Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2022/0506/З |
Дугаар | 221/МА2023/0117 |
Огноо | 2023-02-16 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2023/0117
“Г...” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э
Нэхэмжлэгч “Г...” ХХК
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Б.Ганзориг
Гуравдагч этгээд “И... б... ш...” ТББ
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Б.Ганзоригийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Хариу өгөх тухай” 7/834 тоот албан бичгээр ирүүлсэн татгалзлыг хүчингүй болгож, шаардагдах захиргааны акт буюу “И... б... ш...” ТББ бичиглэлтэй тамга олгосон хяналтын дугаарыг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалгуулах тухай”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 765 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч
Гуравдагч этгээд “И... б... ш...” ТББ-ын захирал Л.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2022/0506/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г...” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Б.Ганзоригт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Б.Ганзоригийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Хариу өгөх тухай” 7/834 тоот албан бичгээр ирүүлсэн татгалзлыг хүчингүй болгож, шаардагдах захиргааны акт буюу “И... б... ш...” ТББ бичиглэлтэй тамга олгосон хяналтын дугаарыг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 765 дугаар шийдвэрээр:
2.1. “...“Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Хариу өгөх тухай” 7/834 тоот албан бичгээр ирүүлсэн татгалзлыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “Г...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Г...” ХХК-ийн “И... б... ш...” ТББ бичиглэлтэй тамга олгосон хяналтын дугаарыг хүчингүй болгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...”И... б... ш...” ТББ гэх төрийн бус байгууллагаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах болон “Г...” ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын М\/-020634 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шат шатны захиргааны хэргийн шүүхээс харилцан адилгүйгээр хянан шийдвэрлэсний дараа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0713 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэр болон “Г...” ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын М\/-020634 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон шийдвэрлэж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж улмаар шүүхийн шийдвэрийг биелүүлж Ашигт малтмал, газрын тосны газраас “Г...” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МУ-020634 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.
3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд” гэж энэ хуулиар эрх олгогдсон этгээд энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг” гэж заасан. Гэтэл “И... б... ш...” ТББ гэх байгууллага бодитоор Монгол Улсад байхгүй бөгөөд тус байгууллага нь үнэн хэрэгтээ “И... б... б.. ш..” хэмээх нэртэй “сан” хэлбэртэй байгууллага байна.
3.3. ...Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “төрийн бус байгууллага” гэж иргэд, төрийн байгууллага /хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг” гэж заасан бөгөөд үүнээс үзвэл “Сан“ “Төрийн бус байгууллага” хоёрын гол ялгаа нь “сан” бие дааж үйл ажиллагаа явуулахгүй зөвхөн санхүүжилт олгох, харин төрийн бус байгууллага нь үйл ажиллагаа явуулж болохоор заасан байна.
3.4. Гэтэл “И... б... б.. ш..” сан нь хуулийн этгээдийн хэлбэрийн хувьд Сан байсаар байтал тамга нь ТББ-ын хэлбэртэй буюу тус байгууллага зөрчилтэй тамга ашиглаж “Г...” ХХК-ийн эзэмшдэг эрхийг хүчингүй болгуулах шаардлага гаргаад үр дүнд хүрээд байгаа нь хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд” гэж энэ хуулиар эрх олгогдсон этгээд энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг” гэж заасан шаардлагыг хангаж өөрийн байгууллагыг “нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлөх эрхтэй” этгээд гэх ойлголтыг шүүхэд төрүүлж хууран мэхлэх үйл ажиллагаа явуулж улмаар нэхэмжлэгчийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхийг ноцтой зөрчиж байна.
3.5. ...Шүүх энэ тухай шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.1-д “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Хариу өгөх тухай” 7/834 тоот албан бичиг нь “Г...” ХХК-ийн ирүүлсэн хүсэлтэд хариу өгсөн, тус компанид хаяглагдсан байх тул уг албан бичиг нь захиргааны актын нэхэмжлэгч рүү чиглэсэн байх, захирамжилсан, эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн байх шинжийг агуулсан байна” гэж дүгнэсэн атлаа 1.10-д “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь агуулгын хувьд зөрүүтэй бөгөөд ойлгомжгүй байна.
3.6. Шүүхийн дурдаж буй үйл баримт шийдвэрүүд нь алдаа зөрчилтэйгээ хамт хүчингүй болсон. Одоогоор хүчин төгөлдөр байгаа бүртгэлээр 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олгосон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Хуулийн этгээдийн нэр хэсэгт “И... б... б.. ш..”, хуулийн этгээдийн хариуцлагын хэлбэр хэсэгт “сан” гэж, мөн Хуулийн этгээдийн ерөнхий газрын нээлттэй цахим мэдээллийн сан болох www.opendata.burtgel.gov.mn сайтын мэдээллийн санд мөн хуулийн этгээдийн оноосон нэрийг “И... б... б.. ш..”, хуулийн этгээдийн хэлбэр хэсэгт “сан” гэж бүртгэсэн.
3.7. Гэтэл шүүх хүчин төгөлдөр байгаа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийг үндэслэл болгохоос татгалзаж дээрх байдлаар хийсэн дүгнэлт нь “И... б... б.. ш..” санг “И... б... ш...” ТББ байна гэж дүгнэсэн гэсэн үг юм. Энэ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” 4.1.4. “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” гэж заасныг зөрчсөн байна. Энэ талаар шүүх алдаатай хоорондоо зөрчилтэй дүгнэлт гаргасан. Үндэслэх хэсгийн 1.7, 1.8-т үйл баримтуудаас үзэхэд гуравдагч этгээдийг анх 2008 онд төрийн бус байгууллагын хэлбэрээр бүртгэж авсан. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Хариу өгөх тухай” 7/834 тоот албан бичиг нь үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийсэн.
3.8. Шүүхийн дээрх дүгнэлтээр хариуцагч улсын бүртгэлийн байгууллагыг зөрчлийг арилгах үүргээ биелүүлээгүй болохыг тогтоосон нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Мөн тус хэсэгт зөрчлийг арилгах үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүйн улмаас гуравдагч этгээдийг буруутгах боломжгүй байна” гэх дүгнэлт үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч байгууллагыг тус эс үйлдэлтэй нь холбогдуулж буруутгаж буй болохоос гуравдагч этгээдийг буруутгасан агуулга байхгүй билээ.
3.9. Улсын бүртгэлийн байгууллагад хадгалагдаж буй мэдээ, мэдээлэл хууль ёсны үнэн зөв байх шаардлага хангагдах учиртай. ...Гэтэл зөрчил байгаа гэдгийг тогтоосон буюу Улсын бүртгэлийн байгууллага Улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1.7, 18.7.1-д заасан үүргээ биелүүлээгүй байгааг тогтоосон бол түүнийг биелүүлэхгүй гэсэн татгалзлыг хүчингүй болгож захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааг хянах үндсэн үүргээ шүүх хэрэгжүүлэх ёстой байсан. Гэвч захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааг зөрчилтэй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын дагуу тэрхүү зөрчилтэй ажиллагааг цаашид хэвээр үргэлжлүүлэх үү, засах уу, өөрчлөлт оруулах уу гэх зэрэг зөрчлийг хэрхэх тухай шийдэлгүй тухайн зөрчлийг хүлцэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь захиргааны хэргийн шүүхийн зорилгоос ухарсан зөрчил мөн.
3.10. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-р үндэслэлээр гуравдагч этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, олгосон гэрчилгээ нь сан, харин түүний хуулийн этгээдийнх нь хувьд хэрэглэх тэмдэг нь ТББ гэсэн байхыг тогтоосон. Мөн хариуцагчийн зүгээс уг хуулийн этгээдийг сан гэсэн зохион байгуулалтын хэлбэртэй байгаа ба бүртгэлийн ажилтан мэдээллийн зөрүүг арилгах арга хэмжээг авч ажиллаагүй алдаа гаргасан хэмээн дүгнэсэн байдаг.
3.11. Улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д “Улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” үүрэгтэй ба энэхүү үүргээ хэрэгжүүлэхдээ тус хуулийн 18.7.1-д “... улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох этгээдэд үүрэг даавгавар өгч, биелэлтийг хангуулах” замаар үнэн зөв байдлыг хангуулан ажиллах ёстой.
3.12. Тамга тэмдэг хэрэглэх, хийлгэх, үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журмын 1.7-д “Хуулийн этгээдийн тамга, тэмдэгт хуулийн этгээдийн нэр, хэлбэр, регистрийн байгаа, тамга тэмдэг үйлдвэрийн код, хяналтын дугаар бичигдсэн байна” гэж заасныг “И... б... б.. ш..” сан зөрчсөн. Дээрхээс харахад зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох этгээдэд үүрэг даавгавар өгч, биелэлтийг хангуулах буюу улсын бүртгэлийн тухай хуулийн 18.7.1-д заасан ажиллагааг хийх ёстой байтал хийгээгүй тул зөрчилтэй буюу эрх олгосон шийдвэр болох тамганы хяналтын дугаар олгосон үйлдэлийг хүчингүй болгуулах шийдвэр гаргахыг шүүхийн зүгээс даалгуулах нэхэмжлэл гаргах нь зүй ёсны хэрэг юм.
3.13. Гэтэл шүүх зөвхөн эрх олгосон буюу тамганы хяналтын дугаар олгох шийдвэрийг л тусад нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэдэг агуулгаар шийдвэр гаргасан нь хэт өрөөсгөл дутуу, нэхэмжлэгчээс гаргаж буй шаардлагуудыг харилцан уялдаа холбоотой гэдгийг үл тоон шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0765 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.1. “Г...” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Б.Ганзоригт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Б.Ганзоригийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Хариу өгөх тухай” 7/834 тоот албан бичгээр ирүүлсэн татгалзлыг хүчингүй болгож, шаардагдах захиргааны акт буюу “И... б... ш...” ТББ бичиглэлтэй тамга олгосон хяналтын дугаарыг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагчаас “И... б... ш...” ТББ-д холбогдох зөрчлийн хэргийг “...И... б... б.. ш.. сан нь зохион байгуулалтын хэлбэр төрийн бус байгууллага болох нь тогтоогдож байна” гэж үзээд хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Энхтунгалаг хянаад 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээх тухай” 07 дугаар тогтоол гарсан байна.
2.3. Дээрх тогтоолын дагуу зөрчлийн хэрэг нээсэн 2202000074 дугаартай хэрэг бүртгэлтийн ажиллагааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэчимэг явуулаад 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор “...зөрчлийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хэргийн материалд авагдсан.
2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулж, үнэлж, дүгнэн захиргааны актын үндэслэл болгосон хэм хэмжээ, хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан үйл баримт нотлох баримтаар тогтоогдсон эсэх, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол уг актын улмаас зөрчигдсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.
2.5. Гэтэл анхан шатны шүүхээс “И... б... ш...” ТББ гэх байгууллага бодитоор Монгол Улсад байхгүй бөгөөд тус байгууллага нь үнэн хэрэгтээ “И... б... б.. ш..” хэмээх нэртэй “сан” хэлбэртэй байгууллага”, улсын бүртгэл үнэн зөв бодитой байх ёстой. Сан атлаа ТББ-ын тамга ашиглан бусдын эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр захиргааны хэрэг үүсгэсэн атлаа дээрх үүргээ хэрэгжүүлээгүй буюу зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэв.
2.6. Тодруулбал, гуравдагч этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Хуулийн этгээдийн нэр хэсэгт “И... б... б.. ш..”, хуулийн этгээдийн хариуцлагын хэлбэр хэсэгт “сан” гэж, мөн Хуулийн этгээдийн ерөнхий газрын нээлттэй цахим мэдээллийн сан болох www.opendata.burtgel.gov.mn сайтын мэдээллийн санд мөн хуулийн этгээдийн оноосон нэрийг “И... б... б.. ш..”, хуулийн этгээдийн хэлбэр хэсэгт “сан” гэж бүртгэсэн зөрүүтэй, хэлбэрийн хувьд тодорхойгүй байдлууд тогтоогдож байгаа энэ тохиолдолд тус байгууллагын сүүлийн 3 жилийн хугацааны үйл ажиллагааны тайланг холбогдох байгууллагаас гаргуулж, гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг тодорхойлсон албан ёсны лавлагаа авч, тодруулах ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
2.7. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөлд хуулийн этгээдийн нэр “И... б... б.. ш.. сан”, хуулийн этгээдийн хэлбэр “төрийн бус байгууллага”, 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулах хуудаст хуулийн этгээдийн нэр “И... б... б.. ш..”, хэлбэр “Сан” гэж, “И... б... б.. ш..” санг үүсгэн байгуулагчдын хурлын 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №1 тогтоолоор ““И... б... б.. ш..” санг байгуулж, дүрмийг хавсралтаар баталсугай” гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 188 дугаар тушаалаар “И... б... б.. ш..” сан Төрийн бус байгууллагыг улсын бүртгэлд бүртгэж олгосон №7796 тоот гэрчилгээ, 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “И... б... б.. ш..” сангаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах өргөдөлдөө нэмэгдэж буй өөрчлөлт хэсгийн 3-т ““И... б... б.. ш..” ТББ-ын үүсгэн байгуулагчаар Л.Быг бүртгүүлсүгэй” гэж, хуулийн этгээдийн нэр “И... б... б.. ш..”, хариуцлагын хэлбэр “Сан” гэж 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ, оноосон нэр “И... б... б.. ш..”, хуулийн этгээдийн хэлбэр “Сан”, хуулийн этгээдийн өмчийн хэлбэр ОНА-н оролцоотой гэх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн архивын 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ““И... б... б.. ш..” ТББ нь 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна” гэх лавлагаа зэргээр “И... б... ш...” ТББ-ын эрх зүйн байдал зөрүүтэй, хэлбэрийн хувьд тодорхойгүй байна.
2.8. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-т “Төрийн бус байгууллага нь зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцлийг гаргаж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор Татварын албанд өгнө”, 2-т “Төрийн бус байгууллага үйл ажиллагааныхаа тайланг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх бөгөөд түүнд дараах асуудлыг тусгана” гэж хуульчилснаас үзвэл дээрх байдлаар гуравдагч этгээд болох “И... б... ш...” ТББ-ын ямар үйл ажиллагаа явуулж, тайлагнаснаар эрх зүйн байдлыг тодруулсны эцэст дүгнэлт хийх шаардлагатай.
2.9. Нөгөөтээгүүр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөхийн тулд нотлох баримтыг цуглуулах бөгөөд тухайн баримтуудад үндэслэн, хууль тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэнэ.
2.10. Харин энэ тохиолдолд гуравдагч этгээд “И... б... ш...” ТББ хэлбэрийн хувьд зөрүүтэй, тодорхойгүй байхад энэ талаар тодруулалгүй, холбогдох баримтыг цуглуулахгүйгээр тус нэхэмжлэлийн шаардлагаар “...гуравдагч этгээдэд И... б... б.. ш.. сан ТББ гэсэн бичиглэлтэй тамганы хяналтын дугаар олгосон бүртгэлийн байгууллагын үйлдэл нь нэхэмжлэгчийн субьектив эрх, ашиг сонирхлыг зөрчсөн” эсэхийг шийдвэрлэх боломжгүй.
2.11. Дээрхээс дүгнэвэл, шүүх хуулийн этгээдийн улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх, эргэлзээгүй байх зарчмыг хангах үүднээс холбогдох лавлагаа, тайлан, бусад шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд нэг мөр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 765 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА