Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2017/00419

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-24-34 тоотод оршин суух, Харчут Давгадоржийн Буянцогт /РД: ФБ55052666/-ийн хүсэлттэй

"1974 оны 07 дугаар сараас 1978 оны 07 дугаар сарыг хүртэл Улаанбаатар хотын номын 1 дүгээр дэлгүүрт худалдагчаар, 1978 оны 07 дугаар сарын 25-наас 1979 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын холбооны газарт хэвлэлийн худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Буянцогт шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Д.Буянцогт нь 1974 онд Худалдааны техниккум төгсөж ирээд Улаанбаатар хотын номын нэгдүгээр дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаад, 1978 оны 07 дугаар сард Эрдэнэт хотод шилжин ирсэн юм. Ингээд Холбооны газар хэвлэлийн худалдагчаар 1978 оны 07 дугаар сарын 15-аас 1979 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажиллаад, дараа нь Эрдэнэт хотын номын дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. Тэтгэвэр тогтоолгохдоо 1974-1979 он хүртэлх 5 жилийн ажилласан байдал нь бүрдээгүй байсан учраас орхигдсон. Иймд 1974-1979 онд Улаанбаатар хотын Номын нэгдүгээр дэлгүүрт худалдагч, Эрдэнэт хотын холбоонд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Давгадоржийн Буянцогт нь шүүхэд хандан “1974 оны 07 дугаар сараас 1978 оны 07 дугаар сарыг хүртэл Улаанбаатар хотын номын нэгдүгээр дүгээр дэлгүүрт худалдагчаар, 1978 оны 07 дугаар сарын 25-наас 1979 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын холбооны газарт хэвлэлийн худалдагчаар тус тус ажиллаж байснаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.

Д.Буянцогт нь 1974 оны 07 дугаар сараас эхлэн Улаанбаатар хотын “номын нэгдүгээр дүгээр дэлгүүрт худалдагч”-аар ажиллаж байсан гэж дүнэх үндэслэлтэй байна. Учир нь Д.Буянцогт нь дээрх нөхцөл байдал нь түүний Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх /1973-1990 он хүртэл тасралтгүй татвар төлсөн/, хэргийн 9 дүгээр хуудас дахь 1977 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Д.Буянцогтод олгосон Улсын номын худалдааны газрын шагнал урамшуулал бүхий гэрчилгээ, 1976 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Д.Буянцогтод олгосон Номын нэгдүгээр дэлгүүрийн “1976 оны социалист уралдаанд амжилттай оролцсон” баярын бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар,

Мөн 1978 оны 07 дугаар сарын 25-наас 1979 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын холбооны газарт хэвлэлийн худалдагчаар ажиллаж байсан болох нь Эрдэнэт хотын Холбооны газрын даргын 1978.07.25-ны өдрийн 65 дугаартай Д.Буянцогтыг хэвлэлийн худалдагчаар авсан тухай тушаал, нь Эрдэнэт хотын Холбооны газрын даргын 1979.09.22-ны өдрийн 117 дугаартай Д.Буянцогтыг 1979.10.04-нөөс эхлэн хэвлэлийн худалдагчийн ажлаас чөлөөлсөн тухай тушаал, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.    

Иймд Давгадоржийн Буянцогтыг 1974 оны 07 дугаар сараас 1978 оны 07 дугаар сарыг хүртэл Улаанбаатар хотын Номын нэгдүгээр дэлгүүрт худалдагчаар, 1978 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс  1979 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын холбооны газарт хэвлэлийн худалдагчаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                     

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харчут овогт Давгадоржийн Буянцогт /ФБ55052666/-ыг Улаанбаатар хотын Номын нэгдүгээр дэлгүүрт 1974 оны 07 дугаар сараас 1978 оны 07 дугаар сарыг хүртэл худалдагчаар,   1978 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1979 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын холбооны газарт хэвлэлийн худалдагчаар тус тус ажиллаж байсныг  тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА