Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Д.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М ад холбогдох эрүүгийн 2015000000220 дугаартай, 163/2021/00/Э индекстэй хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Тогооч овогт Д  ын М  /РД: Г ******** /, 1966 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хотын ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М ын өгсөн: 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Х.М тай гэрт нь оччихоод явж байсан. Өмнө нь барилга барьсан хүн Улаанбаатараас ирсэн. Манай барилгын материалаас 25 уут цемент, 27 тонн армотур гээд 70000000 гаруй төгрөгийн эд зүйл намайг байхгүй үед авсан байсан. Би Э   т бүх ажлаа даалгасан байсан. Х.М  бид 2 “Э   ээс мөнгөө авахаа болъё” гэж ярилцаад гэрээс нь гарсан. Маргааш нь унага тамгалах найртай байсан тул би айлд очих байсан. Э   тэй уулзах гээд ажил дээр нь очиход согтуу байсан. Тэгээд “Булган Мээж” ХХК дээрээс “Анар” дэлгүүр рүү хүргүүлж хүнтэй уулзана гээд буусан. Хүргэж өгөх гэж явахдаа би тоглоом хийгээд архи нэхсэн. Бид 1 дүгээр ангиасаа 10 дугаар анги төгсөтлөө хамт сурсан. Тэгээд Э    хүнтэйгээ уулзчихаад цаашаа гүйхээр нь би араас нь гүйж очсон. Тэгээд “чи надад ямар зүйл хийснээ мэдэж байна уу” гэхэд “би өр байхгүй” гэхээр нь “чи хүнийг яаж хохироосноо мэдэж байна уу?” гэсэн. Тэгсэн миний урдаас “цагдаа шийдээгүй зүйл дээр юу яриад байгаа юм, намайг гүтгэлээ” гэсэн. Цагдаад гомдол гаргахад цагдаа Э   ээс нэг ч мэдүүлэг аваагүй, эдийн засгийн тасагт гомдлыг маань өгсөн байсан. Булганд ирэхээр уулзахгүй зугтаагаад байдаг. Гэрт нь очих боломжгүй, хятад эхнэртэй болохоор уулзаж чадахгүй байсан. Би нүцгэн гараараа 2 удаа цохисон. Цагдаа дуудахаар нь ирсэн. Тэгээд юу болсон талаараа хэлсэн. Э    гомдол, саналгүй гэсэн гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 201500000020 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М  нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Анар” хүнсний дэлгүүрийн гадаа Ж.Э   тэй тааралдаж урьдын өглөг, авлагын асуудлаас улбаалан маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь баруун, зүүн нүдний доод зовхинд, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Ж.Э   ийн өгсөн: “Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан учир одоо нэмж ярих зүйл байхгүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-7-8 тал/,

Хохирогч Ж.Э   ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед ажлаа тараад гэртээ харих гээд явж байтал нэг сумын найз болох Х.М  Булган сумын Жаргалант хүнсний дэлгүүрийн гадаа таарсан юм. Тэгээд сайн байна уу гэж ойр зуурын юм ярьж байтал мөн нэг сумын найз болох Д.М  ирээд ойрд уулзаагүй байсан учир мэнд мэдэлцээд, Д.М ын машинд суугаад “Анар” хүнсний дэлгүүрийн гадаа очоод Х.М  нэг шил архи аваад өгөөч гэж хэлэхээр нь сонгууль болох гэж байгаа учир архи зарахгүй байгаа гэж хэлээд Х.М ын хамт машинаас буугаад Анар хүнсний дэлгүүрт орох гээд явж байтал найз Д.М  араас гүйж ирээд нүүрэн тус газарт гараа зангидаж байгаад хоёр удаа цохичихоод яваад өгсөн. Миний баруун, зүүн нүд хоёулаа хавдаж хөхөрсөн. Хамар тэр чигээрээ хөндүүр байгаа. Өөр гэмтсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-9-10 тал/,

Гэрч Г.Н    ийн өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 13-ны орой гэртээ амарч байтал гаднаас манай нөхөр болох Ж.Э    нүд нь хөхөрч хавдсан, хамраас нь цус гарсан байдалтай орж ирсэн юм. Тэгэхээр нь нөхөр Э   ээс юу болсон талаар асуухад надад юм хэлэхгүй байсан юм. Тэгээд гар утсыг нь шалгаж үзэхэд Булган суманд амьдардаг Х.М  гэх найзтайгаа утсаар ярьсан байсан. Тэгээд би Э   ээс “Х.М тай ямар учраас утсаар ярьсан юм бэ?” гэж асуухад надад юм хэлэхгүй болохоор нь Х.М  руу утсаар залгаад “чи манай нөхрийг зодсон юм уу” гэж асуухад “би зодоогүй, харин Д.М  танай нөхөр хоёр л хоорондоо хэрүүл маргаан хийсэн” гэж надад хэлсэн юм. Тэгээд би цагдаад өргөдөл өгсөн” гэх мэдүүлэг /хх-11-12 тал/,

Гэрч Х.М ын өгсөн: “2020 оны 10 дугаар сарын дундуур шиг санаж байна. Сонгууль авах өдрийн урд өдөр байсан шиг санаж байна. Өдөр **-** цагийн хооронд би гэртээ байж байтал манай багын найз болох Д.М  гэрт ирсэн. Манай гэрт хоол, цай уугаад ярьж суутал “багын найз Э   тэй уулзмаар байна” гэхээр нь би Э   тэй утсаар ярихад “ажил тарах гэж байна, ажил дээрээ байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь Д.М ын хамт Э   ийн ажил дээр очиход ажлынхаа гадаа Э    зогсож байсан юм. Тэгээд машинд Э    суусан. Тэгээд Д.М , Э    бид гурав “Анар” хүнсний дэлгүүрийн зогсоол дээр зогсоод “эр хүмүүс байна, нэг шил архи авч уугаад гэртээ харьж амаръя” гэж ярилцаад машинаас буусан. Тэгтэл Э    машинаас буугаад шууд бид хоёроос зугтаах маягтай “Анар” дэлгүүрийн зүүн талаар алхаад явахад нь Д.М  араас нь гүйж очоод барилцаад авах шиг болсон. Би араас нь явж очиход Э   ийн хамарнаас цус гарсан байдалтай, хоорондоо заамдалцсан зогсож байса. Би тэр хоёрыг салгаад Д.М ыг аваад явсан. Харин Э    цаашаа яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-16-17 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 315 дугаартай: “Ж.Э   ийн биед баруун, зүүн нүдний доод зовхинд, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-19-20 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нь шүүгдэгч Д.М ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ж.Э   ийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.М ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Д.М ын үйлдэл идэвхтэй, хохирогч Ж.Э   ийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Д.М ын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.М ыг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Анар” хүнсний дэлгүүрийн гадаа Ж.Э   ийн бие, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ж.Э    нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд гэм хорын хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ  шүүхэд илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Д.М ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.М ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.М ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.М ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн **-** дүгээр талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний мэдээлэлийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтуудаар шүүгдэгч Д.М  нь ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.М ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.М  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Тогооч овогт Д  ын М ыг Эрүүгийн хуулийн тусгайангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Д.М ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.М  нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж,шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Шүүгдэгч Д.М  нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНХАНД