Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/11

 
2021 01 11 2021/ШЦТ/11 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж, нарийн бичгийн дарга О.Ариунжаргал, хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа, гэрч Д.Энхтайван /цахимаар/, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Молхы хошах овогт Х.Т-д холбогдох эрүүгийн 1919002010007 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хилийн 0168 дугаар ангийн туслах аж ахуйн дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг, “Хөтөл шанд” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Молхы хошах овогт Х.Т /регистрийн дугаар:БЖ92090110/ Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр / Шүүгдэгч Х.Т нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн б/1518 дугаартай тушаалаар дэд ахлагч цолтойгоор, ахлагчийн бүрэлдэхүүнд орж, цэргийн гэрээт алба хаахаар томилогдон улмаар Хилийн цэргийн 0168 дугаар ангийн захирагчийн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн б/246 дугаартай тушаалаар хилийн 0172 дугаар салбарт харуулын даргаар томилогдон, тус аймгийн Хатанбулаг сумын “Хөтөлийн шанд” гэх газарт байрлах Хилийн цэргийн 0168 дугаар ангийн төв малын суурийн даргын үүрэг гүйцэтгэж байх явцдаа хугацаат цэргийн албан хаагч, малчин цэрэг О.Анхбаяр нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өглөө малын эрэлд явах үүрэг аваад орой 18 цагт малын суурь дээрээ ирэх ёстой атал ирээгүй талаар 2019 оны 05 дугаар сарын 26-ны 22 цаг 25 минутад отрядын шуурхай жижүүрт мэдэгдсэн нь Хилийн алба хаах журам буюу Хилийн тухай хууль болон Хил хамгаалалтын дүрэмд нийцүүлэн гаргасан Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/97 дугаартай тушаалаар батлагдсан “Хугацаат цэргийн алба хаагчтай малын суурьт цэргийн албыг зохион байгуулах заавар”-ын 3.4 дүгээр зүйлийн 3.4.3-т заасан “Малын суурийн ахлагч нь суурийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, өөрийн хариуцсан мал сүргийн бүрэн бүтэн байдал, эд хөрөнгийн ашиглалт, эзэмшилтийг хариуцна” гэснийг, 4.3 дугаар зүйлийн 4.3.7-д заасан “Малын сууриудын хэсгийн ахлагч заставын жижүүр, отрядын шуурхай жижүүртэй 07.00, 18.00, 21.00 цагуудад харьцаж, суурийн үйл ажиллагааны талаар илтгэнэ. Шаардлагатай тохиолдолд цаг харгалзахгүй харьцаанд орно” гэснийг, мөн Хил хамгаалалтын дүрмийн 3 дугаар бүлгийн 1 дүгээр хэсгийн 28.8-д заасан “Учрал, гэмт хэрэг гарсан, манааны бүрэлдэхүүн алга болсон үед нэн яаралтай мэдэгдэх” гэснийг тус тус зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2019 оны 5 дугаар сарын 25-ны өглөө О.Анхбаяр нь үүрэг авч явсан. Миний бие О.Анхбаярт “6 адуу алга болсон тэрийг туугаад ир эртхэн ирээрэй” гээд явуулсан юм. Ирэхгүй болохоор айгаад би мэдэгдэж чадахгүй байсан. 2019 оны 05 дугаар сарын 26-ны орой анги руу цэрэг алга болчихлоо гэж мэдэгдсэн ...” гэв. Гэрч Г.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 08 цагт Анхбаяр хонгор морио зайдлаад уначихсан суурин дээр ирсэн. Анхбаяр, Мөнгөншагай 2 сувай малаа аваад зүүн тийш 2 км газарт тусдаа гэрт байдаг юм. Тэр өглөө Анхбаяр ирээд Тилеубек даргаас үүрэг аваад, гэрт орж ирээд морины эрэлд явна гэж хэлсэн. Уг өдөр Балжинням бид хоёр өвөлжөөн дээр тэмээ ноослох ёстой байсан бөгөөд морио унаад Анхбаяртай цуг Анхбаярын гэрт ороход Мөнгөншагай байсан бөгөөд Анхбаяр дуран, хазаар, станц аваад гарч байсан. Өөр юу авсныг анзаараагүй. Тэнд Анхбаяр морио эмээллээд, гурвуулаа цуг нуурын тийшээ явахад хээр морь баруун захад чөдөртэйгөө байсан. Анхбаяр хээр морио очиж барина гээд бид хоёроос салж явсан бөгөөд бид хоёр цаашаа өвөлжөө рүү явсан. ... Тэр орой Тилеубек дарга 22 цагийн үед айлаас гэртээ ирэхээр нь би ганцаараа гараад даргад тайвнаа өгөөд буцаад орж амарсан. Дарга Тилеубек тухайн үед Анхбаярыг гэртээ ирсэн үү гэхээр нь гэрээр ороогүй, мэдэхгүй байна гэсэн. ... Тэмээгээ ноослоод оройхон нар жаргахын өмнө Балжинням, Мөнгөншагай хоёр ирээд хамтдаа 2 тэмээ ноослоод, Анхбаярыг ирээгүй талаар ярьсан. Үүнийг Тилеубек даргад хэлье гээд бөөнөөрөө явж байтал Тилеубек дарга өөдөөс машинтайгаа ирсэн. Тэгээд Анхбаярыг өчигдрөөс хойш ирээгүй талаар Мөнгөншагайг хэлэхэд бид гурвыг явж бай гээд Мөнгөншагайг аваад үлдсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 35-38 дугаар хуудас/, Гэрч Д.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 04 сарын 27-ны өдөр захирагчийн тушаалаар төв малын суурь дээр хуваарилагдаж, 28-ны өдөр оноогдсон газартаа дэд түрүүч Буяндэлгэр, Анхбаяр, Мөнгөнбагана, Мөнгөншагай, Дүүрэнбаяр нарын хамт ирсэн. ...2019 оны 05 сарын 25-ны өглөө 08 цаг 30 минутын үед Анхбаяр хонгор морио унаад дэд ахлагч Тилеубекээс үүрэг авахаар ирсэн. Малд явах болгондоо үүрэг авдаг. Тэр өглөө Анхбаяр ганцаараа Тилеубек даргын гэр лүү орж үүрэг аваад манай гэрт орж ирээд хамт урагшаа суурь луу явъя гэхэд Буяндэлгэр бид 2 өвөлжөөн дээр тэмээ ноослох ажилтай байсан тул хамт Анхбаяртай тус тусдаа морь унаад явцгаасан. Анхбаярын гэрт замаараа саатаж ороод Анхбаяр хонгор морио эмээллэчихээд хазаар ногт гэрээсээ өвөртлөөд дуран, станц хоёр бас давхар өвөртөлсөн ... Тэгээд Анхбаяр араас гарч ирээд гурвуулаа мориндоо мордоод нууран дээр очиход алдсан байсан хээр морио олоод ганцаараа морь луугаа явсан ... Бид хоёртой Анхбаяр явж байхдаа алга болсон 6 морины эрэлд явна гэж байсан. Бид нарыг малд явах болгонд Тилеубек дарга амаараа үүрэг өгдөг. Үүрэг нь байнгын станцаар холбоотой, болгоомжтой яваарай гэж захидаг. ... Бид нар 2019 оны 05 сарын 28-ны 17 цагийн үед эрлийн бүлэгт явж байсан ардууд Анхбаярыг нас барсан гэж ярьж байхыг сонссон. ... Уг орой Тилеубек дарга Анхбаярыг ирсэн үгүйг мэдсэн эсэхийг мэдэхгүй байна. Маргааш орой ирээгүйг нь мэдээд Тилеубек дарга бүлэг дуудсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 29-41 дүгээр хуудас/, Гэрч Ц.Дүүрэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 сарын 25-ны өглөө сувай хонины сууринаас Анхбаяр чөдөртэй морьдоо бариад ирсэн ба ахлагчаас үүрэг авах гэж ирсэн байсан. Тухайн үед ахлагч Анхбаярыг 6 адууг хөөж ир гэж үүрэг өгсөн гэж байсан. Гэхдээ хаанаас хөөж ир гэснийг бол би мэдээгүй.... Тэгээд маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 26-ны үдээс хойш Буяндэлгэрийн хамт буцаж ирээд тэмээ ноослож байхад байлдагч Мөнгөншагай, Балжинням ирсэн. Мөнгөншагай бид хоёрт Анхбаяр урьд шөнө ирж хоносонгүй. Ахлагчид хэлдэг юм билүү гэж байсан. Тэгээд л бид нар бөөндөө гэр лүүгээ явж байхад ахлагч замд тааралдаад Мөнгөншагай Анхбаярыг ирж хоносонгүй гэдгийг нь илтгэсэн. ...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 42-43 дугаар хуудас/, Гэрч Ц.Мөнгөншагайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд ирэхгүй байж байгаад 09 цаг өнгөрөөгөөд морьтойгоо ирээд, орж цай уучихаад “өнөөдөр нилээн хол явнаа. Суурийн ахлагч Тилеубек үүрэг өгсөн, 6 адуунд явна гэж байсан. ...Ер нь бол Тилеубек ахлагчаас 6 адуугаа олж ирэх үүрэг аваад л тэр өдөр гарсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 25-ны орой 18 цагийн үед ахлагч Тилеубек станцаар орж ирээд, “Анхбаяр ирсэн үү” гэхээр нь би “ирээгүй” гэж хэлсэн. ... 2019 оны 05 дугаар сарын 25-ны орой би 18 цагийн үед гэртээ байхад станцаар ахлагч Тилеубек байлдагч Анхбаярыг пролоор нь дуудаад байсан ба Анхбаяр хариу өгөөгүй” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 44-46, 69 дүгээр хуудас/, Гэрч Ц.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр манай сумын хилийн цэргийн 0168 дугаар ангийн алба хаагчид малын суурийн цэрэг сураггүй алга болсон гээд хайгаад байхаар нь би хамт хайлцсан. Ингэхдээ тус өдөр гар станцаар хилийн цэргийн алба хаагчид эрэн хайх ажил явуулах гэж байна. иргэд оролцох хэрэгтэй байна гэсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/, Гэрч Д.Доржнамжимын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд хилийн цэргийн 0168 дугаар ангийн 7 дугаар заставын дарга хийдэг юм. 2019 оны 05 дугаар сарын 26-ны орой 21 цаг 15 минутын үед станцаар төв малын суурийн дарга ажилтай, дэд ахлагч Х.Т “адууны цэрэг Анхбаяр өглөө гараад одоо болтол ирсэнгүй” гэж мэдэгдсэн. Тэгэхээр нь би станцаар байцаах маягийн юм болоод шалгаагаад байсан чинь “2019 оны 05 дугаар сарын 25-ны өглөө үүрэг аваад адуунд яваад одоог хүртэл ирээгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би төв ангийн жижүүр лүү мэдэгдсэн юм. Мөн ангийн захирагч хурандаа Батбилэгт энэ талаар мэдэгдсэн. Тэгээд би дэслэгч Даулет, түрүүч Алтантөр нарыг шууд төв малын суурь дээр очоод байдлыг тодруул, тэгээд тэр хавьд эрэл зохион байгуул гээд явуулсан. ...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 56 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 26-27 дугаар хуудас/, Гэрч П.Батбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 сарын 26-ны өдрийн 22 цаг 45 минутанд ангийн жижүүрээс надад “Өглөө малдаа явсан төв малын суурийн Анхбаяр гэдэг цэрэг одоо болтол ирээгүй байна. Хөтөлгөө морьтой гарсан” гэж надад хэлэхээр нь “шалтгаан нөхцөл цаг хугацааг нарийвчлан тогтоо, тусгай эрэн хайх бүлэг гаргаж явуул, газар дээр нь очиж танилцаад, эргээд хариу мэдэгд” гэсэн үүргийг өгсөн. ...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шилжих шөнө бүлгүүдийг ХХЕГ-ын өндөрлөг газраас хяналт тогтоох, аюулгүй байдлаа хангах, бусад авч болох арга хэмжээ ав гэсэн чиглэлийг өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 58-59 дүгээр хуудас/, Гэрч С.Насанбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 22 цаг 28 минутад ангийн шуурхай жижүүрээс залгаад, “Төв малын суурийн О.Анхбаяр гэдэг цэрэг өглөө гараад одоо хүртэл ирээгүй байна.” гэхээр нь штабын дарга, хошууч Эрдэнэбатад мэдэгдээд, шуурхай бүлэг цуглуулан жолоочтой нийлээд 5 хүний бүрэлдэхүүнтэй 23 цаг 30 минутанд ангиас гараад, төв малын суурийн чиглэлд гараад 02 цагийн үед малын суурь дээр очоод ахлагч Тилеубек болон алба хааж байгаа цэргүүдтэй уулзахад “Анхбаяр 2019 оны 05 сарын 25-ны өглөө чөдөртэй морио бариад ирье гээд урд талын нуур луу яваад эргэж ирээгүй” гэсэн мэдээлэл өгсөн. ... Хилийн цэргийн алба хаагч гэдэгт офицер, ахлагч, гэрээт цэрэг, хугацаат цэрэг, малын суурийн цэрэг нар бүгдээрээ ордог юм. Хилийн цэргийн алба хаагч нар Монгол Улсын Үндсэн хууль, Хилийн тухай хууль, Хил хамгаалалтын дүрмэнд захирагдан үүрэг гүйцэтгэдэг юм. Хил дээр байгаа малын суурийн цэргийн үйл ажиллагааг зохицуулахын тулд Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2014 оны 10 сарын 08-ны өдрийн А/97 дугаар тушаалаар “Хугацаат цэргийн албан хаагчтай малын суурьт цэргийн албыг зохион байгуулах” тухай зааврыг баталсан юм. Уг заавар нь Хилийн тухай хууль болон Хил хамгаалалтын дүрмэнд уялдуулан гарсан юм. Тэгэхлээр малын суурийн цэрэг болон ахлагч нар Хилийн тухай хууль болон Хил хамгаалалтын дүрмийг баримтлан ажил үүргээ гүйцэтгэх учиртай. Мөн дээрээс нь малын суурьтай холбогдон гарсан журам, зааврыг давхар мөрдлөг болгон ажиллах ёстой. Бусдаар малын суурь дээр байгаа ахлагч болон хугацаат цэрэг нь Хилийн тухай хууль болон Хил хамгаалалтын дүрмийг баримтлахгүй гэсэн үг биш юм. Малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байгаа хугацаат цэрэг болон суурийн ахлагч нар нь малын бэлчээр хэсэг, хил орчмын дэглэмийн биелэлтийг сахиулан хилийн манааны үүргийг малын бэлчээр хэсэгт гүйцэтгэдэг юм. Энэ нь малчин цэрэг мөн хилийн манааны үүргийг давхар гүйцэтгэж байгаа гэж ойлгож болно. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 61-64, 70 дугаар хуудас/, Гэрч Г.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/97 тоот тушаалын 3.1.5-д зааснаар малын суурийн ахлагчтай цаг тутамд үүрэг гүйцэтгэлтийн талаар станцаар танилцуулах ёстой байдаг. Тухайн нөхцөлд малын суурийн ахлагч нь малд явсан цэрэг нь тодорхой цагуудад станцаар холбогдохгүй, хариу өгөхгүй байгаа тохиолдолд нэн даруй застав руу мэдэгдэж, түүний дагуу застав болон ангиас тусгай томилгоот бүлэг гарч, эрэн хайх арга хэмжээ авах ёстой байдаг. ... Тухайн алба хаагч нар өглөө бүр үүрэг аваад зааварчилгаан дээр гарын үсэг зураад гарч байгаа. Тэгэхэд нь тухайн малын суурийн ахлагч алба хаагч гарын үсэг зурж байгаа. ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 39 дүгээр хуудас, 3 дугаар хх-ийн 28-29 дүгээр хуудас/, Гэрч Ц.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хуваарийн дагуу заставын эргүүлийн үүргийг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр манай заставын малын суурийн ахлагч Х.Ттэй 12 цагт холбогдоход Х.Т надад “ямар нэгэн асуудал үүсээгүй, мал хуй бүрэн, цэрэг бүрэн” гэж танилцуулсан. Дараа нь мөн дэд ахлагч Х.Ттэй 15 цагт дахин холбогдож нөхцөл байдлыг асуухад мөн л “ямар нэгэн асуудал үүсээгүй, цэрэг мал бүрэн” гэж байсан. Журмын дагуу би 18 цагт Тилеубекээс мэдээ авахаар дуудахад станцаа аваагүй. Үүний дараа 21 цагт Тилеубектэй станцаар холбогдоод “яасан юу болсон яагаад станцаа авахгүй, харьцаанд орохгүй байгаа юм” гэхэд Тилеубек “баларсан юм болсон, агтны цэргээр манайд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Анхбаяр нь өглөө 6 цагт үүрэг авч гараад одоо болтол байрлалдаа ирдэггүй, харьцаанд орохгүй, сураггүй байна” гэсэн мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 186-187 дугаар хуудас/, Гэрч Д.Энхтайваны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Монгол Улсын хил хамгаалалтын дүрмийн 3 дугаар ангийн 2 дугаар хэсгийн 2 дугаар бүлгийн 73 дугаар зүйлд зааснаар “Мал агт уналга хариулахаар томилогдсон сэргийлэх манаа, мал бэлчээрлэдэг хэсэгт хил орчмын дэглэмийн биелэлтэд хяналт тавих түүнийг хариуцах хэсэгт үүрэг гүйцэтгэх журмыг заставын дарга, орлогч нар сар бүр тодотгоно.” гэж заасан байдаг юм. Ингэхлээр малын суурийн ахлагч болон малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байгаа хугацаат цэргийн албан хаагчид улсын хил хамгаалалтад биечлэн үүрэг гүйцэтгэж байна гэж шууд ойлгож байна. Мөн хугацаат цэргийн алба хаагчтай малын суурьт цэргийн албаны зохион байгуулах зааварт тодорхой чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахтай нь холбогдуулан дагаж мөрдөх заавар байгаа. Малын суурийн ахлагч болон хугацаат цэргийн алба хаагч нар хил хамгаалах дүрэм болон малын суурийн зохион байгуулах журмыг мөрдлөг болгон ажилладаг. ...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 16-17 дугаар хуудас/, Гэрч Д.Чинхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 9 дүгээр заставын даргаар томилогдон ажиллаад 2020 оны 08 дугаар сарын дундуур 0168 дугаар ангийн Хилийн төлөөлөгчийн алба хариуцсан ахлах офицероор томилогдон ажиллаж байна. Намайг 6 дугаар заставт ажиллаж байхад 2019 оны 05 дугаар сарын 26-ны орой яг хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна. Ангиас төв малын суурийн хугацаат цэргийн алба хаагч байрлалдаа ирээгүй байна. Наанаасаа хилийн дагуу манаа томилон үүрэг гүйцэтгүүл гэсэн үүрэг ирсэн. ...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 24-25 дугаар хуудас/, Шүүгдэгч Х.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би 2014 оны 07 дугаар сарын 21-нд Хилийн 0168 дугаар ангид гэрээт цэргээр алба хааж, 4 жил болоод 2018 оны 10 дугаар сард ахлагч болж, 0168 дугаар ангийн төв малын суурийн ахлагчаар томилогдсон. Малын суурийн цэрэг нь үүрэг чиглэл аваад явахдаа малын суурийн ахлагчийн өгсөн үүргийн дагуу тогтоосон цагуудад нөхцөл байдлаа танилцуулан станцаар холбогдох ёстой байдаг хэдий ч тухайн нөхцөл байдалд малын суурийн ахлагчийн өгсөн үүргийн дагуу хэдэн цаг тутамд холбогдож, ажиллана гэсэн тэрний дагуу холбогдон ажиллах ёстой байдаг. ...Тухайн үед цэрэг алга болоод нэг хоног болчихсон байсан тул айсандаа өнөөдөр өглөө буюу 2019 оны 05 дугаар сарын 26-ны өглөө гараад одоог болтол ирээгүй байна гэж мэдэгдсэн юм. ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 102-103 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 14-15 дугаар хуудас/ Эдгээр нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судлаж мэтгэлцсэн болно. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “... тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлон тогтоожээ. Хуулийн энэхүү зохицуулалтаар зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан хэрэг, хүний хувьд л шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй гэж ойлгоно. Мөрдөгч, прокурор хэргийн бодит үнэнг тогтоохын тулд хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлж, ингэхдээ яллах болон цагаатгах нөхцөл байдлыг нэгэн адил тогтоох арга хэмжээг авч, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянаж шалгах үүрэгтэй бөгөөд эдгээр байдлын талаарх талуудын мэтгэлцээнд тулгуурлан шүүх хэргийн бодит байдлыг сэргээн тогтоодог. Мөрдөн шалгах ажиллагааг удаан хугацаагаар явуулж, хэрэгт хамааралтай ажиллагаануудыг хийсэн боловч Х.Тийн үйлдэл нотлох баримтаар тогтоогдсон эсэх, мөн түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй гэж шүүх үзэв. Тухайлбал: Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч Х.Т нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/1518 дугаартай тушаалаар дэд ахлагч цолтойгоор, ахлагчийн бүрэлдэхүүнд орж, цэргийн гэрээт алба хаахаар томилогдон улмаар Хилийн цэргийн 0168 дугаар ангийн захирагчийн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн б/246 дугаартай тушаалаар хилийн 0172 дугаар салбарт харуулын даргаар томилогдон, тус аймгийн Хатанбулаг сумын “Хөтөлийн шанд” гэх газарт байрлах Хилийн цэргийн 0168 дугаар ангийн төв малын суурийн даргаар томилогдсон нь Эрүүгийн хуулийн 28.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрээт цэргийн алба хаагч үйлдсэн бол гэсэн хүндрүүлэх нөхцөлд хамаарч байгаа субъект юм. Х.Т нь Хатанбулаг сумын “Хөтөлийн шанд” гэх газарт байрлах Хилийн цэргийн 0168 дугаар ангийн төв малын суурийн даргын үүрэг гүйцэтгэж байх явцдаа хугацаат цэргийн алба хаагч, малчин цэрэг О.Анхбаяр нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өглөө малын эрэлд явах үүрэг аваад орой 18 цагт малын суурь дээрээ ирэх ёстой атал ирээгүй талаар 2019 оны 05 дугаар сарын 26-ны 22 цаг 25 минутад отрядын шуурхай жижүүрт мэдэгдсэн нь Хилийн алба хаах журам буюу Хилийн тухай хууль болон Хил хамгаалалтын дүрэмд нийцүүлэн гаргасан Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/97 дугаартай тушаалаар батлагдсан “Хугацаат цэргийн алба хаагчтай малын суурьт цэргийн албыг зохион байгуулах заавар”-ын 3.4 дүгээр зүйлийн 3.4.3-т заасан “Малын суурийн ахлагч нь суурийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, өөрийн хариуцсан мал сүргийн бүрэн бүтэн байдал, эд хөрөнгийн ашиглалт, эзэмшилтийг хариуцна” гэснийг, 4.3 дугаар зүйлийн 4.3.7-д заасан “Малын сууриудын хэсгийн ахлагч заставын жижүүр, отрядын шуурхай жижүүртэй 07.00, 18.00, 21.00 цагуудад харьцаж, суурийн үйл ажиллагааны талаар илтгэнэ. Шаардлагатай тохиолдолд цаг харгалзахгүй харьцаанд орно” гэснийг, мөн Хил хамгаалалтын дүрмийн 3 дугаар бүлгийн 1 дүгээр хэсгийн 28.8-д заасан “Учрал, гэмт хэрэг гарсан, манааны бүрэлдэхүүн алга болсон үед нэн яаралтай мэдэгдэх” гэсэн дүрэм, зааврыг зөрчсөн тул Эрүүгийн хуулийн 28.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэж байна гэсэн агуулга бүхий мэтгэлцсэн нь дараах байдлаар няцаагдаж байна. Шүүгдэгч Х.Т нь албан тушаалын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан субъект болох ба энэ зүйлд заасан хүндрүүлэх шинжид хамаарах гэрээт цэргийн албан хаагч үйлдсэн байхыг ойлгоно. Хуулийн энэ заалтад зааснаар халдлагын объект нь хилийн алба хаах журам ба объектив тал нь хил хамгаалах хууль, түүний дагуу гарсан дүрэм, журмыг зөрчсөн идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй байна. Шүүгдэгч Х.Тийг гэрээт цэргийн алба хаагчаар ажиллаж байхдаа Хилийн тухай хууль болон Хил хамгаалалтын дүрэмд нийцүүлэн гаргасан Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/97 дугаартай тушаалаар батлагдсан “Хугацаат цэргийн алба хаагчтай малын суурьт цэргийн албыг зохион байгуулах заавар”-ыг, “Хугацаат цэргийн алба хаагчтай малын суурьт цэргийн албыг зохион байгуулах заавар”-ын 3.4 дүгээр зүйлийн 3.4.3-т заасан “Малын суурийн ахлагч нь суурийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, өөрийн хариуцсан мал сүргийн бүрэн бүтэн байдал, эд хөрөнгийн ашиглалт, эзэмшилтийг хариуцна” гэснийг, 4.3 дугаар зүйлийн 4.3.7-д заасан “Малын сууриудын хэсгийн ахлагч заставын жижүүр, отрядын шуурхай жижүүртэй 07.00, 18.00, 21.00 цагуудад харьцаж, суурийн үйл ажиллагааны талаар илтгэнэ. Шаардлагатай тохиолдолд цаг харгалзахгүй харьцаанд орно” гэснийг, мөн Хил хамгаалалтын дүрмийн 3 дугаар бүлгийн 1 дүгээр хэсгийн 28.8-д заасан “Учрал, гэмт хэрэг гарсан, манааны бүрэлдэхүүн алга болсон үед нэн яаралтай мэдэгдэх” гэсэн дүрмийг зөрчсөн гэмт хэрэгт холбогдуулан прокурор 2020 оны 12 дугаар сарын 16-ний өдөр 5/21 “Б” тоот яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд уг дүгнэлтийн тогтоох хэсэгт түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллаж байгаа талаар дурдсан байна. Улсын яллагчаас шүүгдэгчийг буруутгаж байгаа хэрэгт авагдсан “Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/97 дугаартай тушаалаар батлагдсан “Хугацаат цэргийн алба хаагчтай малын суурьт цэргийн албыг зохион байгуулах заавар”-ыг, “Хугацаат цэргийн алба хаагчтай малын суурьт цэргийн албыг зохион байгуулах заавар”-ын 3.4 дүгээр зүйлийн 3.4.3-т заасан “Малын суурийн ахлагч нь суурийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, өөрийн хариуцсан мал сүргийн бүрэн бүтэн байдал, эд хөрөнгийн ашиглалт, эзэмшилтийг хариуцна” гэснийг, 4.3 дугаар зүйлийн 4.3.7-д заасан “Малын сууриудын хэсгийн ахлагч заставын жижүүр, отрядын шуурхай жижүүртэй 07.00, 18.00, 21.00 цагуудад харьцаж, суурийн үйл ажиллагааны талаар илтгэнэ. Шаардлагатай тохиолдолд цаг харгалзахгүй харьцаанд орно” гэснийг, мөн Хил хамгаалалтын дүрмийн 3 дугаар бүлгийн 1 дүгээр хэсгийн 28.8-д заасан “Учрал, гэмт хэрэг гарсан, манааны бүрэлдэхүүн алга болсон үед нэн яаралтай мэдэгдэх” гэсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмыг дагуу олж авах, цуглуулах, бэхжүүлэх шаардлагыг зөрчсөн гэж үзэв. Учир нь: Хил хамгаалах Ерөнхий газрын харъяа Хилийн 0168 дугаар ангийн захирагчийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Н/31 дугаарт албан бичигт “Мөрдөн байцаалтын хэрэгт холбогдолтой болох Монгол Улсын Хил хамгаалалтын ll ангийн дүрмийн 120.12 дахь заалт, ХХЕГ-ын даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/97 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 4.3.7 дахь заалт, отрядын штабын даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн мн/05 дугаар захирамжийн мэдээ, мэдээлэл солилцох журам, ангийн захирагчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот тушаалын 2 дугаар хавсралтуудыг тус тус хуулбараар хүргүүлэв. Дээрхи материалууд нь Монгол Улсын төрийн болон албаны нууцын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 13-д зааснаар төрийн нууцад хамаарах тул бүрэн эхээр нь хүргүүлэх боломжгүй байгааг мэдэгдэе” гээд хавтаст хэргийн 168-171 дүгээрт ирүүлсэн бичмэл баримтуудад нууцын тэмдэг дарсан байна. Эдгээр нь байгууллагын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан байна. Мөн 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Н/36 дугаарт албан бичигт “Мөрдөн байцаалтын хэрэгт холбогдолтой болох Монгол Улсын Хил хамгаалалтын lll ангийн дүрмийн 1 дүгээр бүлгийн 28.8, ХХЕГ-ын даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/14 дугаар тушаалаар батлагдсан “Хил хамгаалах байгууллагын алба хаагчдын ёс зүйн дүрэм”-ийн 3.2.3 заалтуудыг тус тус хуулбараар хүргүүлэв. Дээрх материалууд нь Монгол Улсын Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 13-д зааснаар төрийн нууцад хамаарах тул бүрэн эхээр нь хүргүүлэх боломжгүй байгааг мэдэгдэе” гээд хавтаст хэргийн 235-236 дугаарт ирүүлсэн бичмэл баримтуудад нууцын тэмдэг дарсан байна. Үүнээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулах байгууллага, ажилтны үйл ажиллагааны зарчим, эрх үүргийг тодорхойлохтой холбогдсон энэ хуульд заагаагүй асуудлыг Гүйцэтгэх ажлын тухай хуулиар зохицуулна”, хуулийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, нотлох баримт, мэдээллийн талаар мөрдөгч нууц ажиллагааны магадлагаа үйлдэж, прокуророор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгана” гэжээ. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт: Гүйцэтгэх ажил явуулах хүрээ, хуулийн 12.1.6 дахь хэсэгт “хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагаанд шаардлагатай нотлох баримтын эх сурвалжийг олж тогтоох” гэж, хуулийн 18 дугаар зүйлд “Гүйцэтгэх ажлын үр дүнг ашиглах”, хуулийн 18.1.2 дахь хэсэгт “гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх, гэмт этгээдийг эрэн сурвалжлах, нотлох баримт цуглуулах, тэдгээрийн эх сурвалжийг олж тогтооход ашиглах”-аар заажээ. Хуулийн 23 дугаар зүйлд гүйцэтгэх ажиллагаанд тавих прокурорын хяналтыг тусгаж, хуулийн 23.5 дахь хэсэгт Прокурор гүйцэтгэх ажлын явцад авагдаж, эрүүгийн хэргийн нотлох баримт болгосон баримт сэлтийг хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулсан эсэхэд хяналт тавина гэж заасныг зөрчсөн байна. Монгол Улсын хил хамгаалалтын дүрэм нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагддаг төрийн нууцтай холбоотой баримт бичгийг байгууллагын “хуулбар үнэн” гэсэн дардас дарснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь хууль зөрчсөн үйлдэл болох ба хуульд заасан үндэслэл журмын дагуу, прокурорын хяналтан дор мөрдөгч нууц ажиллагааны магадлагаа үйлдэж, прокуророор баталгаажуулж хэрэгт тусгасан байх хуулийн шаардлагыг зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэсэн хуулийн заалтаар уг баримтуудыг шүүх үнэлээгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Иймд шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Х.Т тухайн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв. Х.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Молхы хошах овогт Х.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр түүнийг цагаатгаж, хэргийг прокурорт буцаасугай. 2.Цагаатгагдсан этгээд Х.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар цагаатгагдсан этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн дотор Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарласугай. 4.Цагаатгагдсан этгээд нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй ба түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай. 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА