| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2021/0028/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/31 |
| Огноо | 2021-05-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/31
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,
Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ариунжаргал,
Шүүгдэгч:******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********д холбогдох эрүүгийн 2127000410039 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг, ******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т, 146 дугаар зүйлийн 146.2-т тус тус зааснаар 04 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, ******** /РД:********/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч ******** нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг ******** тоотод иргэн ********г архины шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч ******** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
Би ********ын гэрээр орсон чинь хүүхэдтэйгээ хамт байсан. Нэг шил архи задлаад сууж байсан чинь ******** гаднаас орж ирсэн. ******** бид хоёр маргалдсан. Тэгээд би архины шилээр толгой руу нь цохисон гэв.
Хохирогч ********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Би тухайн үед бюу 2021 оны 03 дугаар сарын 08-ны орой Сансар хороонд байх гэртээ ууж байгаад доод өргөн чөлөөний цагаан худагны хажууд байх ********ынд очсон. Тэнд ********, түүний хүү, ******** нар байсан. Би нилээн согтуу байсан болохоор жаахан ууж байгаад орон дээр нь унтаад өгсөн юм. Тэгтэл толгой руу цохих шиг болохоор нь сэрсэн юм. Тэгтэл ******** хагархай шилээр миний толгой руу цохичихсон байсан. Толгойноос цус гарч байсан. Тэгээд эмнэлгээс эмч ирж намайг аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч ********ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тухайн өдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 08-ны орой Хархорин сумын Эрдэнэтолгой багийн ******** тоотод байх манай гэрт гаднаас 20 цаг 30 минутын орчим Дал хочит ******** согтуу орж ирсэн. Тэгээд араас нь Монх хочит ******** орж ирсэн. ******** нь согтуу байсан. Тэгээд манай гэр дотор ******** нэг шил 0.5 граммын “Нутгийн буян” нэртэй архитай орж ирсэн. Түүнийг ********, ******** бид гурав хувааж уусан. Ууж дуусаагүй байхад ******** нь ********д үг хаяж эхэлсэн. Удалгүй тэр маргаж эхэлсэн юунаас болж маргаад байгааг мэдээгүй. ******** нь архины халуундаа согтуурхаж үг хаяад байсан. Тэгтэл гэрийн зүүн талын хөндийд байсан “Их монгол” нэртэй архины хагархай хүзүү хэсэг нь байсан. Тухайн архины шилний хүзүү хэсгийг ******** нь гараараа барьж аваад ********гийн толгой хэсэг рүү 3 удаа цохиж гэмтээсэн. Тэр үед ******** ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Тухайн үед ******** их согтуу байсан. Би яаралтай эмнэлэг дууд гээд хүү Гансүхэд хэлж эмнэлэг ирээд ********г аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч ********ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2021 оны 03 дугаар сарын 08-ны орой аав бид хоёрыг гэртээ байхад ******** ах согтуу орж ирээд өнөөдөр миний баяр гээд аавд нэг шил архи өгсөн. Тэгээд түүнээс нь аав 1-3 удаа уугаад сууж байхад гаднаас Монх ах буюу ******** орж ирсэн. Тэгсэн ******** ах ******** ахын өөдөөс хэрүүл өдөөд байсан. ******** ах нэлээн согтуу тасарчихсан шахуу байсан. Тэгээд ******** ах ******** ахыг орноос татаж унагаасан. Тэгсэн ******** ах би толгой руу чинь тэмдэг хийчих үү гэхэд ******** ах солиороод байгаарай пизда минь гэхэд ******** ах ******** ах 2 хоорондоо ноцолдоход аав дундуур нь орж салгасан. Тэгээд баганын наана цаанаас хэрэлдээд байсан. Тэгтэл ******** ах зүүн орны хөндийд байсан архины шилний хагархайг авч ******** ахын толгой руу 3 удаа хатгасан юм. Мөн ууж байсан архинаасаа ******** ахын толгой руу асгаж байсан. Хэрэв цагдаа орж ирвэл гаднаас ******** орж ирэхдээ толгойгоо хагалчихсан орж ирсэн шүү гэж хэлээрэй гэж байсан. Тэгээд ******** ахыг худлаа баашлаад байна гээд ******** нь гэдсэн дээр нь гишгээд байсан. Тэгсэн ******** ахын толгойноос цус гарахад ******** ах даавуугаар ороож байсан. Аав эмнэлэг дууд гэхээр нь би эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №139 дугаартай:
“...1. ********гийн биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 2 дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой
4. Уг гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч ********ы Хаан банк дахь дансны хуулга, хохирогч ********гийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын санал, “Хангайн эрдэнэ” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 1-2, 70, 77, 79, 85, .... дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч ******** нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг ******** тоотод иргэн ********г архины шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ******** үйлдсэн болох нь
хохирогч ********гийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, гэрч ********, насанд хүрээгүй гэрч ******** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33, 36-37 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №139 дугаартай: “...1. ********гийн биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 2 дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой 4. Уг гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/, шүүгдэгч ********ы шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******** нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч ********гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч ******** нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч ********гийн биед учирсан эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Шүүх, шүүгдэгч ********д ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ********ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар ******** нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. ******** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА