Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2017/00416

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн 52-1 тоотод оршин суух Ажаа овогт Дугаржавын Ариундэлгэр /РД: ТЯ87011506/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн 52-1 тоотод оршин суух  Боржигон овогт Эрдэнийн Эрдэнэбат /РД: ФБ84072412/-д холбогдох,

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэгтгэлэг тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ариундэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ариундэлгэр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би 3-8 насны 3 хүүхэдтэйгээ одоо аавындаа амьдарч байна. Би анх Э.Эрдэнэбаттай 2006 онд гэр бүл болсон. 2007.04.12-ны 274 тоот гэрлэлтийн гэрчилгээтэй. Хүү Э.Эрдэнэбаяр 2008.07.09-нд Орхон аймагт төрсөн. Одоо Наран цогцолборын За бүлэгт сурдаг. Хүү Золбаяр 2011 оны 06 дугаар сарын 21-нд Орхон аймагт төрсөн. Орхон аймгийн 6-р цэцэрлэгт хүмүүждэг. Охин Э. Энхсувд 2013 оны 11 дүгээр сарын 09-нд Орхон аймагт төрсөн. Орхон аймгийн 6-р цэцэрлэгт хүмүүждэг. Бид 2006-2014 онд манай аавынд амьдарч 3 хүүхэдтэй болсон. Эрдэнэбат хувиараа барилгийн ажил эрхэлж, би аав ээжээрээ хүүхдүүдээ харуулж, эгчийнхээ дэлгүүрт худалдагч хийдэг байсан. Аавынд байхад бидэнд санхүүгийн бэрхшээл бага байдаг байсан ч сүүлийн үед Эрдэнэбат архи ууж агсан тавих эрүүл байхдаа ч 10, 20 хоногоор дуугаа хурааж 3 сар гаран ээжийндээ байна гэж явчихдаг болсон. Хааяадаа хүүхдүүд дээрээ согтуу ирж аав ээжрүү агсагнаж байнгийн уурладаг болж байнгийн дарамтанд байх болсноор 2014 оны 12 дугаар сард бид хадам ээжийн хуучин байшинг засаж тавуулаа тусдаа гарч амьдарсан. Би хүүхдүүдээ харж гэртээ сууж бид мөнгө төгрөгөөр дутагдаж мөнгөний байнгын асуудал гарч намайг ажилгүй арчаагүй хүүхэд гаргахаас өөр зүйлгүй, намайг зовоох гэж энэ олон хүүхэд гаргаа юу гэж согтуу бол агсан тавьж, эрүүл байхдаа ч уурлаж элдвээр хэлэх болсон. 2015 оны 01 дүгээр сард өвөл гэртээ ирж явна гэх нэрийдлээр согтуу машинаа унаж яваад гадаа намайг цаг зогсоож даарч, ирсэн хойно нь гадаа зогсоолоо гэж зэмлэхэд өөдөөс уурлаж агсан тавьж заазуур барин дайрч би шөнө хөл нүцгэн зугтааж аавындаа очиж байсан. Архи уугаагүй үедээ ч ааш нь илт өөрчлөгдөж гар хүрдэг болсон. Энэ өдрөөс хойш 1 хоногийн дараа ажил хийх гэж байгаа хол явна гээд 3 хүүхэдтэйгээ аавындаа оч гээд хүргэж өгчөөд 1 сар болж юу ч үгүй ирсэн. Тун удалгүй дахин шархаа нөхөх гэж байна гээд дахиж яваад сар гаран болж аргагүй мөнгө олохгүй эрхэнд буцаад ирсэн. 7 сарын 23-нд төрсөн өдрөө тэмдэглэн согтууран өдөржин согтуу манайхаас зайл чам шиг хүүхэн надад зөндөө байна очиход зайлсан байгаарай гэж элдвээр хэлсэн. 7 дугаар сарын 24-ний өглөө үүрийн 4 цагт согтуу ирж намайг элдвээр хэлж доромжилж хана цоо цохиж, шкаф, сандал, ширээ, аяга бүгдийг хэмх цохиж хагалж тэр уурандаа намайг толгойруу хаа таарсан газарлуу нүдэж зодсон. Хадам ээж дүү хажуу байшинд байсан ч салгаж надад туслаагүй. Маргааш нь босч чадахгүй хэвтэж байхад арчаагүй гичий босч гэрээ цэвэрлэ гэж харааж доромжилж байгаад гараад явсан. Арай хийж ээж эгч рүүгээ мессеж бичиж ээж эгч маань ирээд намайг болон хүүхдүүдийг минь хамт аваад явсан. Би маш их эмчилгээ хийлгэсэн. Хэсгийн цагдаад өргөдөл өгсөн боловч ямарч арга хэмжээ аваагүй. Эрдэнэбат энэ хугацаанд үе үе согтуу ирж агсан тавьж хүүхдүүдээ айлгадаг болж эхэлсэн. Энэ явдал цааш үргэлжилсээр 2016 оны 2 сар болж би хүүхдүүдээ бодож нийлье гэсэн боловч ээж дүү нартайгаа нийлж бас л намайг хүүхэд гаргахаас өөр ид шидгүй тэнэг хүүхэн чи муу 3 хүүхэдтэй хаа холдох юм бэ? гээд элдвээр хэлж утсаар нэг бол аавынд согтуу ирж харанхуй шөнө агсан тавьж байнга дарамталдаг. Хэсэг хугацаанд чимээгүй болж хол явсан. Энэ хугацаанд би 2 ч удаа нийлье гэсэн боловч та дөрөвтэй амьдарч чадахгүй миний хүүхэд биш наад хүүхдүүд чинь миний хувьд юу ч биш гэж хэлэх болсон. Энэ хугацаанд Уртнасан гэж хамтран амьдрагчтай байсныг нь хүн болгон нотолж би өөрөө ч харсан. Хүүхдийн цэцэрлэг сургуулийн хувцас бэлтгэл, эмчилгээний зардал ямар нэгэн тусламж үзүүлдэггүй. Би эвлэрэхийг хичээж, маш их тэвчиж аль болох хэрэлдэхгүй дуугай байдаг. Гэвч хүнийг дуугарахаас аргагүй болтол доромжилдог. Би цаашдаа эвлэрч хамт амьдрах боломжгүй юм байна. Би эрхтэн бүрэн бүтэн байгаа дээрээ Эрдэнэбатаас салж хүүхдүүдээ эрүүл, айдасгүй орчинд өсгөж хүмүүжүүлэх хэрэгтэй юм байна. Иймээс би нөхөр Эрдэнэбатаас гэрлэлт цуцлуулж хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч, эцэг Эрдэнэбатаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.   

Хариуцагч Э.Эрдэнэбат шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Би өөрийн гэсэн тогтвор суурьшилтай ажилгүйн улмаас зарын дагуу барилгын туслах ажил хийж байсан. Авсан цалин ар гэрт маань хаана ч хүрэхгүй болохоор аргагүйн эрхэнд самар жимсэнд явдаг. Үр хүүхдээ хүнээс дутаахгүй явах юмсан гэсэн сэтгэлийг Ариундэлгэр ойлгодоггүй. Ажлаасаа буугаад гэртээ ирэхэд халуун, хоол цай байхгүй, гэр орон эмх замбараагүй, утас байнга шалгана, хардана. Байнга хэрүүлтэй. Үнэхээр хэцүү байсан ч шантрахгүй явсаар өдийг хүрсэн.  Надад салах хүсэл байхгүй. 3 хүүхдээ өнчрүүлэх хүсэл алга байна. Ариундэлгэрийн өргөдөлтэй уншиж танилцсан боловч намайг арай дэндүү бичсэн байна. Уртнасан гэж хүний бичсэнтэй санал нийлэхгүй байна. Энэ хүн тусдаа амьдралтай хүн бөгөөд бид сайн найзууд юм. Хий хоосон хардалтаас болж ийм зүйл болж байгаад ичиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ариундэлгэр нь хариуцагч Э.Эрдэнэбатад холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.Эрдэнэбатад 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Ренчинлхүмбэд байна, би очиж чадахгүй” гэсэн тул шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасны дагуу хойшлуулсан. Ингээд шүүх хуралдааныг 2017.04.11-ний өдөр товлож, шүүх хуралдааны товыг хариуцагч Э.Эрдэнэбатад оршин суугаа хаягаар нь болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасны дагуу хүргүүлсэн боловч хариуцагч шүүх хуралдаан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар  хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Д.Ариундэлгэр, Э.Эрдэнэбат нар нь 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2008 оны  07 дугаар сарын 09-нд  хүү Э.Эрдэнэбаяр, 2011 оны 06 дугаар сарын 21-нд хүү Э.Золбаяр, 2013 оны 11 дүгээр сарын 09-нд охин Э.Энхсувд нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.

Гэрлэгчид таарч тохирохгүйн улмаас 2015 оны 07 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа талаар талууд тайлбарласан.   

Нэхэмжлэгч гэрлэлтийг цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байх бөгөөд харин хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

Гэрлэгчдэд гэрлэлтийг цуцлах ноцтой шалтгаан байхгүй, мөн хариуцагч гэрлэлтээ цуцлуулах сонирхолгүй байсан зэргийг харгалзан үзэж тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч эвлэрээгүй, гэрлэгчид зан харьцааны хувьд таарамжгүй байгаа, нэхэмжлэгч цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.Ариундэлгэр, хариуцагч Э.Эрдэнэбат дундаас 2008 оны  07 дугаар сарын 09-нд төрсөн хүү Э.Эрдэнэбаяр, 2011 оны 06 дугаар сарын 21-нд төрсөн хүү Э.Золбаяр, 2013 оны 11 дүгээр сарын 09-нд төрсөн охин Э.Энхсувд нарын насны байдал /бага насны хүүхэд/, хүүхдийн санал, хүүхдэд тавих анхаарал халамж зэргийг харгалзан эх Д.Ариундэлгэрийн асрамжинд үлдээж, эцэг Э.Эрдэнэбатаар насанд хүртэл нь тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 86 950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан Д.Ариундэлгэр, Э.Эрдэнэбат нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны  07 дугаар сарын 09-нд төрсөн хүү Э.Эрдэнэбаяр, 2011 оны 06 дугаар сарын 21-нд төрсөн хүү Э.Золбаяр, 2013 оны 11 дүгээр сарын 09-нд төрсөн охин Э.Энхсувд нарыг эх Д.Ариундэлгэрийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны  07 дугаар сарын 09-нд төрсөн хүү Э.Эрдэнэбаяр, 2011 оны 06 дугаар сарын 21-нд төрсөн хүү Э.Золбаяр, 2013 оны 11 дүгээр сарын 09-нд төрсөн охин Э.Энхсувд нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Эрдэнэбатаар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг  хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Эрдэнэбатад даалгасугай.    

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 86 950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ  биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА