Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 543

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Б.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Отгонсүрэн,

шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Ц.Даваажаргал, П.Учралгэрэл,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 609 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал, П.Учралгэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Э-т холбогдох 1802000490054 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Э, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, чөлөөт уран бүтээлч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

Б.Э- нь 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт УБЛ улсын дугаартай “Тоёота бревис” загварын тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-н 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.2 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Э-т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Э-ыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ын баривчлагдсан 2 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зидлок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.2 грамм цагаан өнгийн мөс мэт зүйл, зиплок түгжээ бүхий уутанд хийсэн улаан эрээн өнгийн хуванцар гуурс нэг ширхэг, амыг нь тайрсан тарианы шил нэг ширхэг, бор шаргал өнгийн резин нэг ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн УБЛ улсын дугаартай “Тоёота бревис” загварын тээврийн хэрэгслийг тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж улсын орлогод оруулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, 20хх оны хх дүгээр сарын хх-ны өдөр төрсөн Э.Я-ийг төрсөн эх Б.Т-ын асрамжинд үлдээж, Б.Э-аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Э- гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж гэмт хэрэгт үйлдсэнээ гүнээ ухамсарлаж, харамсаж байна. 2013 онд 1 дүгээр эмнэлэгт бүдүүн шулуун гэдэсний архаг үрэвсэл өвчнөөр 15 удаа хагалгаанд орж архаг өвчний голомтыг арай ядан давсан. Гэвч тэрхүү өвчин бүрэн эдгэлгүй урлаг соёлын цаг наргүй ажлаас болж дахин үрэвсэж хагалгаанд удаа дараа орсон, хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сард сүүлийн хагалгаанд орж, мэс засал хийлгэсэн болно. Сүүлийн 2 жилийн хугацаанд уг өвчний хүндрэл, зовиур өвдөлтөөсөө шалтгаалан ажлаа, ар гэрийн асуудлаа зохицуулж чадахгүй сэтгэлийн дарамтнаасаа болж зүс таних хүнээс хар тамхи худалдан авч хэрэглэж байсандаа маш их харамсаж байгаа билээ. Би маш их зүйлийг энэ богино хугацаанд бодож ухаарсан. Монголын ирээдүй болсон олон зуун хүүхэд залуусын өмнө нүүрлээд байгаа энэ муухай хорт бодисыг жигшиж өөрийн ухамсарлаж байгаагаа илэрхийлэхийн тулд “Мотив” хамтлагаа 10 жил удирдаж уран бүтээл хийж яваа залуу хүний хувьд хар тамхины эсрэг олон нийтийн ажил зохион байгуулах, урлаг соёлоор мөн хэвлэл мэдээллээр дамжуулан үйл ажиллагааг санаачлан хийх болно гэдгээ хэлмээр байна. Энэ жил 2008 онд байгуулагдаж байсан хамтлагийн 10 жилийн ой тохиож байгаатай холбогдуулж энэ зуны хугацаанд буюу 6 дугаар сараас 8 дугаар сард 3 дууны клипны зураг авалт мөн монгол орныг тойрон аялан тоглолт хийх ажлууд эхлэх байсан ч миний болчимгүй үйлдлээс болж зогсонги байдалд орж, олон хүний ажил хэрэг цалгардаж байгаад үнэхээр харамсаж, ойлгон ухаарч байна. Мөн хамтлаг маань 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод 10 жилийн ойн томоохон хэмжээний тоглолт хийхээр олон компанитай хамтран ажиллах гэрээ хийсэн юм. Америк, Европ, Австрали, Япон зэрэг орнуудаар энэ оны сүүлээр аялан тоглолт хийхээр төлөвлөсөн билээ. Иймд миний ирээдүй, үр хүүхэд, эрүүл мэнд, ард минь намайг хүлээж буй олон хүмүүсийн нэр төрийг харгалзан үзэж надад ганцхан удаагийн боломж олгохыг хүсэж ял шийтгэлийг хөнгөрүүлж, тэнсэн харгалзаж өгөхийг хүсэж байна. Цаашид монголын нийгэмд алдаагаа ухамсарласан зөв иргэн байж, үлгэр жишээ байх болно гэдгээ амлаж байна...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Ц.Даваажаргал, П.Учралгэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ц.Даваажаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э- нь тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаагаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 0,2 грамм мөс гэх бодисыг өөрийн шар цүнхэнд байгаа талаараа илчилсэн, үйлдсэн хэргийн талаар анхнаасаа үнэн зөвөөр, тогтвортой мэдүүлж ирсэн, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, цаашид дахин хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй гэдгээ илэрхийлж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй бөгөөд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.5 дахь хэсэгт “өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна.

Б.Э- нь 2013 оноос нарийн, бүдүүн гэдэсний архаг үрэвсэлтэй болж Клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт 10 гаруй удаагийн мэс засалд орсон бөгөөд 2017 онд Мөнгөн гүүр эмнэлэгт нарийн, бүдүүн гэдэсний мэс засалд орж эмчлүүлэн, тус эмнэлгийн байнгын хяналтад байдаг болсон. Б.Э- нь цагдан хоригдсоноос хойш өвчин нь сэдэрч биеийн байдал нь муудаж, улмаар 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэрээр энэ өвчний өвдөлтийг намтгах зорилгоор мөнгөтэй болсон үедээ хар тамхийг хэрэглэдэг байсан талаараа удаа дараа мэдүүлсэн байдаг. Мөн хар тамхинаас хамааралгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Б.Э- “Мотив” хамтлагийг үүсгэн байгуулснаас хойш олон уран бүтээл туурвиж, ард түмний хүртээл болгож байсны зэрэгцээ Монгол Улсын 21 аймгаар 4 удаа аялан тоглолт хийж, УЗН-тэй хамтарч Хятад улсын Эрээн хотод 5 жилийн хугацаанд ДОХ-ын эсрэг аян зохион байгуулж сурталчилгаа хийж байсан. Б.Э- нь “Мотив” хамтлагийн ахлагч бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хамтлагийн 10 жилийн ойн тоглолтоо UB Palace-т хийхээр төлөвлөсөн. Мөн 2018 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд АНУ, Австрали зэрэг орнуудад аялан тоглолт хийхээр гэрээ байгуулсан байгаа билээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг хэрэглэн Б.Э-ын эрүүл мэндийн шалтгаан болон залуу хүний ирээдүйг бодон ганц удаа боломж олгон ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.

Эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг хэрэглэн түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү.

Мөн Б.Э-ыг УБЛ улсын дугаартай, “Toyota Brevis” загварын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан гэх үндэслэлээр худалдан борлуулж орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялын   шинжтэйгээр тодорхойлж байсныг 2015 оны Эрүүгийн хуулиар өөрчилж албадлагын арга хэмжээнд хамааруулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний тухай шинэчлэн оруулсан байна.

Уг тээврийн хэрэгсэл нь Б.Т-ын өмчлөлд байдаг, тухайн үед Б.Э- нь эхнэрээсээ салсан байсан, түүнээс машиныг нь гуйж хэрэглэж байсан талаар үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээсэн гэрч Б.Т-ын “...Б.Э- бид хоёр 2015 он хүртэл хамт амьдарч байгаад гэр бүлийн маргаанаас болж 1 жил тусдаа амьдраад 2016 онд буцаж нийлээд 6 cap хамт амьдраад дахин тусдаа амьдраад өдийг хүрч байгаа. Одоо би эцэг, эх, хүүхдийн хамт амьдардаг. УБЛ улсын дугаартай, “Toyota Brevis” загварын тээврийн хэрэгсэл нь миний машин юм. Манай нөхөр надаас хэд хоног гуйж унаж хэрэглэж байсан. Ер нь миний машиныг хааяа гуйж унаж байгаад буцааж өгдөг...” гэх мэдүүлэг нь Б.Э-ын гэрчээр өгсөн “...УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай эхнэр Б.Т-ын нэр дээр байдаг. 2018 оны 1 дүгээр сарын эхээр худалдан авч байсан. Би түр хугацаагаар унаж хэрэглээд буцааж өгөхөөр авсан байсан юм...” гэсэн мэдүүлгээр тогтоогджээ.

Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...уг тээврийн хэрэгслийг Б.Т-ын нэр дээр байдаг боловч Б.Э- өөрийн олсон орлогоор уг автомашиныг авсан бөгөөд өөрөө хотод байнга оршин суух хаяггүй учраас хамтран амьдарч байсан Б.Т-ын нэр дээр авсан гэдгээ хүлээн мэдүүлсэн байна. Иймд тээврийн хэрэгслийг Б.Э-ынх гэж үзсэн болно...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт болжээ. Учир нь хэрэгт ийм мэдүүлэг огт авагдаагүй байхад ийнхүү дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад УБЛ улсын дугаартай, “Toyota Brevis” загварын тээврийн хэрэгсэл нь Б.Э-ын өмчлөлд байсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан ба Улсын Дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар тогтоолд “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд” гэдэгт Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойшх хугацаа хамаарна гэж тайлбарласан байна. Иймд Б.Э- Б.Т- нар нь 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, тэд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж батлуулаагүй учир уг тээврийн хэрэгсэл Б.Э-ын хуваарьт өмч биш төдийгүй, Б.Т-, Б.Э- нарын хамтран өмчлөх дундын өмч биш гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч П.Учралгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э- болон түүний өмгөөлөгч Ц.Даваажаргалтай хамтран гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Б.Э- 10 гаруй удаа нарийн, бүдүүн гэдэсний хүнд мэс засалд орж, цаашид эмчилгээ, сувилгаа хийлгэх шаардлагатай болон олон зүйлийг хийж бүтээхээр төлөвлөсөн байгаа. Шүүгдэгч Б.Э- гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч, дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байгаа. Түүнд заавал хорих ял оногдуулж, нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж байна. Б.Э-ын ирээдүй болон эрүүл мэндийн байдлыг харгалзан тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Б.Э-ын унаж явсан тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Прокурор Ч.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Э-ыг тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж давж заалдах гомдол гаргасантай санал нийлэхгүй байна. Б.Э- эрүүл мэндийн шалтгаанаас сүүлийн 2 жил тасралтгүй энэ төрлийн бодис хэрэглэж байгаа. Шинэ жилээр орлого олж, зүс таних Жагаа гэх залууд 500,000 төгрөг зээлүүлсэн. Дараа нь Жагаагаас мөнгөний оронд “мөс” гэх бодисыг авсан талаар мэдүүлсэн. Үүнээс үзэхэд шүүгдэгч Б.Э- тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж үзэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж зааснаар хурааж авч шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Э-ын хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг байсан гэж тайлбарладаг. Энэ нь байж болохгүй зүйл, эрүүл мэндээ эмчлүүлээд эдгэрч болох байтал заавал энэ төрлийн бодис хэрэглэж эрүүл болохгүй. Харин олон нийтэд хор уршигтай, аюултай гэмт хэрэг. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэж заасан. Тэгэхээр Б.Э-ыг тоглолт зохион байгуулах гэж байгаа гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Б.Э-т холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б.Э- нь 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт УБЛ улсын дугаартай “Тоёота бревис” загварын тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-н 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.2 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Б.Г-ы “...цагдаа нар гарч ирээд бид гурвыг аваад цагдаагийн байгууллага дээр авч ирсэн. Б.Э-ыг авч гараад машинд нь үзлэг хийх үед Э цүнхэндээ байсан мөс гэх мансууруулах бодисыг зааж өгч хураалгасан байсан...” /хх-ийн 54-55 тал/, 

гэрч Б.Б-ын “...Цагдаа нар бид нарыг барьж авсан. Харин цагдаагийн байгууллагад ирсний дараа түүний унаж явсан машин дотроос нь Э-ын цүнхнээс мөс гэх мансууруулах бодис гарлаа гэж байсан...” /хх-ийн 56-57 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 1541 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн оройн хэсгийг хагалсан тарианы усны шил, резинэн гуурс, мэт зүйл, улаан өнгийн судалтай гуурс, цагаан өнгийн талстлаг мөс гэх зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн оройн хэсгийг хагалсан тарианы усны шил, резинэн гуурс, мэт зүйл, улаан өнгийн судалтай гуурс, цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлд метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метафетамин /methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-71 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 1542 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Б.Э 2018.01.25” гэж хаягласан шээсэнд  метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/, “Б.Б 2018.01.25”, “МК85032811 Б.Г” гэж хаягласан /2ш/ шээсэнд метафетамин /МАМР/ илэрсэн. Илэрсэн метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77 тал/,

“...УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ...үзлэг хийв. ...цүнхний бичиг баримт хийх зориулалт бүхий хавтаст хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт байх бөгөөд дэлгэж үзэхэд 0х4 см-ийн хэмжээтэй зиплок түгжээ бүхий уутан дотор цагаан өнгийн талстлаг “мөс” мэт зүйл байх ба...” гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-9 тал/,

УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үеэр хураагдсан жижиг цагаан өнгийн гялгар уутанд буй “мөс” мэт зүйлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Б.Э-ын УБЛ улсын дугаартай “Тоёота бревис” загварын тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-н 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 0.2 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Анхан шатны шүүхийн Б.Э-ын үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Анхан шатны шүүх Б.Э-т хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Б.Э-ын шүүх хуралдаанд “...2 жил хэрэглэж байна..” /хх-ийн 53, 190 тал/ гэж мэдүүлсэн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэгт нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгч Б.Э-ын гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлж, тэнсэн харгалзаж өгөхийг хүсэж байна...” гэх, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал, П.Учралгэрэл нарын хамтран гаргасан “...ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэх давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

 

Гэхдээ Б.Э-ын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, эрүүл мэндийн байдлыг нь тус тус харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Б.Э- нь өөрийн жолоодож явсан УБЛ улсын дугаартай “Тоёота Бревис” загварын тээврийн хэрэгсэлдээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-н 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 0.2 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан болох нь уг машинд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байх ба шүүхийн уг машиныг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хэдийгээр УБЛ улсын дугаартай “Тоёота Бревис” загварын тээврийн хэрэгсэл нь Б.Т-ын нэр дээр бүртгэлтэй байдаг боловч Б.Э-ын өөрийнх нь өмч болох нь Б.Э-ын “...УБЛ улсын дугаартай машин манай эхнэр Т-ын нэр дээр байдаг.../хх-ийн 53 тал/, ...шинэ жилийн үеэр 40,000,000 төгрөг олсон. Хамтлагийн гишүүддээ мөнгөө хуваадаг. Би 4,700,000 төгрөгөөр машин авсан. Миний худалдаж авсан машин гэж ойлгож болно... /хх-ийн 191 тал/...” гэх мэдүүлгүүд,  түүний мэдүүлгийг нотлон мэдүүлсэн Б.Т-ын “...машиныг 2018 оны 1 сарын эхээр хувь хүнээс худалдаж авсан. Тухайн хүнээс Б.Э- худалдан аваад миний нэр дээр гэрчилгээг шилжүүлж авсан. Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээн дээр Б.Э- бид хоёр жолоодох эрхтэй байгаа...” /хх-ийн 58-59 тал/ гэх мэдүүлгээр нотлогдсон байх тул Б.Э-ын өмгөөлөгч нарын гаргасан “...Б.Э-ын хуваарьт өмч биш төдийгүй, Б.Т, Б.Э- нарын хамтран өмчлөх дундын өмч биш гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 609 дүгээр шийтгэх тогтоолын:

 

            Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ыг 1 жил /нэг жил/-ийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчилж,

            тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал, П.Учралгэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ