Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Б , түүний өмгөөлөгч Г.Гочоо,

Шүүгдэгч Л.Л  , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн,

Шүүгдэгч Н.Д   , түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Л гийн Л  , Б овогт Н н Д    нарт холбогдох эрүүгийн 2015003430024 дугаартай, 163/2021/0049/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овогт Л гийн Л  , 1976 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, 45 настай, Булган аймаг, Булган сумын 1 дүгээр багийн **-** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: Г ******** /

Монгол Улсын иргэн, Б овогт Н н Д   , 1982 оны 10

дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эмэгтэй, 39 настай, Булган аймаг, Булган сумын 4 дүгээр баг, Мод үржүүлэх гэх газарт оршин суух, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг. Урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн. /РД: Г ******** /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Л  , Н.Д    нар нь бүлэглэж 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Булган аймаг, Булган сумын 4 дүгээр баг, Мод үржүүлэх гэх газарт иргэн Д.М   ын гэрт Б.Б  тэй маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Л  ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр М   ийн гэрт очиж хуц, ухнаа авсан. Тэгээд хоёр ухна үхсэн, нэг ухна байхгүй байсан. А     ийг ирэхээр аваарай гэж хэлсэн. Тэр ухны оронд хөгшин ухна өгсөн. Талийгаач хүрч ирээд “энийг авбал ав, авахгүй бол боль” гэж хэлсэн. Тэгээд би гурван хуц, нэг ухна аваад гэртээ харьсан. Маргааш өглөө нь А    хөдөөнөөс ирээд “ухна үзье” гэж хэлсэн. А     ийг хуц авах гээд иртэл талийгаач, М    ах хоёр Булган аймаг ороод өвс ачаад хоносон гэж хэлсэн. Би орой 17 цагийн үед М    ахтай утсаар ярихад “нэг шил архитай ирнэ биздээ” гэхээр нь би нэг шил архи авч очсон. Тэгээд байж байтал гэрээс утсаар залгаад “хонь байхгүй байна, хурдан ир, орой болчихлоо” гэсэн. Талийгаач эхнэртэйгээ хамт машинд суугаад манай гэрт очсон. Тэгээд гэртээ очтол хонь ирчихсэн байсан. “Ухна дутчихлаа” гэж хэлтэл “Л      ахаа сайн хуц, ухна байгаа та тэрийг өвөлжөөндөө буухаараа тавиарай” гэж хэлсэн. Тэгээд ганц нэг юм зохицуулахаар аймаг ороод хоёр шил архи аваад 10000 төгрөгөөр машиндаа бензин хийгээд М    ахын гэрт очсон. Талийгаач “чи өөрөө хуц, ухна хариулаагүй байж дандаа дундуур орох юм аа” гэж хэлээд талийгаач бид хоёрын хооронд маргаан үүссэн. Маргаж байх үедээ би талийгаачийг түлхээд унагачихсан. Тэгээд талийгаач “чи муу гараад ир” гээд байсан. Гараад зогсож байтал миний баруун мөр хэсэгт цохисон. Тэгээд бид хоёр барилцаж зодоон хийгээд дээр, доороо орсон. Тэр үед талийгаачийн эхнэр гэрээс гарч ирээд “та хоёр боль ичдэггүй юм уу?” гэж хэлсэн. Бид хоёр болъё гээд гэрт ороод авч явсан архиа уугаад тэндээ хоносон. Өглөө болоод дотроо засахаар ганц нэг юм уухаар болоод аймаг ороод хоёр шил архи авсан. А     ийн гэрийн наана зогсож нэг шил архийг нь уугаад унтсан. Талийгаачийн эхнэр ард суугаад явж байсан. Тэгээд М   ын гэрт очиж авч явсан нэг шил архиа уугаад аймгийн төв рүү дахин явсан. Талийгаач болон түүний  эхнэр машинд унтаад явж байсан. Дархан гэдэг дэлгүүрээс хоёр шил архи аваад М    ахын гэрт очсон. Нэг шил архиа М    ахын гэрт очиж уугаад байж байтал М    ах “ээжийнх нүүх гээд Г       машинтай ирчихээд байна. Би тийшээ очихгүй бол болохгүй” гэж хэлээд намайг гэртээ үлдээгээд өөрөө Б  эгчийн гэрт очсон. Тэгээд байж байтал мотоцикльтой хүү гэрт орж ирээд “Б        ах болохоо байчихлаа” гэж хэлэхээр нь “яасан бэ?” гээд гэрээс гараад хартал миний машины урд талд Д    нөхрийнхөө толгойг өвөр дээрээ тавьчихаад  уйлаад байсан. Би гүйж очоод хиймэл амьсгал хийгээд гарыг нь хөдөлгөж иллэг хийсэн.  Би түргэн дуудаарай гэж хэлээд түргэн ирээд дараа нь цагдаагийн машин ирсэн. Ийм л зүйл болсон гэв.

Шүүгдэгч Н.Д   гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Л   манай гэрт ирсэн. Манай гэрт ирээд өвс буулгачихаад М   ын гэрт очсон. Манайх өвөлжөөн дээр гэрээ буулгачихаад гэрээ бариагүй байсан. Нөхөр бид хоёр хадам ээжийн гэрт байсан. М   ын гэрт очоод удаад байхаар нь би М   ын гэрт очсон. Тэгээд Л  , Б    хоёр гараад маргачихсан зогсож байсан. Яасан талаар асуухад Б          “Л   ах чинь хуц авах гээд дайраад байна. Хуц нь байхгүй гэж хэлээд байхад” гэсэн. Тэгээд Л   ах манай гэрт очиж хонь харчихаад ирье. Буцаад та хоёрыг аваад ирнэ гэж хэлээд явсан. Тэгээд Л   ахын гэрт очиж хонийг нь харахад ах нь туугаад харьсан байсан. Л   ах “төв орж архи авъя” гэж хэлээд хоёр шил архи Бүргэдэй дэлгүүрээс аваад 12 цаг өнгөрч байхад М   ын гэрт очсон. Тэр үед М    эхнэртэйгээ унтаж байсан. М   ын гэрт эхлээд Л   ах ороод, дараа нь би ороод, миний араас талийгаач орж ирсэн. Тэгээд бид нар архи уугаад сууж байтал энэ хоёр хуцан дээрээс болж маргаад Л   ах манай нөхрийг алгадсан. Тэгээд манай нөхөр “гараад үзчихье” гэж хэлсэн. Тэгээд нэг хартал манай нөхрийн дээр гарчихсан багалзуурыг нь шахаад толгой тархи руу нь цохиж байсан. Би “болиоч” гэж хэлээд болиулах гэсэн боловч дийлэхгүй байсан. Тэгээд гэрт ороод М   ыг дуудахад согтуу унтаж байсан. Би буцаж гараад “болиоч ээ” гэж хашгиртал энэ хоёр зодолдохоо больсон. Тэгээд гэрт ороод бид нар архиа уугаад унтсан. Тэгээд нэг мэдсэн өглөө болчихсон байсан. Тэд хоорондоо хуц өгөхөөр болчихсон байсан. Дахин төв ороод “Дархан” гэдэг дэлгүүрээс архи аваад манай нөхөр “шараа тайлъя” гэж хэлээд хэдэн хундага татсан. Би тэр М    гэдэг айлд очсоноо огт санахгүй байгаа. Нэг мэдсэн М   , Л   хоёр машинд суучихсан манай нөхөр машины шалавчан дээр хөндлөнгөөрөө хэвтчихсэн, би хойд сандал дээр унтчихсан байсан. Би сэрээд “та хоёр төв ороо юу?” гэхэд “тийм төв орчихоод явж байна” гээд М    хэлсэн. “Яагаад төв орсон юм бэ?” гэж асуухад “ганц юм авах гэж төв орсон” гэсэн. Тэгээд М   ын гэрийн гадна очоод зогссон. М   , Л   хоёр түрүүлээд гэрт орсон. Би нөхрөө машинаас буулгах гээд сэрээрэй гэтэл огт босохгүй байсан. Яанаа энэ чинь юу болчихоо вэ? гээд цамцнаас нь таттал хүйтэн болчихсон байсан. Тэгээд би хашгиртал М   , Л   хоёр гэрээс гарч ирээд нөхрийг маань машинаас буулгасан. Тэгээд хадам ээж хүрч ирээд “миний хүүхдийг чи алсан хоолойг нь боогоод алчихсан байна” гээд хашгирсан. Тэгээд цагдаа түргэн ирсэн. Ийм л зүйл болсон гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 10 дугаар сарын 18-ны орой манай хүүхэд өвөлжөөн дээрээ өвс буулгаж байсан. Тэгтэл Л  тай шөнөжин архидсан байсан. Хэзээ, хаана яаж үхсэн гэдгийг тодруулаад өгөөч гэхээр тэгж тодруулсан зүйл байхгүй. Хэзээ үхсэн болохыг нь энэ хоёр л мэдэж байгаа. Цагдаа болон түргэн дуудаагүй. Миний хүүгийн бүх эд эрхтэнг нь гэмтээгээд сэг болгочихсон байсан. Би маш их гомдолтой байна. Манай талийгаачийг машинаас манай хүүхдүүд буулгасан. Д    ухаангүй согтуу байсан. Би тэр үед “та хоёр алчихлаа” гэж хэлж байсан. Би хөөж туугаагүй. Д   , Л   хоёр хамсаатан байх, би тэгж бодож байна гэв.

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ш ийн өгсөн: “...Д    эгч намайг машины хаалга онгойлгож байгааг мэдэх сөхөөгүй согтуу байсан. Л      гэдэг хүн бас нэлээд согтуу байсан. Н  бид хоёр талийгаачийг машинаас гаргаж байхад Л      машинаас буугаад ирсэн. Тэгэхээр нь би Л   гэдэг хүнээс “Б   ахыг та хэд алчихсан юм биш үү” гэсэн утгатай зүйл хэлэхэд “Наадах чинь зүгээр л байгаа биз дээ, ямар нэгэн зүйл болсон бол би хариуцлага хүлээнэ, бид хоёр зодолдсон” гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-38-39 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Э    ийн өгсөн: “...Маргаан болох үед Б  , Д   г “Чи одоо болиоч” гээд шанаа хэсэгт нь нэг удаа цохьсон. Тэгсэн чинь Л      талийгаач дээр очоод “Эмэгтэй хүнийг цохиж болохгүй шүү дээ” гээд Б     ийг гэрийн баруун талын орон дээр хэвтүүлж байгаад толгой хэсэгт нь гурван удаа цохьсон. Тэгээд Л      талийгаачийг орноос чирж буулгаад газарт хэвтүүлж байгаад дээр нь суугаад нэг гараараа заамдаж байгаад нөгөө гараараа толгой, нүүр хэсэгт нь гурван удаа цохиж байсан. Энэ үед Д    нь “Наадахаа алаад өг” гэж хэлээд талийгаачийн толгой болон бие хэсэгт нь хөлөөрөө өшиглөөд, гараараа цохиод байсан. Манай нөхөр бид хоёр одоо боль гэхэд Л   “Би энийг чинь шоронд хатаана, наранд байж чадахгүй бол нарсанд хатаана” гэж хэлээд зодолдохоо болиод нэг нэгнийхээ араас гарч явсан. Цуварч гарчихаад гэрийн гадаа зодоон болоод байсан. Гэрийн гаднаас “М      ахаа авраарай, намайг зодоод байна шүү дээ” гэж хэлээд байсан. Тухайн үед 5 цаг болох гэж байхад талийгаач Б   нүүр, ам нь цус болчихсон орж ирээд “Намайг Л      ийм болтол нь зодчихлоо” гэж хэлээд гарсан. ...” гэх мэдүүлэг /1хх-40-41 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч М.Н       ын өгсөн: “...Сэрээд хартал гэрийн баруун талын орон дээр Б   ах, Л   гэдэг хүнтэй ноцолдож байгаа харагдсан. Ээж болохоор тэр хоёрыг боль гээд хашгираж байсан. Д    эгч баруун талын орны толгой дээр сууж байсан. Намайг харахад талийгаачийн дээр Л   ах гарчихсан толгой хэсэгт нь нэг удаа цохиж байгаа харагдсан. Тэр үед ээж “болиоч” гэж хэлсэн. ...Б   ахыг орон дээрээс босох гэж байхад Л      ах очоод хөлнөөс нь барьж байгаад газарт татаж унагаагаад дээр нь гараад суучихсан хоолойг нь заамдсан байдалтай нэг гараараа толгой руу нь цохиж байсан. Цаашаа харчихсан байсан учраас хэдэн удаа цохисоныг нь хэлж мэдэхгүй байна. Энэ үед баруун талын орон дээр сууж байсан Д    эгч “наадахаа алаад өг” гээд Л        д хэлээд талийгаачийн толгой хэсэгт нь өшиглөж байгаа харагдсан. Миний харж байгаагаар 2-3 удаа өшиглөж байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг /1хх-44-45 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч М.Н         ийн өгсөн: “... Л   ах, Б   ах дээр суучихсан байхад нь Д    эгч “наадахаа алаад өг, дандаа намайг зоддог юм” гээд өшиглөөд байсан. Миний бодож байгаагаар 2-3 удаа өшиглөсөн. Ямар шалтгааны улмаас зодсоныг нь би мэдэхгүй. Урьд өмнө өвөл Д    эгч Б   ахыг гэртээ тасраад унтаж байхад нь толгой руу нь өшиглөж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-47 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 61 дугаартай:

1.Талийгаач Б.Б     ийн цогцост дагзны хуйх, баруун талын 8, 9, 10, 11 дүгээр хавирга, зүүн талын 9, 10 дугаар хавирганы булчин, хальсан дахь болон баруун, зүүн бөөрны өөхөн эд, чацархайн цус хуралт, цээж, баруун бугалга, гуя, зүүн бугалга, шуунд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна.

4.Дээрх гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах бөгөөд үхэлд нөлөөлөөгүй болно.

5.Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдоогүй.

6.Талийгаач нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22 цаг 15 минутанд хийсэн цогцосны үзлэгээр нас бараад 8-10 цаг болсон байна.

7.Талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан байна. гэх шинжээчийн дүгнэлт /1хх-149-154 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.Б          ийн өгсөн: “... Хохирогчид учирсан гэмтлүүд нь зодох, цохих, унах гэх мэт үйлдлүүдийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Энэ гэмтлүүд нь хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, олон эрхтний дутагдалд оруулахгүй. Дээрх гэмтлүүд нь тус бүрээрээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэгт хамаарна. ...” гэх мэдүүлэг /1хх-159 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Д   гийн яллагдагчаар өгсөн: “...Л   ах Б     ийн зүүн талын хацар хэсэгт баруун гараараа алгадсан чинь Б   уурлаад “хоёулаа гараад үзчихье” гэж хэлээд тэр хоёр гараад явсан. Удалгүй гадаа хашгираад байсан ба Б   “Догоо авраарай” гээд хашгирахаар нь гэрээс гарахад Б     ийн дээр Л   гараад суучихсан хоёр гараараа ээлжлэн толгой руу нь цохиод байсан. Би болиулах гэсэн боловч дийлэхгүй байхаар нь гэрт орж М    ахыг дуудахад тэрээр босож ирэхгүй тамхиа татаад хэвтээд байсан. Буцаад гарахад Л   ах Б     ийн дээр суучихсан хоёр гараараа Б     ийн өмсөж явсан цамцны захаас татаж хоолойг нь шахсан байдалтай байхаар нь би Л   ахыг хөлөөрөө түлхсэн чинь тэрээр цаашаагаа өнхөрөөд унасан. ... Тэгээд би цааш юу болсон талаар мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /1хх-171-172 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Л  ын яллагдагчаар өгсөн: “...Нэг мэдсэн чинь бид хоёр гэрийн гадаа харанхуйд байж байтал миний баруун талын нүд хэсэгт Б   нэг удаа цохисон. Тэгэхээр нь барьж аваад бид хоёр ноцолдоод дээр, доороо орсон байсан чинь Д    гэрээс гарч ирсэн. Тэр үед би Б     ийн дээр нь гарчихсан байсан. Д    бид хоёрыг та хоёр болиоч гэж орилж, чарлаад байх шиг байсан. Тэгэхээр нь бид хоёр болиод эвлэрч гэрт орсон. Гэртээ орсоны дараа үргэлжлүүлэн архиа уусан. ...М    ахтай авсан архиа хувааж уугаад байж байтал гаднаас нэг эрэгтэй хүүхэд орж ирээд “Б   ах болохоо байчихлаа” гэхээр нь гэрээс гараад хартал Б     ийг машинаас гаргачихсан Д    түүний толгойг өвдөг дээрээ тавьчихсан уйлаад байсан. Тэгээд би Б     ийн зүрх хэсгийг элээд аманд нь хиймэл амьсгаа хийгээд гарыг нь хоёр тийш хөдөлгөхөд хөдлөхгүй байхаар нь М    ахыг эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-177-178 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчдийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Л  , Н.Д    нар нь бүлэглэж 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Булган аймаг, Булган сумын 4 дүгээр багийн нутаг Мод үржүүлэх гэх газарт иргэн Д.М   ын гэрт Б.Б  тэй маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ш ийн өгсөн мэдүүлэг /1хх-3839 тал/, гэрч Д.Э    ийн өгсөн мэдүүлэг /1хх-40-41 тал/, насанд хүрээгүй гэрч М.Н       ын өгсөн мэдүүлэг /1хх-44-45 тал/, насанд хүрээгүй гэрч М.Н         ийн өгсөн мэдүүлэг /1хх-47 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-149-154 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б , шүүгдэгч Л.Л  , Н.Д    нарын өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос шүүгдэгч Л.Л  , Н.Д    нарыг бүлэглэж 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Булган аймаг, Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Мод үржүүлэх” гэх газарт иргэн Д.М   ын гэрт Б.Б  тэй маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Л.Л  , Н.Д    нарын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Л  , Н.Д    нар нь бүлэглэж 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Булган аймаг, Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Мод үржүүлэх” гэх газарт иргэн Д.М   ын гэрт Б.Б         тэй маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн

2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Л.Л  , Н.Д    нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Б  нь оршуулгын болон бусад зардал нийт 9500000 төгрөг нэхэмжилж байгаа /1хх-208225 тал/ хэдий ч шүүгдэгч Л.Л  , Н.Д    нарын амь хохирогчид учруулсан гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах бөгөөд үхэлд нөлөөлөөгүй, спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч түүнийг хүлээн зөвшөөрч, оршуулгын зардлыг нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй.

Харин шүүгдэгч Л.Л   нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэм хорын хохирол болох 7500000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.Б эд төлсөн байна.

Иймд шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч Д.Б  нь цаашид гарах гэм хорын бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Л  , Н.Д    нарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Л.Л  , Н.Д    нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.Л  , Н.Д    нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Л.Л  , Н.Д    нарын үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, түүнд хүлээлгэх, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л  , Н.Д    нарыг тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь шүүгдэгч нарын гэм буруугийн болон хувийн байдалд тохирно гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Л.Л  , Н.Д    нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш овогт Л гийн Л  , Б овогтН н Д    нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Шүүгдэгч Л.Л  д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаарзүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр,

Шүүгдэгч Н.Д   д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч Л.Л  , Н.Д    нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 /долоо/ сарын хугацаанд сар тутам хувь тэнцүүлж, хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгтзааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулсугай.
  3. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Л  , Н.Д    нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Л  , Н.Д    нар нь цагдан хоригдсонхоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Б  нь гэм хорын бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОТГОНБААТАР