Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 197

 

МАГАДЛАЛ

 

2017.01.13                                                  Дугаар 197                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ү.Ганзоригийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/06603 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ү.Ганзоригийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Хатанбаатар, Н.Оюунцоо нарт холбогдох,

42 811 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ү.Ганзориг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Мөнх-Оргил,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Иргэний хуулийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгчийн буруугаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэл нь Иргэний хуулийн 222.1-т заасан үндэслэл гэрээгээр заасан хугацаагаар тодорхойлогдохоор заасан. Нэхэмжлэгчийн зүгээс 6 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлийн гэрээг амаар тохиролцсон гэдэг. Үүнээс хойш хуанлийн хугацаагаар 19 жил өнгөрсөн байна. Энэ нь хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэл бүрдэж байна. Энэ хугацаанд зээлдүүлэгч үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч үүргээ гүйцэтгээгүй өнөөдрийг хүргэсэн. Зээлийн гэрээний хугацаа 1997 оны 04 дүгээр 24-нд дууссан бөгөөд зээлийн гэрээний үүрэг болох 7 000 000 төгрөгийг тухайн хугацаанд өгөх ёстой байсан. Зээлдэгч талаас ямар нэгэн байдлаар үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тухай баримт байдаггүй. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д тогтоосон хугацаанд зохих ёсоор гүйцэтгэснээр үүргийг гүйцэтгэсэнд тооцох зарчимтай. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д мөнгөн дүн бүхий үүргийн гүйцэтгэлийн хугацааг хэтрүүлсэн тохиролдолд тохирсон хүү тооцож хохирлыг төлөх талаар зохицуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх үндэслэлээр хүү тооцож болохоор байна. Тохирсон хүүг арилжааны банкны иргэдэд олгодог зээлийн хүү, хадгаламжийн хүүгийн дунджаар тооцоолох шаардлагатай байна. Арилжааны банкны иргэдэд санал болгож байгаа хадгаламжийн хүү 15-18 хувь байна. Тухайн зохицуулалтаар мөн дүн бүхий үүргийн гүйцэтгэлийг хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хохирлоо буцаан шаардах эрх үүсэж байгаа. Дээр дурьдсанчлан хугацаа хожимдуулсан гэдгийг нотлох шаардлагагүй харагдаж байна. Учир нь 1997 оноос хойш 19 жил өнгөрсөн байгаа. Энэ хугацаанд нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан бөгөөд хариуцагч үүргээ гүйцэтгэхгүй байсаар 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ганзоригоос 7 000 000 төгрөг авсан нь үнэн 2016 оны оны 04 дүгээр сарын 20-нд 500 000 төгрөгийг өгнө. Нийт 10 000 000 төгрөг өгнө гэсэн баталгаа гаргаж өгсөн. Энэ нь тухайн мөнгийг авсанаа хүлээн зөвшөөрсөн байна. Иймд Иргэний хуулийн 222.5-н дагуу хугацаа хожимдуулсан тохиолдолд хохирлыг хүү тооцож барагдуулах үүрэг үүсэж байна. Тухайн хүүг тооцохдоо 1997-2016 онд арилжааны банкуудаас иргэдэд санал болгож байсан хадгаламжийн дундаж хүүгээр тооцож болох бөгөөд манай зүгээс хамгийн бага хувилбар болох 10 хувийн хүүгээр тооцож байна. Энэхүү тооцооллыг 1 жилийн 10 хувийн хүүтэйгээр 1998-2016 он хүртэл тооцвол               42 811 363.31 төгрөг болж байна. Иймээс М.Хатанбаатараас нийт 42 811 000 төгрөг нэхэмжлэх үндэслэлтэй болж байна. Иргэний хуулийн 222.1, 222.4, 222.5, 227.3, 281.1-д заассан үндэслэлээр дээрх мөнгөн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

Надад Н.Оюунцоо, М.Хатанбаатар нар зээлийн гэрээний төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. 1997 оны 4 дүгээр сарын 24-нд зээлийн гэрээ дуусахад Н.Оюунцоо, М.Хатанбаатар нар амьдарч байсан газраасаа нүүсэн байсан. Би 2004 онд Н.Оюунцоог зурагтаар гарч   байхад нь олж очиж уулзахад зээлээ төлөөгүй. 1 гитар өгсөн, одоо ч байж байгаа. Зээлээ нэхэмжилж шүүхэд хандаж байгаагүй. М.Хатанбаатартай 2016 оны 3 дугаар сарын 22-нд уулзахад 7 000 000 төгрөг авсан нь үнэн, нийт 10 000 000 төгрөг төлнө гэдгээ өөрөө бичиж өгсөн. Миний хувьд М.Хатанбаатарыг дарамталж бичүүлсэн зүйл байхгүй. Н.Оюунцоо худлаа ярьж байна гэжээ.

Хариуцагч М.Хатанбаатар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Энэ хэрэгт би ямар ч хамааралгүй бөгөөд Ү.Ганзориг гэгчээс 1994 онд 22 жилийн өмнө манай ээж мөнгө зээлж аваад эргүүлэн бүрэн төлсөн юм билээ. Харин Ү.Ганзориг надтай 2016 онд тааралдан танай ээж надад ямар ч төлбөр хийгээгүй одоо чи надад төлөх ёстой гэж намайг машиндаа суулган 10 000 000 төгрөг төлөх ёстой гэж бичүүлэн ийм хэрэг үүсгэн нэхэмжилсэн байна. Иймд би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй энэ асуудалд хамааралгүй болохоор шүүхэд тайлбар гаргаж байна гэжээ.

Хариуцагч Н.Оюунцоо нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 1996 оны 3 сард “Дарьганга” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Ү.Ганзоригоос 5 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж 13 дугаар хорооллын 22А байрны дэргэд баригдаж буй компанийхаа барилгын тохижилтын ажилд хэрэглэхээр зээлж авсан юм. Дээрх зээлийг 1997 оны 10 дугаар сард бүрэн төлж дуусгасан болно. Зээлийн төлбөрийн зохих хэсэгт цахилгаан гитар болон бусад эд зүйл оролцуулан дуусгасан. Иймд 20 гаран жилийн дараа 42 000 000 төгрөг нэхэх ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ зээлийн гэрээ төлбөр хийсэн баримтууд одоо байхгүй боловч тухайн үед манай компанид ажиллаж байсан хүмүүс уг зээлийг хэрхэн төлж барагдуулсаныг сайн мэднэ. Ү.Ганзоригт бэлнээр 1 000 000 төгрөг, гитар, цахилгааны утсыг 4 000 000 төгрөгөнд тооцож өгсөн. Дарьганга компанийн санхүүгээс 2 500 000 төгрөг төлж төлбөрийг бүрэн барагдуулсан. 2004 онд манай Дарьганга компани дампуурсан юм. Ингээд 10 жил санхүүгийн баримтаа хадгалж байгаад устгасан учраас төлсөн гэдгээ нотлох баримт байхгүй байгаа. 2016 оны 3 дугаар сарын 22-нд Ү.Ганзориг манай хүү М.Хатанбаатарыг машиндаа суулгаж дарамталж байж 10 000 000 төгрөг төлнө гэсэн бичиг хийлгэж авсан байна. Хөөн хэлэлцэх хугацаа байх ёстой, үүнийг анхаарч үзнэ үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Хатанбаатар, Н.Оюунцоо нараас 42 811 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ү.Ганзоригийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч 322 005 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хууль зөрчсөн. Үүнд, хариуцагч М.Хатанбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч, төлөхөөр баталгаа гаргаж өгсөн. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэсэн байна. Хэдийгээр талуудын хооронд гэрээ байгуулагдаад 19 жил өнгөрсөн боловч хожим гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхээ хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь шинээр эрх зүйн харилцааг үүсгэсэн факт байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. Хариуцагчийн зүгээс 2016 оны 03 дугаар сарын 22-нд "Зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэнэ" гэсэн нь эрх зүйн харилцааг шинээр үүсгэсэн гэж үзэж болох бөгөөд тухайн хэлцэлээр 10 000 000 төгрөг өгөх тухайгаа хангалттай, тодорхой илэрхийлсэн гэж үзэж байна. 7 000 000 төгрөгөнд хүү нэмэгдүүлсэн үндэслэл нь хэдийгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч гэсэн үүрэг гүйцэтгүүлэгчид үүрэг гүйцэтгэгчээс шаардах субьектив     эрх нь хадгалагдсаар байдаг. Иймээс мөнгөн дүн бүхий үүргийн гүйцэтгэлд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүү тооцохоор заасан тул энэхүү эрхийн хүрээнд хүү тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно. Иймд гомдлын шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ү.Ганзориг нь хариуцагч М.Хатанбаатар, Н.Оюунцоо нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42 811 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч М.Хатанбаатарт  1996 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7 000 000 төгрөгийг сард 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон гэх боловч энэ гэрээ хэрэгт авагдаагүй, хариуцагч    М.Хатанбаатар нь гэрээний зүйл болох мөнгийг хүлээн аваагүй гэснийг нэхэмжлэгч няцааж чадаагүй байна.

Түүнчлэн хариуцагч Н.Оюунцоо нь 1996 оны 3 дугаар сард нэхэмжлэгчээс                5 000 000 төгрөг зээлж, 1997 оны 10 дугаар сард бүрэн төлж дуусгасан гэх тайлбараа баримтаар нотлоогүй ч нэхэмжлэгчийн тайлбарласнаар гэрээний хугацаа дуусгавар болсон 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш Ү.Ганзориг нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нараас шаардаж байсан баримт хэрэгт авагдаагүй.

Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх байдлыг ч нэхэмжлэгч нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр нотлох баримтанд үндэслэгдсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/06603 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/32830 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                                        Ш.ОЮУНХАНД

 

                                                                          М.НАРАНЦЭЦЭГ