| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2021/0025/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/27 |
| Огноо | 2021-05-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/27
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,
Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,
Шүүгдэгч өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********т холбогдох эрүүгийн 2127000000025 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, хүргэн ах, эгч, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум 3 дугаар баг ******** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ******** /РД:********/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч ******** нь 2021 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, авто угаалгын урд гудамжнаас иргэн ********ийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлж бага бус хэмжээний хохирол буюу 2 100 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч ********ын сэжигтнээр болон ялагдагчаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2021 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө өөрийн ажил дээр ээлжинд гарч байсан. Шөнө 00 цагийн үед ******** гэх залуу гаднаас найз охинтойгоо орж ирээд ажил руу унтах гээд орсон. Улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклио хашааны үүдэнд гудамжинд тавьчихсан байсан. ********ийг найз охинтойгоо унтаад өгсөн хойгуур нь би шөнө 03 цагийн үед хашааны үүдэнд гудамжинд байсан мотоциклийг хулгайлан унаж яваад тухайн гудамжийн ерөнцийн зүгээр баруун тийш нь өгсөөд засмал руу ороод 1 дүгээр хорооны уулзвараас зүүн тийш эргээд 60 айлын орон сууцны автомашины зогсоол дээр тавьчихаад буцаад ажил руугаа явсан. Ажил дээрээ очиж зуухандаа гал түлчихээд хэсэг унтаж байгаад 07 цагийн үед ******** дээр очиж мотоцикль чинь байхгүй байна хулгайч авсан юм шиг байна гэж хэлсэн чинь ******** өө тийм үү одоо яахуу гэж байсан. Би ажлаас 08 цагийн үед гараад 60 айлын гадаа ирээд шөнө тавьсан мотоциклио унаад Орхон цогцолбор сургуулийн манаачийн гэрийн баруун талд байх жижиг цагаан байшингийн үүдэнд нууж тавьчихаад буцаад ажил руу алхаад явсан. Би ********аар ганц хоёр хоног тоглож байгаа буцаагаад өгнө гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24, 27-28 дугаар хуудас/,
Хохирогч ********ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2021 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 22 цагийн орчим ах ********гийн гэрээс гараад өөрийн ажилдаг “Жи кар” авто угаалгын урд талын гудамжинд өөрийн эзэмшлийн улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хашааны гадна хаалга руу тулгаж тавьчихаад ажил руугаа ороод унтаад өгсөн. Маргааш өглөө нь буюу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн үед галч ******** намайг сэрээгээд ********аа сэрээрэй чиний мотоцикль байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд гараад хартал миний мотоцикль байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Хохирогч ********ийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:
“...Би 2021 оны 03 дугаар сарын 01-ний орой 18 цагийн үед цагдаагийн байгууллагад мотоциклио хулгайд алдсан талаар гомдол гаргаж, мэдүүлэг өгчихөөд ажил дээрээ очоод байж байтал 2-3 цагийн дараа ******** миний гар утас руу залгаад “чиний мотоцикльтой ижил улаан өнгийн мотоцикль 1 дүгээр арван жилийн байшингийн хажуу талд байна гэж манай нэг дүү надад хэллээ” гэж хэлсэн. Би ********ыг худал ярьж байна гэж бодоод юу ч гэсэн очиж үзье гээд 1 дүгээр 10 жилийн сургуулийн ертөнцийн зүгээр баруун талын хаалган дээр очтол шар өнгийн “Даюун” маркийн мотоцикль байхаар нь ******** руу утсаар залгаад энэ чинь биш байна шүү дээ гэсэн чинь чи ахиад цаашаа яв наана чинь нэг ногоон дээвэртэй байшин байгаа тэрний урд талд очсон чинь миний мотоцикль тэнд байсан. Би тэндээс мотоциклоо аваад ажил руугаа явсан. Миний мотоциклийг ********ыг хулгай хийнэ гэж бодоогүй. Намайг цагдаагийн байгууллагад гомдол гаргасан болохоор нь ******** миний мотоциклийг байгаа газрыг хэлсэн байх ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч ********ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2021 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 08 цаг 50 минутын үед намайг ажил руугаа явах гээд гэртээ байж байтал гаднаас хүрэн ягаан дээлтэй хар бор дуу царайтай 25 гаруй насны залуу орж ирээд “Би хөдөөнөөс ирсэн юм. Хархорин суманд ажил явдал гараад 60 айлын орон сууцны гадаа мотоциклио үлдээх гэсэн чинь 2 толь нь алга болчих байх гэж бодоод танай гадаа мотоциклио тавчихъяа 2 хоноод ирж авна гэж хэлээд гараад явсан. Би зургийн харвал танина. Энэ зураг дээрх залуу мөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч ********ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2021 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 08 цаг 40 минутын үед манай гэрийн хаалгыг үл таних хар бор царайтай туранхай өндөр залуу шагайгаад эгч танай энэ орон сууцны хашаанд би өөрийн мотоциклио түр үлдээчихье гэхээр нь би яагаад энд үлдээх гээд байгаа юм бэ энэ байранд чинь өдрийн цагаар хүн байхгүй шүү дээ гэтэл нөгөөх залуу би 60 айлд буяны ажил явдалд оролцох гээд ирсэн юмаа тэндээ үлдээж болохгүй байна. Шөнө миний мотоциклийг тоночихсон байна лээ гэж надад хэлсэн. Тэгээд би ажил руугаа явсан. Би зургийг нь харвал танина....” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн дүгнэлт, шүүгдэгч ********ын иргэний үнэмлэхийн хуулбар, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20, 36, 37, 49 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч ******** нь 2021 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, авто угаалгын урд гудамжнаас иргэн ********ийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлж бага бус хэмжээний хохирол буюу 2 100 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ******** үйлдсэн болох нь
Хохирогч ********ийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/, гэрч ********, ******** нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14, 16 дугаар хуудас/, “Хас үнэлгээ” ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илрэх бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Шүүгдэгч ******** нь нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр хохирогч ********ийн эзэмшлийн “Даюун” маркийн мотоциклийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч ******** нь дээрх үйлдэлдээ санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.
Шүүгдэгч ********ын үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч ********т 2 100 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд талууд маргаагүй, дээрх хохирол учирсныг шүүгдэгч нөхөн төлж барагдуулсан, хохирогч нь хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэгтээ мэдүүлсэн тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Шүүх, шүүгдэгч ********ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчимд нийцнэ.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч ******** нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ********ыг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч ******** нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар будсдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан ********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-т зааснаар ********ыг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэсүгэй.
4. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан ********т тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар ********ыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргүүдийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч ******** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА