Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 142/ШШ2017/00379

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-2-73 тоотод оршин суух, Дуутан овогт Тавхайн Оюунчимэг /ЗЮ70050400/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 8А Өнөр хотхон 104-40 тоотод оршин суух, Тайж нар овогт Өлзийгийн Жигжидхорол /ФМ53101822/-д холбогдох

1 620 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Оюунчимэг, хариуцагч Ө.Жигжидхорол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Т.Оюунчимэг би Ө.Жигжидхоролын хүү болох Б.Дэлгэрцогттой гэр бүл болон 2006-2016 он хүртэл 10 жил хамтран амьдарсан. Бид 9 настай нэг хүүтэй орос сургуулийн 3-р ангид сурдаг. Төрөлхийн харааны бэрхшээлтэй, зүүн нүд нь хараагүй. Миний хадам ээж гэгдэж байсан Ө.Жигжидхорол нь 2016 оны 03 дугаар сард манайд орж ирэхээр нь /хүү нь гэрээс яваад сар шахуу болсоны дараа/ ХАС банкны зээл төлөлт хийх гэж байсан 1 620 000 /нэг сая зургаан зуун хорь/ төгрөгийг банкинд тушаагаад өгөөч миний ажлын цаг амжихгүй нь, хоёр сая гаран төгрөг байсан Цогоо /хүү нь/ намайг ажилтай эзгүй хойгуур гэрт орж ирээд цувуулж авч архидаж зугаацаад дууслаа ядаж үлдсэн энэ мөнгийг хийчихмээр байна гэж хэлэхэд харин тийм би гараад шууд л банкинд хийгээд өгье гэж хэлээд аваад явсан боловч одоо болтол банкинд хийгээгүй байна. Ө.Жигжидхорол нь хүүгээ /Дэлгэрцогт/ миний хүүгийн байрыг Хас банкинд барьцаанд тавиад бизнес хийнэ гэж 18 000 000 /арван найман сая/ төгрөгийн бизнесийн зээл аваад хүүхэд бидэнд нэг төгрөг ч өгөлгүй машины наймаа хийж байгаа нэртэй авсан зээлээ ч төлж чадахгүй, хэдэн машин эвдэж, аваар осол хийж, архи ууж худлаа ярьж тэнэж, хань ижил, үр хүүхдээ 10 жил яаж дарамтлан, яргалан тарчлаан зовоож амьдардаг, намайг амьдрах гэж яаж зүтгэж байгааг мэдсээр харсаар байж хүүтэйгээ нийлж миний эрэмдэг хүүхдийн идэх хоол, өмсөх хувцас, сурч боловсрох эрхийг нь хасаж, намайг миний үр хүүхдийг ингэж хохироож яваад гомдолтой байна. Банкинд хийх гэж аваад явсан 1 620 000 /нэг сая зургаан зуун хорь/ төгрөгийг банкинд аваачиж хийгээч гэж би олон удаа шаардсан, хэлсэн, бичсэн боловч төлөх байтлаа миний нэр төрийг гутааж Хас банкны эдийн засагчид нь надад тэтгэврийн зээл авч өгсөн гэж худлаа ярьсан байна. /Хас банкнаас над руу зээлээ төлөхийг шаардсан төлөх мөнгө байхгүй байсан учраас энэ тухай үнэн байдлыг хэлээд Хас банкны эдийн засагчид утсыг нь өгсөн/ Энэ хүн надад тэтгэврийн зээлээ авч өгөх байтлаа хүүхдэд нь эрүүгээ хоёр хугалуулаад үхэх сэхэхээ мэдэхгүй хэвтэж байхад ч өвчнөө намдаа! эм аваад уу! гэж зуун төгрөг ч аваад өгч үзээгүй ийм л хүн. Харин эсрэгээрээ би энэ хүнд тус болсон энэ хүн тэтгэврийн зээл авах гэсэн юм нийгмийн даатгал төлдөг батлан даагч хэрэгтэй гээд надаар батлан даалгасан. Энэ бүхний үнэн учрыг олж Ө.Жигжидхоролын тэтгэврийн зээл авсан Хүрэнбулагбагийн ХААН банкны камерыг шүүж би энэ хүнд батлан даагч хийгээд дөнгөж гарын үсэг зурж өгөөд гарч уу мөнгө төгрөг авч уу шалгаад өгөөч гэж цагдаагийн байгууллагад хандсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гээд хүсэлтийг минь хүлээн аваагүй энэ хүнийг ингэж худлаа хэлнэ гэж зүүдлээ ч үгүй, банкинд хэдэн арван сая төгрөгийн өр тавиад хүүхэд нь алга болсныг мэдэж байгаа болохоор аваачаад хийчихнэ гэж итгэсэн хүлээсэн. / хүн өрөвдөх сэтгэлгүй зальтай хүмүүс ингээд цаг хугацаа хожоод байгааг ойлголоо/ Энэ хүн сүлжээний бизнес /G-ТIМЕ/ хийж арав хорин саяар нь мөнгө авсан учраас /G-ТIМЕ сүлжээгээр хэдэн сая төгрөг авсныг шалгаж болно/ эргэн төлөх боломжтой миний хардаж байгаагаар миний энэ банканд тушаагаад өгөөч гэсэн мөнгөөр сүлжээний бизнесээ хийж эхэлсэн. Иймд 1 620 000 төгрөг гаргуулан нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ө.Жигжидсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 02 сарын 01-нд Хүрэнбулаг ХААН банкнаас 1 500 000 төгрөгний тэтгэврийн зээлээ авч Оюунчимэгээр батлан даалгаж /Батлан даалгах хүнгүй болоод хэлсэн юм биш, эхнэр чинь мэдэж байх ёстой шүү, Оюунаагаар батлан даалгая, сэлбэг запасаа аваарай гээд/ нөхөрт нь өгсөн. Хэд хоногийн дараа Оюунчимэг хүрээд ирээч гэхэд нь очсон. 1 520 000 төгрөгийг ХАС банкинд тушаачихвал яах болоо, Цогоо намайг авахаар уурлах байхаа, тиймээс таны мөнгө юм чинь та өөрөө аваачаад ХАС банкинд тушаачих гэсэн. Би машины запас авна, сэлбэг авч машинаа засаад үнэ хүргэж зээлээ нэг мөсөн хаана гэж байсан шүү дээ гэсэн. Гэтэл Оюунчимэг сейфээ уудалж 1 520 000 төгрөг тоолж өгсөн. Тэгээд одоо орой болчихсон юм чинь та өглөө эрт тушаачих, одоо таксидаад харьчих гээд надад таксины 5000 төгрөг өгсөн. Цаадах чинь цувуулж аваад архи уучихна гэж хэлсэн учир би ч мөнгийг аваад харьсан. Түүнээс заавал тушаанаа, ямар дансанд хийх юм гэж асуугаагүй, Оюунчимэг ч тушаах данс нь энэ гэж юу ч хэлээгүй, зүгээр л цувуулж аваад үрчихнэ гэж хэлсэн. Эхнээсээ энэ мөнгийг хүү маань надаас та 1 500 000 төгрөгний тэтгэврийн зээлээ аваад өгөөч машин тэргээ засч янзалмаар байна. Үнэ хүргэж зараад зээлээ бүр мөсөн хаамаар байна гэж надаас авсан мөнгө. Орой нь нөхөр нь утасдаж намайг гэртээ оруулахгүй байна, би орох газаргүй байна, танайд очлоо гэсэн. Тэгээд ирэхээр нь би болсон явдлыг ярьсан. Хоноод өглөө нь бүх мөнгөө аваад Улаанбаатар хотоос машины сэлбэг авна, хот явлаа гээд гарсан. Тэр дор нь би Оюунчимэг рүү утасдаж нөхөр чинь мөнгөө аваад хот явлаа гээд гарлаа шүү гэж хэлсэн. Оюунчимэг за за одоо яахав дээ, та уг нь өгөхгүй л байхгүй гэж хэлсэн. Энэ 1 500 000 төгрөг надад байхгүйг Оюунчимэг сайн мэдэж байгаа. Өөр зориулалтаар тохиролцож өгч авсан зээлийг одоо надаас нэхэмжилж байгаа нь зүйд нийцэхгүй. Өөрөө нөхрийнхөө иргэний үнэмлэх, машины бичиг баримт, жолооны үнэмлэх зэргийг өгөхгүй бүтэн жил болсон. Яаж ч бодсон бичиг баримтгүй хүн яаж бизнес хийж өрөө дарах билээ. Бүтэн жил бичиг баримтгүй өмссөн хувцастай нь хөөгөөд гаргасан байдаг. Оюунчимэг зээлээ төлүүлэх гараа өөрөө хуга цохисон хүн шүү дээ. Уур аашиндаа зээлээ төлөлцөх хүнээ хөөж явуулчаад банкиндаа цаг хожиж хүнээс мөнгө авах хүн болж ээлжит залиа хэрэглэж байна гэж бодож байна би. Би жи тайм сүлжээнд нэг багшийнхаа урилгаар 2016 оны 08 сарын сарын 17-нд тэтгэврийн зээлэн дээрээ нэмж 1 сая төгрөгийг зээлж үлдсэн мөнгийг нь манай багийнхан бүрдүүлж 8 сарын 18-нд элссэн. /шалгаж болно/ Энэ мөнгөнд ямар ч хамаагүй. Багийнхаа хэн нэгэн хүний нэрэн дээр 2, 4, 6, 8, 10 гээд олуулаа орж мөнгөө хувааж авдаг учир надад 200000 /хоёр зуун мянга/-н төгрөг л үлдсэн. Тэгээд 2016 оны 11-р сарын 13-нд нөхөр Дэлгэрцогт нь хүүхдийн төрсөн өдөр мөнгөгүй гээд шаналаад байхаар нь Хүслэнд өгөөрэй гээд 200 000 төгрөгөө өгсөн. Хувцас аваачиж өгсөн байна лээ. Тэгээд мөнгий маань ач хүүд маань өгсөн үү гэж асуусан чинь очсон, Оюунчимэг хүүхдийн минь төрсөн өдрийг далимдуулаад архи уугаад сууж байна, бас л орилж чарлаад намайг хөөж гаргасан гэсэн. Энэ хүн мөнгө төгрөг нэхэмжлэх ёсгүй мөнгийг нэхэмжилж байгаа бол би огт архи уудаггүй хүүхдээ хань болгож өгсөн. Одоо бүтэн жил амьдралыг нь үрж, хүү маань архи ууж байна. Би хүүгийнхээ амь нас, эрүүл мэндэд нь санаа зовж байна. Иймд 1 520 000 төгрөгийг /надаас/ эзнээс нь өөрийнх нь мөнгийг нэхэмжлэхийг би зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Оюунчимэг нь хариуцагч Ө.Жигжидсүрэнд холбогдуулан 1 620 000 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд, шүүх хуралдаан дээр хариуцагч 1 520 000 төгрөг гэж байгаа тул тэрүүгээр нь нэхэмжилнэ гэж 1 520 000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: ...хадам ээж гэгдэж байсан Жигжидхоролыг 2016 оны 03 дугаар сард манайд орж ирэхээр нь ХАС банкны зээл төлөлт хийх гэж байсан 1 520 000 /нэг сая зургаан зуун хорь/ төгрөгийг банкинд тушаагаад өгөөч миний ажлын цаг амжихгүй нь, хоёр сая гаран төгрөг байсан Цогоо /хүү нь/ намайг ажилтай эзгүй хойгуур гэрт орж ирээд цувуулж авч архидаж зугаацаад дууслаа ядаж үлдсэн энэ мөнгийг хийчихмээр байна гэж хэлэхэд харин тийм би гараад шууд л банкинд хийгээд өгье гэж хэлээд аваад явсан боловч одоо болтол банкинд хийгээгүй. ...би энэ хүнд /Ө.Жигжидхоролд/ тус болсон, энэ хүн тэтгэврийн зээл авах гэсэн юм нийгмийн даатгал төлдөг батлан даагч хэрэгтэй гээд надаар батлан даалгасан. Би тэр тэтгэврийн зээлнээс нь нэг төгрөг ч аваагүй, эд нарын хооронд юу болсныг мэдэхгүй. Би мөнгийг /энэ хүнд/ Ө.Жигжидхоролд тоолоод банкинд тушаагаад өгөөч гэж л өгсөн, тэрнээс Цогоод өгөөрэй гэж өгөөгүй тиймээс Ө.Жигжидхоролоос 1 520 000 төгрөг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...Оюунчимэг надад, хэдэн төгрөг байсан чинь Цогоо /Оюунчимэгийн нөхөр, Жигжидхоролын хүү Дэлгэрцогт/ авч архи уугаад байна, намайг банкинд тушаачихвал уурлах байх, та хадгалж бай гээд 1 520 000 төгрөг надад өгсөн, тэрнээс биш намайг банкинд тушаагаад өгөөч гэж хэлээгүй, мөн дансны дугаар ч өгөөгүй, би Цогоод дамжуулж өгснөөрөө буруутай байх. Би тэр мөнгийг Цогоогийн мөнгө гэж ойлгосон, надад тийм ойлголт төрүүлсэн. Тэгээд би маргааш нь банкинд очоод тушаачихдаг ч юм билүү гэж бодож л байсан. Тэгээд тэр шөнө нь Цогоо манайд ирж хоноход нь Оюунчимэгийн дээрх үйлдлүүдийг хэлээд 1 520 000 төгрөг надад өгсөн гэхэд бүгдийг нь аваад гарсан. Машин тэргээ засуулна гээд авсан. Би тэтгэврийн зээл 1 500 000 төгрөгийг хүү Дэлгэрцогтод авч өгсөн. Оюунчимэг гар гараа дамжсан гэдгээр нь надаас 1 520 000 төгрөгийг нэхэх нь зөв байх, гэхдээ тэр мөнгийг нь нөхөр нь авсан, эд нар чинь албан ёсны гэр бүлийн баталгаатай гэр бүл. Дэлгэрцогтыг авсан гэдгийг тэр дор нь Оюунчимэгт хэлэхэд, за яахав дээ, та уг нь өгөхгүй л байх байсан гэж хэлж байсан. Би энэ мөнгийг хэрэглээгүй, нөхөр нь авсан тул би хариуцахгүй... гэж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгчийн шаардсан 1 520 000 төгрөгийг хариуцагч Ө.Жигжидхорол авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байх ба, энэ мөнгийг Оюунчимэгийн нөхөр Дэлгэрцогтыг авсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзаж буй нь үндэслэлгүй.

Маргааны зүйл болсон 1 520 000 төгрөгийн тухайд нэхэмжлэгч: ...Цогоо цувуулж авч архи уугаад байна... гээд хариуцагчид өгсөн, хариуцагч мөн: ....Цогоо цувуулж авч архи уугаад байна гээд надад өгсөн... гэсэн талуудын тайлбаруудаас үзэхэд Цогоогоос л холдуулахаар Ө.Жигжидхоролд өгсөн болох нь нотлогдож байх ба Оюунчимэгийн нөхөр Дэлгэрцогтод /Цогоод/ мөнгийг шилжүүлсэн нь нэхэмжлэлээс татгалзах үндэслэл болохгүй байна.

Тиймээс талуудын хооронд хуульд заасан үүргийн харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшсэнээс үүсэх үүрэг буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.

Харин Ө.Жигжидхорол нь өөртөө хохирол учирсан гэж үзвэл хохирлоо Дэлгэрцогтоос нэхэмжлэх эрхтэй болно.

Иймд хариуцагч Ө.Жигжидхоролоос 1 520 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Оюунчимэгт олгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 42 300 төгрөг улсын орлогод оруулсныг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 39 270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ө.Жигжидхоролоос 1 520 000 төгрөг гаргуулан Т.Оюунчимэгт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 42 300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 39 270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА