Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

                                     

 

 

             Хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталж,                                                                                                   

          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: “З” ХХК-ий нэхэмжлэлтэй 

Хариуцагч:  А аймгийн Ц сумын Засаг даргад холбогдох 

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” А/127 дугаар захирамж, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” А/131 дүгээр тухай захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “З” ХХК-ий захирал Б.Б, хариуцагч Ц сумын Засаг дарга М.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч нараас 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: “З” ХХК-ий нэхэмжлэлтэй А аймгийн Ц сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын “Ц сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/131 дүгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч А/131 дүгээр захирамжийг хүчингүй болгохоор харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Учир нь “З” ХХК-ий жимс жимсгэний зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа 2 га газар нь Ц.Ц агротехникчийн оролцоотой жимс жимсгэний талбай юм. Ц.Ц нь “З” ХХК-ий хувьцаа эзэмшигч бөгөөд Х бааз орчим хүлэмжийн ногоо 30 жил тариалан хийсэн, мэргэжлийн хүн юм. Иймд Ц сумын ард иргэдийг эрүүл цэвэр хүнсээр хангах хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа тул эвлэрч байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй байна. Уг шийдвэрт гуравдагч этгээд болон иргэдийн эрх ашиг зөрчигдөөгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх “З” ХХК-ий нэхэмжлэлтэй А аймгийн Ц сумын Засаг даргад холбогдох “А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” А/127 дугаар захирамж, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” А/131 дүгээр тухай захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно. 

 

Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 109/ШЗ2019/0215 дугаар захирамжаар “З” ХХК-ий нэхэмжлэлтэй А аймгийн Ц сумын Засаг даргад холбогдох “А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” А/127 дугаар захирамж, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” А/131 дүгээр тухай захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий хэргээс “З” ХХК-ий нэхэмжлэлтэй А аймгийн Ц сумын Засаг даргад холбогдох “А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” А/131 дүгээр тухай захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий хэргийг тусгаарлаж шийдэрлэснийг  дурдах нь зүйтэй. 

Маргааны үйл баримтаас үзэхэд: А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 08 дугаар хуралдааны тогтоолын хавсралтаар Иргэн, аж ахуй нэгж, байгууллагад жимс, жимсгэнэ зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг баталж, улмаар тус сумын Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Комисс томилох тухай” 102 дугаартай захирамжаар тус аймгийн Ц сумын Алтан овоо 5 га газрыг жимс, жимсгэний зориулалтаар газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулахаар болжээ. 

Ийнхүү Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар “З” ХХК-ий төлөөлж Б.Г нь 2011 оны 5 дугаар сарын 16-ны  өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдаанд оролцон, ялагчаар шалгарч, А аймгийн Ц сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Монгол Улсын Иргэнд газар эзэмшүүлэх тухай” 171 дугаар захирамжаар “З” ХХК-д Алтан овоо багийн нутагт 2 га газрыг жимс, жимсгэний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 0298007 дугаар Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ. 

А аймгийн Ц сумын Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/131 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 1. Тус сумын Алтан овооо багт жимс, жимсгэний зориулалттай эзэмшиж буй З ХХК нь аялал жуулчлалын бүсэд жимс, жимсгэний газар эзэмшиж байгаа тул газрыг  хүчингүй олгож газрын байршлыг өөрчилсүгэй гэж, 2. З ХХК-нд уг зориулалтаар газар эзэмшүүлсэн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 171 тоот захирамжийг хүчингүй болгож захиргааны акт гаргаснаар уг захиргааны хэргийн маргаан үүссэн байна. 

Гэвч хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч А аймгийн Ц сумын Засаг даргад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” А/131 дүгээр тухай захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа талаараа тайлбар гаргаж, нэхэмжлэгчтэй уг шаардлагын хүрээнд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Дээрх эвлэрлийн гэрээнд “... Ц сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/131 дүгээр захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч А/131 дүгээр захирамжийг хүчингүй болгохоор харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй байна. Уг шийдвэрт гуравдагч этгээд болон иргэдийн эрх ашиг зөрчигдөөгүй байна ...” гэж тусгасан байна. 

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед эвлэрэх эрхтэй бөгөөд харилцан буулт хийж, хоорондоо тохиролцож эвлэрснээ бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан нь хуульд харшлахгүй байна. 

 

Иймд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул уг хэргээс маргаан бүхий А/131 дүгээр захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий хэсгийг тусгаарлаж, дээрх захирамжид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, “З” ХХК-ий нэхэмжлэлтэй А аймгийн Ц сумын Засаг даргад холбогдох “Ц сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/131 дүгээр захирамжийг хүчингүй болгох” шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйл, 27 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийн оролцогчийн эвлэрлийг баталж, “З” ХХК-ий нэхэмжлэлтэй А аймгийн Ц сумын Засаг даргад холбогдох “А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/131 дүгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                         

 

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ОДОНТУЯА