Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Ш

Шүүгдэгч О.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Од холбогдох эрүүгийн 2115000000058 дугаартай, 163/2021/0060/Э индекстэй хэргийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Он О /РД: А ******** /, 1982 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Хашаат сумын ********* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Оийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 4 сая төгрөг төлсөн гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2115000000058 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.О нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Г сумын 4 дүгээр багийн “****” гэх газарт П.Стай “бэлчээрээс явсан хонь хөөлөө” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр рүү цохиж биед нь хамрын хянга ясанд нэг тооны хугарал, нүүрний баруун хэсэгт 1х0.2 см хэмжээтэй нэг тооны шарх, хамар хоёр нүдний зовхинд гурван тооны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Хохирогч П.Сын өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай хонь айлын хоньтой ойртоод нийлэх гээд байхаар нь би эхнэрийн дүү Мг мордуулсан. Тэгээд гадаа мотоцикль янзлаад сууж байтал хашгиралдаад байхаар нь хартал нэг машин ирчихсэн байсан. Тэгтэл М наашаа явахаар нь урдаас нь яваад очтол “хонь хөөлөө гээд цохиж авч байна” гэхээр нь би яваад очтол О, О хоёр байсан. Явж очоод “та нар яаж байгаа нь энэ вэ? хүүхэд зодоод” гэтэл “юу яриад байгаа юм, наад хүүхэд чинь хонь хөөгөөд байна” гэхээр нь “нийлэх гэж байгаа хонийг хөөхгүй өөр яах ёстой юм бэ?” гэтэл “ална шүү” гээд О хүрч ирээд намайг цохиод авахаар нь би бариад авсан чинь цаашаа яваад гартаа юм бариад ирэх шиг болсон. Би буцаад алхсан чинь араас ирээд нүүр лүү төмрөөр хатгасан. Би “яаж байна аа та нар хүн аллаа ш дээ” гэсэн чинь яваад өгсөн. Миний нүүрэн тус газар нэг цохиод духан дээр автёркаар хатгачих шиг болсон. Өөр газар цохиогүй. Би хатгана гэж бодоогүй мэдээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-12-13 тал/,

Гэрч О.Оын өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай хонийг нэг залуу хурдаар нь элдээд ирсэн. Тэгэхээр нь “би юу болж байна” гээд яваад очиход манай ахтай маргалдаад яваад өгсөн. Удаагүй машинтай залуу хүрч ирээд “манай дүүг зодлоо” гээд буугаад ирэхээр нь “танай дүү чинь манай хонийг хурдаар нь хөөгөөд байна, энэ чинь зөв юм уу” гэж хэлэхэд өөдөөс дайраад байхаар нь манай ах О нэг цохиж аваад барилцаад авсан. Тэгтэл тэр залуу цаашаа явж байгаа харагдсан. Араас нь ах очоод цохих шиг болсон чинь “юмаар хатгачихлаа” гээд суугаад байсан” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,

Гэрч Т.Мгийн өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Ухаа хошуу” гэх газар хонин дээрээ очсон. Айлын хоньтой нийлэх гээд байхаар нь айлын хонийг гэрийн ойролцоо туугаад ойртуултал өөдөөс О гэдэг залуу ирээд “яагаад хонь туугаад байна” гээд намайг барьж аваад цохьсон. Тэгэхээр нь би юм хэлээгүй. Тэгээд хэд цохиулж аваад буцаад гэр лүүгээ явж байхад урдаас С ах хүрч ирээд “юу болов” гэхээр нь “хонь хөөлөө гээд цохьлоо” гэсэн чинь “яаж байгаа юм” гээд яваад очтол О гарч ирээд хэрэлдээд байсан. Нэг харсан чинь гартаа юм барьчихсан, С ах зугатаагаад машин тойроод явж байхад араас нь очоод автёркаар толгой руу нь цохьсон. Тэгээд С ах “цус гараад байна, энийг хардаа” гээд харуулаад байсан. Намайг бол цохиогүй” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/,

Гэрч Л.Уийн өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай хонийг нэг залуу мотоциклиор хурдаар нь элдээд ирсэн. Гэрийн гадаа шахуу тулгаад хөөгөөд ирсэн. Тэгэхээр нь манай нөхрийн ах О очсон. Тэгээд шуугиад байх шиг байсан. Удаагүй манай ойролцоо машинтай хүн ирээд чанга, чанга яриад байхаар нь би гараад очиход манай нөхөр мотоциклио янзалж байгаад орхиод яваад очсон. Тэгтэл хоорондоо ноцолдоод байхаар нь очоод О ахын гарт байсан автёркыг би аваад хол шидсэн юм. Тэгэхэд тэр залуугийн хамарнаас цус гарсан чинь “чи намайг шаачихлаа ш дэ” гэж хэлж байсан. Тэр залуу О ахыг “автёркаа хаячих хоёулаа зодолдьё” гээд хашгираад зогсож байхад нь О ах очоод цохьсон” гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,

Гэрч П.Сийн өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн үед эмнэлэг дээр Булган аймгийн Г сумын 4 дүгээр багийн малчин П.С “хүнд зодуулчихлаа” гээд ирсэн байсан. Эмнэлгийн анхан шатны тусламжийн өрөөнд ороод үзэхэд баруун хөмсөгний дотор талд нь 0.8 см орчим ярагдсан, зүүн нүдний доод хэсгээр хөхөрсөн, хамар хавдсан байсан. Биеийн байдал нь дунд зэрэг, хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Ингээд анхны тусламжийг үзүүлээд нэг оёдол тавьсан. Хамарны таславч яс гэмтсэн байж болзошгүй учир нарийн мэргэжлийн эмчид үзүүл гээд явуулсан” гэх мэдүүлэг /хх-

32-33 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 56 дугаартай: “Магадлуулагч П.Сын биед хамрын хянга ясанд 1 тооны хугарал, нүүрний баруун хэсэг 1x0.2 см хэмжээтэй нэг тооны шарх. Хамар, хоёр нүдний зовхинд 3 тооны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Хамрын хянга ясны хугарал болон хамар, хоёр талын зовхины цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нүүрний баруун хэсгийн шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байж болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-41-42 тал/,

Шүүгдэгч О.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “Би зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн үед би сумын төвөөс дүүгийндээ очих гэж явж байтал манай хонийг нэг залуу мотоцикльтойгоо элдээд хөөгөөд байхаар нь би явж очоод “яагаад хонь хөөгөөд байгаа юм” гэж асуутал тэр залуу надаас айгаад ухасхийсэн чинь довон дотор ойчсон. Би уруу хэсэг рүү нь нэг удаа өшиглөчихөөд дүүгийнх рүүгээ, тэр залуу гэрлүүгээ явсан. Тэгээд би дүүгийндээ ирээд гэрийн гадаа байж байтал хоёр эрэгтэй хүн зүүн талаас машинтай ирээд намайг “чи яагаад хүүхэд зодоод байгаа юм” гэж надад хэлэхээр нь “та нар яах гэж хонь хөөгөөд байгаа юм” гэж хэлээд маргалдсан. Тэгээд тэр залуугийн хамар хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэр залуугийн хамарнаас цус гарсан. Тэр залуу дээлээ тайлаад “сайхан зодолдчихъё” гээд над дээр ирэхээр нь би мотоциклийн хажуу талд байсан автёркыг аваад тэр залуу руу очсон чинь тэр залуу хойшоогоо ухарч байгаад газар унахаар нь дух хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-51 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.Сын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч О.Оийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч О.Оийн үйлдэл идэвхтэй, хохирогч П.Сын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч О.Оийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Оийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Г сумын 4 дүгээр багийн “Зараагийн дэрс” гэх газарт “бэлчээрээс явсан хонь хөөлөө” гэх шалтгаанаар П.Сын бие, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч О.Оийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч П.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч О.О нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 4.000.000 төгрөгийг хохирогчийн ХААН банкны данс руу /хх-71 тал/ шилжүүлж, гэм хорын хохирлыг арилгасан байна.

Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Оийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урчуулсан хохирлыг төлсөн”г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн **-** дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, оршин суух хаягийн болон ам бүлийн тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч О.О нь ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Хашаат сумын ***** багт мал маллан амьдардаг, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 4/28 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч О.Оийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч О.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Оийн хөрөнгө орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Од оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 10 сарын хугацаагаар тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч О.О нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Он Оийг Эрүүгийн хуулийн тусгайангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч О.Оийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүгдэгч О.Од оногдуулсан 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 50000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 10 /арав/ сарын хугацаагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгтзааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч О.Од сануулсугай.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж,шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Шүүгдэгч О.О нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД