсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2 хүүхэдтэй гэж танай байгууллагад өргөдөл өгсөн гэхэд бие бие рүүгээ чихэж өөр өөр хүмүүстэй очиж уулз гэдэг байсан. Тухайн үед очиж уулзахад өөр өөр хүн байдаг байсан. Би тэгээд ажлын байранд байгаа хүнтэй нь уулзаад явж байсан. Би С.Р-д гэдэг хүнтэй очиж уулзахад ийм ийм мэдээлэл дутуу байна, ингэж зассан гэж хэлсэн. О гээд манай нөхрийн нэрийг засаад бичсэн байсан. Тэр баримт нь хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд байгаа. Манай нөхрийн гарын үсэг биш байна шүү дээ гэхэд та нартай холбогдох боломжгүй байсан учир бид засаад явуулсан гэж хэлсэн. Тэгээд өрхийн оноонд нэг хүүхэдтэй гэж бичигдсэн байгаа учир дахин хүсэлтээ бичиж өг гэж хэлсэн. Би тухайн үед хүсэлтээ мөн бичиж өгсөн. Тэгээд танай өрх цэнхэр өнгөтэй харагдаж байна. Танай дээр хүүхдийн мөнгө олгохоор харагдаж байна гэхээр нь би манайд олгох юм байна гэж бодож байтал 2019 оны 2 дугаар сард мөн хүүхдийн мөнгө ороогүй. Тэгэхээр нь би бас даргад нь өргөдөл гаргаж байсан. Халамжийн дарга намайг анх 2018 оны 11 дүгээр сард өргөдөл гаргаад өргөдлийг маань тэр дор нь шийдвэрлэж байсан мэтээр хариу өгсөн байсан. 2017 онд төрсөн О.Б-ыг хаясан. Бүхэл бүтэн хүн төрчихөөд байхад хаяна гэж байх уу. Гэтэл 2017 оны бүртгэл дээр нь О.Б мөнгө авсан байсан. Тиймээс би үүнийг халамжийн ажилтны хариуцлагагүй байдлаас болж намайг болоод бусад иргэдийг хохироож байна гэж үзэж байна. Тэгээд 2019 оны 8 дугаар сард 240 000 төгрөг хүүхдийн мөнгө гэж орж ирсэн байсан. Банкин дээрээс болохоор хэдэн сарын мөнгө гэдэг нь харагдахгүй байсан. Тэгэхээр нь би бодохдоо 2019 оны 1-5 дугаар сард 100.000 төгрөг, 8 дугаар сарын 20.000 төгрөг, 2 хүүхдийн 240 000 төгрөг орсон гэж бодсон. Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар манай өрхийн мэдээллийн зөрүүг цаг тухайд нь арилгаж, ажлаа зохих ёсоор хийсэн бол хоёр хүүхдийнхээ мөнгөн тэтгэмжийн 2018 онд бүрэн авах боломжтой байсан юм байна. Иймд Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажлаа зохих ёсоор хийгээгүй эс үйлдэхүй буюу “манай өрхийн Өрхийн мэдээллийн сан дахь мэдээллийн зөрүүг дээд шатны байгууллагаас ирүүлсэн хугацаатай үүрэг даалгаврыг гүйцэтгэх хугацаанд амжиж шийдвэрлээгүй эс үйлдэхүй”-г хууль бус болохыг тогтоож, хохиролд О.У-т хүүхдийн мөнгөн тэтгэмж 2018 оны 01 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл сар бүрийн 20000 төгрөг, нийт 200 000 төгрөг, О.Б-д хүүхдийн мөнгөн тэтгэмж 2018 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл сар бүрийн 20000 төгрөг, нийт 240 000 төгрөгийг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гаргуулж өгнө үү. Хохиролд О.Ууганцэцэгт хүүхдийн мөнгөн тэтгэмж 2019 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хугацааны 100 000 төгрөг, О.Б-д хүүхдийн мөнгөн тэтгэмж 2019 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хугацааны 100 000 төгрөг, 2019 оны хүүхдийн мөнгөн тэтгэмж нийт 200 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна” гэв.
Хариуцагч бөгөөд хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие М.Б яг одоогоор гүйцэтгэж байгаа үүрэгт ажил гэвэл 5, 10 дугаар багийн иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрт хяналт тавьж, улирал тутмын мэдээг нэгтгэх, 5, 10 дугаар багийн хүүхдийн мөнгөний олголтыг шүүх, багийн иргэддээ мэдээлэл өгч ажиллаж байна. Мэргэжилтэн тус бүр өөр өөрийн багийн иргэддээ нийгмийн халамжийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн албан тушаалтан гэдэгт миний бие М.Б нь хамаарахгүй гэж үзэж байна. Миний бие нэхэмжлэгч Б.А-д О.У, О.Б нарын хүүхдийн мөнгө олгохгүй байгаа талаар болон өрхийн оноо бодогдоогүй, мэдээлэл зөрүүтэй, цалинтай ээж, жирэмсэн эхийн тэтгэмжийн талаар ямар ч хариу тайлбар мэдээлэл өгөөгүй бөгөөд тухайн захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн албан тушаалтан мөн гаргах албан тушаалтан биш учир хариуцагчаас татгалзаж байна. Захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар тул жинхэнэ хариуцагчаар татна уу” гэжээ.
Хариуцагч бөгөөд хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б 2019 оны 09 дүгээр сарын 06 болон 13-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч 2018 оны 6 дугаар сард намайг байсан гэж байна. Би 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажилд орсон. Нэхэмжлэгч маань он сараа андуураад байх шиг байна. Тэгэхээр 2018 оны 6 дугаар сард яг өргөдлөө өгч байсан юм уу. Он сараа андуураад байх шиг байна. Нэхэмжлэгч та 2018 оны 12 дугаар сард ирж байсныг би санаж байна. Би Э гэдэг хүний ажлыг авах гээд тэнд сууж байсан. Та 2018 оны 12 дугаар сард очиж байсан. Бид нарт харагдаж байгаа программаас нэхэмжлэгчийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж нөхөж олгогдоно гэсэн төлөвтэй харагддаг. Тиймээс бид хувь хүний үүднээс төлж чадахгүй” гэв.
Хариуцагч бөгөөд хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Р-д 2019 оны 09 дүгээр сарын 06 болон 13-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зөрүүтэй мэдээлэлтэй өрхүүдээ нийгмийн даатгал төлдөг төлдөггүйгээр нь ангилсан. Зарим өрхүүд малын А дансаа харахгүй малынхаа тоог баримжаагаар хэлдэг. Энэ нь Үндэсний статистикийн газраас ирүүлсэн мэдээлэлтэй зөрдөг. Тэгээд Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Үндэсний статистикийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтарч ажиллая гэсэн албан тоот явуулсан чинь манай байгууллага руу мэдээллийн баазаа явуулсан байсан. Түүнийг нь үндэслээд жагсаалтаа баталгаажуулаад ерөнхий газар луугаа явуулдаг. Манайх бол ихэнхдээ айлаар явах боломжгүй учир утсаар ярьсан. Мөн албан тоотоор холбогдох байгууллагууд руу явуулсан. Ерөнхий газрууд нь хоорондоо хэлэлцэж байж мэдээллээ солилцож байгаа юм. Бид аймгаасаа мэдээд тус байгууллагуудаас мэдээлэл авъя гэхээр заавал ерөнхий газраасаа асууна, хүний хувийн мэдээлэл байгаа учраас мэдээллээ өгч болно, болохгүй гэсэн хариуг авч байж мэдээллээ манай байгууллагад хүргүүлж байсан. Бид нарт мэдээллээ өгөхгүй байж байгаад маш олон өрхийн мэдээлэл зөрүүтэй байгаа учир ерөнхий газрууд хоорондоо гэрээ байгуулж байж мэдээлэл өгөхөөр болсон. 2017 онд даргын албан тоотоор мэдээлэл зөрүүтэй өрхийн мэдээллийг авъя гэж албан тоот явуулахад мэдээллээ өгөөгүй. Багийн Засаг дарга хүртэл хувь хүний нууц гээд мэдээллээ ирүүлдэггүй байсан. Бид нарт хувь хүнтэй холбоотой мэдээлэл байдаггүй. Бидэн дээр иргэд шинээр төрсөн хүүхдийн мөнгө орохгүй байна гэсэн шалтгаанаар ирж уулзаж бид хариулт өгч байснаас иргэддээ ийм байдлаар мэдээлэл өг гэсэн чиглэл өгч байгаагүй. Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой мэдээлэл зөрүүтэй өрхүүдийн мэдээллийг байгууллагуудаас ирүүлсэн жагсаалттай тулгаад оноог нь баталгаажуулаад нэрийг нь бичээд явуулсан. Би нэргүй явуулчих юм бол бас ерөнхий газраас буцаад ирнэ гээд Б.О-ын нэрийг нь бичсэн. Тэр үйлдлийг л хууль бус гэж үзэж байх шиг байна. Би хуулийн хүрээнд яаж шийдэхийг мэдэхгүй байна. Тухайн үедээ айлын нэр бичих нь буруудах юм болов уу гэж бодсон. Гэхдээ би нэг ч гэсэн өрхийн хүүхдийн мөнгө орчих байх гэж ийм ажил хийсэн. 2018 оны 1-12 дугаар сар хүртэл хүүхдийн мөнгөө аваагүй өрхүүд байгаа. Энэ хүүхдийн мөнгө нөхөж олгох шийдвэр гарах юм бол мөнгө нь нөхөн олгогдоод явах байх гэж бодож байна.
... Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2017 оны 09 дүгээр сард өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн зарим үзүүлэлтийг баталгаажуулах тухай албан бичиг ирсэн. Үүний дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээлэл нь зөрүүтэй өрхийн жагсаалтыг файлаар ирүүлэхэд Б.О гэсэн өрх 556 дугаарт бичигдсэн байсан. Дараа нь 2018 онд мөн л өрхийн мэдээллийн нэгдсэн дахь мэдээлэл нь зөрүүтэй өрхийн жагсаалтыг ерөнхий газраас файлаар ирүүлэхэд үүний 37 дугаарт Б.О, Б.А гэсэн өрх байсан. Үүний дагуу Б.О, Б.А гэсэн өрхийн мэдээллийг төрийн бусад байгууллагаас авсан мэдээллийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр баталгаажуулаад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлсэн бөгөөд тухайн өрхийн оноо 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бодогдож ирээд О.У-т 2018 оны 11, 12 дугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж олгогдсон. Хүү О.Б-ы хувьд шинэ Өрхийн мэдээллийн сангийн баазад тусгагдаагүй учир 2018 онд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоогүй. Учир нь 2017 онд 2014 оны өрхийн мэдээллийн судалгааны бааз ашиглагдаж байгаад 2018 оны 1 сараас ашиглагдахаа больсон. О.Б-ыг 2017 оны 09 сард хуучин 2017 оны мэдээллийн баазад бүртгэсэн боловч 2018 оны шинэ мэдээллийн баазад бүртгэгдээгүй учир Б.Оюунбатын өрх нэг хүүхэдтэй гэж харагдаж байсан. Учир 2018 оны 1 сараас эхлэн ашиглаж байгаа өрхийн мэдээллийн сан нь 2017 оны 04 дүгээр сард авсан судалгаанд суурилсан, тэр үед О.Б төрөөгүй байсан ...” гэв.
Хариуцагч бөгөөд хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмнө нь тухайн өрх өргөдлөө хэзээ гаргаж өгнө тухайн сараас хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нөхөж өгнө гэсэн журамтай байсан. 2018 оны 11 дүгээр сараас өрхийн амьжиргааны оноо бодогдсон сараас олгоно гэсэн журамтай болсон. Төрийн байгууллага нь анхан шатны хийж байгаа үйл ажиллагааг хурдан өөрчилж байгаа учир бидэнд маш хүндрэлтэй байдаг. Бид 3-4 баг хариуцдаг учраас ажлын ачаалал маш их байдаг. Тухайн үед өрхийн мэдээллийг тулгаж баталгаажуулахын тулд хүн болгонтой холбогдох шаардлагатай байдаг. Нэг хүн дээр 2000 өрхийн жагсаалт ирсэн. Тийм учраас нэг удаа залгаад утсаа аваагүй буюу холбогдох боломжгүй байсан бол дахин залгах боломжгүй байдаг. Тийм учраас албан байгууллагууд руу албан тоот өгч байж жагсаалтаар мэдээлэл зөрүүтэй өрхийн мэдээллийг баталгаажуулж авсан. Мэдээлэл зөрүүтэй өрхүүдийн мэдээллийг Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагааны дагуу өрхийн мэдээллийг баталгаажуулж 2018 оны 11 дүгээр сард Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт явуулснаар өрхийн оноо нь бодогдож ирж байсан. 3 жилд нэг удаа судалгаа явагддаг учраас 2014 оны бааз 2017 оныг дуусгаад баазлагдсан. 2018 оны 1 сараас 2017 оны судалгаагаар шинэ бааз татагдаж байгаа юм. Өмнө баазад байсан мэдээлэл харагдахгүй болсон. Тиймээс 2017 оны 9 дүгээр сард төрсөн хүүхэд дахин мэдээлэл өгч өрхийн ам бүл дээрээ нэмж бүртгүүлэх шаардлагатай болж байгаа юм. Энэ талаар манай байгууллагын дарга Э-г орон нутгийн телевизүүдээр ярилцлага өгсөн. Энэ өрхийн оноо зөрөөд байгаа нь манайх дээр бол судалгаанд ороогүй л гэж харагддаг. Заавал халамжийн төв рүү юм уу ерөнхий газар руу ярьж байж мэддэг. Манайх дээр бол мэдээлэл нь үндсэн баазаараа харагддаггүй учир мэдээлэл зөрүүтэй гэж гарч ирдэг. Бид нар дээр мэдээлэл нь үндсэн баазаараа харагдах боломжгүй байдаг. Судалгаа нь баталгаажаад ирсэн өрхүүд л манайх дээр харагддаг. Өмнө судалгаа явагдахдаа өрхөөс авсан мэдээллээр ирдэг байсан. 2017 оны судалгааг бүх эх сурвалж дээр суурилж гаргасан учир маш олон өрхийн оноо бодогдохгүй гарч ирсэн. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн өрхөөс 1300 өрхийн оноо бодогдохгүй ирж байсан. Өрхийн мэдээллүүд нь нийгмийн даатгал төлдөг төлдөггүйгээрээ гарч ирдэг. Авто тээврийн газраас гэхэд иргэдийн өөрсдийнхөө нэр дээрх машинаа зарчихсан мөртлөө шилжүүлээгүй ч юм уу байдлаар мэдээллүүд их зөрүүтэй гарч ирж байсан учир иргэдэд их чирэгдэл гарч ирж байсан. Тухайн үед бид ачаалалтай байсан учир иргэдэд мэдээлэл өгч чадаагүй. Орон нутгийн зурагтаар манай дарга мэдээлэл өгч байсан. Хүүхдийн мөнгө орохгүй байна гэсэн хүмүүс нь манай дээр өөрийн биеэр ирж өргөдлөө өгч байсан. Өрхийн мэдээлэл нь өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон бол хүүхдийн мөнгө олгоно. Монгол банк энэ мэдээллийг нь татаж аваад мэдээлэл нь зөрүүгүй байх юм бол Монгол Банкнаас олгодог. Монгол банкнаас мэдээлэл татаж авахаас өмнө бид мэдээллээ баталгаажуулах ёстой. Тэгээд тухайн мэдээлэл зөв байх юм бол хүүхдийн мөнгө нь ордог. Шинэ төрсөн хүүхдийг бүгдийг нь шивж оруулах ёстой байдаг. 2018 оны эхний 10 сард Б.О-ын өрхийн мэдээлэл нь зөрүүтэй байсан. 2017 оны 12 дугаар сард энэ өрх рүү эхний удаа залгаад утсаа аваагүй, 2 дахь удаагаа залгаад утас нь холбогдоогүй. Бид ямар машинтай, хэдэн хүн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг зэргийг нь мэдэхгүй учир мэдээллийг нь баталгаажуулж чадаагүй. Тэгээд 2018 онд тушаал гараад Нийгмийн даатгалын ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв рүү албан тоот явуулсны үндсэн дээр мэдээлэл зөрүүтэй иргэдийн мэдээлэл баталгаажиж ирсэн. Засгийн газрын 2018 оны 351 дүгээр тогтоол гарахаас өмнө хугацаанд оноо нь баталгаажаад ороод ирсэн өрхийн хүүхдийн мөнгийг нөхөж олгоно. Бид нарт гэрээр нь очих боломж байгаагүй. Нэг хүнд 3-4 баг хариуцуулахаар 1000 гаруй өрхийн мэдээлэл зөрүүтэй байдаг. Тиймээс бид нэг бүрчлэн гэрээр нь очих боломж байдаггүй. Ямар ч айлаар явах боломж байдаггүй. Нэг хүн дор хаяж 2-3 удаа ирж байж оноо нь баталгаажиж байсан. Нийгмийн даатгал, Авто тээврийн үндэсний төв руу очиж мэдээллээ баталгаажуулна. Малын А данс нь зөрүүтэй, үл хөдлөхийн зөрүүтэй бол гэрчилгээг нь хуулбарлаж авч байсан. Тэр болгоныг авч байсан болохоор иргэдийг 2-3 удаа явуулж байсан. Үүнээс гадна иргэдэд 76 төрлийн халамжийн үйлчилгээгээ үзүүлж байсан. Заавал материалыг нь шаардаж авч байсан. Айлаар явах ямар ч боломж байгаагүй. 2019 оны 1-5 дугаар сарын хоёр хүүхдийн мөнгө нөхөж орсон. Бид ерөнхий газраас хүүхдийн мөнгө орох эсэх талаар мэдээлэл өгнө үү анхан шатанд ажиллаж байгаа бидэнд маш хүндрэлтэй байна гэж хэлэхэд санхүүжилт хэзээ орохоос шалтгаалж хүүхдийн мөнгийг олгоно гэж хэлдэг. Бидэнд иргэдэд мэдээлэл өгөх гэхээр тодорхой зүйл харагддаггүй. Манай программаас бол нөхөж олгоно гэсэн л мэдээлэл харагддаг. Нэхэмжлэгч тайлбарлахдаа 2018 оны хүүхдийн мөнгийг 2019 онд нөхөж олгогдоно гэж хэлээд цэнхэр өнгийн график харуулсан гэж байна. Бид нарын программ дээр тийм л мэдээлэл гардаг. Түүнээс өөр тодорхой мэдээлэл харагддаггүй. Би өөрөө нэхэмжлэгчид яг харуулж байсан. Бид нарт байгаа мэдээллээр 2018 онд ороогүй хүүхдийн мөнгийг 2019 онд нөхөж олгоно гэсэн журамтай байсан. Сүүлд ирсэн журам дээрээ нөхөж олгохгүй боломжгүй гэсэн журам ирсэн. Улсын төсөвтөө хэрхэн суулгаж өгөхөөс хамаараад шийдэгдэх байх. Бүр олгохгүй гэсэн журам байхгүй. Одоохондоо улсын төсөв хүнд байгаа учир олгохгүй гэж байгаа. 2017 онд хүүхдийн мөнгө олгогдохгүй явж байгаад төсөвтөө дахин тусгагдаж байж орж байсан шүү дээ. Нэмэлт төсөв батлагдах юм бол олгогддог юм билээ. Бид нар олгоно, олгогдохгүй гэж иргэдэд мэдээлэл өгч болохгүй. Бид нарын харагдаж байгаа программ дээр нөхөж олгоно гэж л харагддаг.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан тайлбартаа: “... 1.Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын 3.1-т заасны дагуу өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж амьжиргааны түвшний оноо 670 буюу түүнээс доош үнэлэгдсэн өрхийн 0-18 насны хүүхдэд олгоно. Ингэхдээ Монгол Улсын Засгийн
газрын 2018 оны 351 дүгээр тогтоолыг дагаж мөрдөнө.
2.Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа гэж өрхийн амьжиргааны түвшинг шууд илэрхийлэх, орлогыг бүрэн тооцоолох боломжгүй, арга аргачлал байхгүй үед түүнийг орлохуйц үзүүлэлтүүдийг ашиглан өрх, иргэний амьжиргааны үр дүнг үндэслэн төрөөс үзүүлэх аливаа төрлийн нийгмийн тусламж, үйлчилгээнд хамруулах өрх, иргэнийг тодорхойлох, өрхийн амьжиргааны түвшний үндэсний хэмжээний цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын дагуу Үндэсний дата төвөөр дамжуулан холбогдох үзүүлэлтүүдийг иргэний өгсөн мэдээлэлтэй тулгах замаар өрхийн оноог бодуулдаг. Хэрэв иргэний өгсөн мэдээлэл Үндэсний дата төвийг мэдээлэлтэй зөрсөн тохиолдолд тухайн өрхийн оноо бодогддоггүй.
3. Иргэн Б.О-ын өрх 2017 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд 3 ам бүлээр хамрагдаж, бусад төрийн байгууллагын мэдээлэлтэй тулгалт хийхэд иргэний өгсөн мэдээлэл бусад төрийн байгууллагын мэдээллээс зөрүүтэйн улмаас алдаа зааж өрхийн оноо бодогдоогүй байна. Мэдээлэл зөрүүтэй өрхүүдийн баталгаажуулалтын ажлыг хийх үүднээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын А/246 дугаар тушаалаар мэдээлэл зөрүүтэй өрхийн судалгааны мэдээлэлд өгсөн утасны дугаараар холбогдож, иргэд өөрийн биеэр ирж мэдээллийн зөрүүгээ арилгуулсан.
Тухайн үед буюу 2017 оны 12 дугаар сард 2 удаа залгахад судалгааны мэдээлэлд өгсөн 94949377 дугаартай утасны дугаар холбогдох боломжгүй байсан тул өрхийн оноо 2017 ондоо бодогдоогүй байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 3/906 дугаартай албан бичгийн дагуу 2017 онд мэдээллийн зөрүүгээ өөрийн биеэр ирж арилгуулаагүй өрх-иргэний жагсаалтыг дахин гаргаж холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлэн мэдээлэл баталгаажуулах ажлыг хийн, зарим өрхийн оноог бодуулсан.
Иргэн Б.О-ын өрхийн амьжиргааны түвшний оноо 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бодогдсон.
4.Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 351 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 351 дүгээр тогтоолыг үндэслэн иргэн Б.О-ын хүүхдүүд болох О.У, О.Б нарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нөхөн олгох хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Иймд иргэн Б.А-ийн гаргасан шүүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь;
Нэхэмжлэгч Б.А Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн Б.О-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О-ийг хариуцагч М.Б-ээр сольж, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн Ч.Т, С.Р нарыг болон Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж “Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажлаа зохих ёсоор хийгээгүй эс үйлдэхүй буюу “нэхэмжлэгч Б.А-ийн өрхийн Өрхийн мэдээллийн сан дахь мэдээллийн зөрүүг дээд шатны байгууллагаас ирүүлсэн хугацаатай үүрэг даалгаврыг гүйцэтгэх хугацаанд амжиж шийдвэрлээгүй эс үйлдэхүй”-г хууль бус болохыг тогтоолгож, хохиролд О.У-т хүүхдийн мөнгөн тэтгэмж 2018 оны 01 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл сар бүрийн 20 000 төгрөг, нийт 200 000 төгрөг, О.Б-д хүүхдийн мөнгөн тэтгэмж 2018 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл сар бүрийн 20 000 төгрөг, нийт 240 000 төгрөг, бүгд 440 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжилж, охин О.У, хүү О.Б нарт 2019 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хугацаанд олгогдох бүгд 200 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан.
Нэхэмжлэгч Б.А нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авах тухай өргөдлөө Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтнүүдэд гаргаж байсан бөгөөд өргөдлийн дагуу хүүхдийн мөнгө олгогдоогүй тул дээд шатны албан тушаалтан болох Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад хандан өргөдөл гаргаж байжээ. Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 500 тоот албан бичгээр Мөрөн сумын 13 дугаар багийн иргэн Б.А-д өргөдлийн хариуг өгч, улмаар нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэгч Б.А-г Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангуулсан гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална”, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын 1.2-т “Хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд ... эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий Монгол Улсын иргэнд олгоно” гэж заасан тул нэхэмжлэгч Б.А нь охин О.У, хүү О.Б нарт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, учирсан хохирлыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм.
Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хохиролд О.У-т хүүхдийн мөнгөн тэтгэмж 2019 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хугацааны 100 000 төгрөг, О.Б-д хүүхдийн мөнгөн тэтгэмж 2019 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хугацааны 100 000 төгрөг, 2019 оны хүүхдийн мөнгөн тэтгэмж нийт 200 000 төгрөг гаргуулах” шаардлагаасаа татгалзсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж,
66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж,
109 дүгээр зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч ... нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсан ...-ийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан.
Иймд Нэхэмжлэгч Б.А-ийн “хохиролд О.У-т хүүхдийн мөнгөн тэтгэмж 2019 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хугацааны 100 000 төгрөг, О.Б-д хүүхдийн мөнгөн тэтгэмж 2019 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хугацааны 100 000 төгрөг, 2019 оны хүүхдийн мөнгөн тэтгэмж нийт 200 000 төгрөг гаргуулах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг дараахь үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.А 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин О.У-ээс гадна 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү О-ын Б-д хүүхдийн мөнгөн тэтгэмж авахаар 2017 оны 09 дүгээр сард Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хандаж, улмаар О.У, О.Б нарт олгогдох 2017 оны хүүхдийн мөнгөн тэтгэмж бүрэн олгогдсонтой хэргийн оролцогчид маргаагүй. Харин 2018 онд охин О.У-т 1-10 дугаар сарын, хүү О.Б-д 1-12 дугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж олгогдоогүй ажээ.
Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа “Б.О гэх өрхийн Өрхийн мэдээллийн сан дахь мэдээлэл 2017 оны 11 сарын 29-ний өдрийг хүртэл зөрүүтэй, өрхийн оноо бодогдоогүй байсны улмаас хүүхдийн мөнгөн тэтгэмж олгогдоогүй, мөн 2017 онд ашиглагдаж байсан хуучин Өрхийн мэдээллийн санд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү О.Б-ы мэдээлэл бүртгэлтэй боловч 2018 оноос ашиглагдаж байгаа шинэ Өрхийн мэдээллийн санд түүний мэдээлэл байхгүйн улмаас О.У-т 2018 оны 1-10 дугаар сарын 200 000 төгрөг, О.Б-д 2018 оны 1-12 дугаар сарын 240 000 төгрөг тус тус олгогдоогүй” гэжээ.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Нийгмийн халамжийн тэтгэмж ... дараахь төрөлтэй байна: 13.1.5.хүүхдийн мөнгөн тэтгэмж”, мөн зүйлийн 13.12-т “Энэ хуулийн 13.1.5-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг Засгийн газар батална” гэж заасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын
1.2-т “Хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд ... эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий Монгол Улсын иргэнд олгоно”,
2.2-т “... иргэн сонгосон банкны салбарт биеэр очиж хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргана ...”
2.20-д “Энэхүү журмын 2.2-т заасны дагуу иргэн хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан боловч хүүхдийн мөнгө тухайн ондоо багтан дансанд ороогүй тохиолдолд дараа оны төсвөөс нөхөн олгоно” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Б.А 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү О.Б-д хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ 2017 оны 09 дүгээр сард гаргаж, түүнд 2017 оны хүүхдийн мөнгөн тэтгэмж бүрэн олгогдсонтой хэргийн оролцогчид маргаагүй тул О.Б-ыг өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн гэж үзэхээр байна.
Харин 2018 оны 01 сараас ашиглагдаж эхэлсэн Өрхийн мэдээллийн санд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү О.Б бүртгэгдээгүй болох нь төрийн байгууллагын ажлын дотоод зохион байгуулалт, үр нөлөөтэй холбоотой байх тул үүнд иргэнийг буруутгах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчимд үл нийцнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын 4.5-д “Энэ журмын 4.2.3, 4.2.4-т заасны дагуу хүүхдийн мөнгөний олголтыг түр зогсоосон өрхийн мэдээллийг шинэчилсний дараа тухайн өрх нь хүүхдийн мөнгө авах нөхцлийг хангаж байгаа тохиолдолд үргэлжлүүлэн олгох бөгөөд түр зогсоосон хугацааны мөнгийг нөхөн олгоно” гэж заасан байжээ.
Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 351 дүгээр тогтоолоор дээрх “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж уг журмын 4.5 дахь заалтыг “Энэ журмын 4.2.3, 4.2.4-т заасны дагуу хүүхдийн мөнгөний олголтыг түр зогсоосон өрхийн мэдээллийг шинэчилж өрхийн амьжиргааны түвшинг үнэлсний дараа тухайн өрх нь хүүхдийн мөнгө авах нөхцөлийг хангаж байгаа тохиолдолд үргэлжлүүлэн олгох бөгөөд түр зогсоосон хугацааны өрхийн амьжиргааны түвшинг үнэлсэн сараас эхлэн тооцож олгоно” хэмээн өөрчлөн найруулсан бөгөөд энэхүү тогтоолыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр заажээ.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/246 дугаар “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн зарим үзүүлэлтийг баталгаажуулах ажлын заавар батлах тухай” тушаалаар Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажлын хүрээнд бүрдүүлсэн мэдээллийн сангийн зарим үзүүлэлтийг бусад мэдээллийн сантай тулгах явцад гарсан эх сурвалжаас илтэд зөрүүтэй байгаа өрхийн мэдээллийг засах, залруулах, баталгаажуулах ажлыг аймаг, дүүргийн хэмжээнд зохион байгуулж, баталгаажуулалтын ажлын тайлан мэдээг баталгаажуулах ажлын зааварт заасан хугацаанд ирүүлэхийг аймаг, дүүргийн газар хэлтсийн дарга нарт даалгаж,
Ингэхдээ Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны шинээр бүрдүүлсэн мэдээллийн сан дахь өрхийн зарим үзүүлэлт нь бусад албан эх сурвалжтай харьцуулж үзэхэд зөрүүтэй байгаа өрх, хүн амыг хамруулж, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн тайлан, мэдээг 2017 оны 10 дугаар сарын 17-ны дотор албан тоотоор ХХҮЕГ-т ирүүлсэн байхыг үүрэг болгожээ.
Энэ хүрээнд нэхэмжлэгч Б.А /түүний нөхөр Б.О/-гийнх Өрхийн мэдээллийн сан дахь мэдээлэл бусад албан эх сурвалжтай харьцуулж үзэхэд зөрүүтэй байгаа өрхийн жагсаалтын 556 дугаарт бүртгэгдэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2017 оны 09 дүгээр сард ирсэн болох нь хариуцагч нарын тайлбар, хэргийн 58 дугаар хуудаст авагдсан хүснэгтэн мэдээлэл бүхий баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.А /түүний нөхөр Б.О/-гийн өрхийн Өрхийн мэдээллийн сан дахь мэдээллийг залруулах ажлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/246 дугаар тушаалд заасан хугацаанд гүйцэтгээгүй бөгөөд энэ нь судалгаанд тэмдэглүүлсэн утас нь холбогдох боломжгүй байсантай холбоотой хэмээн хариуцагч нар тайлбарласан.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/246 дугаар “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн зарим үзүүлэлтийг баталгаажуулах ажлын заавар батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн зарим үзүүлэлтийг баталгаажуулах ажлын заавар”-т “... Сум хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь баг, хэсэг тус бүрээр гаргасан жагсаалтад байгаа утасны дугаар, гэрийн хаягийн дагуу тухайн өрхтэй холбогдоно. Тухайн өрхийн насанд хүрсэн гишүүнд уг жагсаалтад байгаа үзүүлэлт зөрүүтэй байгаа талаарх тайлбарыг өгөх бөгөөд өөрийн биеэр ирж зөрүүтэй мэдээллийг баталгаажуулан жагсаалтад гарын үсэг зурсан байх шаардлагатай ...” гэж заажээ.
Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.А /түүний нөхөр Б.О/-гийн 94949377 дугаарын утсаар 2 удаа холбогдох гэсэн боловч холбогдож чадаагүй, ажлын ачаалал их учраас гэрээр очих боломжгүй байсан хэмээн тайлбарлаж байгаа боловч энэ нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1-д “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтална: 4.2.1.захирах, захирагдах ёс, ... 4.2.3.ард түмэнд үйлчлэх …”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: ... 4.2.2.шуурхай ... байх, ... 4.2.4.үр нөлөөтэй байх ... 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж тус тус заасантай нийцэхгүй. Төрийн байгууллагын ажлын ачаалал их байдаг нь иргэний хуулиар олгогдсон хүүхдийн мөнгөн тэтгэмж авах эрхийг зөрчих үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл дээд шатны байгууллагаас өгсөн зааварт утсаар болон гэрийн
хаягийн дагуу тухайн өрхтэй холбогдоно гэж заасаар байтал зөвхөн утасны дугаараар тухайн өрхтэй холбогдох оролдлого хийж, гэрийн хаягаар очиж зөрүүтэй мэдээллийг залруулах арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй нь төрийн албаны зарчмыг зөрчиж, иргэний эрхийг хөндсөн байна.
Үүгээр ч зогсохгүй хариуцагч байгууллага дээрх алдаагаа дахин гаргаж, иргэний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Тодруулбал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 3/906 тоот “Өрхийн мэдээлэл баталгаажуулах ажлыг зохион байгуулах тухай” албан бичгээр өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхүүдийн өрхийн амьжиргааны түвшинг үнэлэхэд нөлөөтэй байгаа зарим үзүүлэлтийг бусад мэдээллийн сантай тулгаж үзэхэд зөрүүтэй байгаа өрхүүдийн жагсаалтыг хүргүүлж, эдгээр мэдээлэл зөрүүтэй өрхүүдийн зарим үзүүлэлтийг баталгаажуулах ажлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/246 дугаар тушаалаар батлагдсан зааврын дагуу баталгаажуулах ажлыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулж дуусгахыг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст үүрэг болгосон байх ба энэхүү албан бичгийн хавсралтын 37 дугаарт нэхэмжлэгч Б.А /түүний нөхөр Б.О/-гийн өрх бичигдэн ирсэн болох нь хэрэгт авагдсан баримт, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдсон.
Үүний дагуу Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б.А /түүний нөхөр Б.О/-гийн өрхийн мэдээллийн сан дахь мэдээллийн зөрүүг арилган “Хөвсгөл аймгийн өрхийн оноо бодуулах өрхийн жагсаалт”-ын 23 дугаарт бүртгэж, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 986 тоот албан бичгээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлсэн болох нь хариуцагч С.Р-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Ийнхүү хариуцагч байгууллага Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 3/906 тоот албан бичигт дурдсанчлан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор Б.А /түүний нөхөр Б.О/-гийн өрхийн мэдээллийн сан дахь мэдээллийг баталгаажуулж явуулалгүй хугацаа хожимдуулсаны улмаас нэхэмжлэгч Б.А Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.12-т зааснаар охин О.У-т 2018 оны 1-10 сарын, хүү О.Б-д 2018 оны хүүхдийн мөнгөн тэтгэмж нөхөн авах боломжоо /2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс Засгийн газрын 351 дүгээр тогтоол хэрэгжиж эхэлснээр/ алдаж хохирчээ.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/246 дугаар тушаал гарснаас хойш Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 351 дүгээр тогтоол гарах хүртэл хугацаанд нэхэмжлэгч Б.А-ийн өрхийн мэдээллийн сан дахь мэдээллийн зөрүүг арилгаж, баталгаажуулж, холбогдох байгууллагад хүргүүлсэн бол нэхэмжлэгч өөрийн охин О.У, хүү О.Б нартаа Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолын 4.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн мөнгөн тэтгэмж нөхөн авах боломжтой байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч байгууллагын эс үйлдэхүй болон нэхэмжлэгчид учирсан хохирол шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.
Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 3/906 тоот албан бичигт дурдсан хугацаанд Б.А-ийн өрхийн мэдээллийн сан дахь мэдээллийг баталгаажуулж явуулаагүй эс үйлдэхүй” нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1-д “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтална: 4.2.1.захирах, захирагдах ёс, ... 4.2.3.ард түмэнд үйлчлэх …”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: ... 4.2.2.шуурхай, тасралтгүй байх, 4.2.4.үр нөлөөлтэй байх ... 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах” гэснийг болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.12 дахь заалтыг зөрчсөн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж заасан.
Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын иргэн Б.А /түүний нөхөр Б.О/-гийн өрхийн мэдээллийн сан дахь мэдээллийг зохих хугацаанд баталгаажуулж явуулаагүй хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол буюу охин О.У-т 2018 оны 1-10 сард, хүү О.Б-д 2018 оны 1-12 дугаар сард олгогдох байсан хүүхдийн мөнгөн тэтгэмж нийт 440 000 төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.А улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүхээс хангасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 70206 төгрөг тушаажээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70206 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 6 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 70200 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хэргийн материалд Б.А, Б.О нарын гэрлэлтийн гэрчилгээ авагдаагүй боловч нэхэмжлэгч Б.А-ийн нөхөр, О.Ууганцэцэг, О.Б нарын эцэг, өрхийн тэргүүн Б.О бөгөөд түүний нэрээр Өрхийн мэдээллийн санд тухайн өрх бүртгэлтэй гэдэгтэй хэргийн оролцогчид маргаагүй болохыг дурдъя.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн “хохиролд О.У-т хүүхдийн мөнгөн тэтгэмж 2019 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хугацааны 100 000 төгрөг, О.Б-д хүүхдийн мөнгөн тэтгэмж 2019 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хугацааны 100 000 төгрөг, 2019 оны хүүхдийн мөнгөн тэтгэмж нийт 200 000 төгрөг гаргуулах” шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.4, 4.2.8, 101 дүгээр зүйлийн 101.2, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.12 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг бүхэлд нь хангаж Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажлаа зохих ёсоор хийгээгүй эс үйлдэхүй буюу “нэхэмжлэгч Б.А-ийн өрхийн Өрхийн мэдээллийн сан дахь мэдээллийн зөрүүг дээд шатны байгууллагаас ирүүлсэн хугацаатай үүрэг даалгаврыг гүйцэтгэх хугацаанд амжиж шийдвэрлээгүй эс үйлдэхүй” хууль бус болохыг тогтоож, хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас охин О.У-т учирсан хохирол болох 2018 оны 1-10 дугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж 200 000 төгрөг, хүү О.Б-д учирсан хохирол болох 2018 оны 1-12 дугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж 240 000 төгрөг буюу нийт 440 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6 төгрөг, хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ