Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/30

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********д холбогдох эрүүгийн 2027001510023 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1993 оны 09  дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг, ******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** /РД:********/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч ******** нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний орой Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн ******** тоотод иргэн ********ыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

            Шүүгдэгч ********ын яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Тухайн үед буюу 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ********ын гэрт сууж байсан. Тухайн үед ******** нь гэртээ байхгүй байсан ба би гэрт нь пиво уугаад сууж байсан. Тэгтэл гаднаас ******** ороод ирсэн ба ********ын эхнэр хамт гаръя гэхээр нь хамт гарах гэтэл ******** уурласан. Тэгэхээр нь гэнэт уур хүрээд ********ыг хэд цохиод авсан. Тухайн үед нилээн согтуу байсан. Тэгээд уур улам хүрч ********ыг гэрээс нь гаргаж байгаад хашааны гадаа түүний толгой хэсэг рүү хөлөөрөө 2 удаа өшиглөсөн юм. Тухайн үед хромон гуталтай байсан. Тэгээд ********ийг аваад гэрээс нь явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 дугаар хуудас/,

 

            Хохирогч ********ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Би яг өдөр хоногийг мэдэхгүй байна. Манай гэрт ******** ирсэн. Тэгэхэд нь би зөрөөд ажилдаа явсан. Би ажлаа тараад орой 16 цагийн орчим гэртээ ирсэн. Тэгэхэд ******** манай гэрт гэрийнхэнтэйгээ архи уугаад сууж байсан. Тэгтэл ******** манай эхнэрийг аваад гарах гэхээр нь араас нь гарсан чинь намайг ташиж унагааж босож ирсэн чинь зүүн талын шанаа хэсэг рүү шууд өшиглөсөн. Тэгээд ухаан алдсан байсан. Ухаан орсон чинь хадмын гэрт сууж байсан тэгээд цагдаа ирсэн. Тэгээд эмнэлэгт хүргэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

           

            Хохирогч ********ын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:

            “...Би ажлаасаа буугаад ирсэн чинь манай гэрт согтуу байсан ба яагаад манай гэрт согтуу байгаа юм гэхэд намайг ******** заамдаж авч байгаад 2 удаа гараараа толгой руу цохисон. Түүний дараа гэрээс намайг чирч гаргаж байгаад хашааны гадаа миний эрүү рүү ******** нь 2 удаа хөлөөрөө өшиглөсөн юм. Тэр үед миний ухаан балартсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Гэрч ********гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байж байтал манай хамар хашааны хүүхэн Маралаа гудамжинд ********ын хүргэн ********ыг ******** зодчихоод ********ын эхнэрийг мотоциклынхоо араар сундлаад яваад өглөө ******** хөдлөхгүй хэвтээд байна. Хамт очъё гэхээр нь бид хоёр очтол ертөнцийн зүгээр ********ын толгой зүүн тийшээ харчихсан баруун гараа доороо хийчихсэн хажуу талаараа газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Гэрч ********гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Намайг хашааны завсраар харахад ********г газар унагаачихсан байсан. ******** ертөнцийн зүгээр толгой нь зүүн тийшээ харчихсан доошоо хараад хэвтэж байхад нь баруун шанаа хэсэг рүү гуталтай хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн, дагз хэсэг дээр нь 2-3 удаа дэвссэн. Тэгээд ********г дээш харуулаад ******** дээр нь гарч суучхаад гараараа нүүр хэсэг рүү 2 гараараа цохиод байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Гэрч ********ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тэгтэл манай нөхөр рүү ******** нь согтуугаараа дайрч давшилж гэр дотор шалан дээр манай нөхрийг унагааж байгаад гараараа 2-3 удаа толгой хэсэг рүү цохисон. Түүний дараа ******** нь гэрээс ********ыг чирч гаргаад хашааны гадаа ********ын эрүү хэсэг рүү 1 удаа хромон гутал өмсчихсөн хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №394 дугаартай:

“...1. Үзүүлэгч ********ын биед зүүн доод эрүүний зөрөөгүй хугарал хамар ясны хугарал, зүүн нүдний алимын салтын цус хуралт, зүү нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын №1093 дугаартай:

“...1. ******** нь сэтгэцийн өвчний улмаас СЭМҮТөвд хандаж үзүүлж, эмчлүүлж байсан гэх баримт үгүй байна.

2. ******** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

3. ******** нь өөрийн сэтгэцийн хөгжлийн түвшинд харсан, сонссон, мэдсэн зүйлийнхээ талаар мэдүүлэх чадвартай байна.

4. ******** нь сэтгэцийн хувьд F70, оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй...” гэх дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч ********ын иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлт, Хаан банк, Төрийн банкны орлогын мэдүүлгүүд /хх-ийн 1-2, 66, 70, ..., ... дугаар хуудас/ зэрэг болно.

 

 Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******** нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний орой Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн ******** тоотод иргэн ********ыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ******** үйлдсэн болох нь

хохирогч ********ын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20-21, 24 дүгээр хуудас/, гэрч ********, ********, ******** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27, 28-29, 37-38 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №394 дугаартай: “...1. Үзүүлэгч ********ын биед зүүн доод эрүүний зөрөөгүй хугарал хамар ясны хугарал, зүүн нүдний алимын салтын цус хуралт, зүү нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/, шүүгдэгч ********ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******** нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч ********ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ********д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

            Иймд шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т  зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

            Шүүгдэгч ******** нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

            Хэргийн хохирогч ********ын биед учирсан эрүүл мэндийн хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

            Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн ба шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч энэ талаар тайлбарласан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

           

            Шүүх хуралдаанд улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчийг хөлөө хугалсан тул торгуулийн ял оногдуулах саналыг гаргасан боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй, түүнчлэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж болохгүй буюу хөдөлмөрийн чадвараа алдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтсон орлогогүй, аав ээжийн хамт амьдардаг ба шүүх хуралдаанд дансанд нь орлого ордог гэж өмгөөлөгчөөс тайлбарлан банкны баримт гаргаж өгсөн боловч эцэг эхээсээ мөнгө авч дансандаа хийсэн талаараа шүүгдэгч хуралдаанд тайлбарласан зэргээр торгох ял биелэгдэх боломжгүй юм. Энэ нь эрүүгийн хариуцлагыг гэмт хэрэг үйлдсэн хүнд л хүлээлгэнэ, бусад хүнд халдаан хэрэглэхгүй гэх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүх үзсэн. Иймд дээрх үндэслэлүүдээр торгох ял оногдуулах тухай улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан саналыг хүлээн авах боломжгүй юм.

            Шүүх, шүүгдэгч ********ын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 320  /гурван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирно гэж шүүхээс дүгнэв.

            Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

             Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

             

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар ********ыг 320 /гурван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ********д оногдуулсан 320 /гурван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

4. ******** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.САРАНТУЯА